Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 243

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                     

Б.Ц-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч Б.Зориг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Анхбаяр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-,

хохирогчийн өмгөөлөгч Р.Булган,

шүүгдэгч Б.Ц-, түүний өмгөөлөгч Б.Мянган,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, хохирогчийн өмгөөлөгч Р.Булган нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Ц-т холбогдох 201623000204 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б.Ц, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , хүүхдийн хамт хх дүүргийн хх дүгээр хороо, хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Б.Ц- нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим “Тоёота хайландер” загварын 03-02 УНО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6-д гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол: е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт, 1 дүгээр хавсралтын Долоогийн 25 дахь заалт 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд 7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” ... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас О.У-ын жолоодож явсан “Тоёота приус” загварын 36-39 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Ч.О, насанд хүрээгүй У.М нарын амь насыг хохироосон, хохирогч О.У, зорчигч Ж.Ц нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч насанд хүрээгүй У.М, иргэний нэхэмжлэгч Э.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, “Тоёота приус” загварын 36-39 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 7,095,000 төгрөгийн нийт 7,180,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Б.Ц-т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Ц-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хорих ялаар шийтгэж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Ц-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-ээс 5,238,176 төгрөгийг гаргуулж хохирогч, хохирогч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О-т олгож, хохирогч Ж.Цэрмаагаас нэхэмжилсэн түнхний хагалгааны 40,0 сая төгрөг, мөн хохирогч нараас нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 35,0 сая төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч Б.Ц- нь иргэний нэхэмжлэгч Э.Г А.А нарт төлөх төлбөргүйг тус тус дурдаж, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар Б.Ц-т мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ц- нь 52 хоног цагдан хоригдсон, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Б-гийн яриа гэх тэмдэглэгээтэй 1 ширхэг сиди /CD/-ийг хэрэг хадгалах хугацааг дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 167 дугаартай шийтгэх тогтоол гаргасан болно. Энэхүү тогтоол нь ялтан Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг өнөөгийн дагаж мөрдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл санаа, зарчим, заалтуудыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй, улмаар ялтанд ял завших боломж олгосон, хэт нэг талыг баримталсан гэж үзэх үндэслэлтэй тул дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Тээврийн прокурорын газраас ялтан Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлснийг хянаж хэлэлцээд гаргасан шүүгч Л.Уянгын гарын үсэгтэй, 167 дугаартай шийтгэх тогтоолын “тогтоох нь” гэсэн хэсгийн 3-т “2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т оногдуулсан 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй”, мөн уг хэсгийн 5-д 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц-т мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай” гэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” заалтуудыг зөрчсөн байна. Мөн 2002 оны Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт тодорхойлсон ялын хэмжээ нь өнөөгийн мөрдөж буй Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан ялын хэмжээнээс их бөгөөд ялтны эрх зүйн байдлыг дээрдүүлэхгүй, хуулийг буцаан хэрэглэх эрх зүйн боломжгүй атал тийнхүү хуулийг буруу хэрэглэж, 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг зөрчсөн зэрэг нь ялтан Б.Ц-т ял завших, хохирогчдын бүрэн төлөгдөөгүй байгаа гэм хорын хохирлыг төлөхөөс зайлсхийх, оргож зугтаах боломжийг олгосон /шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд ялтны эрхийн хязгаарлалт байхгүй/ тул хохирогчид бид гомдолтой байна.

2. Ялтан Б.Ц- болон түүний хамсаатнуудын нөлөөгөөр үйлдсэн байх магадлалтай шинжээч эмч Ө.Шаарийбуу, Б.Ламчин, техникийн шинжээч С.Пүрэвээ нарын 7149, 09шэ/018, 639 дугаартай дүгнэлтүүдэд талийгаач ээж Ч.Оюунцэцэгийг хүү О.Ууганбаярынхаа хамт архи ууж согтууран зорчиж явсан мэтээр илт худал дүгнэлт гаргасан нь шинжээч, мөрдөн байцаагч, цагдаагийн бусад ажилтнуудын оролцоотой, зохион байгуулалттай шинжтэй хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлтэй болно. Гэвч тэдгээрийн хууль бус үйлдлүүдтэй холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2017 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн гомдол, хүсэлтүүддээ хохирогч бид тодорхой бичсэн боловч мөрдөн байцаагч, прокурорууд нь хангаж өгөөгүй, мөн Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр бичсэн 14 төрлийн гомдол, 4 төрлийн хүсэлтүүддээ шинжээч Ө.Шаарийбуу, Б.Ламчин, С.Пүрэвээ, мөрдөн байцаагч Г.Пүрэвсүрэн, В.Хосбаяр нарт Эрүүгийн хуулийн 21.2, 21.3, 22.1, 22.11 дүгээр заалтуудад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж шийдвэрлэхийг хүссэн хохирогч бидний хүсэлтийг шүүх хангаж өгөөгүйд гомдолтой байна. Хохирогч бидний 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн гомдол хүсэлтүүдэд бичсэн баримт, мэдээллүүдийн “хүсэлт” гэсэн хоёр дахь хэсэгт “...Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 7 дугаар сарын 1-нээс...” гээд “өмнө”...”байсан” гэж бичсэн үгүүд нь хохирогч бидний сэтгэл санааны тогтворгүй, хямралт байдлын улмаас эндүүрч ташаарч бичсэн зүйл /“2017 оны 7 дугаар сараас хойш мөрдөж эхэлсэн” гэж бичих атал үгийн тэрхүү алдаа гаргасан/ бөгөөд харин урьд өмнөх бусад гомдол хүсэлтүүд нь бүгд хуулийн үндэслэлтэй, баримт нотолгоотой байгаа болно.

