Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 973

 

Л.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Т.Туяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00413 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Атар-Өргөө” ХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт    4 200 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Л.Бадамцэцэг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Мядагбадам

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөдөө аж ахуйн их сургуулийг төгсөөд 2010 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Атар-Өргөө” ХК-д технологийн ажилчнаар ажилд орсон. Улмаар 2011 оны 9 дугаар сарын 29-ний өдөр ээлжийн мастер болж, энэ байгууллагад тасралтгүй 6 жил ажилласан.

Би 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдөр эмнэлэгт хэвтсэн ч хагалгаа хугацаагүйгээр хойшлогдсон тул тэр өдрөө эмнэлгээс гарсан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн өргөө амаржих газарт хэвтэж, 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хагалгаад орсон бөгөөд хагалгаанаас гарч ирсэний дараа лабораторийн эрхлэгч В.Баттуяа “2016 оны 10 дугаар сарын 22, 23-ны өдөр үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс будаг амтагдсан гэсэн гомдол ирсэн, чи арга хэмжээ авсангүй” гэж утсаар хэлсэн.

2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед би цэвэрлэгээ хийхээр ажилчдаа аваад ороход надад мэдэгдэлгүйгээр будаг хийгээд эхэлсэн байсан буюу надад мэдэгдэх хуудас өгөөгүй.

Би 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн өргөө амаржих газраас гарсан, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 11-ний өдөр хүртэл Сэтгэцийн эрүүл мэндийн төв эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн.

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 252 дугаар тушаалд “2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ээлжийг ахлан ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтээ хайнга хандаж, үйлдвэрлэлийн дамжлага дундын хяналтыг хийгээгүйн улмаас үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс гадны биет илэрсэн” гэжээ. Энэ өдөр би эмнэлэгт хэвтэж байсан ба ээлжийн ахлагч хийгээгүй, удаа дараа гологдол бүтээгдэхүүн гаргаж байгаагүй. Яг миний үйлдвэрлэсэн талхнаас тэр хар тугалга гарсан эсэх нь тодорхойгүй учраас би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй.

Намайг эмнэлэгт байх хугацаанд буюу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ажилласан гэж үндэслэлгүй ажлаас халсан учраас би гомдолтой байгаа. Иймд намайг ажлаас үндэслэлгүй халсан тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 3 сар 12 хоногийн цалинд 4 200 000 төгрөг, өмгөөллийн хөлс 800 000 төгрөг нийт 5 000 000 төгрөгийг “Атар-Өргөө” ХК-иас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Атар-Өргөө” ХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Бадамцэцэг нь ноцтой зөрчил гаргасан. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үйлдвэрлэгдсэн “Өргөө” хар талхнаас 0,5 мм диаметртэй хөнгөн цагаан, дугуй хэлбэртэй бөмбөлөг гарч ирсэн тухай хэрэглэгч н.Болортунгалаг компанид гомдол гаргасан.

Гомдлын дагуу компанийн итгэмжлэгдсэн лабораторт шинжилгээ хийж, мөн техникийн албаар давхар шалгуулж бүтээгдэхүүнээс гарсан гадны биет нь үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмжид хамааралгүй болох нь тогтоогдсон. Техникийн албаны зүгээс гурил шигшигчийн сетка цоороогүй тул гадны биет гаднаас орсон талаар тодорхойлсон байдаг. Энэ гадны биет нь өөрөө бүтээгдэхүүн үйлдвэрлэх явцад зуурмаганд орсон байж болзошгүй байна гэж дүгнэсэн. Энэ нь ажилчиддаа мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үүрэг бүхий ээлжийн мастертай шууд холбоотой.

 Л.Бадамцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр манай компанийн 2 дугаар үйлдвэрт ээлжийн мастераар ээлж ахлан ажиллаж байх хугацаандаа ажил үүрэгтээ хайнга хандаж, үйлдвэрлэлийн дамжлага дундын хяналтыг хийгээгүйгээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд нь гадны биет орсон. Уг зөрчил нь манай компанийн эрхлэх үйл ажиллагааны онцлогоос хамаарч хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ноцтой зөрчил юм.

Лабораторын дүгнэлтийн хувьд 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөр бичигддэг.

Бид нар тушаал шийдвэр гаргахдаа 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдрийг 24-ний өдөр гэж бичсэн байна. Учир нь 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдаанд гарсан шинэ талхаа 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэдэг ойлголтоор энэ өдрөөр тушаал дээрээ оруулсан байна.

Тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан  хөдөлмөрийн харилцааг шууд  зогсоохоор хуульд заасан ноцтой зөрчил гаргасан, 2010 оны хөдөлмөрийн гэрээ, мөн 2013 оны хөдөлмөрийн гэрээний 2.3.4 дахь хэсэгт ажилтан хөдөлмөрлөх үүрэгтээ хайнга хандаж, удаа дараа гологдол бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, ажлын хариуцлага алдсан гэсэн үндэслэлийг заасан. Ноцтой зөрчлийг гэрээгээр тусгайлан зохицуулж хэлбэршүүлсэн байгаа.

