Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 00413

 

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2017/00413

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

 

Нэхэмжлэгч: Боржигон овогтой, Лхагвасүрэнгийн Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй,

/Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, 1А дугаар хэсэг, Мамба дацан 1 дүгээр гудамж, 34 тоотод оршин суух, регистрийн дугаар ВТ87090109/

 

Хариуцагч: “Атар-Өргөө” ХК-д холбогдох,

/Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө-20, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2039664, улсын бүртгэлийн дугаар 9010001008/

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.200.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Бадамцэцэг, түүний өмгөөлөгч Д.Мядагбадам, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, гэрч Ц.Алтанжин, нарийн бичгийн дарга Б.Цэнд-Аюуш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Бадамцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Атар-Өргөө” ХК-д технологийн ажилчнаар анх ажилд орсон. Улмаар 2011 оны 9 дугаар сарын 29-ний өдөр ээлжийн мастер болж, энэ байгууллагад тасралтгүй 6 жил ажилласан. Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эмнэлэгт хэвтсэн ч хагалгааны өрөөний тааз нурж, хагалгаа маань хугацаагүйгээр хойшлогдсон тул тэр өдрөө буцаад гарсан бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр эмнэлгээс над руу утасдаад ирж эмнэлэгтээ хэвтээд, хагалгаандаа ороорой гэхэд нь би одоохондоо орох боломжгүй байна, ажлаа зохицуулчихаад 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр буюу 1 дэхь өдөр очиж хэвтье гэсэн. Түүнээс өмнө нь би 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр үйлдвэрийн албаны даргадаа миний хагалгаа хугацаагүй хойшиллоо, ажлаа хийх үү гэхэд хийж болно, дуудсан цагт нь яваарай гэсэн. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн өргөө амаржих газарт хэвтэж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хагалгаад орсон бөгөөд хагалгаанаас гарч ирсэний дараа лабораторийн эрхлэгч В.Баттуяа над руу утсаар ярьж 2016 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс будаг амтагдсан гэсэн гомдол ирсэн, чи арга хэмжээ авсангүй гэж намайг дарамталсан. 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед би цэвэрлэгээ хийхээр ажилчдаа аваад ороход надад мэдэгдэлгүйгээр будаг хийгээд эхэлсэн байсан буюу надад мэдэгдэх хуудас өгөөгүй. Тэнд техникийн албаны дарга н.Лутболд өөрөө байсан. Лабораторийн эрхлэгчийг над руу тэгж утсаар ярьснаас болж миний бие муудаж, дахин нугасаар мэдээ алдуулсан бөгөөд толгой өвдөж, цочролд орж тархи толгойны өвчтэй болсон. Би 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн өргөө амаржих газраас гарч тархи толгойгоо эмчлүүлэхээр 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл Сэтгэцийн эрүүл мэндийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэл өргөө амаржих газрын листийг “Атар-Өргөө” ХК-ийн захиргаа, хүний нөөцийн албанд өгсөн. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүртэлх листээ 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр листээ хүргүүлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 252 дугаар тушаалд “2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ээлжийг ахлан ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтээ хайнга хандаж, үйлдвэрлэлийн дамжлага дундын хяналтыг хийгээгүйн улмаас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс гадны биет илэрсэн” гэжээ. Энэ өдөр би эмнэлэгт хэвтэж байсан ба ээлжийн ахлагч хийгээгүй, удаа дараа гологдол бүтээгдэхүүн гаргаж байгаагүй. Яг миний үйлдвэрлэсэн талхнаас тэр хар тугалга нь гарсан эсэх нь тодорхойгүй учраас би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Намайг эмнэлэгт байх хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажилласан гэж үндэслэлгүй ажлаас халсан учраас би гомдолтой байгаа. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 4 сарын цалинд 4.800.000 төгрөг, өмгөөллийн хөлс 800.000 төгрөг нийт 5.600.000 төгрөгийг “Атар-Өргөө” ХК-иас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү.

Ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин 1.200.000 төгрөг бөгөөд 2016 оны 11 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарыг дуустал нийт 3 сар, 12 хоногийн мөнгө буюу 4.200.000 төгрөг, өмгөөллийн хөлс 800.000 төгрөгийн хамт 5.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасаж байна гэв.