3. Шинжээч Ө.Шаарийбуу, Б.Ламчин нарын 7149, 09шэ/018 дугаар шинжилгээний дүгнэлтүүдэд талийгаач ээж Ч.Оюунцэцэг, хүү О.Ууганбаяр нар тухайн өдөр согтуу зорчиж явсан мэтээр илэрхий худал дүгнэснийг хяналтын прокурор болон шүүгч Л.Уянга нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “Шинжилгээний дүгнэлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүх заавал баримтлах албагүй боловч дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлээ заасан байвал зохино” гэдэг заалтыг баримтлан үндэслэлээ тодорхой зааж өгөөгүйд хохирогчид бид гомдолтой байна. Шинжээч Ө.Шаарийбуу нь нэг удаагийн, лацгүй ердийн хуруу шилэнд хийсэн О.Ууганбаяр нарын цусны дээжийг бүртгэл судалгаанд авалгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр 25 хоног саатуулан, хаанахын, хэн гэдэг нь үл мэдэгдэх хүнээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү илгээсэн гэх, чухамдаа яг бодитоор илгээсэн эсэх нь ч тодорхойгүй, цусны дээжийг өгч илгээсэн тэрхүү үл мэдэгдэх хүндээ хүлээлгэж өгсөн баримт байхгүй, О.Ууганбаярын цусны дээжийн хэмжээг дагалдах бичигтээ 10 мл гэж бичсэн нь бусад мэдээллүүдээс зөрүүтэй, цусны дээж авахуулсан тэмдэглэлд О.Ууганбаяр нарын цусны дээжийн хэмжээг бичээгүй, мөрдөн байцаагч Г.Пүрэвсүрэн 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шинжилгээ хийлгэх тогтоолдоо цусны дээжийн хэмжээг бас бичээгүй, Г.Пүрэвсүрэнгийн уг тогтоолыг шинжээч Б.Ламчин нь хүлээж аваагүй атлаа 7149 дугаартай дүгнэлтэндээ “...тогтоолыг хүлээж авсан...”-аар худал бичиж хууран мэхлэхийг оролдсон, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор О.Баасанхүүгийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандан дотоод хяналт шалгалт хийх тухай албан бичгийн хариуг тус хүрээлэнгээс ирүүлээгүй, хавтаст хэрэгт ийм утга бүхий баримт огт авагдаагүй, гэрч Р.Баярмаа  гэгчээр “...илгээх бичиг ирүүлсэн бол тогтоол  ирүүлдэггүй...”  гэх мэтээр хууль, журмын эсрэг мэдүүлэг өгүүлсэн, гэрч хохирогч нарыг хамгаалалтанд авах тухай хохирогчдын гомдол, хүсэлтийг хангаж өгөөгүй зэрэг илт хууль бус олон үйлдэл гарсан бөгөөд энэ бүхнийг хуулийн дагуу шударгаар хянаж шийдвэрлээгүй нь хавтаст хэргийн баримт мэдээллүүдээс тодорхой харагдаж байгаа болно. Иймээс хохирогчид бид мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаач Ч.Оюунцэцэг, хүү О.Ууганбаяр нарыг зориудаар тэр өдөр согтуу явсан болгож харагдуулахын тулд цусны дээжүүдэд нь архи спиртийн зүйл санаатайгаар хольж хийсэн, үүнийг нь нуун дарагдуулахыг оролдсон зохион байгуулалттай үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд энэ нь шүүхийн тогтоолын дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэх үндэслэл болж байна.

4. Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн байцаагч С.Уламбаярын гарын үсэгтэй, “...тус хэлтэст шалгах шаардлагатай...” гэсэн агуулга бүхий албан бичгээр 2016 оны 8 дугаар сарын 19-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн архиваас О.Ууганбаярын өвчний түүхийг хэн гэдэг нь үл мэдэгдэх гарын үсгээр бүртгүүлж аваад алга болгосон хэргийн мөрөөр шалгаж шийдвэрлэхийг хүссэн хохирогч бидний удаа дараагийн гомдол хүсэлтүүдийг мөрдөн байцаагч, хяналтын прокурор болон Тээврийн прокуророос хангаж өгөөгүй, энэ асуудал Улсын Ерөнхий прокурорын газарт хянагдаж эхлэх үед шүүгдэгч Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн анхан шатны шүүхэд яаран шилжүүлсэн байх бөгөөд алга болсон тэрхүү өвчний түүхийн талаар эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Уянга огт хайхарч үзээгүйд хохирогчид бид гомдолтой байна.

О.Ууганбаярын алга болсон өвчний түүхтэй холбоотой хууль бус үйлдлүүд нь нууцын тухай багц хуулийг зөрчөөд зогсохгүй эрүүгийн хэргийн баримт мэдээллийг үрэгдүүлсэн, задруулсан эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл бөгөөд үүнийг ялтан Б.Ц- болон түүний хамсаатнуудаас үйлдсэн эсэхийг зайлшгүй шалгаж шийдвэрлэн, шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлтэд тусгах шаардлагатай гэж үзэж байгаа болно.

5. Талийгаач ээж Ч.Оюунцэцэг, хүү О.Ууганбаяр нар тухайн өдөр ослын улмаас хүнд гэмтэж, амь нас үрэгдсэн байдлыг далимдуулан тэднийг согтуугаар зорчиж явсан мэтээр үйлдсэн шинжээчдийн тэдгээр илт худал дүгнэлтүүд болон О.Ууганбаярын дээрх өвчний түүх алга болсонтой холбоотой хууль бус үйлдлүүд нь Б.Ц-ийн ил далд оролцоотойгоор, түүний авлига хээл хахуулиар хийгдсэн эсэхийг хохирогчдын гомдол хүсэлтийн дагуу бүрэн шалгаж тогтоогоогүй, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр анх хэргийн газрын үзлэгийн үеэр хүрч очсон Б.Ц-ийн нөхөр Басбаяр /нэгдүгээр хавтаст хэргийн материалд нөхөр Батбаяр гэж худал бичсэн/ болон түүнтэй хамт хэргийн газар, Багануур дүүргийн эмнэлэг дээр очсон төрөл садангийнх нь хүмүүсийн талаар хохирогчдын гомдол хүсэлтийн дагуу холбогдох баримт мэдээллүүдийг хавтаст хэрэгт татаж авалгүй, нуун дарагдуулж, мөн Б.Ц- нь “Би нөхөртэйгөө ямар нэг харилцаа холбоо байхгүй” гэх мэтээр худал мэдүүлсээр байхад шүүгч Л.Уянга нь 167 дугаартай шийтгэх тогтоолдоо “...үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзаж...” гэсэн нь үндэслэл муутай тул гомдолтой байна.

6. Хохирогч бидний эдгээр гомдлуудыг хуулийн дагуу нэг бүрчлэн хянаж, шүүгч Л.Уянгын гарын үсэг бүхий Хэнтий аймаг дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Анхан шатны шүүх эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” заалт болон мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан” гэж заасныг үндэслэн хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцаан, үнэн зөв шийдвэрлүүлэхийг хүсэж байна.

7. Ялтан Б.Ц-ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас 2 хүнийхээ амь насаар хохирч, хүндээр гэмтсэн 2 хүнийхээ эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон хохирогч Б.О-, О.Ууганбаяр, Ж.Цэрмаа нарын хохирол үргэлжилсээр байгаа бөгөөд Хэнтий аймагт дахь сум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд хандаж 2017 оны 11 дүгээр сарын 14-нд дахин нэмж гаргасан сэтгэл санааны гэм хорын хохирлын 35 сая төгрөг, эмчилгээ сувилгаа, бусад зардлын 5,238,176 төгрөг, хохирогч Ж.Цэрмаагийн хүлээгдэж буй түнхний хагалгааны 40.0 сая төгрөг бүхий нэхэмжлэлийн шаардлагууд хэвээр байгааг харгалзан хуулийн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Р.Булган давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т зааснаар ял оногдуулсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Учир нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4-т “Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж 2015 оны Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т “Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заасныг харахад 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэснийг зөрчсөн, ялтанд оногдуулах хорих ялын дээд хэмжээ нь 10 жил байхаар эрх зүйн байдал нь хүндэрсэн, байна.