Мөн хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11к хэсэгт ажлын хариуцлагаас шалтгаалан технологийн болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг зөрчсөн гэсэн тус тус заалтыг үндэслэн иргэн Л.Бадамцэцэгийн хөдөлмөрийн гэрээг цуцалсан.

Гологдол бүтээгдэхүүн удаа дараа гаргасан гэдэгт түүний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд будагны үнэр шингэсэн байдагтай холбоотой. Үүнийг тухайн өдрийн ээлж ахлаж байгаа мастер урьдчилан тооцох бололцоо байсан ч ажилдаа хайнга хандсаны улмаас гологдол бүтээгдэхүүн гарсан нь тогтоогдож байгаа юм.

Компанийн хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.9 дэхь хэсэгт ажилтанд чөлөө олгох талаар зохицуулсан байдаг бөгөөд ажилтны чөлөө авах тухай хүсэлтийг үндэслэн 1 хоногийн чөлөөг шууд харьяалах удирдлага, 2 буюу түүнээс дээш хоногийн чөлөөг гүйцэтгэх захирлын тушаалаар олгохоор заасан байдаг. Л.Бадамцэцэг чөлөө авах тухай хүсэлтээ гаргаагүй, албан ёсоор чөлөөний хуудсаа удирдлагадаа цохуулаагүй мөн тушаал гарсан өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр эмнэлэгт хэвтсэн тухай эмнэлэг, эмчийн магадлагаа албан ёсоор ирүүлээгүй байсан тул бидний гаргасан тушаал хууль зүйн үндэслэлтэй юм гэв.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дүгээр зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бадамцэцэгийг “Атар өргөө” ХК-ийн 1-р үйлдвэрийн ээлжийн мастер ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “Атар өргөө” ХК-иас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 3 138 488 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бадамцэцэгт олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 061 512 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан Л.Бадамцэцэгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч “Атар өргөө” ХК-д даалгаж,

Нэхэмжлэгч Л.Бадамцэцэгийн өмгөөлөгчийн хөлс 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бадамцэцэг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, түүнээс илүү 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 34.350 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас буцаан олгох, хариуцагч “Атар өргөө” ХХК-иас улсын тэмдэгтийн хураажид 65 165 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн 2603030349 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тодорхойлоогүй. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ нэхэмжлэгч Л.Бадамцэцэгийг 2011 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 1-р үйлдвэрт түр ээлжийн мастераар ажиллуулахаар томилж, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй бөгөөд гэрээ байгуулагдсан эсэх талаар талууд маргаагүй байна гэж дүгнэсэн атлаа "ажил олгогчоос Л.Бадамцэцэгийг 1-р үйлдвэрт түр ээлжийн мастерын ажилд томилсноос хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байх тул Л.Бадамцэцэгийг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэхгүй юм" гэж дүгнэсэн нь хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг хууль хэрэглээний үүднээс оновчтой байдлаар зөв тайлбарлаж чадаагүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт "хөдөлмөрийн гэрээг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно" гэж ерөнхий байдлаар дүгнэхдээ ямар ч хууль зүйн үндэслэлгүй, дүгнэлтийн агуулгаа баримтын хүрээнд дэлгэрүүлж тайлбарлаагүй.

Тэрчлэн ажил олгогч өөрийн эрхлэх үйл ажиллагааны онцлогт тохируулан хөдөлмөрийн гэрээний нөхцөл, үндсэн шаардлагаа тодорхойлох, түүнийгээ ажилтантай тохиролцон хөдөлмөрийн гэрээгээр хэлбэршүүлж тухайлан заасан байтал гэрээнд заасан ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж өнгөц дүгнэлт хийсэн нь буруу юм.

Ямар учраас тогтоогдохгүй байна гэж үзэж байгаа талаар хууль зүйн үндэслэл бүхий тайлбар, дүгнэлтийг хийгээгүй. Үүнээс шалтгаалж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлээгүй. 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдаанд гарсан “Өргөө хар” талхнаас 0,5 мм диаметртэй хөнгөн цагаан, дугуй хэлбэртэй бөмбөлөг гарч ирсэн тухай хэрэглэгч н.Болортунгалаг компанид гомдол гаргасан. Гомдлын дагуу компанийн лабораторт шинжилгээ хийж мөн техникийн албаар давхар шалгуулж бүтээгдэхүүнээс гарсан гадны биет үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, орчноос гарсан эсэхийг шалгуулахад уг гадны биет нь үйлдвэрлэлийн орчин, тоног төхөөрөмжинд хамааралгүй болох нь лаборатори болон техникийн албаны тодорхойлолтоор тогтоогдсон. Техникийн албаны зүгээс гурил шигшигчийн сетка цоороогүй тул гадны биет гаднаас орсон талаар тодорхойлсон.

