Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 832

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: “Г” ХХК 

Хариуцагч: АМГТГКХэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаар 611 тоот шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Е нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “Г тайга” ХХКомпани нь 2008 оны 01 сарын 08-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын ашиглалтын 4234А тусгай зөвшөөрлийг 21 \1408 тоот гэрчилгээний үндсэн дээр эзэмшин Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Харганат хэмээх газарт байрлах 103 гектар талбайд ашигт малтмал ашиглах үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Манай компанийн зүгээс өөрийн эзэмшдэг 4234А тусгай зөвшөөрлийг цуцалсан нь:

1.         Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “...тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг тодорхой зааж эзэмшигчид мэдэгдээгүй, мэдэгдэл өгөөгүй.

2.         56.3-д зааснаар “эзэмшигч цуцлах шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаагаа нотолсон бичгийн нотлох баримтаа гаргаж хүргүүлэх” хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг эзэмшигчид олгоогүй.

3.         56.4-д зааснаар “...тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эзэмшигчид мэдэгдээгүй, шийдвэрийг танилцуулж егөөгүй.

4.         Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д: “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох...” гэж заасны дагуу Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гаргасан бичгийн нотлох баримтыг нягтлан шалгах, эзэмшигчид хүндэтгэн үзэх шалтгаан нөхцөл байсан эсэхийг шалгаж тогтоох хуульд заасан ажиллагаа огт хийгээгүй, өөрөөр хэлбэл төрийн байгууллага хуульд заасан үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхгүй зэрэг хуульд заасан ажиллагааг хийхгүйгээр шууд цуцалсан байна.

Компанийн зүгээс тусгай зөвшөөрлийг цуцалсан гэх 612 тоот шийдвэрийг авахаар Ашигт малтмал газрын тосны газраас шаардаж, хүссэний үндсэн дээр 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 1\9053 тоот албан бичгээр цуцалсан шийдвэрийг өгөхгүйгээр, 612 дугаар шийдвэр бус харин “АМГ-ын даргын 2011 оны 06 сарын 20-ны өдрийн 611 дүгээр шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй” гэсэн хариуг өгснөөр манай компанийн эзэмшлийн 4234А тусгай зевшөөрлийг611 дүгээр шийдвэрээр цуцлагдсан болохыг мэдсэн.

Ашигт малтмалын газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 сарын 20-ны өдрийн 612 дугаар шийдвэрээр манай компанийн эзэмшлийн дээрх | ашиглалтын 4234А тусгай зөвшөөрлийг цуцалсан гэж худал мэдээлэл өгч компанийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөн үйл ажиллагааг зогсоож, ашиглалтын талбайд

оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр хохироосон тул дээрх 612 тоот шийдвэрийг АМГТГазрын архиваас 2017 оны 12 сарын 28-ны өдөр албан ёсоор гаргуулж авлаа.

Ашигт малтмалын газар нь 2011 оны 06 сарын 20-ны өдрийн 611,612 дугаар бүхий 2 шийдвэрийн аль шийдвэрээр манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь тодорхойгүй, цуцлах тухайгаа хуулийн дагуу албан ёсоор мэдэгдээгүй атлаа

“Ашигт малтмалын тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй” гэх үндэслэлээр 611 дүгээр шийдвэр гарсан тухай болон ашиглалтын 4234А тусгай зөвшөөрлийг цуцалсан тухай архивын материалаас шүүж гарган мэдэгдэж байгаа нь тухайн үеийн удирдлага, ажилтны буруутай хууль зөрчсөн үйл ажиллагаа байгааг нотолж байна.

Иймд Төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа байсныг тогтоож, Ашигт малтмалын газрын ГУУКХ-ын \хуучин нэр\ даргын 2011 оны 06 сарын 20-ны өдрийн 611 дугаар шийдвэрийн “Г Тайга" ХХКомпанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ. 

АМГТГКХсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Дашзэвэг шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ашигт малтмалын газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2011 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 611 дүгээр шийдвэрийн “Г тайга” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Харганат нэртэй талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “Г тайга” ХХК нь зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2011 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө төлөөгүй тул цуцалсан.

Мөн "Г тайга” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын 4234А дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа төрийн захиргааны байгууллагаас баталсан маягт К-7-д шилжүүлэн авч буй нэхэмжлэгч компанийн захирал Г.Энхтайван нь нотолгоо гаргасан байна.

