Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 00505

 

 

2017 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2017/00505

 

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

/Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, Хасбанкны төв байранд байрлах, улсын бүртгэлийн дугаар 9016001007, регистрийн дугаар 2578697/

 

            Хариуцагч: Боржигон овогтой, Батмөнхийн Отгонбаярт холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсан гудамж, 52 дугаар байр, 3 тоотод оршин суух, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 26 дугаар байр, 25 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар ХЛ76120816/

 

Хариуцагч: Хайрхан овогтой, Магсарын Мөнхцацралд холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, Стадион оргил, Зайсан гудамж, 52 дугаар байр, 3 тоотод оршин суух, регистрийн дугаар УШ71060708/      

 

Зээлийн гэрээ цуцлах, гэрээний үүргийн гүйцэтгэлд 273.570.220 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 17.000 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Гэрээний 1.9, 4.2-т заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр, Х.Батдэлгэр, хариуцагч Б.Отгонбаяр, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн төлөөлөгч Л.Гантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Чимэгбаяр Х.Батдэлгэр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Отгонбаяр нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хасбанктай 5000855561 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж 107.400 ам.долларын зээлийг банкны жилийн суурь хүү дээр 4.6 хувийг нэмсэнтэй тэнцүү буюу жилийн 15.6 хувийн хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч нь зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн 39-3 тоот 36,4 мкв 1 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил, Зайсан гудамж 52 дугаар байр, 3 тоот 108,45 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч 500858861 дугаар барьцаат зээлийн гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх гэрээний үүргийг нийт 71 хоног хугацаа хэтрүүлж гэрээний үүргээ зөрчсөн. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарт банкны зүгээс зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрөө төлөхийг удаа дараа сануулж мэдэгдэж байсан боловч утсаа авдаггүй, амласан хугацаандаа зээлийн төлбөрөө төлдөггүй, гэрээний үүргээ биелүүлэх талаар идэвхи санаачлага гаргалгүй өнөөдрийг хүрсэн. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.4, 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэг, 5000858861 дугаар зээлийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.1 дэхь хэсэгт тус тус заасныг үндэслэн банк  2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалж, үндсэн зээл 107.400 ам доллар буюу 260.775.792 төгрөг, үндсэн хүүнд 5.269 ам доллар буюу 12.794.927 төгрөг, нийт 112.669 ам доллар, 36 цент буюу 273.570.220 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн үндсэн зээл 107.400 ам.долларыг хүлээн зөвшөөрч байна. харин зээлийн хүү 5.269 ам.долларын бодолт нь эргэлзээтэй гэхдээ маргахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь валютын ханш нь үүрэг үүсэх үеийн ханшаар тооцогдох ёстой гэж үзэж байна. Түүнчлэн зээлийн хүүгээ төлж байхад дахиад үүрэг үүсгэсний шимтгэл гэж авсныг хүлээн зөвшөөрөхгүй. Би банкнаас зээлээ төгрөгөөр авье гэсэн боловч надад ам.доллараар олгосон. Иймээс валютын ханшны зөрүүнээс би их хохирч байгаа. Иймд Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүсэх үеийн ханш буюу 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ханшаар 1 ам.долларыг нь 1396 төгрөгөөр тооцож төлөх хүсэлтэй болно гэв.

 

Хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хасбанк”-тай байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 5000858861 тоот Зээлийн шугамын гэрээний 1.9 дэхь хэсэгт бэлэн мөнгө байлгасны төлбөр болох үүрэг хүлээсний шимтгэлийг зээлдэгчээр төлүүлэх, 4.2 дах хэсэгт зээлдэгч зээлийн төлбөрийг үүрэг хүлээсний шимтгэл гэсэн дарааллаар барагдуулна гэсэн заалтуудыг тусгасан байна. Гэрээ байгуулж байх үед ийм заалт байгаа талаар уншиж мэдээгүй. Хасбанк шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дансны хуулгаа аваад үзтэл үүрэг хүлээсний шимтгэл гээд нэлээд их хэмжэний мөнгийг суутган авсан байна. Зөвхөн дансны хуулган дээр харагдаж байгаа ойролцоо тоог л бид харж болж байна. Үнэндээ хичнээн төгрөг үүрэг хүлээсний шимтгэл гэж үндэслэлгүйгээр мөнгө суутгаж авсныг мэдэх аргагүй байна. Гэрээ байгуулж байх үед дансанд бэлэн мөнгө хийсэн талаар огт ярьж байгаагүй. Зээлийн шугаман гэрээ гэдгийг авсан мөнгөндөө тохируулж хүү төлнө л гэсэн ойлголтыг бидэнд өгсөн. Иймд биднийг хуурч мэхэлж, өгөөгүй мөнгөнийхөө төлөө үүрэг хүлээсэн мэтээр шимтгэл авахаар хийсэн дээрх гэрээний 1.9, 4.2 дах хэсгийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Д.Чимэгбаяр нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шугамын зээл нь тухайн дансандаа мөнгө бэлэн байлгаад шаардлагатай үедээ мөнгө авч, шаардлагагүй бол буцааж хийдэг данс. Анх зээлийн гэрээ хийхдээ зээлийн хүүгийн хэмжээ болон үүрэг хүлээсний шимтгэлд хүү авна, хэрэв та зээлээ төлбөл ашиглаагүй үлдэгдлээс чинь 0,1 хувийн шимтгэл авна гэж гэрээнд зааж, тайлбарлаж өгсөн. Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэхь хэсэгт үүрэг хүлээсний шимтгэл, ашиглаагүй зээлийн үлдэгдлийн 0,1 хувиар үүрэг хүлээсэн шимтгэл авна гэж заасан. Гэтэл одоо болохоор хариуцагч нар тухайн үедээ мэдээгүй, уншаагүй гэж тайлбарлаж байна. Зээлдэгчээс төлсөн шимтгэлийг тооцож үзэхэд нийт 245 ам.долларыг үүрэг хүлээсэн шимтгэлд төлсөн байна. Яагаад үүрэг хүлээсний шимтгэл зарим сард аваад, зарим сард авахгүй байгаа вэ гэхээр авсан зээлийнхээ тодорхой хэсгийг нь аваад талыг нь үлдээсэн бол банк үлдэгдлээс нь 0,1 хувийн шимтгэл тооцож авна. Харин бүгдийг нь авсан бол шимтгэл тооцох боломжгүй. Дансанд байршсан зээлийн мөнгийг ашиглаагүй байсан ч сул байлгах үндэслэлгүй. Банкнаас зээлсэн дансан дахь мөнгийг ашигласан бол хүү авч, ашиглаагүй бол үүрэг хүлээсний шимтгэл авч байгаа юм. Дансанд мөнгө байршсан л бол түүнээс ямар нэгэн байдлаар шимтгэл авна. Банкны тухай хуулиар банк нь үзүүлж байгаа үйлчилгээний шимтгэлийг өөрөө тогтоох эрхтэй. Үүний үндсэн дээр үүрэг хүлээсний шимтгэл нь бий болсон. Тиймээс зээлдэгчид мэдэгдэлгүй суутгал хийн хохироосон зүйл байхгүй. Зээлийн гэрээн дээр энэ талаар дурдаж, тохиролцсон. Б.Отгонбаяр өөрөө эрх зүйн бүрэн чадамжтай тул үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, гэрээ байгуулагдсан. Дурдсан заалтуудыг хүчингүй болгох гээд байгаа нэхэмжлэлийн шаардлага нь өөрөө ойлгомжгүй байна гэв.

