Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2017/ШЦТ/167

 

 

 

 

­

2017 оны 11 сарын 29-ны өдөр                   2017/ШЦТ/167                           Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2017/0026/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

         

            Нарийн бичгийн дарга:                                  Н.Энхзул

            Улсын яллагч:                                               Д.Энхжаргал

             Хохирогч,

   хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч   Б.О, О.У       

             Хохирогчийн өмгөөлөгч:                              Р.Булган

             Шүүгдэгчийн өмгөөлөгч:                              Б.Мянган

             Шүүгдэгч:                                                      Б.Ц нарыг оролцуулан

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтанд заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Болдбаатарын Б.Цт холбогдох 201623000204 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б.Ц нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 13 цаг 30 минутын орчим “тоёота хайландер” маркийн 03-02 УНО улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.6 Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол:  е/эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт; 1 дүгээр хавсралтын Долоо 25 дахь заалт: 7.2 тэмдэглэлийг жолооч зогсохын тулд давахаас бусад тохиолдолд  7.1-7.3, 7.14, 7.16.а,б,в тэмдэглэлүүдийг давахыг хориглоно” ... гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас О.Уын жолоодож явсан “тоёота приус” маркийн 36-39 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, хохирогч Ч.О, насанд хүрээгүй У.М нарын амь насыг хохироосон, хохирогч О.У, зорчигч Ж.Ц нарын эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч насанд хүрээгүй У.М, иргэний нэхэмжлэгч Э.Г нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол, тоёота приус маркийн 36-39 УБӨ  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 7.095.000 /нийт 7.180.000/ төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Үүнд:

Хохирогч О.Уын мөрдөн байцаалтанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд Хэрлэнгийн гүүрнээс ертөнцийн зүгээр 30 км зайд Замчдын овоо гэдэг *******тэй газар 36-39 УБӨ улсын дугаартай саарал өнгийн тоёота приус 20 маркийн автомашинтай эх*******, ээж, 2 хүүгийн хамт явж байхад өөдөөс саарал өнгийн том жийп машин ирж мөргөсөн. Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Баян-Адарга сум руу хувийн ажлаар явж байсан. Ээж Оюунцэцэг жолоочийн ар талд, өвөр дээр нь бага хүү Мөнх-Очирыг суулгаад унтуулж явсан. Жолоочийн суудал дээр Ууганбаяр би, жолоочийн хажуу талд эх******* Ж.Ц, арын суудалд хүү Мөнх-Идэр сууж явсан. Ойролцоогоор 80 км цагийн хурдтай явсан, согтууруулах ундаа хэрэглээгүй. Тэр машин яг миний өөдөөс чигээрээ урсгал сөрж байсан. Би өөрийн автомашины тоормозыг гишгэсэн, сигнал дарсан. Ээж, бага хүү хоёроо алдсан. Эх******* Ж.Цгийн элэг няцарсан, баруун хөлний түнх мултарсан, их цус алдсан. Маш их гомдолтой байна. Энэ хэргийг их удаж шийдвэрлэж байгаа бөгөөд байн байн хэргийг сөхөж ярих бидэнд их хүнд, сэтгэл санааны хувьд хэцүү байна. Эх******* маань энэ гэмт хэргийн улмаас сэтгэл санаагаар унаж хөхний хорт хавдар тусаж нэг хөхөө авахуулсан. Биед нь одоо нэг ч үс байхгүй. Энэ хүн хүн чанар гаргаж бидэнтэй уулзаж байгаагүй. Хэргийн газар биднийг халуун наранд хөдөлж чадахгүй хэвтэж байхад яав, ийв гэж асуухгүй өөрийнхөө хүүхдийг л тэврээд яваад байсан байдаг. Тэгэхэд миний хүү уйлаад байж байсан. Маш их гомдолтой. Эх******* маань түнхний хагалгаанд орох шаардлагатай байгаа. Одоогоор маш их химийн эмчилгээ хийлгэсэн болохоор бие нь сул, дорой байгаа учир түнхний хагалгаагаа тодорхойгүй хугацаагаар түр хойшлуулсан байгаа ... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас 166-169, 2 дугаар хавтас 77-р тал/,

 