Нотолгоонд МV-4234 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлж авах хүсэлтэй байгаагаа батламжилж байна. Тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авахдаа уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаа одоогийн эзэмшигч "Г тайга” ХХК нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийнхээ хувьд Монгол улсын хууль тогтоомж болон энэхүү нотолгоо гаргахаас өмнө бусад этгээдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ирсэн талаар бүрэн дүүрэн ойлгож байна. Иймд уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авмагц дээрх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн Ашигт малтмалын тухай хуульд заасан бүхий л үүргийг нь залгамжлан биелүүлэхээ бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж энэхүү нотолгоог гаргав” гэж гарын үсгээ зурж тэмдэг дарж баталгаажуулсан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын 4234А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56 2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын ГУУКХ-ын /хуучин нэрээр/ даргын 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 611 дүгээр шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна. Иймд танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаар 611 тоот шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан байна.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 611 дүгээр шийдвэрээр “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан хугацаанд ашигт малтмал ашиглалтын 4234А тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй, мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д заасныг зөрчсөн” гэсэн үндэслэлээр “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. 

Нэхэмжлэгч нь “Ашигт малтмалын газар нь 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 611, 612 дугаар бүхий 2 шийдвэрийн аль шийдвэрээр манай компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг цуцалсан нь тодорхойгүй, цуцлах тухайгаа хуулийн дагуу албан ёсоор мэдэгдээгүй” гэсэн агуулгаар, энэ үндэслэлээр  тайлбарлан маргаж байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын “Г” ХХК-д хүргүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/9053 тоот албан бичигт “Танай компаниас ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 77 тоот албан бичигтэй танилцлаа ... Танай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу ээлжит жилийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй байна. Иймд Ашигт малтмалын ашиглалтын 4234А дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 611 дүгээр шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байх тул танай гомдлыг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна” гэсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална”, 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж тус тус заасан байна.   

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх үүрэг нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зайлшгүй мэдэж байх ёстой гол үүрэг ба Ашигт малтмал, газрын тосны газрын “Г” ХХК-д хүргүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1/9053 тоот албан бичгээс үзэхэд нэхэмжлэгч “Г” ХХК нь  2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 77 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт хандсан болох нь, 2018 оны 01 дүгээр сард тус шүүхэд нэхэмжлэл гаргасан болох нь хэрэг цугларсан нотлох баримтуудаар тодорхой нотлогдож байна.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2010 оноос хойш 2017 оныг хүртэл тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх зайлшгүй мэдэж байх ёстой гол үүргээ биелүүлэлгүй, идэвхгүй байдлаар хандсаар ирсэн  болох нь бодит байдалд нотлогдож байх тул “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахдаа энэ зүйлд заасан нийтлэг үүргийг биелүүлж ажиллах бөгөөд зөрчвөл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээнэ”, 35.3-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг уурхай дээр байлгана”, 35.3.2-т “ашигт малтмал ашиглах техник, эдийн засгийн үндэслэл болон зохих байгууллагаар хянуулсан уулын ажлын төлөвлөгөө”, 48 дугаар зүйлийн 48.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ”, 48 дугаар зүйлийн 48.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайланг дор дурдсан хугацаанд төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” 48.6.2-т “дараа жилийн үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд, уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу 12 дугаар сарын 01-ний дотор” гэж заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уулын ажлын төлөвлөгөөг батлагдсан зааврын дагуу боловсруулан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх, уурхай дээр бэлэн байлгах үүрэгтэй байна.

Үүнээс үзэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь  жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор уулын ажлын төлөвлөгөөг боловсруулан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх үүргийг хуулиар хүлээсэн байх ба уулын ажлын төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх зэргээр нэхэмжлэгч нь хариуцагчтай харилцаатай байх үүрэгтэй байна. 

Дээрх үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь жил бүр тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх, мөн жил бүр уулын ажлын төлөвлөгөөг төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх зэрэг үүрэгтэй байх бөгөөд эдгээр үүргүүд нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нэн түрүүнд биелүүлэх, зайлшгүй мэдэж байх ёстой үүрэг ба уг үүргүүдээ нэхэмжлэгч биелүүлэлгүй, идэвхгүй байдлаар хандаж ирсэн болох бодит байдалд нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хангах боломжгүй байна.  

Иймд манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах талаар болон цуцалсан тухайгаа хуулийн дагуу албан ёсоор мэдэгдээгүй, цуцалсан шийдвэрийг манайд хүргүүлээгүй, гардуулаагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн маргаж байгаа энэ үндэслэл нь нэхэмжлэлийг хангах үндэслэл болж чадахгүй юм.   

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 35 дугаар зүйлийн 35.3.2, 48 дугаар зүйлийн 48.6.2, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан “Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2011 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” дугаар 611 тоот шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан “Г” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                М.Б