Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0500

 

“Х банк” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Г.Билгүүн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж

Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, татварын улсын байцаагч П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.Б нарын 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Нэг-ийн 6 дахь заалтаас бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 358 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, О.Ц, П.Я, Б.Б, өмгөөлөгч Г.Ж, Г.О

Хариуцагч Б.Б, С.Э, П.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн

Хэргийн индекс: 128/2018/0222/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Гомдол гаргагч “Х банк” ХХК-иас Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, татварын улсын байцаагч П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.Б нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, татварын улсын байцаагч П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.Б нарын 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Нэг-ийн 6 дахь заалтаас бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 358 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1, 1.3 дугаар зүйлийн 1, 2, Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.6, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.4, 74.1.11, 74.2, 74.3, Татварын ерөнхий хууль /2015.12.04/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 31 дүгээр зүйлийн 31.2, 31.2.1, 46 дугаар зүйлийн 46.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 13 дугаар зүйлийн 13.4, 16 дугаар зүйлийн 16.3.1, 17 дугаар зүйлийн 17.2.1, 17.2.9, 17.2.9-ийн а, 21 дүгээр зүйлийн 21.5, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 13 дугаар зүйлийн 13.1.4, 23 дугаар зүйлийн 23.1, 26 дугаар зүйлийн 26.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4.4, 16 дугаар зүйлийн 16.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2.9, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х банк” ХХК-иас Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, татварын улсын байцаагч П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Нэг-ийн 6 дахь заалтаас бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах гомдлын шаардлагаас шийтгэлийн хуудасны Нэгийн 2 дахь заалтын сургалтын зардалтай холбоотой 3,074,542,342.9 төгрөгийн зөрчилд холбогдох 768,635,585.7 төгрөгийн нөхөн татвар, 230,590,675.7 төгрөгийн торгууль, 125,865,259.9 төгрөгийн алданги, нийт 1,125,091,521.3 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг татварын улсын байцаагч шалгаж, дахин акт гаргах хүртэл шийтгэлийн хуудасны энэ хэсэгт холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гомдлын шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагчийн өмгөөлөгч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Хөрөнгө оруулагч нар олгосон ногдол ашгийн орлогын 17,209,782,000.00 төгрөгт албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 2,753,565,300.00 төгрөгийг нөхөн төлүүлж, 826,069,590.00 төгрөгийн торгууль, 550,713,060.00 төгрөгийн алданги ногдуулсан зөрчлийн тухайд:

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудыг хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээгээ 50 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхийг Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 дугаар тушаалаар үүрэг болгож, уг тушаалыг Монгол банкны 2015 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн А-6/348 дугаар албан бичгээр “Х банк” ХХК-д ирүүлсэн.

Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Банк нь дараах шаардлагыг хангаж ажиллана”, 16.1.2-д “хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, өөрийн хөрөнгийн хүрэлцээ, активын эрсдэл, зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах сан, эх үүсвэрийн төвлөрөл, гадаад валютын болон бусад зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг Монголбанкнаас тогтоосон журам, шийдвэрийн дагуу биелүүлэх” гэж заасны дагуу Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 дугаар тушаалыг биелүүлж банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг болгох зорилгоор “Х банк” ХХК-ийн энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгон өсгөн болно.

Хэрэв Монгол банкнаас тогтоосон хугацаанд банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэхгүй бол Банкны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-д “энэ хуульд өөрөөр заагаагүй бол … Монголбанкны шийдвэр гарсан, эсхүл хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээний шаардлагыг биелүүлээгүй бол” гэж зааснаар “Х банк” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож олон нийтэд зарлах хууль зүйн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэх тухай тушаалыг Монгол банкнаас заасан хугацаанд үл маргах журмаар “Х банк” ХХК заавал биелүүлэх үүрэгтэй.

Иймээс хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхдээ мөн л Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-1/1269 дугаар албан бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу хуримтлагдсан ашгаас байгуулагдсан нөөцийн сан данснаас 5,656,094,961.41 төгрөг, нэмж төлөгдсөн капитал данснаас 14,140,923,038.59 төгрөг, нийт 19,797,018,000.00 төгрөг шилжүүлэх гүйлгээ хийж банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50,608,320,000.00 төгрөг болгосон нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдоно.

Монгол банкны ерөнхийлөгчийн А-58 дугаар тушаалын зорилго нь эдийн засгийн нөхцөл байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадварыг сайжруулах буюу банкны харилцагч нарт учрах эрсдэлийг буруулах үүднээс банкны хувьцаа эзэмшигч нараас нэмэлт хөрөнгө гаргаж байршуулахыг шаардсан байдаг. 

Иймээс “Х банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар банкны үйл ажиллагаанаас олсон орлого бус өөрсдийн хөрөнгөөр бий болгосон, банкинд байрших нэмж төлөгдсөн капитал данснаас 14,140,923,038.59 төгрөгөөр дүрмийн санг нэмэгдүүлсэн бөгөөд энэхүү үйлдлийг ногдол ашгаас ашиг хуваарилсан гэж үзэх ямар ч үндэслэлгүй юм.

Түүнчлэн банкны үйл ажиллагааны үр дүнд хуримтлагдсан ашгаас байгуулагдсан нөөцийн сан данснаас 5,656,094,961.41 төгрөгөөр дүрмийн санг нэмэгдүүлсэн үйлдлийг мөн ногдол ашгаас ашиг хуваарилсан гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 9 дүгээр зүйлийн 9.3-д “ Энэ хуулийн 9.1.3-д заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжээс ашиг хуваах, хувь хүртэх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна” гэж зааснаас үзвэл “Х банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар ногдол ашгийн орлогоос аливаа хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү байхыг ойлгохоор байна.

Гэтэл “Х банк” ХХК-иас Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 дугаар тушаалыг биелүүлж банкны энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгохдоо нөөцийн сан данснаас 5,656,094,961.41 төгрөг, нэмж төлөгдсөн капитал данснаас 14,140,923,038.59 төгрөг, нийт 19,797,018,000.00 төгрөг шилжүүлэх гүйлгээ хийж банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 50,608,320,000.00 төгрөг болгон нэмэгдүүлэхэд “Х банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид шууд болон шууд бус хэлбэрээр өөрт авсан аливаа мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө байхгүй. Харин ч “Х банк” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар өөрсдийн авах ёстой ногдол ашгийг банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор банкинд шилжүүлсэн гэж үзнэ.