Хохирогч Ж.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн болон шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: 2016 оны 7 дугаар сарын 20 ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Баян-Адарга суманд очиж амрахаар нөхөр Ууганбаяр, том хүү Мөнх-Идэр, бага хүү Мөнх-Очир, ээж Оюунцэцэг нарын хамт явж байгаад Хэрлэнгийн гүүрнээс ертөнцийн зүгээр зүүн тийш 30 км зайд “Замчдын овоо” гэх газарт явж байхад өөдөөс саарал өнгийн жийп машин урсгал сөрж, хурдтай орж ирээд мөргөсөн. Манай нөхөр Ууганбаяр жолоо бариад, би хажууд нь сууж явсан. Жолоочийн арын суудалд ээж бага хүүг суулгаад унтуулж байсан. Хажууд нь Мөнх-Идэр хүү маань сууж явсан. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн байгаагүй. Ээж хүү хоёроо алдсан, маш их гомдолтой байна. 2016 оны 7 дугаар сарын 20 ны өдөр нөхөр Ууганбаяр, ээж Оюунцэцэг нар согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Хадам ээж, бага хүү Мөнх-Очир нарын амь насыг хохироосонд маш их гомдолтой байна... би 2017 оны 05 дугаар сард  хорт хавдартай гэдгээ мэдсэн. 2017 оны 06 дугаар сарын 29-нд хөхний хорт хавдрын хагалгаанд орсон. Би гомдолтой байна. Цаашдын эмчилгээний баримтаа гаргаж өгнө. 6 удаа хими эмчилгээнд орсон. Дараа нь туяа эмчилгээнд орно. Дараа нь туяа эмчилгээнд орно. Түүний дараа  түнх солиулах хагалгаанд орно, Түнхний хагалгаанд нийт 40 сая төгрөг шаардлагатай, энэ мөнгийг Б.Б.Цээс нэхэмжилнэ. Одоо би хүүхэд төрүүлэх боломжгүй болсон. Б.Ц 2 айлын амьдралыг орвонгоор нь эргүүлж, 2 хүний амь насыг хохироож, 2 хүнийг тахир дутуу болгочихоод худлаа яриад байдаг. Энэ хүнээс бүх хохирлоо нэхэмжилнэ, мөн сэтгэл санааны хохирол 10 сая төгрөгийг нэхэмжилнэ  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  163, 2 дугаар хх-ийн 78 тал, 211 тал/,

 

Хохирогч Б.Оын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 21-ний шөнийн 04 цагийн үед ослын талаар Батхуяг гэх хүнээс сонссон. Батхуяг хэлэхдээ “03-02 УНО улсын дугаартай автомашин танай хүүгийн машины өөдөөс урсгал сөрөөд өндөр хурдтай ирж, жолоочийн талаар мөргөлдөж, замын хажуугийн жалга руу 03-02 УНО дугаартай автомашин унасан байсан. Батхуяг гэх хүн манай эх*******ийг, цагдаагийн дэд хурандаагийн гуйснаар өөрийн автомашинаар Багануур дүүрэг дэх эмнэлэгт хүргэж өгсөн гэсэн. Манай гэр бүлийн хүн, талийгаач Ч.О, том хүү Ууганбаяр, бэр Ж.Ц, ач хүү 08 настай Мөнх-Идэр, 02 настай Мөнх-Очир нар 2016 оны 7 дугаар сарын 20 ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Баян-Адарга суманд амралтаараа амрахаар явж байсан. 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 15 цаг 30 минутын орчим талийгаач Багануур дүүргийн эмнэлэгт ирээд удалгүй нас барсан, тус эмнэлгийн эмч нар талийгаачийг Багануур дүүргийн эмнэлэгт моорогт үлдээгээд бусад гэмтэл авсан, хүү Ууганбаяр, бэр Ж.Ц, ач хүү Мөнх-Идэр, Мөнх-Очир нарыг Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай түргэн тусламжид хүргэж өгсөн. Б.Ц тухайн осол болдог өдөр замын урсгал сөрж, 100 метр орчим яваад миний хүүгийн машинтай мөргөлдсөн байна. Ууганбаяр, Ж.Ц нарын биеийн байдал хүнд баина. Б.Ц нь ажил явдалд 10.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн байсан...

