Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 1276

 

Хас Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхтөр, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00505 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хас Банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 273 570 220 төгрөг, нотариатын зардал 17 000 төгрөг тус тус гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлтэй, гэрээний 1.9, 4.2 дах заалтыг  хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Батдэлгэр, Д.Чимэгбаяр, Д.Бархас

Хариуцагч нарын өмгөөлөгч: Т.Сайнбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Хас Банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Д.Чимэгбаяр нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.Отгонбаяр нь 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Хас банктай 5000855561 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулж 107 400 ам.долларын зээлийг банкны жилийн суурь хүү дээр 4,6 хувийг нэмсэнтэй тэнцүү буюу жилийн 15,6 хувийн хувьсах хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн барьцаанд Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн 39-3 тоот 36,4 мкв 1 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион Оргил, Зайсан гудамж 52 дугаар байр, 3 тоот 108,45 мкв 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч нь  гэрээний гол нөхцөл болох 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр хүү, зээл төлөх  үүргийг нийт 71 хоногоор хугацаа хэтрүүлж зөрчсөн. Иймд хууль болон гэрээг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр гэрээгээ нэг талын санаачилгаар цуцалж, зээл 107 400 ам доллар буюу 260 775 792 төгрөг,  хүү 5 269 ам доллар буюу 12 794 927 төгрөг, нийт 112 669 ам доллар, 36 цент буюу 273 570 220 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна. Үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж  өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа. Мөн зээл 107 400 ам.долларыг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү 5.269 ам.долларын бодолт нь эргэлзээтэй гэхдээ маргахгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гол үндэслэл нь валютын ханш нь үүрэг үүсэх үеийн ханшаар тооцогдох ёстой гэж үзэж байна. Түүнчлэн шимтгэл гэж авсныг хүлээн зөвшөөрөхгүй. Би банкнаас зээлээ төгрөгөөр авье гэсэн боловч надад ам.доллараар олгосон. Иймээс валютын ханшны зөрүүнээс  хохирч байгаа. Иймд үүрэг үүсэх үеийн ханш буюу 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ханшаар 1 ам.долларыг нь 1 396 төгрөгөөр тооцож төлөх хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Хасбанк”-тай байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дугаар 5000858861 тоот зээлийн шугамын гэрээний 1.9 дэхь хэсэгт бэлэн мөнгө байлгасны төлбөр болох үүрэг хүлээсний шимтгэлийг зээлдэгчээр төлүүлэх, 4.2 дах хэсэгт зээлдэгч зээлийн төлбөрийг үүрэг хүлээсний шимтгэл гэсэн дарааллаар барагдуулна гэсэн заалтуудыг тусгасан байна. Гэрээ байгуулах үед ийм заалт байгаа талаар уншиж мэдээгүй. Хасбанк шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дансны хуулгаа аваад үзтэл үүрэг хүлээсний шимтгэл гээд нэлээд их хэмжэний мөнгийг суутган авсан байна. Зөвхөн дансны хуулган дээр харагдаж байгаа ойролцоо тоог л бид харж байна. Үнэндээ хичнээн төгрөг үүрэг хүлээсний шимтгэл гэж үндэслэлгүйгээр суутган авсныг мэдэх аргагүй. Зээлийн шугаман гэрээ гэдгийг авсан мөнгөндөө тохируулж хүү төлнө л гэсэн ойлголтыг бидэнд өгсөн. Иймд биднийг хуурч мэхэлж, өгөөгүй мөнгөнийхөө төлөө үүрэг хүлээсэн мэтээр шимтгэл авахаар хийсэн дээрх гэрээний 1.9, 4.2 дах хэсгийг тус тус хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр, Д.Чимэгбаяр нар сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шугамын зээл нь тухайн дансандаа мөнгө бэлэн байлгаад шаардлагатай үедээ авч, шаардлагагүй бол буцааж хийдэг данс. Анх зээлийн гэрээ хийхдээ зээлийн хүүгийн хэмжээ болон үүрэг хүлээсний шимтгэлд хүү авна, хэрэв та зээлээ төлбөл ашиглаагүй үлдэгдлээс чинь 0,1 хувийн шимтгэл авна гэж гэрээнд зааж, тайлбарлаж өгсөн. Зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1 дэхь хэсэгт үүрэг хүлээсний шимтгэл, ашиглаагүй зээлийн үлдэгдлийн 0,1 хувиар үүрэг хүлээсэн шимтгэл авна гэж заасан. Зээлдэгчээс төлсөн шимтгэлийг тооцож үзэхэд нийт 245 ам.долларыг үүрэг хүлээсэн шимтгэлд төлсөн байна. Яагаад зарим сард аваад, зарим сард аваагүй  вэ гэхээр авсан зээлийнхээ тодорхой хэсгийг нь аваад талыг нь үлдээсэн бол банк үлдэгдлээс нь 0,1 хувийн шимтгэл тооцож авна. Харин бүгдийг нь авсан бол шимтгэл тооцох боломжгүй. Дансанд байршсан зээлийн мөнгийг ашиглаагүй байсан ч сул байлгах үндэслэлгүй. Банкнаас зээлсэн дансан дахь мөнгийг ашигласан бол хүү авч, ашиглаагүй бол үүрэг хүлээсний шимтгэл авч байгаа юм. Дансанд мөнгө байршсан л бол түүнээс ямар нэгэн байдлаар шимтгэл авна. Банкны тухай хуулиар банк нь үзүүлж байгаа үйлчилгээний шимтгэлийг өөрөө тогтоох эрхтэй. Үүний үндсэн дээр шимтгэл нь бий болсон. Дурдсан заалтуудыг хүчингүй болгох гээд байгаа нэхэмжлэлийн шаардлага өөрөө ойлгомжгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1-д заасныг баримтлан зээлийн гэрээг цуцлаж, хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нараас 112 669,36 ам.доллар буюу 273 570 220 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 17 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нарын “гэрээний 1.9, 4.2-т заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018882 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн 39-3 тоот 36.4 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, мөн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023038 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсан гудамж, 52 дугаар барй, 3 тоот 108.45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “Хасбанк” ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 1 525 801 төгрөг болон хариуцагч Б.Отгонбаяраас 2017 оны 3 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 525 801 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Хас банк” ХХК-д олгож  шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч "Хас банк" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулж, хариу тайлбар авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэн. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч амаар тайлбар гаргасан. Гэтэл хуулийн мэдлэггүй бид  тайлбарыг нь бүрэн ойлгоогүй. Хэдийгээр бид өмгөөлөгч авсан байсан ч өмгөөлөгчийн шүүх хуралдаан давхцаж бидний шүүх хуралдаанд оролцож чадаагүй. Өмгөөлөгч сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлийн нэгэн адил нөгөө талд гардуулж өгдөг. Нэхэмжлэлийг гардаж авсан тал хариу тайлбар өгдөг тэр хариу тайлбарыг үзэж байгаад танай хуралд оръё гэсэн. Шууд шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийсэнд гомдолтой. Нэхэмжлэгч үүрэг хүлээсний шимтгэл 0.1 хувь гэж сар бүр биднээс мөнгө суутгаж аваад байсан нь бидэнд үнэхээр ойлгомжгүй байна. Банк өөрийнхөө мөнгийг өөртөө байлгасныхаа төлөө яагаад тэр мөнгийг хэрэглээгүй надаас шимтгэл авч хуулиа зөрчөөд байгаа юм. Сөрөг нэхэмжлэлийн  тайлбарыг өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөх хугацаа бидэнд гаргаж өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь хариуцагч Б.Отгонбаяр, М.Мөнхцацрал нарт холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 273 570 220 төгрөг, нотариатын зардал 17 000 төгрөг тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийг гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ. Хариуцагч нар гэрээг цуцласан үйл баримт, зээлийн дүн, хэмжээ зэрэгт маргаагүй боловч ам.доллараар авсан зээлийн буцаан төлөлтийг тухайн гэрээ байгуулж байх үеийн ханшаар тооцно гэж маргасан. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.9, 4.2 дах заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Зохигчид 2013 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 5000858861 тоот зээлийн шугамын гэрээ байгуулж, зээлдэгч нь 107 400 долларыг 24 сарын хугацаатай, 360 хоногт банкны 11 хувийн жилийн суурь хүү дээр 4,6 хувийг нэмсэнтэй тэнцүү 15,6 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн үлдэгдэлд 0.1 хувийн үүрэг хүлээсний шимтгэл тооцохоор тохиролцсон, зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд шилжүүлжээ. Гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2203018882 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Эрхүүгийн 39-3 тоот 36,4 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Стадион оргил, Зайсан гудамж, 52 дугаар байр, 3 тоот 108,45 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэргийг барьцаалжээ. Зээл, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байна. /х.х-ийн 4-23/