Гэвч татварын улсын нар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 50 тэрбум болгон нэмэгдүүлэхдээ нөөцийн сан дансанд байсан 5,656,094,961.41 төгрөг ямар үйл ажиллагааны үр дүнд бий болсон, нэмж төлөгдсөн капитал дансанд байсан 14,140,923,038.59 төгрөг нь банкны үйл ажиллагааны улмаас бий болсон хөрөнгө үү? эсхүл банкны хувьцаа эзэмшигч нар өөрийн хөрөнгөөс байршуулсан хөрөнгө байсан уу? гэдгийг шалгаж тогтоолгүйгээр шууд банкны үйл ажиллагааны улмаас орлогоос банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг нэмэгдүүлж хөрөнгө оруулагч нарт  17,209,782,000.00 төгрөгийн ногдол ашиг олгосон байна гэж үзэн орлогын албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэж үзэн 2,753,565,300.00 төгрөгийг нөхөн төлүүлж, 826,069,590.00 төгрөгийн торгууль, 550,713,060.00 төгрөгийн алданги ногдуулсан нь хууль зөрчсөн учир хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хянан хэлэлцээд дээрх зөрчлийн талаар хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн хэт нэг талыг барьсан, Монгол банкны эрх хэмжээнд халдсан, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхдээ нөөцийн сан данснаас шилжүүлсэн 5,656,094,961.41 төгрөг ямар үйл ажиллагааны үр дүнд бий болсон, нэмж төлөгдсөн капитал данснаас шилжүүлсэн 14,140,923,038.59 төгрөг хэрхэн бий болсон талаарх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай үнэн зөв эргэлзээгүй талаас бүрэн гүйцэд үнэлж дүгнэлт хийлгүйн улмаас шийтгэлийн хуудасны 1-д дурдсан асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг ханаагүй байна.

3.1.1. Хууль буруу тайлбарласан дүгнэлт:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д “Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2-т “Компанийн балансад тусгагдсан биет болон биет бус хөрөнгийн дүнгээс компанийн өр төлбөрийг хасаад үлдсэн хэсгийг компанийн өөрийн хөрөнгө гэнэ” гэж заасан байх бөгөөд ийнхүү нэмэгдүүлэхээс өмнө уг мөнгөн хөрөнгө нь компанийн хөрөнгөд 2 дансанд байршиж байсан ба дараа нь компанийн хувь нийлүүлсэн хамаарахаар болсон, хуримтлагдсан ашгаас 17,209,782,000.00 төгрөг буурч, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 50,608,320,000.00 төгрөг болж хувьцаа эзэмшигчийн хөрөнгө өсчээ” гэж дүгнэсэн нь Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь заалтыг энэхүү хэрэг маргаанд хамаатуулж хэрэглэхдээ буруу тайлбарласан гэж үзнэ.

Хэрэгт авагдсан “Х банк” ХХК-ийн санхүүгийн тайлантай шүүх бүрэн танилцаж хуульд заасан журмын дагуу үнэлж дүгнэлт хийсэн бол нөөцийн сан дансанд байсан 5,656,094,961.41 төгрөг, нэмж төлөгдсөн капитал дансанд байсан 14,140,923,038.59 төгрөг “Х банк” ХХК-ийн өөрийн хөрөнгө бүртгэгдээгүй бөгөөд компанийн санхүүгийн тайлангийн эздийн өмч гэсэн хэсэгт байрлаж бүртгэгдэж явдаг. Уг хоёр данснаас гүйлгээ хийх замаар “Х банк” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50,608,320,000.00 төгрөг болгон нэмэгдүүлэхэд компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ болон хуримтлагдсан ашиг 17,209,782,000.00 төгрөгөөр буураагүй гэдэг нь тогтоогдож байгаа болно.

3.1.2. Хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн хэт нэг талыг барьсан дүгнэлт:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д “…Монгол банкны 2015 оны А-58 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 /тавин/ тэрбумд хүргэх шийдвэрийг гаргасан болохоос… татварыг төлж тайлагнах үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлтэй …” гэж,

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-д “… Монгол банк нь Компанийн тухай хуульд заасан ногдол ашиг мөн эсэхийг тодорхойлох, түүнд татвар ногдуулах эсэхийг шийдвэрлэдэг чиг үүрэг бүхий байгууллага биш юм …” энэхүү дүгнэлт нь хариуцагч талаас 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “нэмэлт тайлбарт дурдсан “Монгол банк татварын харилцаанд оролцох, татвар ногдох, ногдуулах зүйлийг тодорхойлох чиг үүрэг байхгүй” гэсэн тайлбарт хөтлөгдөн хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.

Мөн Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т “…хариуцагчаас хувьцаа эзэмшигчдээс мөнгө авч дүрмийн сангаа нэмэгдүүлсэн бол “хувь нийлүүлэгчдийн хөрөнгө” гэсэн данснаас бичилт хийгдэх байсан гэсэн хариу тайлбар үндэслэлтэй…” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байхаас гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “… Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах …” заасан зарчим зөрчигдсөн, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.3-т тус тус заасан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн байна. Учир нь хариуцагчийн бичгээр гаргасан шүүх хуралдаанд дээр хэлсэн дээрх тайлбарууд хэрэгт авагдсан нэг ч бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа болно. Түүнчлэн банкинд хувь нийлүүлэгчдийн хөрөнгө гэсэн данс байдаггүй болохыг шүүх тодруулалгүй уг асуудлыг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий зарчмыг зөрчсөн.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-д “Учир нь Аж ахуй нэгжийн (банк) нягтлан бодох бүртгэлийн заавраас үзвэл нэмж төлөгдсөн капитал дансанд хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлөгдсөн дүнг бүртгэдэг, хувьцааны урамшууллыг илэрхийлсэн данс болон хуримтлагдсан ашгаас байгуулагдсан ерөнхий эрсдэлээс хамгаалахад зориулан байгуулсан нөөцийн сан данснаас гүйлгээ хийж эздийн өмч нэмэгдсэн байх тул ногдол ашиг хуваарилсан гэж үзэн татвар ногдуулсан улсын байцаагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж хуульд үндэслээгүй дүгнэлтийг хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Учир нь Аж ахуй нэгжийн (банк) нягтлан бодох бүртгэлийн заавар гэх заавар байхгүй ба “нэмж төлөгдсөн капитал дансанд хувьцааны нэрлэсэн үнээс илүү төлөгдсөн дүнг бүртгэдэг” гэсэн тодорхойлолт нэр томьёо байхгүй болохыг анхаарч үзэхийг хүсье.