... Миний хүү О.У, бэр Ж.Ц нар ослоос болж хүндээр гэмтсэн, О.У нь ослоос хойш баруун гарын хагалгаанд 2 удаа ГСҮҮТ-д орсон. Ж.Ц 2017.06.29-нд хавдар судлалын үндэсний төвд хөхний хорт хавдрын хагалгаанд орсон. Ер нь хавдар үүсэх шалтгаан нь уг ослын үед биедээ авсан хүчтэй доргилт, дотуур цус алдалт, сэтгэл санааны хямрал зэргээс шалтгаалсан байх магадлалтай гэж хавдар судлалын мэргэжлийн эмч нар хэлсэн. Одоо Ж.Ц нь мэс заслын дараах хими эмчилгээ хийлгэж байна. Хими эмчилгээний хийж дууссаны дараа түнх солих мэс засал хийлгэх шаардлагатай. Мөн ослоос болж элэг нь задарсан. Энэ бүхэнд гарч байгаа зардал Б.Ц хариуцна. Хохирогч нарын хувьд Ж.Б.Цт маш их гомдолтой байгаа. Энэ хүн маш хүмүүжилгүй, худлаа ярьдаг, хувь хүний хүмүүжил байгаа байдал, бидэнд хандсан хандлага нь  хүн шиг байгаагүй учраас бидний гомдол тайлагддаггүй. Б.Б.Цээс оршуулгын болон эмчилгээний бусад зардал нийт 34.814.380 төгрөгийг авсан , энэ үнийн дүн дээр маргаангүй. Давж заалдах шатны шүүх хуралдаан 2017 оны 5 дугаар сарын 4-ний өдөр болсон энэ өдрөөс хойш  өнөөдрийг хүртэл хугацаанд хохирогч нарт эмчилгээний болон бусад зардал гарсан. Энэ нь өмгөөлөгчийн хөлс 3.300.000 төгрөг, хохирогч Ж.Ц, Ууганбаяр нарын эмчилгээний зардал, замын болон бусад зардал нийт 5.238.176 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Мөн хохирогч Б.Цгийн сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг, хохирогч О.Ут учруулсан сэтгэл санааны хохирол 20 сая төгрөг, хохирогч надад учруулсан сэтгэл санааны хохирол 5 сая төгрөг, нийт сэтгэл санааны хохирол 35 сая төгрөгийг Б.Б.Цээс нэхэмжилнэ. Б.Ц хохирлыг хэдийгээр төлөөд байгаа боловч би энэ хүний заавал засан хүмүүжүүлэх газар хүмүүжиж зан харьцаа, байдлын хувьд засрах хүн гэж үзэж байгаа  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  54 тал, 2 дугаар хх-ийн 209 тал/,

 

Иргэний нэхэмжлэгч А.Агийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед Багануур дүүрэг явах гээд Хэнтий аймаг Жаргалтхаан сумын Петровис шатахуун түгээх станцаас 03-02 УНО улсын дугаартай тоёота хайландер маркийн автомашин бензин авах гээд зогссон, би жолооч эгчид “Найзтайгаа цуг таны машинд дайгдаад Багануурт бууя” гэхэд суучих гэсэн. Машинд 2 орчим насны хүүхэд жолоочийн арын суудалд хүүхдийн зориулалтын суудалд сууж явсан. Би тэр хүүхдийн зүүн гар талд, миний зүүн гар талд найз Э.Г сууж явсан. Цэнхэрмандал сум өнгөрөөд замын бага зэрэг өгсүүр, эргэлттэй хэсэг дээр манай машины жолооч урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд хажуугаар нь ортол өөдөөс приус маркийн автомашин гарч ирээд мөргөлдсөн. Бидний сууж явсан машин 2 удаа өнхөрөөд, 4 дугуй нь дээшээ харсан байдалтай зогссон. Эмчилгээний зардлыг Б.Ц төлсөн тул нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 59 тал/,

 

Гэрч Э.Гын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 14 цагийн үед найз охин А.Агийн хамт 03-02 УНО улсын дугаартай тоёота хайландер маркийн автомашинд суусан. Цэнхэрмандал сум өнгөрөөд миний сууж явсан машин урдаа явж байсан машиныг гүйцэж түрүүлэх гээд замын эсрэг талын урсгал руу ороход өөдөөс приус маркийн автомашин ирээд мөргөлдсөн. А.А гарч чадахгүй байсан. Би машины цонхоор өргөж гаргасан. Газар хэвтүүлэхэд А.А ухаан алдсан. Приус 20 машин зам дээр хөндлөн зогссон байсан. Машин дотор 5 хүн байсан. 2 хүүхэд, 3 том хүн байсан. Тэр хүмүүсийн биеийн байдал маш муу байсан. Замын машин зогсоогоод Багануур дүүргийн эмнэлэг рүү явуулсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 60 тал/,

 

Гэрч Х.Мандахын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн орчим Цэнхэрмандал сум өнгөрөөд явж байтал өгсүүр тойрог замд манай машинтай мөнгөлөг саарал өнгийн тоёота “приус 20” маркийн машин зөрсөн. 5 секунд орчим хугацаа өнгөрсөн байх. Түс гээд хүчтэй чимээ гарсан. Толиндоо харахад 2 машин мөргөлдсөн байсан. Автомашинаа замын зорчих хэсгээс баруун гар тийш шороон зам руу шахаж зогсоосон. Би айгаад ойртож очоогүй. Нөхөр очоод приус маркийн автомашины хаалгыг онгойлгох гээд дийлээгүй. Тухайн үед приус маркийн автомашинд эх*******, нөхөр 2 ээжтэйгээ, 8-9 орчим насны эрэгтэй хүүхэд, бас 2 орчим насны хүүхэд харагдсан. Тухайн үед 2 машины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байх шиг байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 1-67 тал/,

 

Гэрч Д.Сайннямбуугийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 10 цагийн орчим Дэлгэрхаан сумын Аварга тосонгийн рашаан сувиллын газраас машинтайгаа Улаанбаатар хот руу хөдөлсөн. 13 цагийн орчимд Цэнхэрмандал сумын нутагт асфальтан замаар чигээрээ явж байтал миний өөдөөс Хэнтий аймаг чиг рүү приус 20 маркийн автомашин зөрж өнгөрөөд, түс хийх чимээ гарахаар нь автомашинаа замаас чөлөөлөөд буусан. Приус маркийн автомашин нь замын зорчих хэсгийн Улаанбаатар хот тал руугаа ташуу, толгой хэсэг нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан байдалтай, тоёота хайландер маркийн автомашины ихэнх бие нь замын зорчих хэсгээс гарчихсан дээшээ харсан байдалтай онхолдсон байсан... гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 69 тал/,

 

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11174 дугаартай шинжээчийн дүгнэлт: 31 настай, эрэгтэй Отгонбаяр овогтой Ууганбаярын биед тархи доргилт, баруун богтос, баруун дунд чөмөгний далд хугарал, бүсэлхийн 1,2,3 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн баруун 10,11 дүгээр хавирганы далд хугарал, элэг уушигны няцрал, цээжний хөндийн шингэн хуралдалт, баруун тавхайн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /1 дүгээр хх-ийн 152 тал/,

 

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11175 дугаартай шинжээчийн дүгнэлт: Жамбалдорж овогтой Ж.Цгийн биед элэгний цагаан холбоосны язрал, бүдүүн гэдэсний хөндлөн хэсгийн няцрал, хэвлийн хөндийн цус хуралдалт 1800 мл, ацетабулын сэлтэрсэн хугарал, баруун дунд чөмөгний толгойн кортикал давхаргын хуулрал, баруун түнхний үений мултрал, баруун шууны шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /1 дүгээр хх-ийн 155 тал/,

 

2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11173 дугаартай шинжээчийн дүгнэлт: 8 настай, эрэгтэй, Ууганбаяр овогтой Мөнх-Идэрийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 158 тал/ ,

 

2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10334 дугаартай шинжээчийн дүгнэлт: 23 настай, эрэгтэй, Энхбат овогтой Ганбаярын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /1 дүгээр хх-ийн 84 тал/,

 

Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээ хийсэн акт 09шэ/018: Ч.Оийн суурь яс, хүзүүний С-5 нугалам хугарал, баруун болон зүүн дунд чөмөгний далд хугарал. Баруун уушигны уг урагдал, цээжний хөндийд цус хуралт, доод уруул баруун гарын бугалга, баруун өвдгөнд шарх, зүүн шилбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүилиин үйлчлэлээр тухайлбал автомашинд мөргөгдөх, цохигдох, унах үед үүсэх боломжтой. Талийгаач нь авто ослын улмаас учирсан хавсарсан гэмтлүүдийн улмаас нас баржээ. /2 дугаар хх-ийн 122 тал/,