Талууд харилцан тохиролцож 2014 оны 5 дугаар сарын 08-ны өдөр, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр тус тус гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд хариуцагч нар зээлд 107 400 ам.доллар, хүүд 5 269 ам.долларын үлдэгдэлтэй болох талаар маргаагүй.

 

Харин хариуцагч нар нь төлбөл зохих 112 669 ам.долларыг 2013 оны 01 дүгээр сарын 16-ны гэрээ байгуулсан өдрийг үүрэг үүссэн үе гэж тодорхойлж тухайн өдрийн  ханш болох 1 396 төгрөгөөр тооцно гэж маргасан.  

 

Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэсэн заалт Монгол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хамааралгүй, харин төгрөгийн өөрийнх нь худалдан авах чадварын өсөлт, бууралттай холбоотой зохицуулалт тул үүрэг үүсэх үеийн ханш буюу 2013  оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Монгол банкны ханшаар тооцох ёстой гэх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй болно.  

 

Иймд гэрээний үүрэг болох 112 669 ам.долларыг шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн ханшаар буюу 2 428.08 төгрөгөөр тооцсон нь зөв бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ.

 

Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагч баримтаар нотлоогүй, сөрөг нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн, мөнгөн хөрөнгийг хариуцагч ашиглаагүй тохиолдолд шимтгэл төлөхөөр гэрээгээр тохиролцсоныг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 183/ШШ2017/00505 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Отгонбаярын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 525 801 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

      

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД                                                      С.ЭНХТӨР

                                                                       Ш.ОЮУНХАНД