3.1.3. Монгол банкны эрх хэмжээнд халдсан дүгнэлт:

Монгол банк нь Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт тавих, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д заасны дагуу ногдол ашиг хуваарилсны дагуу Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт хангагдах эсэхэд хяналт тавьсны үндсэн дээр ногдол ашиг хуваарилах зөвшөөрөл олгох эрхийг хуулийн дагуу хэрэгжүүлдэг, энэхүү эрхээ хэнтэй ч хуваалцдаггүй байгууллага тул Монгол банкны ерөнхийлөгчийн 2015 оны А-58 дугаар шийдвэрийн дагуу банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум төгрөг нэмэгдүүлэхдээ нөөцийн сан болон нэмж төлөгдсөн капитал данснаас тус тус гүйлгээ хийсэн “Х банк” ХХК-ийн үйлдэл ногдол ашиг хуваарилсан үйлдэл мөн эсэхийг хуулийн дагуу хянах, тодорхойлох бүрэн эрхтэй субъект юм.

Гэтэл Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-д “ …мөн Монгол банкны 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн А-6/271 дүгээр албан бичгээр “Монгол банкнаас банкуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг шинэчлэн тогтоохоор судалгаа хийгдэж байгаа тул аливаа хэлбэрээр ногдол ашиг хуваарилахгүй байхыг танайд мэдэгдье” гэснээс үзвэл хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн доод хэмжээ нэмэгдэж ногдол ашиг хуваарилж байгаа тул дахин ногдол ашиг хуваарилахгүй байхыг анхааруулсан гэж үзэхээр байна …” гэж Монгол банкны А-6/271 дүгээр албан бичгийг хэрэгт цугларсан Монгол банкны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-10/1004 дугаар албан бичиг болон бусад албан бичгүүдтэй харьцуулж үзэлгүйгээр энэхүү дүгнэлтийг хэргийг шийдвэрлэсэн нь нотлох баримтыг үнэлэх журмыг ноцтой зөрчсөн үйлдэл боллоо.

Хэрэгт цугларсан Монгол банкны албан бичиг, тушаал зэргээс ногдол ашиг хуваарилахыг хориглосон Монгол банкны үйлдэлд хувь нийлүүлэгчдийн хөрөнгийн доод хэмжээ нэмэгдэж ногдол ашиг хуваарилж байгаа тул дахин ногдол ашиг хуваарилахгүй байхыг анхааруулсан зүйл байхгүй болохыг онцгой анхаар ч нэхэмжлэлийн шаардлагын 1 дэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

3.2. Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал /үйл ажиллагаа/, ажилчдын сургалтын зардалд зарцуулсан нийт 6,188,154,481.18 төгрөгийг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 1,547,038,620.30 төгрөгийг нөхөн төлүүлж 464,111,586.09 төгрөгийн торгууль, 253,007,631.69 төгрөгийн алданги ногдуулсан зөрчлийн тухайд:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 18-д “Зөрчил шалган шийдвэрлэх материалаас үзвэл уг зөрчилд холбогдох 3,113,612,138.4 төгрөгийн зардал нь гал тогооны хоолны зардал, өглөөний цай, зочин төлөөлөгч, өндөр настанд өгсөн бэлэг дурсгал, захирлын цай кофе, уулзалтын зардал, баяр ёслолын зардал, дотоодын тэмцээн, шинэ жилийн арга хэмжээний зардлууд байх бөгөөд эдгээр зардлууд нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээ, түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хамаарахгүй” гэж дүгнэн шийтгэлийн хуудасны 2 дахь хэсэгт дурдсан зөрчлийн Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын үйл ажиллагаанд гаргасан 3,113,612,138.4 төгрөгийн зардлыг хасагдах зардалд хамаарахгүй гэж үзэн тус шаардлагад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. 

Мөн яагаад хасагдах зардалд хамаарахгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийлгүйгээр орхигдуулжээ.

Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д заасан зардал албан татвар ногдох орлогоос хасч тооцож болохгүй байхаар хуульчилсан байдаг. Үүнд:

12.8.1.санхүүгийн түрээсийн төлбөр

12.8.2.албан татвар төлөгчийн буруутай үйл ажиллагаатай холбогдон төлсөн торгууль, алданги, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн төлбөр

Мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан хасагдах зардалд тавигдах хязгаарлалтуудыг хуульчилсан. Үүнд:

15.1.Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй:

15.1.1.энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход гарсан зардал;

15.1.2. албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;

15.1.3.энэ хуульд заасны дагуу суутган тооцох шаардлагатай боловч албан татвар суутгаагүй төлбөр

Дээр дурдсан зардлыг албан татвар ногдох орлогоос хасах болон хасагдах зардалд тавигдах хязгаарлалтад хамаарахгүй зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцож болох хууль зохицуулалттай. Иймээс “Х банк” ХХК нь Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал буюу үйл ажиллагааны зардалд гаргасан 3,113,612,138.4 төгрөгийг хасагдах зардлаар тооцсон нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хууль, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2020 он/ хуулийг тус тус зөрчсөн зүйл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4-д “Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ”, 6-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ” гэж тус тус заасны дагуу Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2019 он/ хуулийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д “ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх” гэж заасны дагуу Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал буюу үйл ажиллагааны зардалд гаргасан 3,113,612,138.4 төгрөг албан татвар ногдох орлогоос хасагдах учиртай.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 19-д “Түүнчлэн гомдол гаргагч нарын өмгөөлөгч нараас 2019 онд батлагдсан Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д “ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй” гэсэн заалтыг үндэслэл болгон тайлбарлаж байх бөгөөд татварын улсын байцаагч нар “Х банк” ХХК-ийн 2012-2016 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийсэн байх тул тухайн үед мөрдөгдөж байсан 2006 онд батлагдсан Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг хэрэглэх юм” гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагын 2 дахь хэсгийн Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал буюу үйл ажиллагааны зардалд гаргасан 3,113,612,138.4 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