 

 Шинжээчийн 2016.08.12-ны өдрийн 1367 дугаартай цогцост хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ № 1367: 02 настай У.Мын цогцост хийгдсэн дэлүү баруун бөөрний урагдал задрал, дэлүү баруун бөөр авах мэс заслын дараах байдал, хэвлийн хөндий, гялтангийн арын зайн цусан хураа, нойр булчирхайн няцрал, сэмж чацархайд цус хуралт, баруун 3,4 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Талийгаач хэвлийн битүү гэмтлийн улмаас эрхтнүүдийн хурц цус багадалт, цус эргэлтийн хямралын улмаас нас баржээ” /2 дугаар хх-ийн 123 тал/,  

 

Гэрч Ц.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 4 хүнээс цус авсан. Ямар хүмүүс байсныг санахгүй байна. Уг хүмүүсээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг анзаараагүй. Цусны сав нь битүүмжлэгдсэн цус авдаг хуруу шил байсан. Хуруу шилнүүд дээр *******ийг нь бичээд цаасаар нь боогоод хөргөгчинд хийсэн” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 90 тал/,

 

Гэрч Н.Ариунболдын мөрдөн байцаалтад өгсөн: “... анх хэргийн газар очиход осолд орсон хүмүүс байхгүй байсан. Истана машины арын суудалд ээж, хүү 2-ыг хэвтүүлсэн байсан. Приус машины жолооч гэж хэлсэн залууг драйгер багажаар 3-4 удаа үлээлгэж үзэхэд амьсгаа нь хүрэхгүй үлээж чадахгүй байсан. 03-02 УНО тоёота хайлендер маркийн тээврийн хэрэгслийг Б1 цэгээр тэмдэглэсэн. 4 дугуй нь дээшээ харсан байсан. Б1 тээврийн хэрэгслээс гарсан мөрийг А2 гэж давхардуулж бичсэн байна. Зурагт байгаа Б1 тээврийн хэрэгслийн баруун талд үүссэн 16,60 метр мөр нь А1 юм. Б2 цэгээр 36-39 УБӨ улсын дугаартай тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг тэмдэглэж, уг тээврийн хэрэгслийн мөрний эхлэлийг А2 цэгээр тэмдэглэн схем зургийн тайлбар дээр зөв бичсэн боловч зурган дээрх тэмдэглэгээг андуурч тавьсан байна” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 91 тал/,

 

Гэрч Ц.Өлзийбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “... намайг ослын газар очиход согтууруулах ундаа хэрэглэсэн хүн харагдаагүй. Осолд орж өвдөж шоконд орсон хүмүүс байсан” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 93 тал/,

 

Гэрч Б.Наранбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... Хайландер маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг автын байцаагч Ариунболд үлээлгэж шалгаж байсан. Приус маркийн тээврийн хэрэгсэл нь баруунаас зүүн чиглэл рүү явсан урсгалыг хаагаад зам дээр хөндлөн байж байсан. Харин хайландер нь ертөнцийн зүгээр замын урд унаж дээшээ харсан байдалтай байсан. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд осолд орсон тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл, улсын дугаартай нь бичсэн. Б1, Б2 гэсэн тэмдэглэлээ бичилгүй орхигдуулсан байна” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 97 тал/,

 

Гэрч Г.Азбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... намайг эмнэлэг дээр очиход 1 эмэгтэй нас барсан, эрэгтэй эмэгтэй хоёр хүн 2 хүүхдийн хамт байсан. Приус маркийн автомашиныг жолоодож явсан залуугаас архи согтууруулах ундааны зүйл ү*******тэхгүй байсан” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 99 тал/,

 

 Гэрч Б.Даваанямын мөрдөн байцаалтад өгсөн: “...  Хайландер маркийн автомашины жолоочийг драйгер багажаар үлээлгэхэд 0 хувьтай гарсан. Приус маркийн тээврийн хэрэгслийн жолоочийг үлээлгэх гэж оролдсон боловч биеийн байдал муу, үлээж чадахгүй байсан” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 100 тал/,

 