 

            Хариуцагч “Атар-Өргөө” ХК-ийн төлөөлөгч Ж.Сайнбилэг шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Бадамцэцэг нь ноцтой зөрчил гаргасан, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдвэрлэгдсэн “Өргөө” хар талхнаас 0,5 мм диаметртэй хөнгөн цагаан, дугуй хэлбэртэй бөмбөлөг гарч ирсэн тухай хэрэглэгч н.Болортунгалаг компанид гомдол гаргасан. Гомдлын дагуу компанийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээ хийж, мөн техникийн албаар давхар шалгуулж бүтээгдэхүүнээс гарсан гадны биет нь үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмжид хамааралгүй болох нь лаборатори болон техникийн албаны тодорхойлолтоор тогтоогдсон. Техникийн албаны зүгээс гурил шигшигчийн сетка цоороогүй тул гадны биет гаднаас орсон талаар тодорхойлсон байдаг. Энэ гадны биет нь өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад зуурмаганд орсон байх болзошгүй байна гэж дүгнэсэн. Энэ нь ажилчиддаа мэргэжил, арга зүйн зөвлөгөө заах үүрэг бүхий ээлжийн мастертай шууд холбоотой. Л.Бадамцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр манай компанийн 2 дугаар үйлдвэрт ээлжийн мастераар ээлж ахлан ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтээ хайнга хандаж, үйлдвэрлэлийн дамжлага дундын хяналтыг хийгээгүйгээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нь гадны биет орсон. Уг зөрчил нь манай компанийн эрхлэх үйл ажиллагааны онцлогоос хамаарч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ноцтой зөрчил юм. Технологийн ажлын дэвтэр дээр тухайн үед үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд хяналт хэрэгжүүлсэн талаар тэмдэглэл хөтөлдөг. Л.Бадамцэцэг нь тухайн үед ажиллаж байхдаа зөвхөн гуравхан нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байдаг. Энэ нь маш хангалтгүй үзүүлэлт. Нэг өдөрт 7-8 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж худалдаанд гардаг. Тэдгээрээс зөвхөн гурвыг л үйлдвэрлэсэн. Гадны биет нь “Өргөө” хар талхнаас илэрч, маш хангалтгүй хийгдсэн гэдэг нь технологийн ажлын дэвтрээс маш тодорхой харагдаж байгаа юм. Лабораторын дүгнэлтийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр бичигддэг. Тэгэхээр яалт ч үгүй 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинэ талх гэж дүгнэлтдээ оруулсан нь зөв. Бид нар тушаал шийдвэр гаргахдаа 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэж бичсэн байна. Яагаад тэгж бичсэн бэ гэхээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдаанд гарсан шинэ талхаа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэдэг ойлголтоор энэ өдрөөр тушаал дээрээ оруулсан байна. Өөрөөр хэлбэл бид нар 1 өдөр зөрүүлсэн байна. Гэхдээ үүнээс болж “Атар-Өргөө” ХК-ийг буруутгах хууль зүйн үндэслэл болохгүй. Хэлбэрийн шаардлагын хувьд бид алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ энэ тушаалын хууль зүйн үндэслэл, агуулга нь хэвээрээ байгаа. Манай компанийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаал гаргасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэхь хэсэгт хөдөлмөрийн харилцааг шууд  зогсоохоор хуульд заасан ноцтой зөрчил гаргасан, мөн хуулийн 40.1.4 дэхь хэсэгт 2010 оны хөдөлмөрийн гэрээ, мөн 2013 оны хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3.4 дахь хэсэгт ажилтан хөдөлмөрлөх үүрэгтээ хайнга хандаж, удаа дараа гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлийг заасан. Ноцтой зөрчлийг гэрээгээр тусгайлан зохицуулж хэлбэршүүлсэн байгаа. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.2.11К-хэсэгт ажлын хариуцлагаас шалтгаалан технологийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн гэсэн тус тус заалтыг үндэслэн иргэн Л.Бадамцэцэгийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гологдол бүтээгдэхүүн удаа дараа гаргасан гэдэгт юу хамаарах байна вэ гэхээр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нь будагны үнэр шингэсэн байдаг. Үүнийг тухайн өдрийн ээлж ахлаж байгаа мастер урьдчилан тооцох бололцоо байсан ч ажилдаа хайнга хандсаны улмаас гологдол бүтээгдэхүүн гарсан гэсэн үндэслэлүүдээр тогтоогдож байгаа юм. Будаг хийх талаар урьдчилан мэдэгдээгүй, өөрийг нь эмнэлэгт хэвтэж байхад ажлаас чөлөөлсөн гэж байгаа энэ тайлбарыг анх удаа шүүх хуралдааны танхимд сонсож байна. Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.9 дэхь хэсэгт ажилтанд чөлөө олгох талаар зохицуулсан байдаг бөгөөд ажилтны чөлөө авах тухай хүсэлтийг үндэслэн 1 хоногийн чөлөөг шууд харъяалах удирдлага, 2 буюу түүнээс дээш хоногийн чөлөөг гүйцэтгэх захирлын тушаалаар олгохоор заасан байдаг. Л.Бадамцэцэг чөлөө авах тухай хүсэлтээ гаргаагүй, албан ёсоор чөлөөний хуудсаа удирдлагадаа цохуулаагүй мөн тушаал гарсан өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлэгт хэвтсэн тухай эмнэлэг, эмчийн магадлагаа албан ёсоор ирүүлээгүй байсан тул бидний гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй юм гэв.

 

Шүүх зохигчийн гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Л.Бадамцэцэг нь “Атар-Өргөө” ХК-д холбогдуулан, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 4.200.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

 

“Атар өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 252 дугаар тушаалаар “...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйл, хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11к, хөдөлмөрийн гэрээний 2.3.4-т заасныг үндэслэн компанийн 1-р үйлдвэрийн ээлжийн мастер ажилтай Л.Бадамцэцэгийг технологийн горим зөрчиж, гологдол бүтээгдэхүүн удаа дараа үйлдэрлэдэг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ээлжийг ахлан ажиллаж байх хугацаанд ажил үүрэгтээ хайнга хандаж, үйлдвэрлэлийн дамжлага дундын хяналтыг хийгээгүйгээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс гадны биет илэрч хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн тул 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцалсугай” гэжээ.

 

Улаанбаатар хотын “Атар өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаар тушаалаар Л.Бадамцэцэгийг 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс үйлдвэрийн албанд технологийн ажилд томилж, талууд 2010 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 389 дугаар “Хөдөлмөрийн гэрээ” байгуулсан, мөн Улаанбаатар хотын “Атар өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2011 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 104 дүгээр тушаалаар Л.Бадамцэцэгийг 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1-р үйлдвэрт түр ээлжийн мастераар ажиллуулахаар томилж, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүйбөгөөд гэрээ байгуулагдсан эсэх талаар зохигчид маргаагүй байна.

 

Ажилтан Л.Бадамэцэцэгийг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т “сахилгын зөрчлийг давтан гаргасан, хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл Л.Бадамцэцэгт сахилгын шийтгэл ногдуулсан талаарх шийдвэр болон түүнийг “технологийн горим зөрчиж, гологдол бүтээгдэхүүн удаа дараа үйлдэрлэсэн” гэсэн тушаалд дурдсан нь холбогдох баримтаар нотлогдохгүй байна.

 

Мөн ажил олгогчоос Л.Бадамцэцэгийг 1-р үйлдвэрт түр ээлжийн мастерын ажилд томилсноос хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул Л.Бадамцэцэгийг “хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж үзэхгүй юм.

 

Түүнчлэн, тушаалд “...Л.Бадамцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ээлжийг ахлан ажиллаж байх хугацаанд ажил үүрэгтээ хайнга хандаж, үйлдвэрлэлийн дамжлага дундын хяналтыг хийгээгүйгээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс гадны биет илэрч хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журмаар хүлээсэн үүргээ зөрчсөн” гэх боловч ажил олгогч “Атар өргөө” ХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “...Л.Бадамцэцэгийг 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажиллаагүй, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажилласан” гэжээ.

 

Иймд ажил олгогч “Атар өргөө” ХК нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг зөрчиж 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 252 дугаар тушаал гаргаж, ажилтан Л.Бадамцэцэгийг компанийн 1-р үйлдвэрийн ээлжийн мастер ажиллаас нь чөлөөлсөн байх тул түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Л.Бадамцэцэгийн 000080341 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийн сүүлийн 7, 8, 9 дүгээр саруудын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дундаж цалин хөлсийн 1 хоногт ногдох 42.412 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүртэлх нийт ажлын 74  хоногоор тооцож 3.138.488 төгрөгийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорыг хариуцагч “Атар өргөө” ХК-иас гаргуулан нэхэмжлэгч Л.Бадамцэцэгт олгож, “ажилгүй байсан хугацааны цалин 4.200.000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.061.512 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу Л.Бадамцэцэгийннийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Атар өргөө” ХХК-д даалгах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Л.Бадамцэцэг нь өмгөөлөгч Д.Мядагбадамаас эрх зүйн туслалцаа авч, талуудын хооронд байгуулагдсан “Хууль зүйн туслалаа үзүүлэх гэрээ”-ний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, Монгол Улсын Үндсэн хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхээ эдлэсэн байх тул хариуцагч “Атар өргөө” ХК-иас өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

Л.Бадамцэцэг нь шүүх хуралдааны явцад ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 4.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4.200.000 төгрөг болгосныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасан журмын дагуу хариуцагч талд гардуулах шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бадамцэцэгийг “Атар өргөө” ХК-ийн 1-р үйлдвэрийн ээлжийн мастер ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Атар өргөө” ХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3.138.488 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бадамцэцэгт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1.061.512 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Л.Бадамцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Атар өргөө” ХК-д даалгасугай.

 

4. Нэхэмжлэгч Л.Бадамцэцэгийн “...өмгөөлөгчийн хөлс 800.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бадамцэцэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, түүнээс илүү 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 34.350 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан олгох, хариуцагч “Атар өргөө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураажид 65.165 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ж.СЭМЖИД