3.3. Албан татвар ногдох орлого олохоор ашиглагдаагүй /захирлын хувийн орон сууц/ үндсэн хөрөнгөд элэгдэл байгуулж нийт 48,816,050.1 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчилд 12,204,012.5 төгрөгийг нөхөн төлүүлж, 3,661,203.8 төгрөгийн торгууль, 1,871,556.7 төгрөгийн алданги ногдуулсан зөрчлийн тухайд:

Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.8-д “Орон сууц, ахуйн хангамжийн асуудал” заасны дагуу гадаадаас ажиллах хүч авч ажиллуулж буй аж ахуй нэгж байгууллага гадаад ажилтныг амьдрах орон сууц, ахуйн хангамжийн асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй. “Х банк” ХХК-ийн хувьд Контрактын гэрээний үндсэн мэргэжлийн өндөр ур чадвар бүхий гадаад захирлыг ашиг олох, эрсдэлээс хамгаалах зорилгоор ажиллуулж байгаа учир “Х банк” ХХК-ийн гадаад захирлын амьдарч байгаа орон сууцыг албан татвар ногдох орлого олоход ашигласан гэж үзнэ. Иймээс Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “Үндсэн хөрөнгийн элэгдэл, хорогдлын шимтгэл”, 13 дугаар зүйлийн 13.1-д тус тус заасны дагуу албан татвар ногдох орлогоос хасагдах ёстой.

Мөн хариуцагч нарын зөрчил гэж үзсэн энэхүү зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 178 дугаар шийдвэр, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 267 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дугаар тогтоол хэрэгт авагдсан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 178 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2010 оны 06 сарын 15-ны өдрийн 267 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 240 дугаар тогтоолд “…2008 оны эхний хагас жилд гадаад захирлуудын амьдардаг орон сууцны байрын төлбөр, элэгдлийн зардал … татвар суутган авч төлөөгүй зөрчлүүдтэй холбогдох зардлыг хасч шийдвэрлэсэн нь зөв байна…” хэмээн дүгнэж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх үйл баримтад үнэлэлт дүгнэлт хийлгүйгээр  шийдвэрийн үндэслэх хэсгийн 31-д “… “Х банк” ХХК-ийн хөрөнгө боловч албан татвар ногдох орлого олоход ашиглагдаагүй, зөвхөн хөдөлмөрийн гэрээний үүргээ биелүүлж, гадаадын зөвлөх ажилтныг амьдран суух зориулалтаар ашиглуулж байгаа тул уг байранд тооцсон элэгдэл, хорогдлын шимтгэлийг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь хэсэгт заасан албан татвар ногдох орлогоос хасагдах зардал гэж үзэхгүй, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-д заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн хуульд байхгүй зөрчлийн талаар тусгасан үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Учир нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.4-д заасан зөрчил гэсэн зөрчил Зөрчлийн тухай хуульд байхгүй болно.

3.4. Бусдад олгосон хүүгийн орлогод нийт 8,158,549,404.7 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 815,854,940.7 төгрөгийг нөхөн төлүүлж, 244,756,482.14 төгрөгийн торгууль, 62,804,055.39 төгрөгийн алданги ногдуулсан зөрчлийн тухайд:

Хариуцагч татварын улсын байцаагч нар “Х банк” ХХК-ийн бүх салбар нэгжийн 2012-2016 онуудын татварын ногдуулалт, төлөлтөд иж бүрэн шалгалтыг 2017 оны 04 дүгээр сараас эхлэн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хийсний үндсэн дээр нийт 8,158,549,404.7 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчил гаргасан байна гэж үзээд 815,854,940.7 төгрөгийг нөхөн төлүүлж, 244,756,482.14 төгрөгийн торгууль, 62,804,055.39 төгрөгийн алданги ногдуулсан.

Гэтэл маргаан бүхий шийтгэлийг хуудасны энэхүү зөрчилтэй холбоотой хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагчаас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд ирүүлсэн “Нотлох баримтын тайлбар” гэх тайлбарт “ … тайлангаа илгээж татвар ногдуулж тайлагнасан татвараар Татварын хяналт шалгалтын “Шийтгэлийн хуудас”-аар ногдуулсан хүүгийн орлогод ногдуулсан татварын тооцоололд өөрчлөлт орохоор байна … ”  гэж тайлбарласнаас үзэхэд хариуцагч “Х банк ХХК-д татварын хяналт шалгалт хийдээ “Х банк” ХХК-ийн бүх салбар нэгжийн суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын ТТ-12 тайланг бүрэн шалгаагүй нь тогтоогдож байгаа ба, шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог.

Нэгэнт хариуцагч татварын улсын байцаагч иж бүрэн шалгалтыг хийгээгүй бол 8,158,549,404.7 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэж “Х банк” ХХК-ийг буруутгаж шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэлгүй юм.

Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 39-д “Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Х банк” ХХК-ийн Богд-Ар салбарын /РД: 2693321/ ТТ-12 тайланг өгсөн байхад татварын удирдлагын нэгдсэн системд гарч ирээгүй, гарч ирээгүй болохоор татварын улсын байцаагч нар үүнийг ногдуулж, тайлагнаагүй гэж үзээд зөрчилд тооцсон гэж байгаа боловч гомдол гаргагчаас гаргаж өгсөн тус салбарын 2016 оны 4 дүгээр улирлын тайлангаас үзвэл тайлангаа 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу хуулийн хугацаанаас хэтрүүлж тайлагнасныг хариуцагч зөрчилд тооцсон нь үндэслэлтэй байна” гэж шүүх дүгнэж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хуулийг тус тус зөрчсөн гэж үзнэ.

Учир нь татвар ногдох орлого нь “нэг л орлого бол тухайн төрлийн татварыг нэг л удаа ногдуулах” нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох “шударга ёс”, “тэгш байдал”-ын зарчимд нийцэх юм.

Гэтэл анхан шатны шүүхийн дээрх дүгнэлтээс үзэхэд шалгалт хийх үед тайлагнаад холбогдох татварыг ногдуулж, төлөлт хийсэн эсэх нь хамаагүй гагцхүү хугацаандаа л тайлангаа илгээгээгүй бол нөхөн татвар, торгууль, алданги төлүүлж болно гэж хэргийг шийдвэрлэсэн нь гомдол гаргагчийн эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл боллоо.