  Гэрч Б.Мэндбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “... Тоёота хайландер маркийн тээврийн хэрэгсэлд сууж явсан Э.Г, А.А гэх хүмүүсийн баруун гарын шууны дотор талын судаснаас 7 мл зориулалтын шилэнд, тоёота хайландер маркийн автомашины жолооч Б.Б.Цийн баруун гарын шууны дотор талын хэсгээс цусны дээж зориулалтын 7 мл шилэнд авахуулсан. Тоёота приус маркийн автомашины жолооч О.У гэх эрэгтэйг ухаангүй байхад нь баруун гарын шууны дотор талын хэсгээс зориулалтын 7 мл шилэнд цус авахуулсан. Уг цусыг тухайн үед жижүүртэй ажиллаж байсан сувилагч С.Мөнхцэцэг гэх хүнээр авахуулж цус хадгалах хөргөгчинд хадгалуулсан” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 101 тал/,

 

     Шинжээч Ө.Шаарийбуугийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаач Ч.Оийн биед задлан шинжилгээ хийгээд тархи болон дотор эрхтнээс дээж авсан. Мөн цус болон ходоодны шингэнийг Шүүхийн шинжилгээний хүрээлэн рүү хүргүүлсэн. Харин тархи дотор эрхтэн нь шүүх эмнэлэг дээр архивлагдсан. Талийгаачийн биенээс авсан цус ходоодны шингэнийг зориулалтын хуруу шилэнд хийж, Цагдаагийн алба хаагчаар хүргүүлсэн. Цус шинжилгээг Эрүүл мэндийн төвийн хүлээн авахын сувилагчаар авахуулсан байсан. Шинжилгээ хийх тогтоолыг үндэслэн уг цуснуудын илгээх бичгийг би бичиж, тусгай шинжилгээний хиймэл лаборторид хүргүүлсэн. Мөрдөн байцаагчийн тогтоолд дурдсаны дагуу цусны бүлгийг би хариулаагүй. Яагаад гэвэл цусны бүлэг тогтоолгох дээж авахуулаагүй байсан. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр зам тээврийн осолд орж нас барсан Оюунцэцэгийн цогцосны үзлэг, магадлан шинжилгээнд мөрдөн байцаагч дэслэгч Пүрэвсүрэнгийн хамт орсон. д/ч Пүрэвсүрэн нь осолд орсон 4 хүний цусыг авсан. Уг цусыг ШШҮХ-д хүргээд өгөөч” гэхээр нь би зөвшөөрөөд цусыг авсан. 4 ширхэг 7 мл хуруу шилтэй, 4-5 мл-ийн  талийгаачийн биенээс авсан цус болон ходоодны шингэний хамт битүүмжилж, өөрийн байгууллагын эмгэг судлалын тусгай хөргөгчинд 2016.08.15-ны өдөр хүртэл хадгалсан. 2016.08.15-нд  Улаанбаатар хот руу явах ажилтай цагдаагийн алба хаагчаар 4 хүний цус, талийгаачийн цус, ходоодны шингэнг хүргүүлсэн. Би өөрөө болон цагдаагийн алба хаагч Улаанбаатар хот руу яваагүй учраас энэ өдөр хүртэл цусыг хадгалж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89, 113 тал/,

 

Яллагдагч Б.Б.Цийн мөрдөн байцаалтад  болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Улаанбаатар хот руу чиглээд явж байгаад осол болохын өмнө уулын хаяаагаар ороод эргэсэн. Энэ үед машины жолооны хүрд зүүн тал руу эсрэг урсгал руу булаахаар нь эсрэг урсгалаар явж байтал өөдөөс ирж байгаа машинаас зайлах гээд замын хажуугийн жалга руу орох санаатай чигээрээ дараад нөгөө машинтай мөргөлдсөн. Тэгээд л миний машин эргэлдээд явсан. Үүнээс цааш санахгүй байна. Би согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. .... би хохирогч нарт нийт 34.814.380 төгрөг өгсөн. Өнөөдрийг хүртэл ийм аймар хэрэг гарсанд харамсаж байгаа, би хүүхэдтэйгээ 2-лаа амьдардаг хүүгийн эцэг гэж хүн надтай холбоогүй байдаг, энэ хэрэг явдлаас хойш ч холбогдоогүй. Би энэ хүмүүст учруулсан хохирлыг өөрийн ах дүү найз нөхөд таньж мэдэх хүмүүсийн дэмжлэг туслалцаагаар аль чадахаараа төлж барагдуулж байна. Намайг шоронд оруулчихвал энэ хүмүүсийн эмчилгээний төлбөрийг би төлж чадахгүй, би жирэмсэн байхаас л хэвтрийн дэглэм сахиж, хүндрэлтэй төрж, хүү маань дутуу төрж бие нь сайнгүй байдаг, иймээс би ажил хөдөлмөр хийх боломжгүй байсан. Одоо энэ хүмүүст учруулсан хохирлыг төлж барагдуулахын тулд би ажил хөдөлмөр хийхгүй л бол надад төлөх ямар ч боломж байхгүй, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 198 тал, 217-218 тал/ зэрэг болно.

