Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 101/2017/03936/И |
Дугаар | 001/ХТ2018/01574 |
Огноо | 2018-11-02 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2018/01574
Б.Ш-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01190 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1211 дүгээр магадлалтай,
Б.Ш-ийн нэхэмжлэлтэй,
Б.Б-т холбогдох,
Орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай үндсэн,
орон сууц худалдах-худалдан авах гэрээ, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Зохигчийн гаргасан гомдлыг үндэслэн,
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ш- түүний өмгөөлөгч С.Баясгалан, хариуцагч Б.Б- түүний өмгөөлөгч З.Шүрэнчулуун, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Ш- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот орон сууцыг худалдаж аваад өөрийн эгч Б.Б-ийг түр амьдруулсан болно. Мөнгө санхүүгийн асуудалтай байгаа тул өөрийн эзэмшлийн байрыг зарах сонирхолтой байгаа тул миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот байрыг Б.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Ш- бол миний төрсөн дүү. Би энэ байрыг 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдөр иргэн Б.Оюунтай орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тухайн үед уг орон сууцыг худалдан авахад Б.Ш-ийн нөхрөөс мөнгө зээлж авч байсан учраас Б.Ш- нь өөрийгөө хамтран эзэмшигчээр оруулчих гэсэн. Тиймээс гэрээнд өөрийн дүү Б.Ш-ийн нэрийг оруулсан. Уг гэрээг байгуулж байх үед манай дүү Б.Ш- Монголд байгаагүй. Нөхөр Н.Жаргалсайхан нь Чех улсад элчин сайдаар ажиллаж байсан учраас Чех улсад байсан. Миний бие 2001 оноос өмнө хорооллын эцэст гэмтлийн эмнэлгийн арын гэр хороололд хашаа байшинд амьдарч байсан бөгөөд хашаа байшингаа зарж мөнгийг нь өөрийн дүү Б.Ш-т өгсөн. 2004 онд миний том хүүгийн бие өвдөж мөнгөний хэрэг гарсан тул дүү Б.Ш-ээс 900.000 төгрөг зээлүүлээч гэхэд та орон сууцны өмчлөгчийн нэрнээс өөрийнхөө нэрийг хасуулчих гэсэн тул миний бие өөрийн дүүдээ итгэн нэрээ хасуулсан. Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 15 дугаар хороолол 66 дугаар байр 20 тоот орон сууц бол миний өмчлөлийн байр. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байр, 20 тоот 3 өрөө орон сууцыг худалдан авсан бөгөөд өнөөдрийг хүртэл уг байрандаа амьдарсаар байна. Б.Ш- нь надад хууль ёсны дагуу төлөөлөх итгэмжлэл олгоогүй байхад би түүний өмнөөс нэрийг нь бичиж гэрээ байгуулсан нь Б.Ш-ийг уг орон сууцны хууль ёсны өмчлөгч биш гэдэг нь нотлогдож байгаа юм. Иймд Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байр, 20 тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай хэлцлийг хүчин төгөлдөр бусд, 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Б-ийг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Б.Ш- сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Өмчлөгчөөс хассан хэлцэл, орон сууцанд түр суулгах хэлцэл нь эрх зөрчигдсөнийг мэдэх боломжтой хангалттай баримт бөгөөд энэ талаар тухайн үед ямар ч гомдол гаргаж байгаагүй нь түүнд орон сууцны өмчлөлийн талаар аливаа шаардах эрх байхгүй, эрх зөрчигдөөгүйг нотолж байна. Би Чех улсаас Монгол руу ирэх хугацаа болж байсан тул энэхүү байраа худалдан авах зорилгоор өөрийн төрсөн эгчид мөнгө өгч явуулсан байдаг. Тэрээр гэр бүлийн орлогоосоо Б.Б-т байрны мөнгө бэлэглээгүй, зээлээгүй. Монголд ирээд нөхрийн талын өгсөн байранд амьдрах болсон, мөн ээж нь төрсөн эгч чинь олон хүүхэдтэй, тусалж дэмжээрэй гэсний дагуу байнга мөнгө төгрөг өгч тусалдаг төдийгүй байрандаа удаан хугацаанд амьдруулах болсон. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар улсын бүртгэл үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх, 3.1.5-д нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зарчимтай бөгөөд нэхэмжлэгчийн улсын бүртгэл бүхий өмчлөх эрхийг үгүйсгэх үндэслэл бүхий нотлох баримт хариуцагчид огт байхгүй байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл баримтаар нотлогдохгүй, эрх нь зөрчигдөөгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01190 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Ш-ийн хариуцагч Б.Б-т холбогдуулан гаргасан Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот, 43 мкв талбайтай, 3 өрөө орон сууцыг Б.Б-ийн хууль бус эзэмшлээс буюу уг орон сууцнаас чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот, 43 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Б-ийг тогтоож, хариуцагч Б.Б-ийн сөрөг нэхэмжлэлээс хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаасаа татгалзсаныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Б- нь сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас тус шүүхийн шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, сөрөг нэхэмжлэлд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 222.950 төгрөгийг нэхэмжлэгч Б.Ш-ээс гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1211 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01190 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Б.Б-т холбогдох Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцыг Б.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Ш-ийн нэхэмжлэл, хариуцагч Б.Б-ийн нэхэмжлэгч Б.Ш-т холбогдуулан гаргасан 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ, 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот 3 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлгогод үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Баясгалан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан нь өмчлөгч Шатарцэцэгийн өөрийн орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэл болж чадахгүй бөгөөд холбогдох зохицуулалтыг хэрэглэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байтал шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэлээ. Талууд 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдөр байранд түр суулгах бичгийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд уг гэрээний хугацааг сунгасан тухай баримт байхгүй тул хариуцагч Балцэцэг нэхэмжлэгч Шатарцэцэгийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байсан нь нотлогдоно. Орон сууц чөлөөлөх тухай шаардлагыг гэрээний хугацаа дууссан үеэс эв зүйгээр тавьж байсан бөгөөд 2017 оноос эхлэн эдийн засгийн хүнд байдалд орсны улмаас сүүлийн шаардлагыг тавьсан, хүлээн аваагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан тухай өмнөх хурлуудад тайлбарласан.