Шүүх “Х банк” ХХК бусдад олгосон хүүгийн орлогод нийт 8,158,549,404.7 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төвлөрүүлсэн эсэх асуудлыг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтийн 1 дэх хэсэгт “Тайлант хугацааны хүүгийн орлогын төлөлтийн талаарх шинжилгээнд ирүүлсэн файлууд нь /ТЕГ-ын 2018.03.16-ний 12/905, 2020.03.30-ны 25/170 тоот албан бичгээр/ хоорондоо зөрүүтэй байх тул “Х банк” ХХК-ийн хүүгийн орлогын ногдуулалтын төлөлтийг шинжлэн тогтоох боломжгүй байна. Мөн ТТ-12 тайланд хүүгийн орлогод ногдуулах албан татвараас гадна өөр төрлийн суутган тооцсон татварууд тусгагддаг тул хүүгийн орлогын төлөлтийг тусгайлан харах боломжгүй. Иймд хавсралтад дурдсан “Х банк” ХХК-ийн салбаруудын ТТ-12 маягтаар тайлагнасан нийт ногдуулалт, төлөлтийг татварын байгууллагаар тогтоолгохоор байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын акт дүгнэлт гаргуулахаар байна” гэсэн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн.

Түүнчлэн шинжээч нарыг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хурал дээр гэрчээр асуусан бөгөөд 10 дугаар хавтаст хэргийн 168-195 дугаар талд авагдсан 3334 дүгээр шүүх хурлын тэмдэглэлд шинжээч нар дараах мэдүүлгийг өгсөн байна. Үүнд:

 

-Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О: Төлөлттэй холбоотой дүгнэлтийг аль албан бичигт тулгуурлан гаргасан бэ?

-Шинжээч С.О: Улсын байцаагч нар татвар төлөлтийн талаар дүгнэлт гаргаагүй байсан. Иймд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “Эрх бүхий байгууллагын акт дүгнэлтийг үндэслэж” гэж заасны дагуу бид дүгнэлт гаргадаг.

-Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О: Татварын улсын байцаагч нар төлөлттэй холбоотой албан бичиг, акт гаргаагүй байсан гэж ойлгож болох уу?

-Шинжээч С.О: Шинжээч нарын зүгээс татварын улсын байцаагч нарт төлөлттэй холбоотой албан бичгийг авахаар албан тоот явуулсан. Татварын ерөнхий газраас дүгнэлт гаргах хугацаанд холбогдох баримтыг ирүүлээгүй.

-Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О: Татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ төлөлтийг шалгаж акт дүгнэлт гаргасан байсан уу?

-Шинжээч С.О: Төлөлтийн талаар тодорхой бичээгүй “дутуу тайлагнасан” гэж дүгнэсэн байдаг.

-Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О: “Х банк” ХХК-иас төлөлттэй холбоотой 800 гаруй хуудас гүйлгээний дансны хуулгыг гаргаж өгсөн. Та бүхэн дүгнэлт гаргахдаа тус баримтыг харсан уу?

-Шинжээч Д.М: Татварын улсын байцаагч нарын акт, шийтгэлийн хуудсан дээр татвар ногдох орлогыг төсөвт төлөөгүй гэсэн учраас төлөлттэй холбоотой дүгнэлт гаргаагүй.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 45-д “Дээр дурдсанчлан шинжээч нар татварын албаны нийт баазаас авсан мэдээ болон татварын албанд тайлагнасан хүүгийн орлогын түүврийг “Х банк” ХХК-ийн салбар тус бүрээр харьцуулан дүгнэлт гаргахад татварын улсын байцаагч нарын тооцоололтой тохирсон, хариуцагч нараас баазын зөрүүтэй мэдээллийг тухайн үед тулгаж арилгасан гэсэн тайлбарыг гаргаж, тайлант хугацаанаас хоцроосон тайланг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дахин тулгаж, хүүгийн орлогод ногдуулсан татварын тооцоололд 2,141,064,421.81 төгрөгийн хүүгийн орлогод ногдох 214,025,473.95 төгрөгийн татварыг хасаж тооцохоор байгаа талаар тайлбар гаргасан ба нэгэнт шалгалтын үед ногдуулж, тайлагнаагүй /тайлангаа өгөөгүй/ зөрчил нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2 программын зөрүүгээр зөрчлийг тооцож гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй, зөрчилд ногдуулсан алданги, торгуулийг хасаж тооцох үндэслэлгүй, харин нөхөн татварыг “Х банк” ХХК болон татварын байгууллага жичдээ тооцоо нийлэх боломжтойг дахин дүгнэв” хэмээн хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын мэдүүлгээс огт зөрүүтэй зөвхөн хариуцагчид ашигтай дүгнэлтийг хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүхийн дээрх дүгнэлтэд дурдсан шиг “Х банк” ХХК-ийн татварын албанд тайлагнасан хүүгийн орлого, төлөлтийн талаарх тайланг шинжээч нар “Х банк” ХХК-ийн салбар тус бүрээр харьцуулан дүгнэлт гаргасан болон тухайн дүгнэлт нь татварын улсын байцаагч нарын тооцоололтой тохирсон, түүнийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно.

Мөн Татварын ерөнхий газрын мэдээлэл технологийн төвийн 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12/905 тоот, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 12/1146 тоот, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 12/1146 тоот, 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 11/3046 тоот албан бичгүүдээр “Х банк” ХХК-ийн 2014-2017 онуудын хүүгийн, суутган төлсөн татварын лавлагаа, ТТ-12 тайлангийн төлөлт зэргийн мэдээлэл авахад бүгд өөр өөр үнийн дүнтэй гарч ирсэн бөгөөд тухайн албан бичгүүд хавсралтын хамт хавтаст хэрэгт авагдсан.