 

          Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Б.Б.Цийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, 2 хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. 

 

          Шүүгдэгч Б.Б.Ц нь уг  гэмт хэргийг 2016 оны 7 дугаар сарын 20-ний өдөр үйлдсэн бөгөөд Нийслэлийн тээврийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн 27,10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б.Б.Цт холбогдох хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

         Шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үндэслэл болж байх тул шүүх 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар хуулийг буцаан хэрэглэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд уг хуулинд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн буцаан хэрэглэнэ гэж заагаагүй тул шүүх хэргийг шинээр даган мөрдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дангаар хянан шийдвэрлэсэн болно.

 

          Шүүгдэгч Б.Б.Ц нь хохирогч, хохирогч Ж.Ц, О.У нарын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Б.О нарт оршуулгын, эмчилгээний бусад зардалд нийт 34.814.380 төгрөгийг төлсөн гэх ба хохирогч нар нь уг хохирлыг авсан үнийн дүн дээр маргаангүй гэсэн тул шүүх шүүгдэгчийг хохирогч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нийт 34.814.380 төгрөгийн хохирол төлсөн мөн иргэний нэхэмжлэгч Э.Г, А.А нарт эмчилгээний төлбөр 265.000 төгрөгийг төлсөн бөгөөд иргэний нэхэмжлэгч Э.Г, А.А  нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О давж заалдах шүүх хуралдаанаас хойш /буюу 2017 оны 5 сарын 4-ний өдрөөс хойш хугацаанд/ нэмж гарсан хохирогч Ж.Ц, О.У нарын эмчилгээний зардал болон өмгөөлөгчийн хөлс бусад зардал 5,238.176 төгрөг, хохирогч нарт учирсан сэтгэл санааны хохирол 35 сая төгрөгийг нэхэмжилнэ гэжээ.

 

           Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд хохирогч нарын эмчилгээний зардал болон бусад зардал 5,238.176 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгон, хохирогч, хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 35 сая төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа хангалттай бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй гэж үзлээ. Мөн хохирогч Ж.Ц нь шүүх хуралдаанд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ Солонгос улсад хийлгэх түнхний хагалгааны зардал 40 сая төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилнэ гэсэн байх боловч энэхүү нэхэмжлэлийг нотолсон нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Иймээс энэ зардлын талаар нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй болно.

 

           Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ 2002 оны Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшснийг хөнгөрүүлэх нөхцөл байдал болгон харгалзаж, шүүгдэгч Б.Ц нь 3 нас хүртэлх насны буюу 2 нас 10 сартай хүүхэдтэй эх байх тул шүүх мөн хуулийн 63 дугаар зүйлд заасныг баримтлан хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

           1. Шүүгдэгч Б.Б.Цийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас 2 хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. 2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, 6 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Цт оногдуулсан 6 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Цээс 5.238.176 төгрөгийг гаргуулж хохирогч, хохирогч нарын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.От олгож, хохирогч Ж.Цгаас нэхэмжилсэн түнхний хагалгааны 40,0 сая төгрөг, мөн хохирогч нараас нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 35,0 сая төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч Б.Б.Ц нь иргэний нэхэмжлэгч Э.Г, А.А нарт төлөх төлбөргүйг тус тус дурьдсугай.

 

             5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б.Цт мөн хуулийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

             6.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б.Ц нь 52 хоног цагдан хоригдсон, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.

 

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Б.Цийн №00363664 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг буцаан олгож, хэрэгт хавсарган ирүүлсэн Батхуягийн яриа гэх тэмдэглэгээтэй 1 ш сиди /CD/-ийг хэрэг хадгалах хугацааг дуусах хүртэл хавтаст хэрэгт хавсарган хадгалсугай.

 

             8 Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Б.Цт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

                             ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                Л.УЯНГА