Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 128/ШШ2020/0817

 

2020 он 12 сарын 22-ний өдөр Ду 128/ШШ2020/0817

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн даргалж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ногоон танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: Х ХХК

Хариуцагч : Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн газрын ахлах байцаагч С.Э, П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, А.Б

Гомдлын шаардлага: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн газрын ахлах байцаагч С.Э, П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, А.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсэг-ийн Нэгийн 6 дугаар заалтаас бусад заалтыг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгуулах гомдлын шаардлага бүхий зөрчлийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б., П.Я, О.Ц, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О, Г.Ж, хариуцагч Э.Б, С.Э, А.Б, П.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Х ХХК нь шүүхэд гаргасан гомдолдоо: Х ХХК нь Монголбанкны 02 дугаар тусгай зөвшөөрлийн хүрээнд 32 салбар, 504 тооцооны төв кассаар дамжуулан арилжааны банкны үйл ажиллагааг дагнан эрхэлдэг Монгол Улсын хуулийн этгээд юм. Банк нь 2007 онд Монгол Улсын тэргүүний татвар төлөгч, 2011, 2014, 2015 онуудад Монгол Улсын Манлай татвар төлөгчөөр шалгарч байсан татвар төлөгч юм.

Банкны 2012 оноос 2016 онуудын албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын хяналт шалгалт, аргазүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч А.Б, А.Б нар шалгалт хийж, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 367201802 дугаар шийтгэлийн хуудас үйлдсэн ба уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэг, 18 дугаар зүйлийн 18.1.5 дахь хэсэгт заасны дагуу татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсын зарим заалтыг хүчингүй болгуулж, төлбөрийн дүнг өөрчлүүлэхээр шүүхэд гомдол гаргаж байна.

Урьдчилсан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тухай:

Татварын ерөнхий газрын хяналт шалгалт, аргазүйн газрын татварын улсын ахлах байцаагч С.Э, П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн улсын байцаагч А.Б, А.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 367201802 дугаар шийтгэлийн хуудсын зарим заалтыг хүчингүй болгож, төлбөрийн дүнг өөрчлүүлэхээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт зааснаар харьяаллын дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд хандсан.

Гэтэл Татварын ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл заалт, зохицуулалтын харилцан уялдаа нь ойлгомжгүй, шийтгэлийн хуудаст заасан гомдол гаргах хугацаа дуусгавар болох нөхцөл үүссэнтэй холбогдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2.1.2-т заасан харьяаллын дагуу тус шүүхэд гомдол гаргаж байна.

Гомдлын шаардлага, түүний үндэслэлийн тухайд:

1. Шийтгэлийн хуудсын Шийдвэрлэх нь хэсгийн Нэгийн 1-д заасан зөрчлийн тухайд:

Хөрөнгө оруулагч нарт олгосон ногдол ашгийн орлогын 17,209,782,000 төгрөгт албан татвар ногдуулаагүй гэсэн зөрчлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1.1. Банк нь шалгалтад хамрагдсан 2012 оноос 2016 онуудад Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйл, Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлд тус тус заасны дагуу ногдол ашиг зарлаж хуваарилаагүй.

Харин банк нь ногдол ашиг хуваарилах талаар Монголбанкнаас зөвшөөрөл

хүсэж байсан боловч улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан ногдол

ашиг хуваарилахгүй байхыг мэдэгдсэн тул ногдол ашиг зарлаж огт хуваарилаагүй юм.

1.2. Ногдол ашгаар тооцож шийтгэл ногдуулсан дээрх дүн нь Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-дКомпанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрт үндэслэн дор дурдсан хэлбэрээр өөрчилж болно, 31.2.1-д нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөх, эсхүл бууруулах, Монголбанкны 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А-1269 дүгээр албан бичгээр ирүүлсэн Хувьцаанд хөрвөх нөөцийн сан, Нэмж төлөгдсөн капитал данснаас тооцон өсгөсөн гүйлгээтэй холбоотой байна.

1.3. Банк нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-д зааснаар өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг алдагдлаараа буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, хорогдуулах боломжтой тул шийтгэлийн хуудсанд дурдсан ... ногдол ашиг хуваарилсан, түүнд татвар суутгаагүй гэсэн зөрчлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

1.4. Зөрчлөөр тооцсон дүн нь компанийн үйл ажиллагааны явцад үүссэн хуримтлагдсан ашгаас тооцогдоогүй тул хөрөнгө оруулагчдад олгосон ногдол ашиг хуваарилсан гэж үзэх үндэслэл огт биш юм. Зөрчлөөр тооцсон дээрх дүнгийн 11,177,854,486 төгрөг нь 2004 оноос эхлэн 4 удаагийн шийдвэрээр хувь нийлүүлэгч хөрөнгө оруулагчдаас банкинд шууд төлөгдсөн, банкны энгийн хувьцааны нэрлэсэн үнээс илүү гарсан хэсэг буюу Нэмж төлөгдсөн капитал дансанд бүртгэлтэй байсан дүн, үлдэх хэсэг нь хувьцаанд хөрвөх нөөцийн сан данснаас тооцогдсон болохыг анхаараагүй байна. Шалгалтын явцад дээрх тайлбар, баримтуудыг танилцуулж байсан.

2. Шийтгэлийн хуудсын Шийдвэрлэх нь хэсгийн Нэгийн 2-т заасан зөрчлийн тухайд:

Энэ хэсэгт банкны дотоод арга хэмжээ, зочин төлөөлөгч, баяр ёслолын ажиллагаа, ажилчдын сургалтын зардалд 2012 оноос 2016 онуудад нийт 6,188,154,481 төгрөгийн татвар ногдуулах орлогоос хасч, татвар ногдох орлогыг бууруулсан гэсэн зөрчлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

2.1. Энэхүү зөрчлөөр тооцсон дүнгээс 3,074,542,342 төгрөгийн сургалтын зардлыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний хөлс гэсэн зардалд хамааруулан хасагдах зардлаар тооцно гэж үзэж байна. Шалгалтьн явцад улсын байцаагчдад сургалтын зардлын талаар нэг бүрчлэн тайлбарлаж, сургалтын байгууллагуудтай байгуулсан гэрээ, төлбөр шилжүүлсэн баримтуудыг танилцуулсныг хүлээж аваагүйд гомдолтой байна.

2.2. Дээрх заалтууд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 15 дугаар зүйлд заасан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал, хасагдах зардалд тавих хязгаарлалтад хамаарахгүй ба шалгалтын явцад зарим сургалтын зардлыг хасагдах зардлаар зөвшөөрснийг онцлон тэмдэглэж байна.

2.3. Банк нь Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Ажил олгогч нь ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, суралцах нөхцөлөөр хангана гэж заасны дагуу банкны дотоод журам, ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд тусгаж тусгай хөтөлбөрийн дагуу сургалтад хамруулдаг. Энэ нь банкны үйл ажиллагааг стандарт шаардлагуудын хүрээнд аюулгүй, хэвийн явуулахад нэн шаардлагатай зардлууд юм.

2.4. Банкны дтоод арга хэмжээний зардал /Ажил хэргийн уулзалт, ажилтнуудын цайны газрын хоолны материал, Хаан-үдэш арга хэмжээ/ нь мөн хүний нөөцийн тогтвортой байдлыг хангахад чиглэгдсэн зайлшгүй зардлууд юм.

3. Шийтгэлийн хуудсын Шийдвэрлэх нь хэсгийн Нэгийн 3-т заасан зөрчлийн тухайд :

Энэ хэсэгт Албан татвар ногдох зорилгоор ашиглаагүй, гүйцэтгэх захирлын орон сууцанд элэгдэл тооцсон зөрчлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

3.1. Энэхүү орон сууц нь хувь хүний хувийн өмч биш, харин банкны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө юм.

3.2. Энэ орон сууц нь зөвхөн банкны эрх бүхий албан тушаалтан гэрээ контактын үндсэн дээр амьдран суух зориулалтаар ашиглагддаг. Банк нь гүйцэтгэх захирал болон бусад гадаадын харьяат зөвлөхтэй хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа түүнийг орон сууцаар хангах үүрэг хүлээсэн байдаг тул уг хөрөнгийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-д зааснаар татвар ногдох орлого олгоход ашиглагдсан гэж үзэж байна.

3.3. Энэхүү орон сууцны ашиглалтын зардлыг гүйцэтгэх захиралд олгосон шууд бус орлого гэж үзэж, хувь хүний орлогын албан татвар ногдуулж байгаагаас уг хөрөнгийг орлого олох зориулалтаар ашиглагдаж байгаа нь давхар нотлогдоно.

4. Шийтгэлийн хуудсын Шийдвэрлэх нь хэсгийн Нэгийн 4-т заасан зөрчилд:

Энэ хэсэгт бусдад олгосон хүүгийн орлогод төсөвт төлөөгүй гэсэн зөрчлийг

дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4.1. Банк нь 2015 оноос 2015 онуудад Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд иргэдийн 1 жилээс доош хугацаатай 100 сая төгрөгөөс дээш мөнгөн дүнтэй хадгаламжийн хувьд хугацаа дуусах тухай бүрт, харилцах данс болох хугацаагүй хадгаламжид хүү тооцох, ногдох хүүгийн орлогын татварыг тооцох үйл ажиллагааг жил бүрийн 12 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон системийн өндөрлөгөөг тусгай программ хангамжаар боловсруулан гүйцэтгэдэг. Энэхүү системийн өндөрлөгөөтэй /өдөр бүрийн системийн өндөрлөгөө нь тухайн өдрийн 00 цагт эхэлдэг болно/ холбоотой тооцсон хүүгийн орлогыг иргэдийн дансанд он гарсан дараагийн ажлын өдөрт шилжүүлдгээс зөрчлөөр тооцсон дээрх хүүгийн орлого, холбогдох суутгах татвар нь дараа оны 01 дүгээр сард төлөгдөөд эхний улирлын тайланд тусгагдсан. Нэгэнт төсөвт төлөгдсөн татварыг давхардуулан нөхөн төлөх, торгууль алданги нэмж төлөх нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд татвар төлөгчийн хууль ёсны эрх ашигт сөргөөр нөлөөлж байна.

5. Шийтгэлийн хуудсын Шийдвэрлэх нь хэсгийн Нэгийн 5, Хоёрын 1-д заасан зөрчлийн тухайд:

2012 оноос 2016 онуудад хөрөнгө түрээслүүлсний болон хөрөнгө борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэсэн зөрчлийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй.

5.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын /2016/ тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д Энэ хуульд заасан албан татвараас чөлөөлөгдөх бараа, ажил, үйлчилгээг дагнан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд энэ хуулийн 6.1, 6.2 дахь хэсэг хамаарахгүй гэж зааснаас үүдэн банк нь өнөөг хүртэл нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдээгүй байна. Банкны зүгээс нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгэгдээгүй тул 2006, 2016 онуудад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч /суутган төлөгч/-ийн гэрчилгээгүй, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган авах эрхгүй байсан.

5.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчөөр бүртгэгдэж, гэрчилгээ аваагүйгээс нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан гаргаж, тайлагнах эрхгүй байсан. Гэвч ирээдүйд үүсч болох эрсдэлийг бууруулах зорилгоор банк хөрөнгийн түрээс болон хөрөнгийн борлуулалтдаа нэмэгдсэн өртгийн албан татвар тооцон аж ахуйн нэгжийн орлогын татварын дансанд төлж байгаа. Өнөөдрийг хүртэл энэ дүн илүү төлөлтөөр тооцогдон хуримтлагдсаар ирсэн. Холбогдох тооцоолол, татварын албаны тодорхойлолтыг байцаагч нарт танилцуулсан.

5.3. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2.3.1-д Тулгарсан аюулыг өөр

арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй гэж заасныг мөн харгалзан үзэхийг хүсье.

6. Шийтгэлийн хуудсын Шийдвэрлэх нь хэсгийн Нэгийн 6, Хоёрын 1-д заасан зөрчлийн тухайд:

6.1 Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг бууруулсан 2012-2016 онуудад зөрчилд ногдуулсан нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсанд заасан дансанд төлж барагдуулсан ба торгууль алдангийн хувьд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3.1-д заасны дагуу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх үед тооцогдох торгууль алдангийг хүчингүй болгох үндэслэлтэй байна.

Иймд дээрх дурдсан хууль зүйн үндэслэлүүдийг хянан үзэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 367201802 дугаар шийтгэлийн хуудсыг энэхүү гомдолд үндэслэн холбогдох заалтуудыг хүчингүй болгож, төлбөрийн хэмжээг багасгаж өгөхийг хүсье гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нарын тайлбарыг сонсоод дараах үндэслэлийг гаргаж байна. Энэ маргаан дээр хариуцагч нар зөрчлийн хуулиар асуудлыг шийдвэрлэсэн. Зөрчлийн хуульд заасан шийтгэлийн хуудас зөв эсэхийг хянан хэлэлцэж байна. Шийтгэлийн хуудас нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хуульд нийцэж гарсан уу, гараагүй юу гэдгийг хэлэлцэх нь гол асуудал юм.

Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Хууль ёсны зарчим гэж заасан. Уг хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2.2.т Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно, 1.2.4 дэх хэсэгт Энэ хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэж тус тус заасан.

Зөрчлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ гэж заасан байна. Өнөөдрийн бид нарын маргаан үүсгэж байгаа шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг баримталж, зөрчил гэж тодорхойлсон заалт байхгүй. Шийтгэлийн хуудас нь Зөрчлийн тухай хуульд нийцэхгүй, хуульд заасны дагуу гараагүй нь үүгээр нотлогдож байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т Эрх бүхий

албан тушаалтан шийтгэл оногдуулах шийдвэртээ зөрчлийг шалган шийдвэрлэсэн он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах үндэслэл, хуулийн зүйл, хэсэг, заалт, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээ, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардлыг хуваарилсан тухай, түүнийг сайн дураараа биелүүлэх хугацаа, хэлбэр, нөхцөл, хураан авсан, битүүмжилсэн эд зүйлийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгана гэж заасан.

 

Шийтгэлийн хуудсанд байгаа асуудлыг зүйл заалтаар тайлбарлая.

1.    2015 онд бусдад шилжүүлсэн ногдол ашигт албан татвар суутгаж, улсын

төсөвт төлөөгүй нөхцөл байдлыг хариуцагч нар зөрчил гэж үзсэн. Зөрчлийн тухай хуулийн хуучин болон шинэ хуульд зааснаар 11.19-д заасны алийг нь зөрчил гэж үзсэн талаар байхгүй. Шийтгэлийн хуудсын 1 дүгээр хэсэг шууд хүчингүй болох ёстой.

2. Татварын хуулийг зөрчсөн гэсэн хэсэгт тайлбар хийе. Зөрчлийн тухай хуулиар зөрчил биш гэдэг нь илэрхий байгаа. Г.Ж өмгөөлөгч бидний зүгээс Монголбанкинд хандаж лавлагаа авсан. Монголбанкнаас 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-10/1004 дугаар албан бичгээр хариу ирүүлсэн. Нэхэмжлэгч субъект нь банк бөгөөд банк нь банкны тусгай зөвшөөрөлтэй байгууллага байгаа. Компанийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2-т Банк, санхүү, даатгал, үнэт цаасны салбарт компани үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны онцлогтой холбогдсон харилцааг бусад хуулиар, нийтлэг харилцааг энэ хуулиар тус тус зохицуулна гэж заасан. Банктай холбоотой асуудал нь Банкны тухай хууль, Төв банкны тухай хууль, үйл ажиллагаа нь Монголбанкнаас гаргасан дүрэм, журмын хүрээнд явагддаг.

 

Энэ субъект нь Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол банк нь ногдол ашиг хуваарилсны дараа Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилж болно, Төв банкны тухай хуулиар ногдол ашиг хуваарилах асуудлын талаар Монголбанкнаас зөвшөөрөл авна гэсэн байдаг. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана гэсэн байдаг.

 

Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д Банк өөрийн хөрөнгөтэй байх

бөгөөд банкны өөрийн хөрөнгийг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монголбанкны хамтран баталсан нягтлан бодох бүртгэлийн журмын дагуу тодорхойлно, 35.2-т Банкны хувь нийлүүлсэн хөрөнгө нь хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдэх бөгөөд түүний доод хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, эрхлэх үйл ажиллагааны онцлогийг харгалзан Монголбанк тогтооно, 35.3-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол Банк нь ногдол ашиг хуваарилсны дараа Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны үзүүлэлт хангагдах нөхцөлд ногдол ашиг хуваарилж болно гэж тус тус заасан.

Монголбанкны 2015 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн А/58 дугаар

тушаалаар бүх банкыг ногдол ашиг хуваарилахыг хориглосон. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/82 дугаартай тушаалыг баталсан. Х ХХК-ийн нэгж хувьцааны нэрлэсэн үнэ, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлсэн нь дээрх Банкны тухай хууль тогтоомж, Монголбанкнаас гаргасан журмын хүрээнд ногдол ашиг хуваарилах үйл ажиллагаанд хамаарахгүй. Монголбанкнаас гаргасан ногдол ашиг хуваарилах шийдвэртэй зөрчилдөөгүй.

Монголбанкнаас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/1062 дугаар албан бичгээр зөвшөөрөл хүсэж, энэ ажиллагааг хийлгэсэн. Ногдол ашиг хуваарилж, татвар суутгаагүй гэсэн хариуцагчийн асуудал шууд үгүйсгэгдэж байна. Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д Ногдол ашиг төлсний дараа компани нь төлбөрийн чадвартай байх, мөн хуулийн 46 дугаар зүйлд зааснаар компанийн цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах-аар заасан.

Банкны тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.4-т Банк өөрийн хөрөнгийн хэмжээг ашиг, алдагдлаараа буюу зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санг илүү, дутуу байгуулсан хэсгээрээ нэмэгдүүлж, эсхүл хорогдуулж тодорхойлно гэж заасан. Үүний дагуу байгуулсан сангаас гаргасан хөрөнгө байгаа. Банкны үйл ажиллагаанаас олсон цэвэр ашиг биш, хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө юм.

2006 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Энэ хуулийн 9.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжээс ашиг хуваах, хувь хүртэх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна гэж заасан. Гэтэл ашиг хуваарилсан асуудал байхгүй. Компанийн дүрмийн сангийн хэмжээгээр нэмэгдүүлж байгаа. 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр батлагдаж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль байгаа. Уг хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т Энэ хуулийн 9.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувьцаа эзэмшил, нөхөрлөлийн буюу хамтран ажиллах гэрээнээс олсон мөнгөн болон мөнгөн бус орлого, ашгийн хувь, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ногдол ашиг гэж үзэх бусад орлого хамаарна гэж заасан. Нөхөрлөлийн буюу хамтран ажиллах гэрээнээс олсон мөнгөн болон мөнгөн бус орлого гэсэн байгаа. Энэ бол хамтран ажиллах гэрээнээс олсон орлого, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу ногдол ашиг гэж үзэх бусад орлого. Гэтэл Х ХХК нь дүрмийн сангаа нэмэгдүүлсэн үйл ажиллагаа нь хамтран ажиллах гэрээнээс олсон орлого биш, ашгийн хувь биш, хууль тогтоомжийн дагуу ногдол ашиг гэж үзэх өөр үндэслэл байхгүй. 2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан заалт, 2019 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т заасан заалт нь миний дурдсан Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуультай агуулга нь агаар нэг болно. Х ХХК нь дүрмийн сангаа нэмэгдүүлсэн нь ногдол ашиг хуваарилсан асуудал биш юм.

 

3. 2012-2016 оны хугацаанд банкны дотоод арга хэмжээ, шинэ жилийн арга хэмжээний зардал, зочин төлөөлөгч, уулзалт хүлээн авалт, баяр ёслолын ажиллагаа, гадаад сургалт зэрэг орлого бууруулсан гэсэн зөрчил тавьсан асуудал байгаа. Энэ тал дээр бид нар нотлох баримтыг бүрдүүлж өгсөн. Хасагдах зардлын асуудал нь 2016 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар зохицуулагдсан. Уг хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9-д  Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс гэсэн байгаа. Х ХХК-ийн хувьд дотоод ажил, сургалтын зардал нь бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний шинжтэй. Жишээ нь банкны дотоод арга хэмжээ байдаг. Банк үйл ажиллагаа явуулж, харилцагч нартайгаа уулзах уулзалт зохион байгуулах, салбар, нэгжүүдийг ажиллуулахад материалын зардал гардаг.

 

2016 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д үндсэн болон туслах материалын зардлыг материалын зардалд хамруулах ёстой. Банкны үйл ажиллагаа нь боловсон хүчин, хүмүүсийн харилцаан дээр суурилж явагддаг.

А. Сургалтын зардлын тухайд: Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заасан. Дотоод журмыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн бөгөөд ажилчдынхаа мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх ёстой.

Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д Ажил олгогч нь ажилтанд мэргэжил эзэмшүүлэх, түүний мэргэжлийг дээшлүүлэх сургалт зохион байгуулж, суралцах нөхцөлөөр хангана гэж заасан. Банкны үйл ажиллагаа гэдэг нь зайлшгүй орчин үеийн техникийн хөгжил дэвшил, шинэ технологи, менежментээр дээшилж явж байх ёстой. Сургууль төгсөж ирсэн хүн банкны ажилтнаар шууд ажиллахад хүндрэлтэй. Банкны ажилтан зайлшгүй сургалтад хамрагдаж, боловсон хүчин болгох шаардлагыг хангах зайлшгүй шаардлагатай. Тиймээс ажилчдыг сургалтад хамруулдаг. Энэ сургалтад хамруулдаг үйл ажиллагаа нь банкны ашиг олох үйл ажиллагаатай холбоотой. Банкны ажилтныг сургалтад хамруулах үйл ажиллагаа нь банкны аюулгүй байдалтай шууд холбоотой. Яагаад гэвэл банкны аюулгүй байдал, цахим үйлчилгээний аюулгүй байдал, энэ талаар ямар шинэ техник технологи нэвтэрсэн, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах зэрэгтэй холбоотой учраас сургалтад хамруулдаг. Зарим үед олон ажилчдыг гадаад оронд явж сургахаас илүүтэйгээр гадаадаас багш авч ирж олон төрлөөр сургалт явуулдаг. Банкны теллер болох сургалтаас бусад сургалт нь хамааралгүй гэсэн байдлаар хасагдах зардал биш гэж үзэж байгаа нь шууд үндэслэлгүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Ажилтан нь аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, өөрөө болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх, хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авах, хөдөлмөрийн ба хамтын гэрээ, хэлэлцээрт заасан бусад эрх, хөнгөлөлт эдлэх эрхтэй гэж заасан. Энэ асуудлууд сургалтын зардлаас зайлшгүй хасагдах ёстой.

Б. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний тухайд: Энэ ажил нь ажил гүйцэтгэх гэрээний хүрээнд явагдсан байдаг. Банк шинэ жилийн арга хэмжээнд ажилчдаа хамруулахын тулд шинэ жил зохион байгуулж буй байгууллагатай ажил гүйцэтгэх гэрээ байгуулдаг. Тухайн гэрээний дагуу төлбөрөө төлсөн байдаг. Энэ арга хэмжээ нь ажилчдыг сэтгэл ханамжтай байлгах, хамт олны уур амьсгалыг сайжруулах талтай. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу явагдсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн. 2019 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хасагдах зардлын асуудал зохицуулагдаж орж ирсэн. Хуульд ёслол хүндэтгэлийн арга хэмжээ гэсэн утгаар орж ирсэн.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5-д Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон контракт байгуулан ажиллаж байгаа ажилчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх гэж заасан. Энэ зохицуулалтын арга хэмжээнээс харахад шинэ жил, ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд зарцуулсан зардал нь Х ХХК-ний цалингийн 5 хувьд хүрэхгүй байгаа. Тийм учраас энэ зардал нь хасагдах зардал юм.

4. Албан татвар ногдох орлогоор ашиглагдаагүй, гүйцэтгэх захирлын орон сууцанд элэгдэл тооцсон зөрчлийн тухайд:

Би энэ үйл ажиллагааг тайлбарлаж байсан. Энэ асуудлыг өмнө нь 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. Би андуураагүй бол тухайн маргаанд С.Э, А.Б байцаагч нар байсан. Улсын байцаагч нар захирал амьдарч байсан байрны элэгдэл, хорогдлыг тооцсон акт үйлдсэн байсан. Захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд байр, орон сууцаар хангана гэж заасан. Гадаад хүнийг байраар хангасан бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүсэхгүй. Өмнө нь шүүх шийдвэрлэсэн асуудлыг яг адилхан агуулгаар оруулж ирсэн. Яагаад оруулж ирснийг сайн ойлгохгүй байна. Өмнө нь шийдвэрлэсэн хэргийн талаар ач холбогдол өгч яриагүй . Улсын Дээд Шүүх хэрэг шийдвэрлэх байдлаар хуулийг тайлбарлах эрхтэй байгууллага. Хариуцагч байцаагч нарт Х ХХК-ийг дарамтлах чиглэл цаанаасаа өгсөн байх гэсэн бодолд хүргэж байна. Улсын Дээд Шүүхийн тогтоол байгаа. Элэгдэл, хорогдлыг тооцсон нь үндэслэлгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл нь одоогийн хуульд байхгүй.Элэгдэл хорогдлыг буруу тооцсон гэсэн зөрчил нь хуучин болон одоогийн Зөрчлийн тухай хуульд байхгүй.

5. Бусдад олгосон хүүгийн орлого, татвар тайлагнаагүй, төсөвт төлөөгүй гэсэн зөрчлийн тухайд: Энэ асуудлаар үзлэг хийсэн. Хамгийн гол зөрчил нь . Зөрчлийн тухай хуулийн 11.19-д заасан зөрчлийн шинжийг агуулаагүй.

6. Татварын улсын байцаагч нар энэ маргааныг шийтгэлийн хуудсаар шийдвэрлэхдээ хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар зөрчлийг шалгах шаардлагагүй, хохирол нь тодорхой байвал зөрчлийн хэрэг нээхгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой. Ийм биш бол зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах ёстой. Татварын байцаагч нар Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг буруу ойлгож алдаа гаргасныг зөрчлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Эхнээсээ зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг нээсний дагуу оролцогч нь өөрөө энэ асуудлын талаар прокурорт гомдол, тайлбар гаргах эрхээ эдлэх ёстой байсан.

Татварын улсын байцаагч ингэхгүйгээр Х ХХК-ийн дотоод системд нэвтэрч ногдуулсан, суутгасан гэсэн баримтыг авч, дараагийн ээлжинд Татварын ерөнхий газрын системээс ногдуулсан, суутгасан гэсэн баримтыг авсан. Энэ хоёр газраас авсан баримтын тооны зөрүүг зөрчил гэж үзэж акт тавьсан. Үүнийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь буруу гэдэг нь илэрхий харагдаж байна. Улсын байцаагч зөрчил мөн үү, хохирол нь юу байсан, тайлагнасан тайлангуудын зөрчил юунаас болж зөрүү гарсан зэргийг шалгах ёстой байсан. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь зарчмын хувьд буруу байна. Татварын ерөнхий газраас 2018 он, 2019 он, 2020 онд 3 удаа татвар төлсөн эсэх лавлагааг авахад 3 өөр төлөлт, ногдуулалтын хэмжээ гарч ирсэн.

2018 оны татвар төлөлтийг харж үзэх юм бол бидний суутгасан гэх хэмжээнээс илүү байна. Төлөлт нь илүү байгааг нотлох баримт шинжлэн судлах явцад судлуулна. Татварын хэмжээ хэд байх ёстой юм вэ. Нэг төгрөг дутуу ч юм уу, илүү ч юм уу байх ёсгүй. Залхуурч, хүн хүчний бололцоо байхгүй гэсэн үндэслэлээр Х ХХК-ийн 500 салбар нэгжийг шалгахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, хохироож болохгүй. Үүнийг нягталж, шалган, тогтоож байж зөрчил гэж үзэх эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй. Улсын байцаагч А.Б-гийн татуулсан систем дотор Х ХХК-ийн 13 салбар нэгжийн нэр байхгүй байсан.

6. Хөрөнгө түрээсэлсэн, борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчлийн тухайд: Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлд шийтгэлээс чөлөөлөх үндэслэл байдаг. Тулгарсан аюул, эрсдэлийг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөлд учирч, болох аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр үйлдсэн энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй. Би үүгээр зөрчил гэж хэлж байгаа юм биш. Х ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч биш. Банкны үйл ажиллагаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн. Нэмэгдсэн өртгийн албан татварт бүртгүүлэхээр татварын албанд хандсан. Татварын алба өөрөө бүртгэж аваагүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын данс гаргаж өгөөгүй. Тиймээс нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын дансанд төлж чадахгүй байгаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээ олгоогүй учраас төлөөгүй. Гэтэл нэмэгдсэн өртгийн албан татварт оногдуулах үйл ажиллагааны орлого олчихоод байгаа. Жишээ нь түрээсийн орлого. Бид нар татвараас зайлсхийх зорилго байхгүй байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дансанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн утгаар шилжүүлсэн. Татварын улсын байцаагч нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй байна гээд акт тавьсан. Энэ нь өөрөө Захиргааны ерөнхий хуулийн итгэл хамгаалах зарчим үйлчлэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөс зайлсхийсэн зүйл байхгүй гэсэн агуулгаар төлөөд явж байгаа. Улсын байцаагч нар нэмэгдсэн өртгийн албан татварыг аж ахуйн орлогын албан татварт суутгаад явсан. Манайх 2017 он, 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Х ХХК нь 2020 оны нэмэгдсэн өртгийн албан татварыг харахаар илүү төлөлттэй явж байгаа. Монгол Улсын шилдэг татвар төлөгч байгууллага татвараа байнга цаг хугацаандаа төлдөг. Энэ байгууллагыг буруу болгож, заавал зөрчил үйлдсэн гэж харагдуулах шаардлага байхгүй.

Нотлох баримтыг шинжлэн судлах, мэтгэлцэх явцад хэргийн нөхцөл байдал тодорхой болсон гэж ойлгож байна. Нэгдүгээрт: Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудас гаргахдаа ноцтой зөрчил гаргасан. Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн. Зөрчлийн тухай хуульд зөрчил гэж юуг үзэх, зөрчилд ямар шийтгэл оногдуулах, төсөөтэй хэрэглэхгүй. Зөрчлийн тухай хуулиар шийтгэл ногдуулахаар заасан бол тэр шийтгэл нь зөрчлийн аль зүйл заалтыг зөрчиж байгааг шалгаж тогтоосон байхыг шаарддаг.

Мөн зөрчлийг нягталж шалгахыг шаардсан байдаг. Зөрчлийг шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох гэж заасан. Шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байх ёстой.

1. Тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх;

2. Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх. Зүйл, заалтыг шалгаж байж шийтгэл оногдуулна. Энэ үүднээс үзэх юм бол татварын улсын байцаагч нар шийтгэлийн хуудас оногдуулахдаа энэ асуудлыг хянаж, шалгаж тогтоох үүрэгтэй байсан. Хуульч, төлөөлөгч нь шүүх хуралдаанд орж ирээд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг гэж заагаад нөхөж оногдуулахгүй. Энэ нь Зөрчлийн тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа асуудал. Үүнийг өнөөдөр шүүхээр залруулах эсвэл татварын улсын байцаагч нарын үйл ажиллагааг зөвтгөх хууль зүйн үндэслэл байхгүй. Хэрэв зөрчил гэж үзэж байгаа бол заавал шалгаж тогтоосон байна. Зөрчил ил тодорхой, зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэсэн журмаар шийтгэл оногдуулж байгаа нь буруу.

Учир нь ил тодорхой, үйлдлээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн нэг ч тохиолдол байхгүй. Тайлбар, гомдол гаргах нь зөрчил гаргагчийн үндсэн эрх бөгөөд уг эрхийг зөрчиж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т Холбогдогч дараах эрхтэй.

1. Хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах;

2. Зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах;

3. Эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа, шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах;

4. Өөрийн, эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах;

5. Нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх;

6. Зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг эрхтэй гэж заасан. Эдгээр эрхүүдийг эдлүүлэхгүйгээр шууд хялбаршуулсан журмаар алгасаж явж байгаа бол уучлаарай Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн утгыг алдагдуулж байна. Энэ хууль чинь утга учиртай гарсан.

Шийтгэлийн хуудас дотор тогтоосон гэх зөрчил нэг ч байхгүй. Монголбанкны албан бичиг, ямар тохиолдолд ногдол ашиг авч, ашиг олсон гэж үзэж байгаа талаар зүйл, заалтаар тайлбарлаж чадсангүй. Ногдол ашиг хуваарилсан асуудал биш. С.Э байцаагчийн үгийг юу гэж ойлгосон бэ гэвэл хуримтлагдсан ашгаасаа өөрийн хөрөнгийн дүрмийн санг үүсгэж 4-5 тэрбум төгрөгөөр ихэсгэснийг харчихаад ногдол ашиг хуваарилсан байна гэж хардсан. Энэ бол ногдол ашиг хуваарилсан асуудал биш. Монголбанкнаас хатуу хяналт тавьдаг. Тухайн хүн 10 хувийн хувьцаа эзэмшдэг бол 10 хувиараа л байна. Ногдол ашиг хуваарилах юм бол 10 хувиа авна. 10 хувийн хувьцаагаа зарсан тохиолдолд зарсан үнээс татвараа төлөөд явна. Х ХХК нь Монгол Улсын шилдэг татвар төлөгч бөгөөд олон хүнийг ажлын байртай болгоод явж байгаа компани юм. Шилдэг татвар төлөгч гэж гэрчилгээ олгодог мөртлөө Монголбанкнаас олгосон зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулсны төлөө шийтгэл оногдуулах гээд байгаа нь ямар учиртай юм бэ.

Захирлын орон сууцны талаарх асуудал өмнө нь 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. Бусад татварыг тайлагнаагүй, улсад татвар төлөөгүй гэж ярьсан. Энэ асуудлыг ямар хэмжээнд шалгасныг А.Б байцаагч хэлж байсан. Сая нэг бүрчлэн шалгасан гэсэн бөгөөд нотлох баримт байхгүй байна. Татварын ерөнхий газраас авсан таны нэг лавлагаа байна. Шинжээч нар орж ирээд төлөлтөө шалгаагүй байна гэж хэлчихээд гарсан. Зөрчил гэж үзсэн бол хэдий хэмжээний татвар төлөөгүй болохыг тогтоох ёстой. Хугацаандаа тайлангаа өгөөгүй асуудал байгаа. Зөрчил нь тус тусдаа шүү. Зөрчлийн тухай хуульд тайлангийн хугацаа хэтрүүлэх гэж байгаа бол торгоно гэсэн байгаа. Хугацаа хэтрүүлж тайлагнасныг төлөлтөд тооцохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Энэ болгоныг ялгаж, зааглаж тогтоох ёстой болохоос биш, төлөлтийн дүн үнэхээр шалгагдаагүй. 4 удаагийн лавлагаа авч, үнийн дүнг харахаар дүн нь өөр өөр байдаг. Явуулсан бичгүүд нь 2-3 өгүүлбэр байгаа. Нэг зүйл нь Хаан банк ХХК-ийн талд ашигтай харагдсан. Дандаа ногдуулалтаасаа илүү төлөлттэй явж байгаа. Та нар энэ асуудлыг Хаан банк ХХК-ийн 500 салбар нэгжээр шалгах ёстой. А.Б байцаагч ганцаараа шалгах нь буруу. Хүн хүчээ гаргаж шалгах хэрэгтэй. Х ХХК-ийн 500 салбар нэгжийг жил, жилээр нь шалгаж, улирал, улирлаар нь тайлан гаргаж ирж байгаад тулгаж харах юм бол ямар ч зөрүүгүй төлөгдсөн байгаа. Та бүхэн системдээ мэдээллээ зөв оруулах хэрэгтэй. Ерөөсөө эргэлзээгүй, шалгуулмаар байна.

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй гэсэн асуудал байгаа. Улсын байцаагч А.Б нэмэгдсэн өртгийн албан татварын дансанд төлөөгүй бол нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүйд тооцно гэсэн. Татвар төлөгч машин биш бөгөөд алдаа гаргаж болно. Нэмэгдсэн өртгийн албан тавар төлөгч биш учраас төлж чадахгүй байгаа. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлдөг. Энэ тохиолдолд яах юм бэ. Зөрчлийн тухай хуульд нийцэж байгаа эсэх талаар шалгах ёстой. Зөрчлийн тухай хуулийн хуучин болон одоогийн хуульд нийцэхгүй байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварыг буруу дансанд төлсөн бол төлсөнд тооцохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Буруу данс руу орсон бол зөвтгөж зөв данс руу оруулна. Зөвтгөөд Х ХХК-ийг нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч болгох ёстой. Хаан банк ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар илүү төлөлттэй байгаа. Энэ дотор нэмэгдсэн өртгийн албан татварын төлөлт явж байгаа шүү. Үүнийг шийдвэрлэх ёстой. Буруу дансанд нэмэгдсэн өртгийн албан татвар төлсний төлөө торгох үндэслэл байхгүй. Энэ бүх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн газрын ахлах байцаагч С.Э, П.С, Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч А.Б, А.Б нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, уг шийтгэлийн хуудсын Шийдвэрлэх нь хэсгийн Нэгийн 6-д зааснаас бусад хэсгийг хүчингүй болгуулах, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгах тухай гомдлын шаардлага гаргасан.

Маргаан бүхий захиргааны актын хувьд алдаа, дутагдалгүй байх шаардлагыг хангасан байх ёстой. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд Захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг зааж өгсөн. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт Хуульд үндэслэх, 4.2.5-д хэсэгт Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх гэсэн 3 төрлийн зарчим байна. Маргаан бүхий шийтгэлийн хуудас нь хуульд үндэслэсэн үү. Зөрчлийн тухай хуулийн хүрээнд шийтгэлийн хуудас оногдуулж байгаа бол хуульд үндэслэсэн байх ёстой. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн аль заалт нь юм бэ. Зөрчлийн

тухай хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглоно.

Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх. 2012-2016 оны хооронд Х ХХК-ийн татвар төлөлт, ногдуулалтад хяналт шалгалт хийсэн. Хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын мэтгэлцээн зэргээр юу харагдаж байгаа вэ гэвэл энэ шалгалтыг бүрэн хийгээгүй нь харагдсан. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 14 аж ахуйн нэгжийн санхүүгийн тайланг шалгаагүй юм байна. 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн акттай холбоотой маргаан ярьж байна. Тухайн акт гомдол гаргагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, хуульд үндэслээгүй гэсэн гомдол гаргасны дараагаар үүнийг залруулах байдлаар баримтуудыг цуглуулсан. Маргаан бүхий акт нь зорилгодоо нийцээгүй.

Бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх: Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэхээр хүсэлтээ тавьсан. Энэ хүсэлт нь 4 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр талд байгаа. Хариуцагч өнөөдөр юу гэж тайлбарлаж байгаа вэ гэвэл шалгалтын явцад нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлж хүсэлт өгсөн ч юм шиг, өгөөгүй ч юм шиг тайлбарлаж байна. Нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмэгдсэн өртгийн албан татварын дансанд төлөх ёстой. Гэтэл яагаад аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дансанд төлсөн талаар шалгаж байж акт тавих ёстой байсан. Ногдуулалт, төлөлт хоёр нь зөрүүтэй ч юм шиг, зөрүүгүй ч юм шиг шалгаж үзэхгүйгээр акт тавьсан нь үндэслэлгүй байна. Шийтгэлийн хуудсанд дурдсан 6 зүйлд удаа дараа тайлбар өгсөн учраас дахин тайлбар хэлэх шаардлага байхгүй.

Ногдол ашиг хуваарилсан гэж үзэж байгаа бол үүнийг хэн ямар зорилгоор хийсэн гэдгийг хариуцагч байгууллага анхаарах ёстой байсан. Гэтэл өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх шаардлага нь Олон Улсын валютын сангийн хөтөлбөр, Монгол Улсад хэрэгжихтэй холбоотойгоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх арилжааны банкуудад өөрийн хөрөнгийн хэмжээгээ 50 тэрбум төгрөг болгох хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Үүрэг, даалгаврыг биелүүлэх арга хэмжээний хүрээнд нэгж төлөгдсөн капитал данс, өөрийн нөөцийн сангаа багасгасан. Энэ хоёр дансанд дахь мөнгийг нэмэх шаардлага бий болсон. Монголбанк Банкны тухай хуульд заасны дагуу хяналт тавьсан. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.О өмгөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. 17 тэрбум төгрөгийн нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй.

6.1 тэрбум төгрөгтэй холбоотой банкны арга хэмжээ, баяр ёслолын үйл ажиллагаа, сургалтын зардлыг хасаж тооцсонтой холбоотой торгууль, алданги тавьсан. Нийтийг хамарсан сургалт нь хасагдах зардал, нэг этгээдтэй холбоотой зардал, зардал биш гэж тайлбарласан. Хуулийг ялгамжтай тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Жишээ нь 20 хүнтэй хийсэн сургалтын зардал нь хасагдах зардал, 2 хүнтэй хийсэн сургалтын зардал нь зардал биш гэж хуульд заагаагүй.

Захирлын орон сууцтай холбоотой асуудлын тухайд: Өмнө нь ийм агуулга бүхий хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсан. Тухайн үеийн шүүх хуралдаанд хоёр хариуцагч оролцсон. Нэг асуудлаар дахин акт тавьж байгаа нь үндэслэлгүй, ёс зүйгүй байна. Гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б, Б.Б, П.С, С.Э нар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Х ХХК-ийн 2012-2016 оны албан татвар ногдуулалтын төлөлтийн байдалд шалгалт хийж, нийт 47 тэрбум төгрөгийн зөрчлийг илрүүлсэн. 47 тэрбум төгрөгт 8 тэрбум төгрөг татвар ногдуулсан. 47 тэрбум төгрөгийн зөрчлийг дараах 6 үндэслэлээр гаргаж ирсэн.

1. Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн Нэгийн 2-т заасан зөрчлийн тайлбар: Хөрөнгө оруулагч нарт олгосон ногдол ашгийн 17,209,782 000.0 төгрөгийн орлогод албан татвар ногдуулаагүй, суутган авч төсөвт төлөөгүй нь: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт Албан татвар төлөгчийн хөрөнгийн дараах орлогод албан татвар ногдоно: 9.1.3-т Ногдол ашгийн орлого, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт Албан татвар төлөгчийн дараах орлогод дор дурдсан хувиар албан татвар ногдуулна 17.2.1-т Ногдол ашгийн орлогод 10 хувиар, 17.2.9-д Монгол Улсад байрладаггүй албан татвар төлөгчийн Монгол Улсын нутаг дэвсгэрт болон Монгол Улсаас эх үүсвэртэй олсон дараах орлогод 20 хувиар гэж,

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсэгт Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл тийм орлого

олоогүй ч хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсад оршин суугч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн энэ хуулийн дагуу албан татвар төлөгч байна, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Албан татвар төлөгчийн татварын жилд олсон дараах орлогод албан татвар ногдуулна, 8 дугаар зүйлийн 8.1.3-т Хөрөнгийн орлого, 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт Хөрөнгийн орлогод дараах орлого хамаарна, 13.1.3-т Ногдол ашгийн орлого, 13.4 дэх хэсэгт Энэ хуулийн 13.1.3-т заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн хуулийн этгээдээс ашиг хуваах, хувь хүртээх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Хөрөнгийн орлогод албан татвар ногдуулах орлогыг дараах байдлаар тодорхойлно, 19.1.3-т Ногдол ашгийн орлогыг дүнгээр нь, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Энэ хуулийн 17-19 дүгээр зүйлд ... зааснаар тодорхойлсон орлогын жилийн дүнд 10 хувиар тооцож албан татвар ногдуулна, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Суутгагч нь энэ хуулийн 13.1.2-13.1.4-т заасны дагуу суутгасан албан татварын жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ гэж заасныг тус тус зөрчсөн.

2. Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн Нэгийн 2-т заасан зөрчлийн тайлбар:

Банкны дотоод арга хэмжээ, шинэ жилийн арга хэмжээний зардал, зочин төлөөлөгч, уулзалт хүлээн авалт, баяр ёслолын ажиллагаа, гадаад сургалт, хэлний бэлтгэл сургалтын төлбөр зэрэг /2012 онд 1,054,625,106.72 төгрөг. 2013 онд 979,814,179.91 төгрөг, 2014 онд 1,531,541,614.86 төгрөг, 2015 онд 1,273,235,988.31 төгрөг, 2016 онд 1,348,937,591.38 төгрөг/, нийт 6,188,154,481.18 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт: Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцсоны үндсэн дээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно, 16.2 дахь хэсэгт Энэ хуулийн ...болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд 9.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно. гэж заасан заалтуудыг тус тус зөрчсөн.

З. Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн Нэгийн 3-т заасан зөрчлийн тайлбар:

Банкны тайлбарт орон сууцны барилга нь захирлын хувийн өмчлөлд байдаггүй, харин банкны үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй бөгөөд зөвхөн захирлын гэр бүл амьдран суух зориулалтаар ашиглагддаг. Банк нь захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээндээ түүнийг орон сууцаар хангах үүрэгтэй. Энэхүү орон сууцны ашиглалтын зардлыг захиралд олгосон шууд бус орлого гэж үзэж, Хувь хүний орлогын албан татвар ногдуулдаг тул орлого олох зориулалтаар ашиглагддаг гэж үзэж байна гэсэн тайлбар ирүүлсэн байна.

Албан татвар ногдох орлого олох зориулалтаар ашиглагдаагүй үндсэн хөрөнгөнд элэгдэл байгуулж /2012 онд 4,517,658.1 төгрөг, 2013 онд 10,227.857.1 төгрөг 2014 онд 10,227,857.1 төгрөг, 2015 онд 10,227,857.1 төгрөг, 2016 онд 13,614,820.7 төгрөг/ нийт 48,816,050.1 төгрөгийн зардлыг татвар ногдох орлогоос хасаж татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Монгол Улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т: "Тухайн хөрөнгийн тодорхой нэг хэсэг нь албан татвар ногдох орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл, хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасна. гэж заасныг зөрчсөн

Мөн тус банк нь Хувь хүний орлогын албан татварын тайланг 2012-2016 онд Баянзүрх дүүргийн татварын хэлтэст тайлагнахдаа, 2012-2014 онд шууд бус орлого тайлагнаагүй, 2015-2016 онд шууд бус орлого тайлагнасан боловч Жон Белл захирлын орон сууцны зардлыг /байгууллагаас төлсөн ашиглалтын зардал/ шууд бус орлогоор тооцож, тайлагнаагүй байна.

4. Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн Нэгийн 4-т заасан зөрчлийн тайлбар:

Тус банкны гомдолд иргэдийн хадгаламжид хүү тооцох, түүнд ногдох хүүгийн орлогын татварыг иргэдийн дансанд он гарсан дараагийн ажлын өдөрт шилжүүлдгээс үүссэн зөрчил, мөн суутгасан татвар нь дараа оны 1-р сард төлөгдөөд эхний улирлын тайланд тусгагдсан хэмээн үндэслэлгүй тайлбар гаргасан байна.

Татварын Ерөнхий хуулийн 43 дугаар зүйл, Татвар ногдуулах, төлөх, тайлагнах журмын 43.1-д Татвар төлөгч холбогдох баримт, бүртгэлд үндэслэн хуулийн дагуу төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлон татварын тайланд тусгаж, бэлэн болон бэлэн бус хэлбэрээр татвар төлнө, мөн хуулийн 4.1,7-д татварын тайлан гэж бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хуулийн этгээдийн татварын тайлан, хувь хүний орлогын албан татвар тодорхойлох тайлангийн хуудсыг хэлнэ, энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.5 дахь хэсэгт Татварын тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байна, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Албан татвар төлөгч нь нягтлан бодох бүртгэлийн аккруэл сууриар гаргасан улирал, жилийн татварын тайланг үндэслэн жилийн эхнээс өссөн дүнгээр орлого болон төлөх албан татвараа өөрөө үнэн зөв тодорхойлж төсөвт төлнө гэж заасан заалтыг тус тус зөрчиж, татварын ногдол, төлөх татвараа (тайлагнаснаар татварын өр ногдол үүсгэх) тодорхойлоогүй, тайлагнаагүй.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т: суутгагч гэж албан татвар төлөгчийн орлогод энэ хуулийн дагуу албан татвар ногдуулан суутгаж, улсын болон орон нутгийн төсөвт шилжүүлэх үүрэг бүхий этгээдийг, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Энэ хуулийн 4.1.4-т заасан суутгагч албан татвар ногдуулахдаа дор дурдсан журмыг баримтална, 26.1.1-т энэ хуулийн 11 дүгээр зүйл, 12.2, 13.1.2-13.1.4, 15.1-д заасан орлогын дүнд мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Суутгагч нь энэ хуулийн 13.1.2-13.1.4-т заасны дагуу суутгасан албан татварын ... жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд ирүүлнэ, гэж заасныг зөрчин бөгөөд тус компани хадгаламж эзэмшигчдэд олгосон хүүгээс татвар суутган авсан боловч татварын албанд тайлагнаагүй, (татварын ногдол буюу өр үүсгээгүй, өр буюу татварын ногдол үүссэнээр татварын төлөлт хийнэ), төлөөгүй.

Тус компани нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1-т татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.2-т татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх, 18.1.6-д бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх зэрэг үүргээ биелүүлээгүй тул шийтгэлийн хуудсаар төлбөр ногдуулсан.

5. Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн Нэгийн 5, хоёрын 1-д заасан зөрчлийн тайлбар:

Хөрөнгө түрээсэлсэн, борлуулсны орлого 2012 онд 380,812,771.91, 2013 онд 863,487,016.13, 2014 онд 686,178,631.49, 2015 онд 397,411,144.97, 2016 онд 533.110,663.23, нийт 2,861,000,227.83 төгрөгт нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь:

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006.06.29-ний өдрийн/

7.1 Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа ажил, үйлчилгээнд

нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна:

7.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа

7.1.4 Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ

7.4. Дор дурдсан үйл ажиллагааг Үйлчилгээ үзүүлсэн-д хамааруулна:

7.4.4 Байшин, барилгад байр түрээслүүлэх буюу бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах,

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2015.07.09-ний өдрийн/

7.1 Хуульд өөрөөр заагаагүй бол дор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна:

7.1.1 Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ

7.2 Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамааруулна,

7.2 9.Үл хөдлөх, хөдлөх хөрөнгө түрээслүүлэх, бусад хэлбэрээр эзэмшүүлэх, ашиглуулах гэж заасныг тус тус зөрчсөн.

6. Шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсгийн Нэгийн 6-д заасан зөрчлийн тайлбар:

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдох үнэлгээг 2012 онд 2.635.451.435.1, 2013 онд 2,706,939,551.9, 2014 онд 2,152,062,940.4, 2015 онд 3.052.082.160.1, 2016 онд 2,939,864,943.4, нийт 13,486,401,030.9 төгрөгөөр бууруулсан, татвар ногдуулж төсөвт төлөөгүй нь: Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа дараах этгээд үл хөдлөх эд хөрөнгийн албан албан төлөгч байна, 4.1.1-т Өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар, 5.1 дэх хэсэгт Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулах үнэлгээг уул хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгэгдээгүй бол хөрөнгийн даатгалд даатгуулсан үнийн дүнгээр, хөрөнгийн даатгалд даатгуулаагүй бол данс бүртгэлд бүртгэгдсэн үнийн дүнгээр тус тус тодорхойлно, 6.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг энэ хуулийн 5 дугаар зүйл заасан үнэлгээнээс аймаг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0,6-1,0 хувиар тооцож ногдуулна, 8.1 дэх хэсэгт Татвар төлөгч нь үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар байгаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээгээр тооцно гэж заасныг тус тус зөрчсөн.

Дээрх зөрчлүүд нь тухайн татвар төлөгчийн санхүүгийн тайлан тэнцэл, санхүүгийн анхан шатны баримт болон нягтлан бодох бүртгэлийн журналууд, бусад баримт, татварын тайлан ажил үйлчилгээ үзүүлсэн холбогдох аж ахуйн нэгжүүдийн гэрээ хэлцэл зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул нөхөн төлбөр, торгууль, алдангиас чөлөөлөх үндэслэлгүй байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт Энэ хуулийн 3.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүн гэдэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн бол ял шийтгүүлсэн, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна 10.2 дахь хэсэгт Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна гэж тус тус заасан.

Иймд шийтгэлийн хуудсаар 2018 онд ногдуулсан торгууль, алдангийг Өршөөлийн хуульд хамруулах үндэслэлгүй байна гэжээ.

 

Хариуцагч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн хуудас үйлдсэн. Гомдол гаргагч ийм ийм зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэж гомдол гаргасан. Одоо болохоор шийтгэлийн хуудас үндэслэлгүй байгаа талаар дурдсан. Тиймээс эхэлж үүнийг шийдвэрлэх шаардлагатай байна. Эсвэл хариуцагч гомдлоо солих хэрэгтэй. Шийтгэлийн хуудас хуулийн дагуу гарсан талаар яриад байхад хариуцагч нар өөр зүйл яриад байна. Үүнийгээ нэг талд нь шийдвэрлэж өгнө үү.

 

Дотоод арга хэмжээ, сургалтын зардлын талаар тайлбар хийнэ. Х ХХК нь 2012-2016 оны хооронд үндсэн хоёр зардал хөтөлж байсан. Банкны дотоод арга хэмжээний зардал, зочид төлөөлөгч, баяр ёслол, сургалтын зардлыг хөтөлж байсан. 7.4 тэрбум төгрөгийн зардал гаргасан байсан. Үүнээс 354 сая төгрөгийг залруулсан. Сургалтын зарим зардлыг хасаж өгсөн гэж ярьсан. Х ХХК-ийн нягтлангуудтай ярилцсан. Банкны үйл ажиллагаа онцлогтой. Орлого олохтой холбоотойгоор зайлшгүй сургах шаардлага гарч байна. Ярилцаж байгаад 20-30 хүний сургалттай үйл ажиллагааны зардлыг хасаж өгсөн. Уг зардлаас 870 сая төгрөгийг хассан. Зочид төлөөлөгчзэргийн зардал нь Аж ахуйн нэгжийн орлогын

албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасны дагуу хасагдахгүй.

Гомдол гаргагч тал нэмэгдсэн өртгийн албан татварт бүртгүүлэхээр хүсэлт гаргасан талаар ярьсан. Хяналт шалгалтын явцад асуусан. Танайх нэмэгдсэн өртгийн албан татварт бүртгүүлэх тухай хүсэлтээ өгсөн үү гэж асуухад хүсэлтээ өгсөн гэсэн баримт харуулаагүй. Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж ярьсан. Татварын албанд аж ахуйн нэгжийн нэр дээр данс байгаа. Уг данс нь аж ахуйн нэгжийн бүх төрлөөр салж явдаг. Х ХХК-д аж ахуйн нэгжийн орлогын данс байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварын нэг ч төлөлт хийгдээгүй байгаа.

Шийтгэлийн хуудас хуулийн дагуу гарсан. Прокурорын газарт хянагдаж дугаар авсан бөгөөд хүчин төгөлдөр болсон. Зөрчлүүдийг нэг бүрчлэн шалгаж, хооронд нь тулгасан уу гэж асуусан. Хүүгийн орлогыг нэг бүрчлэн шалгаж, гаргасан. Хүүгийн орлогоос суутгасан гэдгийг татварын байцаагч, шинжээч нар тогтоосон. Татвар ногдуулаагүй учраас зөрчил гэж үзсэн. Зөрчлийн тухай хуулийн дагуу хүү, торгууль, алданги тооцоод явж байсан. Нэмэгдсэн өртгийн албан татварыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварт суутгасныг бүгд мэдэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр гарсан. Буцааж залруулах боломж байхгүй. Нэмэгдсэн өртгийн албан татварыг тайлагнаагүй бол зөрчил болно. Зөрчил болох юм бол Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ. Татварын албанаас лавлагаа авсан бөгөөд хугацаанаас хамаараад зөрүүтэй гарсан. Шүүхийн үзлэгээр танилцуулсан ажилтан тайлбарлаж хэлсэн. Нэгдүгээрт: Хугацаанаас шалтгаалж зөрсөн,

Хоёрдугаарт: Гаргаж өгч байгаа хүний ойлголтын зөрүүнээс болсон. Хэд хэдэн тайлан өгсөн, өгөөгүй гэж яригдсан. Зарим тайланг өгөөгүй байсан. Шүүх тогтоосон гэж тайлбарлаагүй.

Х ХХК нь ногдол ашгийг хуваарилсан. Монголбанкнаас ногдол ашиг хуваарилж болохгүй гэсэн бичиг өгсөн. Өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх хэд хэдэн арга байдаг. Жишээ нь шинэ хувьцаа эзэмшигч орж ирж ногдол ашиг хуваарилах гэх мэт. Хүмүүст хөрөнгө өгсөн гэж хэлээгүй ногдол ашиг хуваарилсан гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл миний хөрөнгө оруулсан 2000 төгрөг, 5000 төгрөг болсон гэсэн үг. Яаж нэмэгдэх вэ гэвэл ногдол ашиг хуваарилж байж нэмэгдэнэ. Ногдол ашиг хуваарилсан гэдэг нь бичилтээр харагдаж байгаа гэжээ.

Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Банкны дотоод арга хэмжээ, шинэ жилийн арга хэмжээний зардал, зочин төлөөлөгч, уулзалт хүлээн авалт, баяр ёслолын ажиллагаа, гадаад сургалт зэргийн зардлыг хассан нь Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн. Гомдол гаргагч тал тайлбарлахдаа сургалтын зардлыг бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээ гэж тайлбарласан. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар гадаадад суралцагч, шинэ жилийн баяр, сургалтын зардал зэргийг нарийвчлан зохицуулсан. Сургалтын зардлыг хасаж өгөхгүй. Гомдол гаргагч залруулга хийнэ гэж явж байсан

боловч 2015-2016 онд 354 сая төгрөгийн залруулга хийж байсан.

Банкны үндсэн үйл ажиллагаа нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн боловч бусад нэмэгдсэн өртгийн албан татвараар бүртгүүлэх шаардлагыг хангасан байна. Хөрөнгө түрээслэн, борлуулсны орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахаар заасан бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөөгүй.

Ногдол ашиг 17 тэрбум төгрөгтэй холбоотой асуудалд тайлбар хийе. Х  ХХК нь хэд хэдэн удаа хувьцааныхаа үнийг нэмэгдүүлж, бичилт хийсэн. 2012-2016 оны хооронд хяналт шалгалтыг 2 удаа хийсэн. 2000-5000 төгрөг, 5000-8000 төгрөгийн үед хоёр удаа бичилт хийсэн. Бид нар 5000-8000 төгрөгийн бичилт хийсэн бөгөөд энэ бичилтэд зөрчил гэж үзэж төлбөр ногдуулсан. Хоёр бичилт хийхдээ Монголбанкнаас зөвшөөрөл авсан. Ямар бичгээр зөвшөөрөл авсан бэ гэвэл 2013 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/11599 дугаар албан бичиг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1/1269 дугаар албан бичгээр тус тус зөвшөөрөл авч, бичилт хийсэн. 2015 он нь өмнөх оноосоо ямар ялгаатай вэ гэвэл нэг хэсгийг нь хуримтлагдсан ашгаас, нөгөө хэсгийг нь нэмж төлөгдсөн капитал данснаас бичээрэй гэсэн хариу өгсөн.

Бичилт хийхэд Монголбанкнаас ямар шаардлага тавьж байсан бэ гэвэл өрийн доод хэмжээний зохистой хувьцаа тавьж байсан. Тэр болгон дээр ийм бичилт хийж байсан. 5000-8000 төгрөг олгохдоо нэг хэсгийг нь хуримтлагдсан ашгийн данснаас бичээд, нөгөө хэсгийг нь нэмж төлөгдсөн капитал данснаас бичсэн. Нэмж төлөгдсөн капитал данснаас бичихэд өмгөөлөгч нь хувьцаа эзэмшигчийн хөрөнгө оруулсан санаа гэж хэлсэн. Тийм биш. Хувьцааны үйл ажиллагаатай холбоотой ашиг, алдагдлыг бүртгэдэг данс юм.

Х ХХК дээр хоёр данс байгаа. Нэг нь хувьцааны үйл ажиллагаатай холбоотой данс, нөгөө нь хувьцаанаас бусад хуримтлагдсан үйл ажиллагааны данс байсан. Хувьцаа эзэмшигчийн тогтоолоор 5.6 тэрбум төгрөг гарсан. 17 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан бөгөөд татвар авах ёстой байсан. Тиймээс төлбөр ногдуулсан. 2000-5000 төгрөгийн талаар Монголбанкнаас зөвшөөрөл авч, бичилт хийчихээд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд зааснаар тайлагнасан. Үүнийг зөрчил гэж үзээгүй. Гомдол гаргагч тал ногдол ашигхуваарилаагүй гэж ярьдаг. Хөрөнгийг нэмэгдүүлж бичилт хийж байгаа нь ногдол ашиг

хуваарилсан гэсэн үг.

Сургалтын зардлын талаар ярьсан. Банк дотоод журмаараа бусдаар ажил гүйцэтгүүлсэн байж болно. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар

хасагдах зардал биш. Татварын хуулийг зөрчсөн.

Зочид төлөөлөгчийг хүлээн авах зэрэг зардал гарсан байсан. Энэ зардал нь татвар ногдох орлогоос хасагдах зардал биш.

Нэмэгдсэн өртгийн албан татварын талаар ярьсан. Нэмэгдсэн өртгийн албан татварт бүртгүүлж, тайланг өгч, төлөлт зэрэг үйл ажиллагаа явагддаг. Нэмэгдсэн өртгийн албан татварыг төлсөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дансанд байгаа гэсэн утгаар ярьсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварт байгаа илүү төлөлтийгдараа сарын татварт тооцох бүрэн боломж байгаа. 2012-2016 оны хооронд хяналт шалгалтыг хийхдээ Х ХХК-ийн ажлын байран дээр очиж хийсэн. Шаардлагатай материалыг санхүүгийн ажилтнаас авч албажуулж авсан. Х ХХК нь Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг зөрчсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийтгэлийн хуудсыг хүчинтэй хэвээр нь үлдээж өгнө үү.

Хариуцагч А.Б: Өмнө нь шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Х ХХК-ийн олон салбарын дундаас энэ 13 салбарыг шүүж гаргаж ирсэн. Энэ банкны 13 салбарыг би шалгаагүй биш, шалгасан. Шалгалтын үед тайлангийн мэдээллийн сангаас мэдээлэл авахад тайлагнаагүй гэж гарч ирсэн. Өөр тайлбар байхгүй гэжээ.

Х ХХК-д хүүгийн орлогоос татвар суутгах асуудал яригдсан. Х ХХК нь суутгах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дутуу суутгасан. 800 сая төгрөгийн нөхөн татвар тавьсан бөгөөд зөрүүтэй асуудал гарч ирсэн. Өмнө нь дутуу суутгасан тооцоо гарч ирсэн учраас тооцооллыг хийж, баримтыг шүүхэд өгсөн.

Систем төгс биш байна, буруутай байна гэж гомдол гаргагч тал ярьсан. Яагаад тэгж хэлэх болсон бэ гэвэл 2, 3 удаа албан бичгээр хандахад төлөлт нь зөрүүтэй байсан.

Шийтгэлийн хуудас гарахаас өмнө татварын тайланг тайлагнасан гэж ярьсан. Заримыг тайлагнасан, заримыг нь тайлагнаагүй явсан зүйл байгаа. Хяналт шалгалт хийгээд явж байхад Х ХХК-ийн 365 салбарын тайлангийн хуулийн хугацаа өнгөрсөн байхад Х ХХК-ийн 365 салбар тайлангаа өгсөн байх гээд өдөр болгон шалгаад байх боломж байхгүй. Хуулийн хугацаа дууссан, бид нар мэдээллээ системээс авсан. Хяналт шалгалт хийж байхад Х ХХК-ийг тайланг өөрчилсөн байна гэж хэлээгүй шүү. Татварын албаны системд өөрчлөлт хийгдсэн байгаа. Хяналт шалгалт хийж байхад зөрчил гарч ирсэн бөгөөд татвар төлөгчтэй энэ асуудлаа ярилцаад системд очоод тайлагначихдаг. Ийм байхыг үгүйсгэхгүй гэжээ.

Хариуцагч П.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК-иас ирүүлсэн тайлбарт орон сууцны барилга нь захирлуудын хувийн өмчлөлд байдаг. Уг орон сууцанд захирлууд амьдардаг. Хөдөлмөрийн гэрээний дагуу орон сууцаар хангах үүрэгтэй. Энэхүү орон сууцны ашиглалтын зардлыг захиралд олгосон шууд бус орлого гэж үзэн, хувь хүний орлогын албан татвар ногдуулдаг тул орлого олох зориулалтаар ашиглагддаг. Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т Тухайн хөрөнгийг тодорхой нөхцөлөөр албан татвар ногдох, орлого олоход ашиглагдаж байвал элэгдэл, хорогдлын шимтгэлийг тухайн хэсэгт нь хувь тэнцүүлэн татвар ногдох орлогоос хасаж тооцно гэж заасан. Х  ХХК нь 2012-2016 оны хооронд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст Хувь хүний орлогын албан татварыг тайлагнасан байдаг. 2012-2014 оны хооронд шууд бус орлогыг тайлагнаагүй. 2015-2016 оны хооронд шууд бус орлогыг тайлагнасан. Орон сууцны зардлыг шууд бус орлогоор тооцож тайлагнаагүй учраас зөрчил гэж үзсэн гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зөрчлийн тухай хууль, Татварын ерөнхий хуулийг буруу хэрэгжүүлж, үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарлаж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т Эрх бүхий албан тушаалтан энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн, эсхүл гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана, 2.3 дахь хэсэгт хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэж заасан.

Хяналт шалгалтыг хийсэн. татварын улсын байцаагч нар Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй. Өмгөөлөгчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийг явцуу байдлаар тайлбарлаж байна. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.2, Татварын ерөнхий хуулийн 2018 оны 18 дугаар зүйлд татвар төлөгчийн үүрэг байдаг. 2019 оны Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3, 5 дугаар зүйлд энэ харилцааг зохицуулж өгсөн. Татварын улсын байцаагчийн зүгээс хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан зүйл байхгүй. Татварын ерөнхий хуулийг дагаж мөрдөх журмаар энэ харилцаа зохицуулагдаж байгаа.

Улсын байцаагч нарын тавьсан акт нь хуульд үндэслэсэн. Хяналт шалгалтын үйл ажиллагаа хууль зөрчөөгүй. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг бичихгүй акт тавьсан мэтээр ярьж байна. 2012-2016 оны Х ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийсэн. 2012-2016 оны Татварын ерөнхий хуулийн 74, 75 дугаар зүйл хүчин төгөлдө, үйлчилж байсан. Сүүлд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйл рүү шилжсэн. Улсын байцаагч нар хууль хэрэглээ тал дээр алдаагүй гэдгийг юу гэж тайлбарлаж байгаа вэ гэвэл 2018 онд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль гарсан. Шийтгэлийн хуудсан дээр юу гэж дурдсан бэ гэвэл тухайн үед хүчин төгөлдөр мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4-т заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчсөн гэсэн байдаг.

Захиргааны ерөнхий хуулийг тайлбарлаж байна. Энэ хуультай холбоотой хэлэх тайлбар байхгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хяналт, шалгалт хийгдсэн. Захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл байхгүй. Хөрөнгө оруулагч нарт ногдол ашиг өгсөн зөрчил байгаа. 17 тэрбум төгрөгийн төлөөгүй зөрчилд нөхөн татвар 2 тэрбум, 826 сая төгрөгний торгууль, 852 сая төгрөгийн алданги тооцсон. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1.3-т зааснаар тогтоосон байгаа.

Гомдол гаргагчийн өмгөөлөгч нар шүүхээр шийдвэрлэсэн асуудлыг талаар ярьсан. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчил харилцан адилгүй. Хөрөнгө түрээсэлсэн орлогодоо нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулдаггүй. Банк зээл олгох үйл ажиллагаа явуулна. Шүүхийн шийдвэрт нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой гэж ч гарч байсан, төлөх шаардлагагүй гэж ч гарч байсан. Төрийн бус байгууллага орлого олж л байгаа бол тайлангаа гаргаж төлөх ёстой. Орлого олчихоод манайх ашгийн бус байгууллага учраас тайланг гаргахгүй гэж хэлэх эрх байхгүй. Хуулийг мэдэхгүй, мэдэх боломжгүй байсан гэсэн үндэслэлээр нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тиймээс албан татвар ногдуулсан. Х ХХК-тай холбоотой зөрчилд зөрчлийн хэрэг нээх шаардлага байхгүй. Яагаад гэвэл 2017 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хяналт шалгалт хийсэн. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэхдээ заавал прокуророос дугаар авдаг. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бүрэн явагдаагүй байна гэж үзэх юм бол прокурор дугаар өгөхгүй. Үүссэн нөхцөл байдлыг судалж шалгаад бүртгэлийн дугаар өгсөн. Татвар төлөгч гомдлоо гаргаж яваагүй. Захиргааны хэргийн шүүхэд хандах боломж байсан боловч хандаагүй. Шийтгэлийн хуудас үндэслэлтэй гарсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн газрын болон Улсын төсвийн орлого хяналтын газрынХяналт шалгалтын хэлтсийн татварын улсын

байцаагч нар нь Х ХХК-ийн 2012 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт явуулж, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудсаар[1] 47,952,703,194,61 төгрөгийн зөрчилд 5,507,967,641,76 төгрөгийн татварыг нөхөн төлүүлж, 1,698,948,083,80 төгрөгийн торгууль, 885,405,391,69 төгрөгийн алданги, 698,366,87 төгрөгийн хүү, нийт 8,093,019,484,12 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

Гомдол гаргагч Х ХХК нь дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч, энэхүү шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсэг-ийн Нэгийн 6 дугаар заалтаас бусад заалтыг хүчингүй болгуулж, тогтоосон төлбөрийн хэмжээг багасгуулах гомдлын шаардлага гаргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар гомдол гаргагчийн гомдлын шаардлагын хүрээнд хэргийн оролцогчдын маргасан асуудлаар дүгнэлт хийж, дараах үндэслэлээр хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, эдгээр асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий захиргааны актыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай / 2006 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-д Энэ хуулийн 9.1.3-д заасан ногдол ашгийн орлогод хувь нийлүүлсэн аж ахуйн нэгжээс ашиг хуваах, хувь хүртэх хэлбэрээр авсан мөнгөн болон мөнгөн бус орлого, түүний хүү хамаарна , Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл/ байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заах-аар тодорхойлон заажээ.

Гомдол гаргагч нь ...шалгалтад хамрагдсан 2012-2016 онуудад ... ногдол ашиг хуваарилаагүй, ... дүрмийн сангаа нэмэгдүүлсэн ... гэж тайлбарлан маргаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Х ХХК нь Монголбанкны

2015 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн А-1/1269 дугаар албан бичгээр [2] өгсөн

зөвшөөрлийн дагуу өөрийн банкны энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгнөөс 8000 төгрөг болгон өсгөж,хуримтлагдсан ашгаас өөрийн нөөц санд 5,656,094,961,41 /Таван тэрбум зургаан зуун тавин зургаан сая ерэн дөрвөн мянга есөн зуун жаран нэгэн төгрөг дөчин нэгэн мөнгө/, нэмж төлөгдсөн капитал данснаас 14,140,923,038,59 /Арван дөрвөн тэрбум нэг зуун дөчин сая есөн зуун хорин гурван мянга, гучин найман төгрөг тавин есөн төгрөг/, нийт 19,797,018,000,00/ Арван есөн тэрбум долоон зуун ерэн долоон сая арван найман мянган / төгрөг шилжүүлэх гүйлгээ хийж, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн болох нь тогтоогдож байна.

Мөн Монголбанкны 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Б-10/1004 дугаар албан бичигт ...Х ххк-ийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх нь ногдол ашиг хуваарилах үйл ажиллагаанд хамааралгүй ... гэжээ.

Хариуцагч татварын улсын байцаагч нар нь зөрчлөөр тооцсон зарим дүн нь хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөж, өөрийн хөрөнгийн нөөцийн сан болон нэмж төлөгдсөн капиталын данснаас гүйлгээ хийж, банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэнтэй холбоотой байхад энэхүү нөхцөл байдлыг нягтлан үзэхгүйгээр ногдол ашиг хуваарилсан гэж үзэж, татвар ногдуулсан нь ойлгомжгүй байхын зэрэгцээ татвар ногдуулах зорилгодоо нийцээгүй байна.

Түүнчлэн гомдол гаргагч нь ... зөрчлөөс тооцсон дүнгээс 3,074,542,342 төгрөгийн сургалтын зардлыг бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний хөлс гэсэн зардалд хамааруулан хасагдах зардлаар тооцогдоно гэж маргаж байх бөгөөд хариуцагч нь шалгалтын явцад зарим сургалтын зардлыг хасагдах зардлаар тооцсон /870,000,000 төгрөг/, энэ үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, харин ч шүүхэд гаргасан тайлбартаа зарим сургалтын зардлыг хасагдах зардалд тооцсоноо хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд хэрэгт авагдсан аль хамтран ажиллах гэрээ, сургалтын гэрээний дагуу явагдсан сургалтуудын зардлыг хасагдах зардлаар тооцсон нь тодорхойгүй байна.

Мөн гомдол гаргагч Х ххк нь ...бусдад олгосон хүүгийн орлогод татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэх зөрчлийг тогтоохдоо ногдуулалтыг шалгаад төлөлтийг шалгаагүй... гэж тайлбарлан маргаж байх ба хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Х ХХК-ийн төв болон салбар нэгжүүдийн 2015, 2016 оны Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлангийн хүүгийн орлогод

ногдуулсан татварын мэдээлэл, төлсөн татварын мэдээлэл зөрүүтэй байхын зэрэгцээ зарим салбар, тооцооны төвийн тайлагнасан тайланг хяналт шалгалтын тооцоололд оруулаагүй болох нь тогтоогдож байна. Үүнийг ч хариуцагч татварын улсын байцаагч нь зөвшөөрч тайлангаа илгээж, татвар ногдуулсан 10 тооцооны төвийн мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж, тайлагнасан татвараар хүүгийн орлогод ногдуулсан татварын тооцоололд өөрчлөлт орохоор байгаагаа илэрхийлсэн[3], түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 023 дугаар дүгнэлт [4] болон шинжээч нар шүүх хуралдаанд гаргасантайлбартаа Тайлант хугацааны хүүгийн орлогын төлөлтийн талаарх шинжилгээнд ирүүлсэн файлууд нь / ТЕГ-ын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 12/905, 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 25/170 дугаар албан бичгээр/ хоорондоо зөрүүтэй байх тул Х ХХК-ийн хүүгийн орлогын ногдуулалтын төлөлтийг шинжлэн тогтоох боломжгүй байна. ... Х ХХК-ийн салбаруудын ТТ-12 дугаар маягтаар тайлагнасан нийт ногдуулалт, төлөлтийг татварын байгууллагаар тогтоолгохоор байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт гаргуулахаар байна ... гэсэн үзсэн байх тул Суутгагчийн хувь хүнд олгосон орлогын албан татварын тайлангийн хүүгийн орлогод ногдуулсан болон төлсөн татварын зөрүүг дахин тооцож, татварын тооцооллыг бодиттойгоор тогтоох шаардлагатай байна.

Мөн Х ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ татварын албанд гаргаж байсан, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөв гэсэн гүйлгээний утгатайгаар 2013 онд 60,503,023,59 төгрөг, 2014 онд 64,026,955,21 төгрөг, 2015 онд 97,803,797,16 төгрөг, 2016 онд 63,866,246,81 төгрөгийг тус тус төлсөн, тус төлбөр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон, Х ХХК-ийн 2016 оны Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар татварын өглөг нь 2,175,631,919,47 төгрөг байгаа болох нь гомдол гаргагчийн болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь Х ХХК-ийг одоог хүртэл НӨАТ төлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгохгүй байгаа атлаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж төсөвт төлөөгүй гэх зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай

хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д заасантай нийцэхгүй байна.

Татварын ерөнхий хуулийн / 2008 он / 29 дүгээр зүйлийн 29.1.1-д зааснаар

татварын улсын байцаагч нь татвар ногдуулах, төлөх татварын болон нягтлан бодох бүртгэлийн тайлан, данс, бүртгэл, санхүүгийн бусад баримтад хяналт шалгалт хийх, тайлбар, лавлагаа гаргуулан авч, зөрчлийг тогтоох бүрэн эрхтэй байхын зэрэгцээ мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар татварын улсын байцаагч нь татвар төлөгч нь төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг хянан шалгах үүрэгтэй,Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1-д зааснаар эрх бүхий албан тушаалтан нь хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулж бэхжүүлэн, гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэгтэй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4-д зааснаар захиргааны байгууллага нь шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах ач холбогдол бүхий бодит нөхцөл байдлыг тогтоох, тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан судлах үүрэгтэй байна.

Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчил бүрийн үндэслэлийг нарийвчлан судалж, нөхцөл байдлыг тодруулахгүйгээр, тодруулбал татварын хяналт шалгалтыг бүрэн гүйцэд явуулахгүйгээр зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой гэж үзэж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн нь дээр дурдсан холбогдох хуулийн заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүйн улмаас татварын ногдуулалт, төлөлт бодитойгоор тавигдаагүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрх бүхий албан тушаалтан нь шийтгэл оногдуулахдаа Зөрчлийн тухай хуулийн /тухайн үед мөрдөгдөж байсан /11.19 дүгээр заалтыг үндэслэлээ болгосон атлаа тухайн зүйлийн аль хэсэг, заалтын ямар зөрчил гаргасныг маргаан бүхий шийтгэлийн хуудсанд тодорхойлон заагаагүй нь ойлгомжгүй байхын зэрэгцээ ийнхүү хуулийн заалтыг баримтлаагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчжээ.

Иймд дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд нэгж хувьцааны нэрлэсэн үнийг өсгөж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх нь ногдол ашиг хуваарилах үйл ажиллагаанд хамаарах эсэх , аль хамтран ажиллах гэрээ, сургалтын гэрээний дагуу явагдсан сургалтуудын зардлыг хасагдах зардлаар тооцсон эсэх, ямар үндэслэлээр ялгамжтай авч үзсэн, Х  ХХК-ийн бүх салбар тооцооны төвийн

тайлагнасан тайланг хяналт шалгалтын тооцоололд оруулсан эсэх, Х ХХК-ийн салбаруудын ТТ-12 дугаар маягтаар тайлагнасан нийт ногдуулалт, төлөлт болон хүүгийн орлогод ногдуулсан, төлсөн татварын зөрүү юунаас болж үүссэн, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн төлбөр нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төлөлтөд орж тооцогдсон үндэслэл, шалтгаан зэрэг хэргийн нөхцөл байдлыг захиргааны байгууллагаас цаашид тодруулах шаардлагатай, дээрх асуудал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч нь дээрх асуудлыг судалсны үндсэн дээр дахин шинэ захиргааны акт гаргах нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 10.3.11-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн / 2008 он / 29 дүгээр зүйлийн 29.1.1, 47 дугаар зүйлийн 47.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай / 2006 он/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, Зөрчлийн тухай хуулийн 11.19 / 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/ , Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан энэ шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дахин шинэ акт гаргах хүртэл Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн газрын болон Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасныШийдвэрлэх хэсэг-ийн Нэгийн 6 дугаар заалтаас бусад заалтыг гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар хариуцагч татварын улсын байцаагч нар нь шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, аргазүйн газрын болон Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 367201802 дугаар шийтгэлийн хуудасны Шийдвэрлэх хэсэг-ийн Нэгийн 6 дугаар заалтаас бусад заалтыг хүчингүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар

зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан

төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар гомдол гаргагч болон эрх бүхий албан тушаалтан, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН

 

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 28-33 дугаар хуудсанд

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд

[3] 8 дугаар хавтаст хэргийн 438-441 дүгээр хуудсанд

[4] 7 дугаар хавтаст хэргийн 2-16 дугаар хуудсанд