Энэхүү нөхцөл байдлыг эцэслэх үүднээс шүүхээс татварын ерөнхий газрын мэдээллийн санд нэхэмжлэгч болон хариуцагч нарыг байцуулан 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийсэн бөгөөд тус үзлэгээр “Х банк” ХХК-ийн бүх салбарын татварын ногдуулалт, төлөлтийн мэдээлэл Татварын ерөнхий газрын татвар төлөгчийн мэдээллийн нэгдсэн баазад байхгүй болох нь тогтоогдсон байхад анхан шүүх “хариуцагч нараас баазын зөрүүтэй мэдээллийг тухайн үед тулгаж арилгасан гэсэн тайлбарыг гаргаж” гэсэн тайлбарыг гаргаж байна энэхүү тайлбар л үнэн зөв гэсэн дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

3.5. Хөрөнгө түрээсэлсэн, борлуулсны орлогод нийт 2,861,000,227.83 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 286,100,022.8 төгрөгийн нөхөн татвар, 132,387,798.1 төгрөгийн торгууль, 1,746,310.6 төгрөгийн алданги, 698,366.87 төгрөгийн хүү, нийт 420,932,498.34 төгрөгийн төлбөр ногдуулсан зөрчлийн тухайд:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй” гэсэн заалтаас үүдэн “Х банк” ХХК өнөөг хүртэл Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдээгүй юм.

“Х банк” ХХК Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болоогүй байсан хэдий ч Нэмэгдсэн өртгийн албан татварыг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын дансанд төлсөн үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм. Учир нь зөрчил гэж үзэх тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 1-д “Тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй” гэж заасны дагуу шийтгэл оногдуулах үндэслэлгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр “Х банк” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар 2012 онд 10,380,703.41 төгрөгийг ногдуулж төлсөн гэх татварын ерөнхий газраас ирүүлсэн тооцоо, 2013 онд 60,503,023,59 төгрөг, 2014 онд 64,026,955.21 төгрөг, 2015 онд 97,803,797.16 төгрөг, 2016 онд 63,866,246.81 төгрөгийг тус тус төлсөн төлбөрийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан боловч тус төлбөр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон байна. Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж тайлагнаж байгаагүй байна. “Х банк” ХХК-ийн 2016 оны Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаарх татварын өглөг нь 2,175,631,919.47 төгрөг байна” гээд “Х банк” ХХК-ийн 2012-2016 оны аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаарх ногдуулалт, төлөлт, өглөг, авлагын тооцоог харуулсан байдаг.

Тус хүснэгтэд эцсийн үлдэгдэл буюу илүү төлөлт

-2012 онд 1,251,164,810.60

-2013 онд 1,341,857,630.51

-2014 онд 3,124,922,468.39

-2015 онд 3,022,445,123.69

2016 онд 2,175,631,919.47 төгрөг байгааг харуулсан байна.

Өөрөөр хэлбэл аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайланд 2,175,631,919.47 төгрөгийн илүү төлөлттэй явж байгаа нь гомдол гаргагч “Х банк” ХХК-ийн зүгээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар 2012 онд 10,380,703.41 төгрөг, 2013 онд 60,503,023,59 төгрөг, 2014 онд 64,026,955.21 төгрөг, 2015 онд 97,803,797.16 төгрөг, 2016 онд 63,866,246.81 төгрөгийг төлсөн төлөлтүүд өнөөдрийг хүртэл аж ахуй нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон байна гэж дүгнэх ямар ч боломжгүй.

Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 57-д “Х банк” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар 2012 онд 10,380,703.41 төгрөгийг ногдуулж төлсөн гэх татварын ерөнхий газраас ирүүлсэн тооцоо, 2013 онд 60,503,023,59 төгрөг, 2014 онд 64,026,955.21 төгрөг, 2015 онд 97,803,797.16 төгрөг, 2016 онд 63,866,246.81 төгрөгийг тус тус төлсөн төлбөрийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан боловч тус төлбөр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон байна. Өөрөөр хэлбэл Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж тайлагнаж байгаагүй байна” гэдэг дүгнэлтийг хэрэгт цугларсан бичгийн баримттай харьцуулан үнэлж үзэлгүйгээр шууд аж ахуй нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар “Х банк” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварт төлөх ёстой татварыг Аж ахуй нэгжийн орлогын албан татварын дансанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн утгатай төлсөн төлбөрийг төлөөгүй байна гэж дүгнэн 286,100,022.8 төгрөгийн нөхөн татвар, 132,387,798.1 төгрөгийн торгууль, 1,746,310.6 төгрөгийн алданги, 698,366.87 төгрөгийн хүү, нийт 420,932,498.34 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нэг төрлийн татварт давхар татвар төлүүлэх буюу хууль зөрчсөн шийдвэрийг гаргасанд гомдол гаргагчийн зүгээс гомдолтой байна.

Анхан шүүхийн шийдвэрийг нэгтгэн дүгнэвэл: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Хариуцагч Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 36170400007 тоот томилолтыг үндэслэн Х банкны 2012-2016 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд иж бүрэн шалгалт хийгээд Х банк зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гаргасан гэж үзэн Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг баримтлан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудас үйлдсэн.

Уг маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж заасны дагуу тухайн шийтгэлийн хуудсыг актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг тодорхой заах үүрэгтэй.

Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна”, 2-д “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж зааснаас үзэхэд Х банкийг зөрчил гаргасан гэж үзэж байгаа бол зөвхөн зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр аль хэсэгт заасан ямар зөрчил гаргасан гэдгийг Захиргааны хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасны дагуу маш тодорхой зааж тухайн зөрчилд тохирсон хариуцлагыг хүлээлгэх ёстой. Гэвч шийтгэлийн хуудаст “Х банк” ХХК-ийн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн аль заалтыг зөрчсөн талаар хариуцагч нар зааж өгөөгүй, шүүх хуралдаан дээр ч энэ талаар үндэслэл бүхий тайлбарыг хийгээгүй болно.

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн өмнөөс Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль маш бүдүүлгээр зөрчсөн буюу үндэслэх хэсгийн 60-д “Х банк” ХХК-ийн гаргасан зөрчилд татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 29 дүгээр зүйлийн 29.1.6, … 74, 75 зүйлд заасан хариуцлага хүлээлгэх, … гэж зааснаар шийтгэл ногдуулсан татварын улсын байцаагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байна” гэж хууль хэрэглээний ноцтой алдаа гаргасан дүгнэлтийг хийсэнд гомдолтой байна.