Хөдөлмөрийн ноцтой зөрчлийг компанийн хэмжээнд холбогдох алба, нэгжүүд чиг үүргийн хүрээнд шалгаж тогтоосон, энэ тухай холбогдох дүгнэлтүүдээ гаргаж хавтаст хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулж авахуулсан байтал шүүх ноцтой зөрчилд холбогдох баримтуудыг нотолгооны ач холбогдолтой талаас нь үнэлж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг анхан шатны шүүх зөрчсөн.

Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулав.

 

            Нэхэмжлэгч Л.Бадамцэцэг нь хариуцагч “Атар-Өргөө” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

   “Атар-Өргөө” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 96 дугаар тушаалаар Л.Бадамцэцэгийг үйлдвэрийн албанд технологийн ажилчнаар, 2011 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 104 дугаар тушаалаар 1-р үйлдвэрт түр ээлжийн мастераар тус тус томилж ажиллуулж байсан талаар талууд маргаангүй.

 

            Хариуцагч байгууллагын гүйцэтгэх захирлын 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 252 тоот тушаалаар ажилтан Л.Бадамцэцэгтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, хөдөлмөрийн дотоод журмын 2.2.11к, хөдөлмөрийн гэрээний 2.3.4-т заасныг тус тус үндэслэн түүнийг технологийн горим зөрчиж, гологдол бүтээгдэхүүн удаа дараа үйлдвэрлэдэг, 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр ээлжийг ахлан ажиллаж байх хугацаанд ажил үүрэгтээ хайнга хандаж, үйлдвэрлэлийн дамжлаг дундын хяналтыг хийгээгүйгээс үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээс гадны биет илэрч хөдөлмөрийн гэрээ болон компанийн дотоод журмаар хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэх үндэслэлийг заажээ.

 

            Ажилтан Л.Бадамцэцэг нь технологийн горим зөрчиж, гологдол бүтээгдэхүүн удаа дараа үйлдвэрлэсэн гэх зөрчлийг ажил олгогч тогтоогоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Өөрөөр хэлбэл ажилтны гаргасан зөрчлийг ажил олгогч шалгаж тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулна. Зөрчил нотлогдоогүй тул тушаал үндэслэлгүй болно.  

 

            Харин ажилтан Л.Бадамцэцэг нь 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажлын байрны тодорхойлолт заагдсан ажил үүргээ гүйцэтгэж байхад түүнийг хяналт дор үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнээс гадны биет илэрсэн үйл баримт тогтоогдсон. Тэрээр 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр процесст хяналт тавих дэвтэрт хяналт тавьсан мастер гэж гарын үсэг зурсан байдлаар, “Атар-Өргөө” ХК-ийн лабораторийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар дүгнэлтээр 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр худалдагдсан “Өргөө” хар талхнаас 0.5 мм диаметр, дугуй хэлбэртэй хөнгөн цагаан гарч ирсэн байдлаар нотлогджээ.

           

            Гэвч ажил олгогч нь ажилтан Л.Бадамцэцэгтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй байна.

 

            Хариуцагч буюу ажил олгогчоос нотлох баримтаар гаргасан 2011 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 11262 тоот хөдөлмөрийн гэрээнд ажилтан Л.Бадамцэцэг гарын үсэг зураагүй байна. Ажилтан уг хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй нь ажил олгогч буруугүй гэх тайлбараа хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

            Гэрээний нэг тал гарын үсэг зураагүй нь бичгээр байгуулах гэрээний хэлбэрийн шаардлага хангагдаагүй гэж тооцох бөгөөд талуудын хооронд гэрээг байгуулагдаагүй гэж үзнэ. Энэ тохиолдолд талууд ноцтой зөрчлийн талаар тохирсон гэж үзэхгүй юм.

 

            Талуудын хооронд байгуулагдсан 2010 оны хөдөлмөрийн гэрээнд ажилтны эрхлэх ажил, албан тушаалыг технологийн ажилчин гэж тодорхойлсон байх тул 2016 онд ээлжийн мастериар ажиллаж буй ажилтантай ноцтой зөрчлийн талаар тохирсон гэж дүгнэхгүй тул энэ талаар гаргасан хариуцагч талын тайлбар үндэслэлгүй болжээ.

            Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Бадамцэцэгийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасантай нийцжээ

 

            Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа зохих журмын дагуу чөлөө аваагүй гэх үндэслэл заагаагүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбарыг хэрэгт хамааралгүй гэж үзнэ.

 

            Анхан шатны шүүх Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7 дахь хэсэгт заасантай нийцүүлэн нийт 3 138 488 төгрөгийн олговрыг хариуцагч байгууллагаас гаргуулж нэхэмжлэгчид олгон шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Харин анхан шатны шүүх хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохих заалтыг баримтлаагүйг залруулан зөвтгөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШШ2017/00413 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

4 дэх заалтын “нэхэмжлэгч” гэсний өмнө “ Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул...” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Атар-Өргөө” ХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.ДАВААДОРЖ

 

       ШҮҮГЧИД                                    Т.ТУЯА

 

Э.ЗОЛЗАЯА