Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 840

 

    БНСУ-ын иргэн Ким Сон Ин /Kim Sungeun/-ны

   нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Базориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00403 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: БНСУ-ын иргэн Ким Сон Ин /Kim Sungeun/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Мийтхаем ХХК-д холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 450 000 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Доржсүрэн

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: П.Цэрэн-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ким Сон Ин нь “Мийтхаем” ХХК-ийн захирал Чой Хюнь Вотай 2013 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 450.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, хүүгүй зээлсэн. Барьцаанд  Баянгол дүүргийн 5 дугаар хорооны 182 тоот барилгыг барьцаалж гэрээг эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн. Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч Чой Хюнь Во нь үүргээ биелүүлээгүй шүүхэд хандсан. “Мийтхаем” ХХК-ийн захирал болох Чой Хюнь Вогоос 450.000.000 төгрөг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Мийтхаем ХХК, захирал Чой Хюнь Во шүүхэд гаргасан тайлбартаа:  2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хатагтай Кимээс Голомт банкны дансаар дамжуулан 373 725 300 төгрөгийг хүлээн авсан. Түүнчлэн 450 000 000 төгрөгийг буцаан төлөхөөр зээлийн гэрээг үйлдэж гарын үсэг зурсан. Сар бүр хатагтай Кимд 9 000 000 төгрөгийг төлж байсан. Нийт 9 000 000 төгрөгөөс 6 000 000 төгрөгийг манай байшинг 2013 оны 5 дугаар сараас эхлэн түрээсээр эзэмшиж байсан ноён Пак сар бүр төлж байсан. Түүнчлэн өөрийн зүгээс сар бүр 3 000 000 төгрөгийг хатагтай Кимд төлж байсан. Зээлийг төлөхийн тулд 2015 оны 5 дугаар сараас эхлэн байшингаа Монголд зарахаар оролдсон. Гэвч Монголд зарах нь бололцоогүй болсон юм. Иймээс байшинг худалдан авагчийг олохоор гадаад явсан. Ингээд 4 сар орчим Филиппин болон Солонгос улсад байж байгаад үл хөдлөх хөрөнгө худалдан авах хүн олоод гуравдугаар сарын 19-ний өдөр Монголд буцаж ирсэн. Энэ асуудлаа шийдвэрлэхээр хатагтай Кимийн итгэмжилсэн хүнтэй хэд хэдэн удаа уулзсан. Хатагтай Ким намайг 600 000 000 төгрөг төл гэсэн. Учир нь 2013 онд мөнгө зээлэх үед зээлсэн мөнгө нь 300 000 ам.доллартай тэнцэж байсан тул одоо 300 000 ам.долларыг төлж хохирлыг барагдуулах ёстой гэсэн нь үндэслэлгүй юм. Иймд энэ асуудлыг шүүхээр зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг хүсч байна гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Чой Хюнь Во нь нэхэмжлэлийг гардан авч хариу тайлбар өгөөд явж байсан боловч 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Монгол улсын хилээр гарч яваад буцаж ирээгүй байгаа нь тогтоогдсон. Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагч Чой Хюнь Вог эзгүйд хэргийг шийдвэрлэх боломжгүй байна гэсэн байр суурьтай байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Нэхэмжлэгч талын хэлснээр Ким Сон Ин болон “Мийтхаем” ХХК-ийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэх боловч гэрээг хэрэгжүүлэх үе шатанд Ким Сон Ин болон Чой Хюнь Во нарын хооронд зээлийн гэрээ байгуулсан болох нь харагдаж байна. Чой Хюнь Во болон Ким Сон Ин нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний хувьд барьцааны гэрээг өөрчлөн байгуулсан талаар дурдсангүй. Хэрэгт байгаа барьцааны гэрээг Ким Сон Ин болон “Мийтхаем” ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зориулан байгуулагдсан гэдэг нь харагдаж байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “Мийтхаем” ХХК хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. Үүгээр 373 000 000 төгрөгийг Чой Хюнь Вогийн хувийн дансанд шилжүүлсэн  нь тогтоогдож байна.  373 000 000 төгрөгийг “Мийтхаем” ХХК биш Чой Хюнь Во хариуцах үүрэгтэй. Чой Хюнь Во болон Ким Сон Ин нарын хооронд зээлийн гэрээ бичгээр биш бодит үйлдлээр хүүгүй тооцож хийгдсэн бөгөөд сар болгон 6 000 000 төгрөг буюу 34 сарын төлбөр нийт 204 000 000 төгрөг эргэн төлөгдсөн байх нөхцөл байдал тогтоогдож байна. “Мийтхаем” ХХК нь хариуцах үндэслэлгүй, нэгэнт Чой Хюнь Вог хариуцагчаар татаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мийтхаем ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 246 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ким Сон Инд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 204 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Мийтхаем ХХК нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд улсын бүртгэлийн Ү-2205026013 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө гудамж, 182 тоот хаягт байрлах, 921.6 м.