Хариуцагч болон шүүхийн шүүхээс “Х банк” ХХК-ийг Татварын ерөнхий хуулийг зөрчсөн гэж үзэж байгаа тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэлийн хуудас үйлдэх шаардлага байхгүй юм.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2.1. Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, татварын улсын байцаагч П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.Б нараас “Х банк” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалтыг хийж, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 367201802 дугаар шийтгэлийн хуудсаар 1.1. Хөрөнгө оруулагч нарт олгосон ногдол ашгийн орлогын 17,209,782,000.0 төгрөгт албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 2.1. Банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал /үйл ажиллагаа/, ажилчдын сургалтын зардалд зарцуулсан 2012 онд 1,054,625,106.72, 2013 онд 979,814,179.91, 2014 онд 1,531,541,614.86, 2015 онд 1,273,235,988.31, 2016 онд 1,348,937,591.38, нийт 6,188,164,481.18 төгрөгийг татвар ногдох орлогоос хасаж, татвар ногдох орлогыг бууруулсан, 3.1. Албан татвар ногдох орлого олохоор ашиглагдаагүй /Захирлын хувийн орон сууц/, үндсэн хөрөнгөд элэгдэл байгуулж 2012 онд 4,517,658.1, 2013 онд 10,227.857.1, 2014 онд 10,227,857.1, 2015 онд 10,227,857.1, 2016 онд 13,614,820.7 нийт 48,816,050.1 төгрөгөөр татвар ногдуулах орлогыг бууруулсан, 4.1. Бусдад олгосон хүүгийн орлого 2015 онд 2,157,285,814.40, 2016 онд 6,001,263,590.30, нийт 8,158,549,404.7 төгрөгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 5.1. Хөрөнгө түрээсэлсэн, борлуулсны орлого 2012 онд 380,812,771.91, 2013 онд 863,487,016.13, 2014 онд 686,178,631.49, 2015 онд 397,411,144.97, 2016 онд 533,110,663.23, нийт 2,861,000,227.83 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 6.1. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдох үнэлгээг 2012 онд 2,635,451,435.1, 2013 онд 2,706,939,551.9, 2014 онд 2,152,062,940.4, 2015 онд 3,052,082,160.1, 2016 онд 2,939,864,943.4, нийт 13,486,401,030.9 төгрөгөөр буруулсан гэж үзэн 47,952,703,194.61 төгрөгийн зөрчилд 5,507,967,641.69 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 1,698,948,083.80 төгрөгийн торгууль, 885,405,391.69 төгрөгийн алданги, 698,366.87 төгрөгийн хүү, нийт 8,093,019,484.12 төгрөгийн шийтгэл оногдуулсан байна.

2.2. Гомдол гаргагч “Х банк” ХХК-иас “Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, татварын улсын байцаагч П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.Б нарын 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Нэг-ийн 6 дахь заалтаас бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

2.3. Анхан шатны шүүх гомдол гаргагч “Х банк” ХХК-иас Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, татварын улсын байцаагч П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, Б.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Нэг-ийн 6 дахь заалтаас бусад хэсгийг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах гомдлын шаардлагаас шийтгэлийн хуудасны Нэгийн 2 дахь заалтын сургалтын зардалтай холбоотой 3,074,542,342.9 төгрөгийн зөрчилд холбогдох 768,635,585.7 төгрөгийн нөхөн татвар, 230,590,675.7 төгрөгийн торгууль, 125,865,259.9 төгрөгийн алданги, нийт 1,125,091,521.3 төгрөгийн төлбөрт холбогдох хэсгийг татварын улсын байцаагч шалгаж, дахин акт гаргах хүртэл шийтгэлийн хуудасны энэ хэсэгт холбогдох хэсгийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гомдлын шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.4. Ингэхдээ “Банкны ажилтнуудыг мэргэжил дээшлүүлэх зорилгоор дотоод, гадаад сургалтад оролцуулсан, сургасан зардлыг хасагдах зардалд тооцоогүй гэж байгаа нь үндэслэлтэй боловч сургалттай холбоотой 300 гаруй гэрээ /хариуцагчийн тайлбараас/ зөрчлийн материалд авагдаагүй, аль гэрээний зардлыг хасагдах болох хасагдахгүй зардлаар тооцсон нь баримтаар нотлогдохгүй, хариуцагч гаргаж өгөөгүй, үүнийг шүүх тооцоолон гаргах боломжгүй...” гэж дүгнэсэн байна.

2.5. Гомдол гаргагчаас 870,000,000 төгрөгийг сургалтын зардлаас хасаж тооцсон гэж тайлбарлаж байх бөгөөд ийнхүү хассан хууль зүйн үндэслэл, хасахдаа тавьсан шалгуур зэргийг тодруулж, сургалтын зардалтай холбоотой баримтуудыг цуглуулан маргаан бүхий шийтгэлийн хуудасны энэ хэсэгт дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байхад энэ талаар тодруулалгүй орхигдуулжээ. Нөгөөтээгүүр зөрчлийн хэргийн материалд зарим гэрээнүүд авагдаагүй шалтгааныг тодруулж, тэдгээрийг нэхэмжлэгчээс хяналт шалгалтын ажлын явцад гаргаж өгсөн эсэх, эдгээрийг хариуцагч судалж, үнэлж дүгнэсний эцэст холбогдох шийтгэлийг ногдуулсан эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэхээр байна.

2.6.Өөрөөр хэлбэл, шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 7.1.Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчийг татан оролцуулна”, 106 дугаар зүйлийн 106.7-д “Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана” гэж тус тус заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

2.7. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 18-д “... уг зөрчилд холбогдох 3,113,612,138.4 төгрөгийн зардал нь гал тогооны хоолны зардал, өглөөний цай, зочин төлөөлөгч, өндөр настанд өгсөн бэлэг дурсгал, захирлын цай кофе, уулзалтын зардал, баяр ёслолын зардал, дотоодын тэмцээн, шинэ жилийн арга хэмжээний зардлууд байх бөгөөд эдгээр зардлууд нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээ, түүхий эд, үндсэн болон туслах материал, хагас боловсруулсан бүтээгдэхүүнд хамаарахгүй...” гэжээ.

2.8. Маргаан бүхий шийтгэлийн хуудасны банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын зардал /үйл ажиллагаа/-ыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 12 дугаар зүйлийн 12.1.9-д “бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс” гэж заасанд хамаарахгүй гэсэн атлаа үүнд яагаад хамаарахгүй байгаа талаар огт дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасантай нийцэхгүй байна.