Мөн оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр заасан, /одоо мөрдөгдөж буй хуулиар нээлттэй хорих анги/ хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй байгаа этгээдэд ял завшуулах, цаашилбал Б.Ц- нь хохирол төлбөрийг төлөхөөс зайлсхийж зугтах боломжтой болгож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч Б.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээж, хохирлоо барагдуулж байгаа, Анхан шатны шүүхээс гаргуулсан төлбөрийн төлж барагдуулсан. Би шинжээчийн дүгнэлтэд нөлөөлсөн зүйл байхгүй...” гэв. 

 

Шүүгдэгч Б.Ц-ийн өмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн талаас гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд бүх хохирлыг төлж барагдуулж байгаа. Шүүх эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хойшлуулсан нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

Прокурор Н.Анхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Ц-т холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотолсон гэж үзэж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Б.Ц-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ. Үүнд:

 

1. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт “Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэсэн гэмт хэргийн шинжтэй болж, ялын дээд хэмжээ нь багассан байхад Б.Ц-ийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Түүнчлэн, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлд заасан “Жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах” зохицуулалтыг хэрэгжүүлэх журам нь 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 7.6 дугаар зүйлд “Шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүн, жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно. Энэ хугацаанд ялтанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хяналт тавина.

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулна.

Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчөөгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх ялаас чөлөөлнө...” гэж хуульчлагдаж өөрчлөгдсөн ба шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулах журам нь эрх зүйн байдлын хувьд хүндэрсэн.

 

2. 2002 оны Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлд заасан “Хорих ялыг жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих ангид болон гянданд эдлүүлэх” зохицуулалт нь Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд “нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад байлгах” гэж хуулийн зохицуулалт нь өөрчлөгдсөн байхад Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж байгаа цаг хугацаанд шүүх О.Цэлмэгт оногдуулсан хорих ялыг 2002 оны Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмд оногдуулж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэжээ.

 

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-, түүний өмгөөлөгч Р.Булган нарын тус тус гаргасан “...Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

3. Яллах дүгнэлтээр О.Цэлмэгийг “...Ч.Оюунцэцэг, У.Мөнх-Очир нарын амь насыг хохироосон, О.Ууганбаяр, Ж.Цэрмаа нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, У.Мөнх-Идэр, Э.Ганбаяр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, “Тоёота Приус” загварын 36-39 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 7,095,000 төгрөгийн хохирол учруулсан...” үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байхад шүүх “...“Тоёота Приус” загварын 36-39 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 7,095,000 төгрөгийн хохирол учруулсан, У.Мөнх-Идэр, Э.Ганбаяр нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” нөхцөл байдлын талаар дүгнэлт хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д заасан “Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараах асуудал тус бүрийг хэлэлцэнэ: 5.1.шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх”, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-д заасан “шүүгдэгчийн гэм буруутайд тооцох хэсэгт дараах зүйлийг тусгана: 2.1. ...гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон талаарх нөхцөл байдал, ...2.4.Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт,...” шаардлагыг зөрчжээ.

Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт О.Цэлмэгийн “...2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг нь орхигдуулж гэм буруутайд тооцжээ. 

 

4. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ О.Цэлмэгийн гэм буруугийн асуудлыг зөвлөлдөх тасалгаанд орж шийдвэрлээгүй нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгчийн эцсийн үгийг сонссоны дараа шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орох ба...”,

36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана.”,

36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд дараахь асуудал тус бүрийг хэлэлцэнэ:

5.1.шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх;

5.2.тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх;

5.3.шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх;

5.4.гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах.”,

36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж болно” гэж заасныг зөрчжээ /6-р хх-ийн 46 тал/.

 

Шүүх тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх; шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх; гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгчээс ямар хэмжээгээр гаргуулахыг шүүгдэгчид танилцуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 2, 36.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан заалт нь тухайн шүүгдэгчид гэмт үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөх боломж олгож буй заалт бөгөөд энэ нь шүүхээс шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг бий болгох ач холбогдолтой зохицуулалт болохыг анхан шатны шүүхэд анхааруулан тэмдэглэж байна.

 

Дээрх үндэслэлүүдээр О.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 167 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Ц-т холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Б.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.ОЮУНЧУЛУУН

 

ШҮҮГЧИД                                                       Б.ЗОРИГ

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