кв талбайтай, контор, үйлчилгээний зориулалт бүхий, 2 давхар барилгыг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Мийтхаем ХХК-иас 100 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3.066.000 төгрөгөөс 2.907.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 158.050 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас, хариуцагч Мийтхаем ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1.387.950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ким Сон Инд олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Доржсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс зээлийн гэрээнд хүүгүй буюу хариу төлбөргүй гэж тохиролцсон тул барьцаа хөрөнгийг түрээслүүлсэн орлогыг хасч тооцсон. Гэхдээ шүүхээс түрээслүүлсэн орлогыг тооцоолохдоо алдаа гарган нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хэлсэн цаг хугацааг 33 сараар гэж бодит байдалд нийцэхгүй тооцоолсонд гомдолтой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбар гаргахдаа 2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 2 дугаар сар хүртэл гэж хэлсээр байтал үүнийг шүүх 2013 оны 5 дугаар сараас төлөгдсөн байна гэж илт үндэслэлгүйгээр 11 сарын хугацааны төлбөр болох 60 000 000 төгрөгийг хасч шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэрт тааруулан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр "...2013 оны 5 дугаар сараас гэж хэлсэн мэтээр тусгагдсан байсан. Үүнтэй холбогдуулан шүүх хуралдааны видёо бичлэгтэй танилцан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбараа хэрхэн өгсөнийг шалгасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "...2014 оны 4 дүгээр сараас...” гэж тайлбар гаргасаныг хурлын тэмдэглэлийн 5 дугаар талын доороосоо 2 дах мөрөнд “...2013 оны 5 дугаар сараас...” гэж ташаа тэмдэглэгдсэнийг өөрчлөлт оруулж өгөхийг хүссэн хүсэлтийг анхан шатны шүүхийн тамгын газарт гаргасан. Мөн хариуцагчийн төлөөлөгч Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгүүдээр 450 000 000 төгрөг төлөх ёстой, байраа зараад төлнө, хүүд 9 000 000 төгрөг төлж байсан хэдий ч үндсэн төлбөрөөс хасагдахгүй гэдгээ бүрэн илэрхийлсэн байтал анхан шатны шүүхээс түрээсийн төлбөрийг хасч тооцоолсонд гомдолтой. Харин хариуцагчийн төлөөлөгч шүүхэд хариу тайлбар гаргахдаа "...6 000 000 төгрөгийг манай байшинг 2013 оны 5 дугаар сараас эхлэн түрээсээр эзэмшиж байсан ноён Пак сар бүр шууд төлж байсан тэгээд би өөрийн байшинг зарж 2015 онд хатагтай Кимд төлбөрийг төлөхөөр шийдсэн” гэсэн байдаг. Гэвч 2013 оны 5 дугаар сараас эхлэн төлсөн байдлыг нотлоогүй. Харин ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр  2014 оны 4 дүгээр сараас 2016 оны 2 дугаар сарын хооронд нийт 23 сарын хугацаанд түрээсийн төлбөрийг төлж байсан, авсан гэдгээ мэдүүлдэг. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэрэгсэхгүй болгосон 204 000 000 төгрөгийн шаардлагаас 60 000 000 төгрөгийг хангаж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэн-Очир давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Хариуцагч компанийн захирал Чой Хюнь Во нь компанийнхаа үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгч талд барьцаалан өөрийн нэр дээр хувьдаа зээл авсан байна. Зээл нь “Мийтхаем” ХХК-ийн данс руу ороогүй, тус компанийн орлогод бүртгэгдээгүй байна. Жинхэнэ хариуцагч нь Чой Хюнь Во юм. Анхан шатны шүүх хариуцагч талыг төлөөлөх эрх бүхий этгээд тодорхойгүй шалтгаанаар байхгүй, шүүхэд хүрэлцэн ирэхгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг гардуулах боломжгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн буюу төлөөллөөр оролцохгүй, түүний мэтгэлцэх эрхийг хангах боломжгүй зэрэг болон бусад бодит байдалд үнэлэлт дүгнэлт хийж, хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулахтай холбоотой ажиллагааг гүйцэтгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажилллагааг түдгэлзүүлэх, хэргийг хэрэгсэхгүй болгох зэрэг ажиллагааны зохистой хэлбэрийг сонгох ёстой атал эдгээр арга хэмжээг авахгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хариуцагчийг төлөөлөх эрх бүхий этгээдийн оролцоогүйгээр үргэлжлүүлэн явуулсан нь холбогдох зүйл заалтыг зөрчсөн. Зээлийн гэрээнд зээлийн хэмжээг 450 000 000 төгрөг гэж заасан боловч зээлдэгчийн өмчлөлд зөвхөн 373 725 300 төгрөг шилжүүлсэн байхад талуудын хооронд 450 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, дансааар 373 сая төгрөг шилжүүлсэн, 76 сая төгрөг бэлнээр өгсөн, зээлийг компанийн үйл ажиллагаанд зориулсан байна гэх зэргээр зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарыг үндэслэн хийсвэр үнэлэлт дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд  хууль зүйн үндэслэлтэй үнэлэлт, дүгнэлт хийнэ үү гэжээ.                                               

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн Ким Сон Ин /Kim Sungeun/ нь хариуцагч Мийтхаем ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 450 000 000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч 373 725 300 төгрөгийг дансаар хүлээж авсан, зээлээс тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.

 

Зохигчид 2013 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж,  450 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр тохиролцож, мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч нь хариуцагчийн өмчлөлд буюу компанийг төлөөлөх эрх бүхий этгээд болох Чой Хюнь Во /Choi Hyunwoo/-д шилжүүлсэн. Уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Мийтхаем ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 182 тоотод байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205026013 дугаартай 921.6 м.кв талбайтай контор, үйлчилгээний зариулалт бүхий 2 давхар барилгыг барьцаалжээ. /1-р хх-ийн 11, 13-14/

 

Зээл, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 153 дугаар зүйлийн 153.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт нийцсэн, хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч зээлийн үүргийн гүйцэтгэлийг шаардах, барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулахаар анхан шатны шүүхэд хүсэлт гаргах эрхтэй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Барьцаалагч нь барьцааны зүйлийн түрээсийн орлогыг авч байсан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд зохигчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт зааснаар нотолгооны хэрэгсэл тул түрээсийн орлого болох 198 000 000 төгрөг, хариуцагчийн төлсөн гэх 6 000 000 төгрөг, нийт 204 000 000 төгрөгийг хасч тооцсон нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч Мийтхаем ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Чой Хюнь Во /Choi Hyunwoo/ мөн байх бөгөөд гэрээнд тус компанийг төлөөлж гарын үсэг  зурсан нь Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэгт хувьцаа эзэмшигчийн компанид оруулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх нь хувийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээс тодорхой зааглагдаагүй бол уг хувьцаа эзэмшигч өөрийн бүх эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхээр компанийн өр төлбөрийг давхар хариуцна гэж заасны дагуу дээрх зээлийн төлбөрийг Мийтхаем ХХК хариуцах үндэслэлтэй тул иргэд хоорондын зээлийн гэрээ гэх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.

 

Харин анхан шатны шүүх шаардах эрхийн үндэслэлд хамаарахгүй Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 174 дүгээр зүйлийн 174.1 дэх заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг  хасч,  мөн шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчид болох гадаадын иргэдийн нэрийг олон янзын дуудлагаар бичсэнийг залруулж гадаад паспорт дээрх галигаар залруулах нь зүйтэй.  

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 100 000 000 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байхад мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон татгалзлыг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дах хэсэгт заасны дагуу хүргүүлсэн бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч Чой Хюнь Во /Choi Hyunwoo/ нь 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн орчуулагчийн хамт нэхэмжлэлийн хувийг гардан авч эрх, үүрэгтэй танилцжээ. Иймд хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 76 дугаар зүйлийн 76.2 дах хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах хэсэгт заасантай нийцжээ. /1-р хх-ийн 24-24, 2-р хх-ийн 200-201/

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “282 дугаар зүйлийн 282.3”, 2 дах заалтын “174 дүгээр зүйлийн 174.1” гэснийг тус тус хасч, шийдвэрийн удиртгал хэсгийн “нэхэмжлэгч ...Ким Сон Ин / РД:440105-2047619/” гэснийг “нэхэмжлэгч ... Ким Сон Ин /Kim Sungeun/” гэж өөрчлөн, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Ким Жонг Хи /Kim jong hi/” гэж нэмж, 3 дах заалтыг хүчингүй болгож, 4 дэх заалтыг “3” гэж, 5 дах заалтыг “4” гэж тус тус дугаарлан, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчийн 457 950 төгрөг, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 1 388 000 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

          

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

              ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                                                       Ш.ОЮУНХАНД