Иймд нэхэмжлэгч Шатарцэцэгийн Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д заасан өмчлөгчийн эрхийг үндэслэн гаргасан орон сууц чөлөөлүулэх тухай нэхэмжлэл нь хууль зүйн болон бодит үндэслэлтэй байх тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1211 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.
Б.Б- нь 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Б.Оюунтай "Орон сууц худалдах, худалдан авах гэрээ" байгуулж Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, 66-р байрны 20 тоот 43 м.кв талбай бүхий орон сууцыг худалдан авсан. Тухайн үед өөрийн нөхрийг БНСУ-аас ирээд байр булаацалдаад байж магадгүй гэсэн болгоомжлолын үндсэн дээр Чех улсад байсан дүү Б.Ш-ийн өмнөөс гарын үсэг зурж хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Хэдийгээр Б.Ш- нь тухайн үед Б.Б-т амаар итгэмжлэл олгосон гээд байгаа боловч энэ нотолсон зүйл байхгүй, бодит байдал дээр ч тийм зүйл болоогүй. Иймээс хуулиар тогтоосон журмыг зөрчиж, зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцох тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий шийдвэр болсон. Мөн үндсэн орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус тохиолдолд түүнээс хойш хийгдсэн аливаа бусад хэлцэл мөн адил хүчин төгөлдөр бусад тооцогдох учир анхан шатны шүүх 2004 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцсон нь хуулийг зөв хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр болсон байна. Миний бие 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орон сууц худалдан авсан үеэс өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа амьдарч байгаа бөгөөд энэ хугацаанд Б.Ш- нь байртай холбоотой шаардлага огт гаргаагүй нь миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй тул миний эрх зөрчигдөөгүй юм.
Харин шүүхэд хандан миний байрыг чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан мөчөөс миний өмчлөх эрх зөрчигдөж байгаа тул хөөн хэлэлцэх хугацааг шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс эхлэн тооцох ёстой юм. Гэтэл 2001 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан үеэс хугацааг тоолсон нь иргэний хуулийн буруу хэрэглэж шийдвэрлэсэн үзэж үзэх бүрэн үндэслэлтэй байна.
Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны л 05 дугаар сарын 23-ны өдрийн 1211 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 101/ШШ2018/01190 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ
Нэхэмжлэгч Б.Ш- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 66 дугаар байрны 20 тоот байрны өмчлөгч тул уг байрыг хариуцагч Б.Б-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, орон сууц худалдах-худалдан авах гэрээ, орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах хэлцлүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Маргааны зүйл болох орон сууцыг зохигч талууд 2001 оны 5 дугаар сард Б.Оюунаас худалдан авсан ба улсын бүртгэлд хамтран өмчлөгчөөр бүртгэгджээ. Б.Б- нь 2004 онд дээрх орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдаж, Б.Ш- дангаар өмчлөгч болж, улсын бүртгэлд бүртгэгдсэн, бүртгэл хүчин төгөлдөр байна.
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангахдаа хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолохоор Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-т заасан, хариуцагч сөрөг нэхэмжлэлээ Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-т заасан хугацааны дотор гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдоогүй байна.
Нэхэмжлэгч Б.Ш- нь орон сууцны өмчлөгч, тэрээр эгч Б.Б-т орон сууцаа тодорхой бус хугацаагаар үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн бөгөөд хариуцагч уг байранд 2001 оноос хойш амьдарч байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1-т заасан эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Эд хөрөнгөө үнэ төлбөргүй ашиглуулахаар шилжүүлсэн этгээд нь Иргэний хуулийн 341 дүгээр зүйлийн 341.1-т заасан тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч хуулийн аль үндэслэлээр гэрээг цуцалж байгаа нь тодорхой бус байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж зохигчийн хооронд үүссэн харилцааг тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Хэргийн 121 дүгээр талд авагдсан Байранд түр суулгах тухай гэрээнд зурсан гарын үсэг хариуцагч Б.Б-ийн гарын үсэгтэй тохирохгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийг орон сууцыг тодорхой бус хугацаагаар ашиглуулахаар тохиролцсон гэж үзэхгүй тул гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй.
Түүнчлэн хариуцагчийг тухайн орон сууцны өмчлөгч гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, зохигчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1211 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Баясгалан, хариуцагч Б.Б- нарын гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2018/12070 дугаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