 

Шүүх зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

            “Хасбанк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нарт холбогдох, зээлийн гэрээ цуцлах, гэрээний үүргийн гүйцэтгэлд 273.570.220 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 17.000 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний 1.9, 4.2-т заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 273.570.220 төгрөгийг хангаж, үлдсэн 17.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-ийн төлөөлөгч Л.Гантуяагийн “...Зээлийн шугамын гэрээг цуцлаж, үндсэн зээл 107.400 ам.доллар буюу 260.775.792 төгрөг, үндсэн хүүнд 5.269 ам.доллар буюу 12.794.927 төгрөг, нийт 112.669.36 ам.доллар буюу 273.570.220 төгрөг, нотариатын үйлчлилгээний хөлс 17.000 төгрөг, нийт 273.587.220 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний дагуу барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэсэн нэхэмжлэл гаргасныг хариуцагчБ.Отгонбаяр, М.Мөнхцацрал нар “...гэрээ цуцлах, үндсэн зээл 107.400 ам.доллар, зээлийн хүүнд 5.269 ам.долларын үлдэгдэлтэй болохыг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүсэх үеийн ханш буюу 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ханшаар 1 ам.долларыг 1396 төгрөгөөр тооцох ёстой. Мөн шимтгэл гэж хураамж авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гэрээний 1.9, 4.2-т заасныг хүчингүй болгож өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргаж талууд мэтгэлцжээ.

 

            “Хасбанк” ХХК болон М.Мөнхцэцэг, Ө.Дэлгэрбаяр нар 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5000858861 дүгээр “Зээлийн шугамын гэрээ” байгуулсан талаар маргадаггүй бөгөөд уг гэрээгээр зээлдэгч М.Мөнхцацрал, Ө.Дэлгэрбаяр нар зээлдүүлэгч “Хасбанк” ХХК-иас 107.400 ам.долларыг 360 хоногт банкны 11 хувийн жилийн суурь хүү дээр 4.6 хувийг нэмсэнтэй тэнцүү 15.6 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн үлдэгдэлд 0.1 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй, 24 сарын хугацаатай эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Зээлийн шугамын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ”-ээр “...зээлийг 360 хоногт жилийн 15.6 хувийн хүүтэй” гэснийг “зээлийг 360 хоногт банкны 11 хувийн жилийн суурь хүү дээр 2.2 хувийг нэмсэнтэй тэнцүү 13.2 хувийн хүүтэй” гэж өөрчилж, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Зээлийн шугамын гэрээний нэмэлт өөрчлөлт”-өөр “...зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болгох”-оор талууд тохиролцжээ.

 

            Хариуцагч М.Мөнхцэцэг, Ө.Дэлгэрбаяр нар талуудын хооронд байгуулагдсан “Зээлийн шугамын гэрээ”-г цуцлахыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд уг гэрээний дагуу 107.400 ам.доллар зээлсэн, үндсэн зээлийн үлдэгдэл 107.400 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 5.269 ам.доллар байгаа талаар маргадаггүй болно.

 

            Харин хариуцагч тал “...Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-д зааснаар үүрэг үүсэх үеийн ханш буюу 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ханшаар 1 ам.долларыг 1396 төгрөгөөр тооцон төлнө”гэсэн тайлбар гаргадаг боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гаргасан “...ам.долларын ханшны лавлагаа гаргуулах” тухай хүсэлт гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан “...төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, хариуцагч өөрөө олж авах боломжгүй” баримт гэж үзээгүй тул 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн шүүгчийн захирамжаар уг хүсэлтийг хангахаас татгалзаж, нотлох баримтыг гаргаж өгөх боломж олгож шүүх хуралдааныг хойшлуулсан хэдий боловч энэ талаарх баримтыг хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч талаас ирүүлсэн Б.Отгонбаярын 5000858861 тоот шугамын данс гэсэн баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангаагүй болохыг дурдав.

 

            Мөн хариуцагч талын “...банкнаас төгрөгийн зээл авах талаар хүсэлт гаргасан боловч ам.долларыг зээл олгосон, ам.долларын зээлийг төгрөгийн зээлрүү шилжүүлэх хүсэлт гаргасан боловч шилжүүлээгүй” гэсэн тайлбар, хүсэлтийг үндэслэн шүүгчийн захирамжаар “уг зээлийн хувийн хэргээс М.Мөнхцэцэг, Ө.Дэлгэрбаяр нарын зээл хүссэн өргөдөл, хүсэлт болон холбогдох баримтуудыг Хасбанк ХХК-иас гаргуулсан” боловч хариуцагчийн тайлбар нотлогдоогүй болно.