2.9. Мөн анхан шатны шүүхээс хүүгийн орлогод ногдох татвартай холбогдуулан шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 41-д “... “Х банк” ХХК-ийн тооцооны салбар, нэгжүүд хүүгийн орлогод ногдох татварыг хугацаанд нь тодорхойлж, тайлагнаагүй болох нь хяналт шалгалт хийх хугацаанд баримтаар нотлогдож, түүнд шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй байх бөгөөд тайлант хугацаанаас хойш иргэдийн хүүгийн орлогыг шилжүүлсэн нь дээрх байдлаар тогтоогдвол гомдол гаргагч нөхөн татвартай холбоотой асуудлаа татварын байгууллагатай жичдээ шийдвэрлэх боломжтой” гэж, Үндэслэх хэсгийн 45-д “... нэгэнт шалгалтын үед ногдуулж, тайлагнаагүй нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2 программын зөрүүгээр зөрчлийг тооцож гаргасан гэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй, зөрчилд ногдуулсан алданги, торгуулийг хасаж тооцох үндэслэлгүй, харин нөхөн татварыг “Х банк” ХХК болон татварын байгууллага жичдээ тооцоо нийлэх боломжтой ...” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

2.10. Учир нь Татварын ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 2017/04 дүгээр Хяналт шалгалтын ажлын удирдамжаар “...2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд...” иж бүрэн шалгалт хийхээр байх ба гомдол гаргагч хуулийн этгээд тайлангаа ямар хугацаагаар хэтрүүлсэн болох, ямар хугацаанд, хэдэн төгрөгийн татвар төлөхөөс хэдийг нь төлсөн эсэх талаар талуудаас тодруулах замаар талуудын маргаж буй нөхцөл байдлын зөрүүг арилгаж, хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлэх бүрэн боломжтой.

2.11. Тодруулбал, анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д зааснаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх бөгөөд мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасны дагуу өмнө нь дурдсан, хэргийн оролцогчдын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүх хуралдааны явцад маргаж буй үндэслэл тус бүрд хамаарах, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг цуглуулж, зөрчил тус бүрд эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгөх замаар хэргийг эцэслэн шийдвэрлэх бүрэн боломжтой байхад дээрх хуульд заасан үүргээ биелүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээргүй байна.

2.12. Мөн шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 41, 45-д дээр дурдсанаар “...тооцоо нийлэх боломжтой...”, “... жичдээ шийдвэрлэх боломжтой...” гэж тус тус дүгнэсэн нь шүүх маргааныг эцэслэн шийдвэрлэхээс зайлсхийж, уг асуудлаар дахин шинээр маргах үндэслэлийг бий болгож байгаа мэтээр ойлгогдохоор байгааг дурдах нь зүйтэй.

2.13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 13 дугаар зүйлийн 13.6-д “Дараахь үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлнө:”, 13.6.7-д “банкны болон санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ”, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015 оны/ 13 дугаар зүйлийн 13.5.7-д “банкны болон банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны зээлийн хүү, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9.4-т заасан хүү, 10.1.3-т заасан хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл, санхүүгийн түрээсийн хүү, ногдол ашиг, зээлийн баталгааны хураамж, даатгалын гэрээний хураамж төлөх үйлчилгээ” гэж тус тус хуульчилжээ.

2.14. Дээрх хуульд зааснаас үзэхэд гомдол гаргагч “Х банк” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх үндсэн үйл ажиллагааг явуулдаг бөгөөд хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтэд ““Х банк” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар 2012 онд 10,380,703.41 төгрөгийг ногдуулж төлсөн гэх Татварын ерөнхий газраас ирүүлсэн тооцоо, 2013 онд 60,503,023.59 төгрөг, 2014 онд 64,026,955.21 төгрөг, 2015 онд 97,803,797.16 төгрөг, 2016 онд 63,866,246.81 төгрөг тус тус төлсөн...” гэжээ.

2.15. Түүнчлэн гомдол гаргагч “Х банк” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлээгүй төдийгүй, нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаагүй атлаа “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв” гэсэн утгатайгаар гүйлгээнүүд хийж, нэмэгдсэн өртгийн албан татвар төлж байсан болох нь татварын албатай тооцоо нийлсэн акт[1] болон хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад үүнийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу зөвтгөх талаар хариу арга хэмжээг хариуцагчаас авч байсан эсэхийг тодруулсны дараа шийтгэлийн хуудасны нэмэгдсэн өртгийн албан татвартай холбоотой хэсэг хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар дүгнэлт хийх боломжтой гэж үзэхээр байна.

2.16. Өөрөөр хэлбэл, татварын байгууллага “Х банк” ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйл ажиллагаа явуулсан талаараа мэдүүлж, холбогдох тайлангаа гаргалгүйгээр, өөр төрлийн татварын дансанд нэмэгдсэн өртгийн албан татвараа төлж байсныг хүлээн авч байсан атлаа уг татварыг ногдуулж, төсөвт төлөөгүй үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй эсэхийг дүгнэхийн тулд Татварын ерөнхий хуулийн /2008/ 15 дугаар зүйлд заасан татварын тухай хууль тогтоомж болон татварын үүргээ хэрхэн биелүүлэх талаар зөвлөн туслах үүргээ татварын байгууллага хэрхэн хэрэгжүүлж байсныг тодруулан дүгнэх шаардлагатай байжээ.

2.17. Өмнө нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 817 дугаар шийдвэрээр маргаан бүхий шийтгэлийн хуудасны Нэгийн 6 дугаар заалтаас бусад заалтыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 153 дугаар магадлалаар “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, эс зөвшөөрч буй хариуцагчийн татгалзал зэрэгт бүрэн гүйцэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй” гэсэн агуулгаар дүгнэлт хийж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж байжээ.

                                                          

2.18. Гэтэл анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 358 дугаар шийдвэрээр хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг бүрэн гүйцэд хийлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчжээ.

                                                                                            

2.19. Нэгэнт анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагааг хийгээгүй, өмнө нь тогтоогдсон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил арилаагүй, зөрүүтэй нөхцөл байдлын талаар тодруулаагүй, нотлох үүргээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж маргаан бүхий шийтгэлийн хуудас, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тус бүрд дүгнэлт өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. 

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                                          Г.БИЛГҮҮН

 

 

[1] 4 дүгээр хавтаст хэргийн 98 дугаар талд,