Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 307

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

А.Ат холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Т.Оюунжаргал,

шүүгдэгч А.А, түүний өмгөөлөгч Г.Мөнхцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Аын гаргасан давж заалдах гомдлоор А.Ат холбогдох 201726020998 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

А.А, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ ажилтай байсан, ам бүл 5, өвөө, эхнэр, 2 хүүхдийн хамт хх дүүргийн хх дүгээр хороо, хх тоотод оршин суух бүртгэлтэй,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 4 сар 10 хоног баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан,

А.А нь 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Э-ыг “хямдхан автомашин зарна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 4,850,000 төгрөгийг,

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 50,000 төгрөгийг, 2017 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Д.Б-ийг “Приус-30” загварын автомашин хямдхан зарна хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 10,000,000 төгрөгийг,

2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Г-ыг “хямдхан автомашин зарна хэмээн” хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж 4,000,000 төгрөгийг тус тус залилж бусдад нийт 18,850,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас: А.Ат холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Аыг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ат оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан А.Ааас нийт 9,250,100 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Г-т 3,000,000 төгрөг, хохирогч Д.Б-т 4,100,100 төгрөг, хохирогч Г.Э-д 4,850,000 төгрөгийг олгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анх надад машин зарах санал тавьсан, хохирогч нарын мөнгийг надаар дамжуулан авч байсан Гантулга гэдэг хүнийг олж тогтоож, шалгахгүйгээр хэт нэг талыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үздэг юм. Би мөрдөн байцаалтын шатанд Гантулгын ажлын газар болон утасны дугаарыг нь өгч түүнтэй хэдийд хэрхэн ярьж, түүний заавраар хэдийд ямар дугаар руу ярьж мөнгө, төгрөгийг хэрхэн аваачиж өгч байсан зэргийг шалгуулах хүсэлт тавьсан боловч хүлээн авахгүй, энэ хэргийг удирдан зохион байгуулж байсан гол этгээд болох Гантулгыг ял завшуулсанд маш их гомдолтой байна.

Миний бие энэ гэмт хэрэгт холбогдсоноос эхлэн өөрийн гэм буруутай үйлдлээ ойлгон ухамсарлаж, хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, үнэн зөв мэдүүлэг өгч хохирогч нарын хохирлыг боломж, бололцооныхоо хирээр шүүхийн шийдвэрлэх хугацаанд хохирлыг нөхөн төлсөн, үлдсэн хэсгийг цаашид ч нөхөн төлөхөө илэрхийлсээр ирсэн байгаа. Би хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, учруулсан хохирлоо нөхөн төлж байгаа, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэрэг, тодорхой оршин суух хаягтай, эхнэр, бага насны 2 хүүхэд, өндөр настай өвөөгийн хамт амьдардаг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн энэрэнгүй зарчмыг баримтлан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү. Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа хэргээ нэгтгэн шалгуулах хүсэлттэй байна...” гэв.

 

Шүүгдэгч А.Аын өмгөөлөгч Г.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхбаярын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. А.Ат холбогдох хэргүүдийг нэгтгэж шалгуулахаар буцааж өгнө үү...” гэв.

 

Прокурор Т.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс А.Ат оногдуулсан ял шийтгэл тохирсон. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх А.Ат холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

А.А нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 1705013290008 дугаартай эрүүгийн хэрэгт, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэст 1806005950249 дугаартай эрүүгийн хэрэгт тус тус шалгагдаж байгаа болох нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 14ёз/1693 дугаар албан бичиг, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 30к4/1797 дугаар албан бичиг, шүүгдэгч А.Аын шалгагдаж байгаа талаарх мэдүүлгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Аын холбогдсон Баянгол дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтэс дээр шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтээр шийдвэрлүүлэх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

 

Учир нь, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хэрэглэх журмыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэхийг заагаагүй орхигдуулсан нь тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн нэг яллах дүгнэлтээр, нэг шүүх хуралдаанаар, нэг тогтоолоор шийдвэрлэх шаардлагыг үүсгэж байна.

 

Өөрөөр хэлбэл, тухайн этгээдийн ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн гэмт хэргүүдийг хэрхэн нэмж нэгтгэх журмыг хуульчлаагүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялыг тогтоох боломжгүй бөгөөд эрхгүй.

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбогдуулан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Ат холбогдох эрүүгийн хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаахаар шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 23 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.Ат холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч А.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

 

                                                                                   Д.ОЧМАНДАХ