 

            Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 63 дугаар зүйлийн 63.2-т заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн5000858861 дүгээр “Зээлийн шугамын гэрээ” болон “Зээлийн шугамын гэрээний нэмэлт өөрчлөлт”, хариуцагч талын “үндсэн зээлийн үлдэгдэл 107.400 ам.доллар, зээлийн хүүгийн үлдэгдэл 5.269 ам.доллар байгаа талаар маргахгүй” гэсэн тайлбар, Монголбанкны 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн “...USD=2428.08 төгрөг” гэсэн лавлагаа зэргийг үндэслэн хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нараас нийт 112.669,36 ам.доллар буюу 273.570.220 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

            2. Хариуцагч М.Мөнхцэцэг, Ө.Дэлгэрбаяр нарын “...гэрээний 1.9-д заасан ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 0.1 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй эсэхийг тайлбарлаж өгөөгүй учир уг гэрээний 1.9, 4.2-т заасныг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Учир нь хариуцагч тал гэрээний 1.9-д заасан “ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 0.1 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй эсэхийг тайлбарлаж өгөөгүй” гэх боловч уг тайлбараа нотлоогүй бөгөөд гэрээний ерөнхий нөхцөл буюу 1.1-д “...ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэл 0.1 хувийн үүрэг хүлээсний шимтгэлтэй байна” гэж заасан байх бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар “Хасбанк” ХХК болон Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нар хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж, талууд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5000858861 дүгээр “Зээлийн шугамын гэрээ”-г байгуулж, гарын үсэг зурсан байх бөгөөд уг хэлцэл, гэрээний 1.9, 4.2 дахь заалтууд нь хуулийн шаардлага хангасан байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нараас 273.570.220 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгож, хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нарын “гэрээний 1.9, 4.2-т заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

            Нэхэмжлэгчийн “нотариатын үйлчилгээний хөлсөнд 17.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. Учир нь нэхэмжлэгч талаас ирүүлсэн “2574 дугаартай Мөнгөний тасалбар” нь энэ хэрэгт хамааралтай болох нь нотлогдохгүй болно.

 

            Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д   заасныг баримтлан хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд талуудын хооронд 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан 5000858861-1 дүгээр “Баталгаат ипотекийн гэрээ”-ний зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018882 дугаарт бүртгэлтэй,Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн 39-3 тоот 36.4 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мөн 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан 5000858861-2 дугаар “Баталгаат ипотекийн гэрээ”-ний зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсан гудамж, 52 дугаар байр, 3 тоот 108.45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангах нь зүйтэй, гэхдээ үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

            Хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нар сөрөг нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Д.Чимэгбаяр нарт 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдөр гардуулсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбарыг шүүх хуралдаанд гаргах боломжтой, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийх талаар хүсэлт гаргасныг хангав.

 

            Түүнчлэн, хариуцагч М.Мөнхцацралд шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.4-т зааснаар мэдэгдсэн болох нь хариуцагч Б.Отгонбаярын шүүх хуралдаад гаргасан “...би хариуцгагч М.Мөнхцацралд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тэрээр 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 9 цаг 00 минутад шүүх хуралдаантай гэдгийг мэдэж байгаа” гэсэн тайлбар, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай баримт зэргийг үндэслэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч М.Мөнхцацрал нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж үзэн, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3,116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нараас 112.669,36 ам.доллар буюу 273.570.220 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчБ.Отгонбаяр, М.Мөнхцацрал нарын “гэрээний 1.9, 4.2-т заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018882 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн 39-3 тоот 36.4 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023038 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсан гудамж, 52 дугаар барй, 3 тоот 108.45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 1.525.801 төгрөг болон хариуцагч Б.Отгонбаяраас 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нараас улсын тэмдэгтийн хураамжид 1.525.801 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-д олгосугай

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД