Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00403

 

 

 

 

 

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 102/ШШ2017/00403

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 47 дугаар байр, 14 тоот хаягт оршин суух, БНСУ-ын иргэн Ким Сон Ин /РД:440105-2047619/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 182 дугаар байр, өөрийн байранд байрлах, Мийтхаем ХХК /РД:2862794/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 450.000.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

      Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ча Хан Бун, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн /ШТҮД: 0007/, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир, орчуулагч Ч.Урангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ундрах нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захирамжийн биелэлтийн дагуу ирсэн баримтуудтай танилцсан бөгөөд дээрхи баримтууд нь хангалттай гэж үзсэн учир Голомт банк ХХК-иас нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээсээ татгалзаж байна. Иймд шүүх хуралдааныг үргэлжлүүлэх хүсэлттэй байна. Хэрэв шүүх хуралдаан хойшлохоор бол нотлох баримтаа гаргуулна гэв.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч талаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэхгүй байгаа бөгөөд хариуцагч талыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчинө гэж үзэж байна. Мөн 2016 оны 12 дугаар сарын 21-ны өдрийн шүүх хурал дээр гуравдагч этгээдээс гаргасан санхүүгийн дүгнэлт гаргуулах хүсэлтээсээ татгалзаж байсан. Энэхүү хүсэлтийг шүүх хурал дээр дахин гаргаж байна. Иймээс Мийтхаем ХХК-ийн санхүүгийн тайлан болон тухайн санхүүгийн тайланд нэхэмжлэгч талаас өгсөн зээл уг санхүүгийн тайланд тусгагдсан эсэх, зээлийн эргэн төлөлт хийгдэж байсан эсэх, хэрэв зээлийн үлдэгдэлтэй байсан бол хэдэн төгрөгийн үлдэгдэл байгаа эсэхийг шинжээч томилон дүгнэлт гаргуулах хүсэлттэй байна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ким Сон Ин /РД:440105-2047619/ нь хариуцагч Мийтхаем ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 450.000.000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь зээлийн төлөлтийн зарим хэсгийг хийсэн гэж маргасан байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ким Сон Ин нь хариуцагч Мийтхаем ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээгээр Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 182 тоот хаягт байрлах, 921.6 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалт бүхий, улсын бүртгэлийн Ү-2205026013 дугаартай, 2 давхар барилгыг барьцаалан, 450.000.000 төгрөгийг хүүгүй, 2 жилийн хугацаатайгаар зээлдүүлсэн гэх үндэслэлээр зээлийн гэрээний үүрэгт 450.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаарджээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээг бичгээр хийсэн, барьцааны гэрээг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дах хэсэгт зааснаар нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр байна.

Зээлдүүлэгч Ким Сон Ин нь зээлдэгчид гэрээгээр тохирсон 450.000.000 төгрөгийг дансаар шилжүүлэх үүрэгтэй боловч 2013 оны 4 дүгээр сарын 22-нд 373.725.300 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч Чой Хюнь Ү-гийн Голомт банк дахь төгрөгийн харилцах данс руу шилжүүлсэн болох нь дансны хуулгаар тогтоогдсон, 76.274.700 төгрөгийг бэлнээр өгсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй буюу 450.000.000 төгрөгийг авсан нь үнэн гэж удаа дараа хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байх ба зээлдэгч зээлийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүйгээс талуудын хооронд маргаан гарчээ.

Хариуцагчийн талын бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд нь зээлийн гэрээ байгуулсан ч бодитоор зээлдүүлсэн мөнгийг Чой Хюнь Ү хүлээн авсан тул Мийтхаем ХХК нь нэхэмжлэлийг хариуцах ёсгүй гэж тайлбарласан нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна.

Мийхаем ХХК-ийн харилцах дансны хуулга, Гаалийн Ерөнхий газраас ирсэн хариуцагч компанийн импортоор оруулж ирсэн барааны мэдүүлэг, хариуцагчийн хариу тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, санхүүгийн тайланд зээл авсан, зээл төлсөн гэж тайлагнасан байдал зэргээс зээлдүүлсэн мөнгийг хариуцагчийн эрх бүхий албан тушаалтан болох Чой Хюнь Ү дансаар авч, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан гэж үзэж, нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг хариуцагчаас шаардах эрхтэй байна гэж дүгнэлээ.

Харин нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас төлөлт хийгээгүй гэж маргасан боловч хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн төлөөлөгчийн Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн тайлбар зэргээр нэхэмжлэгч нь 2013 оны 5 дугаар сараас 2016 оны 2 дугаар сар хүртэл нийт 33 сарын хугацаанд зээлийн гэрээний барьцаанд тавьсан, Мийтхаем ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 182 тоот хаягт байрлах, 921.6 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалт бүхий объектийг бусдад сарын 6.000.000 төгрөгөөр түрээслэж, дээрх хугацааны түрээсийн орлогыг нь хүлээн авсан байна. Зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд хүүгүй буюу хариу төлбөргүй гэж тохиролцсон тул барьцааны хөрөнгийг түрээслэж, 198.000.000 төгрөгийн орлого олсныг зээлийн төлбөрөөс хасч тооцох нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Түүнчлэн хариуцагчийн хариу тайлбараар 2013 оны 5 дугаар сараас 2015 оны сар хүртэл хугацаанд хариуцагч нь сар бүр 3.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж байсан гэх тайлбар нь нотлох баримтаар тогтоогдоогүй хэдий ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ан Сон Илийн шүүх хуралдаанд Нэг удаа л 6.000.000 төгрөг авсан гэх тайлбараар зээлийн төлбөрт 6.000.000 төгрөгийг төлсөн байна гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т заасныг баримтлан үндсэн зээл 450.000.000 төгрөгөөс түрээсийн орлого 198.000.000 төгрөг, хариуцагчийн төлөөлөгчийн төлсөн 6.000.000 төгрөгийг тус тус хасч тооцон, 246.000.000 төгрөгийг хариуцагч Мийтхаем ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Ким Сон Инд олгох нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 87 дугаар зүйлийн 87.1-д зааснаар барьцааны эрх нь зээлдүүлэгчийн шаардах эрхтэй салшгүй холбоотой эрх бөгөөд мөн хуулийн 174 дүгээр зүйлийн 174.10, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Мийтхаем ХХК нь үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь хуульд нийцнэ.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.066.000 төгрөгөөс 2.907.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 158.050 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.387.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Мийтхаем ХХК-ийн төлөөлөгч Чой Хюнь Ү нь нэхэмжлэлийг хувийг гардан авч, шүүхэд хариу тайлбар ирүүлснээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрөө болон төлөөлөгч томилж оролцоогүй, шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмаар шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн тул хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мийтхаем ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 246.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ким Сон Инд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 204.000.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мийтхаем ХХК нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205026013 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 182 тоот хаягт байрлах, 921.6 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалт бүхий, 2 давхар барилгыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Мийтхаем ХХК-иас 100.000.000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.066.000 төгрөгөөс 2.907.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 158.050 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Мийтхаем ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.387.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ким Сон Инд олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