| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
| Хэргийн индекс | 28/2022/0121/З |
| Дугаар | 221/МА2022/0492 |
| Огноо | 2022-07-20 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2022/0492
Х.А-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн Х.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 361 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0121/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.А-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн Х.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 361 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг баримтлан Х.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... газраа зориулалтын дагуу ашиглахаар бэлтгэн эрчим хүчний шугам сүлжээ татсан, худаг гаргасан болон чингэлэг байршуулсан гэх асуудал нь маргаан бүхий газрын хөрш залгаа газрууд болох нэхэмжлэгч Х.А-ын нөхөр А.Ч болон түүний төрсөн дүү гэрч А.Э-ийн эзэмшиж буй газарт байрлаж байгаа, тухайн татсан гэх эрчим хүчний шугам сүлжээний 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн огноо бүхий 1482/2018 дугаар бүхий Техникийн нөхцөл нь нэхэмжлэгч Х.А-ын нэр дээр бус харин гэрч А.Э-ийн нэр дээр олгогдсон болох нь хэргийн оролцогчдын тайлбар, гэрч А.Э-ийн мэдүүлэг, маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 2018 оны 1482/2018 дугаар Техникийн нөхцөл болон холбогдох бусад баримтаар... тус тус тогтоогдож байна” гэжээ.
3.2. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үед нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.6-д шүүгч гэрчээс мэдүүлэг урьдчилан авч болно гэх агуулга бүхий заалт байдаг тул гэрчийг шүүх хуралдаанаас өмнө асууж өгөхийг хүсье гээд хүсэлтийнхээ үндэслэлийг гэрчийн мэдүүлэгтэй холбоотой нотлох баримт цуглуулах шаардлага гарч болзошгүй гэж тайлбарласан.
3.3. Гэрчийн мэдүүлэг өгөх үедээ Х.А, А.Ч, Г.М, А.Э нарын дунд хамтран ажиллах гэрээ байдаг тухай, эрчим хүчний шугам сүлжээ барихад мөнгө төлж байсан баримт байдаг тухай, эрчим хүчний шугам сүлжээ барих гэрээ байдаг тухай мэдүүлэг өгсөн.
3.4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь гэрчийн мэдүүлгийн үед дурдагдсан эдгээр баримтуудыг зайлшгүй авах шаардлагатай байна гэх хүсэлтийг шүүх хуралдааны явцад шүүхэд гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс хүсэлтийг шийдвэрлээгүй.
3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ” гэж заасан.
3.7. Дээрх дурдсан баримтууд нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход чухал шаардлагатай байсан. Уг баримтгүйгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд хариуцагчтай үйл баримт ярьж мэтгэлцэх боломжгүй байсан.
Мөн хуулийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...” гэж заасан байдаг. Анхан шатны шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Х.А-аас Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дугаартай захирамжийн Х.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Анх Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн “Газар эзэмшүүлэх эрх олгох тухай” А/505 дугаар захирамжийн хавсралтын 53 дахь заалтаар Х.А-д Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Цагаан бургастын аманд байрлах 50 000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар ахмадын сувиллын зориулалтаар эзэмшүүлж, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмшил, ашиглалтын талбайн хэмжээ, зориулалт өөрчлөх тухай” А/133 дугаар захирамжийн хавсралтын 6 дахь заалтаар газрын хэмжээг 25 000 м.кв-аар нэмэгдүүлж, 2017 оны 05 дугаар сарын 17-ны “Газар эзэмших, ашиглах гэрээ гэрчилгээний хугацаа сунгах тухай” А/234 дүгээр захирамжийн хавсралтын 29 дэх заалтаар газар эзэмших эрхийн хугацааг 15 жилийн хугацаагаар сунгаж байсан үйл баримтууд тогтоогдож байна.
2.3. Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дүгээр захирамжаар Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр Х.А-ын ахмадын сувиллын зориулалттай 75 000 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
2.4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулаагүй буюу атраараа байгаа нь анхан шатны шүүхийн маргаан бүхий газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл болон фото зургуудаар тогтоогдож байна.
2.5. Анхан шатны шүүхээс “...хариуцагч нь маргаан бүхий захиргааны акт болох Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/621 дүгээр захирамжийн нэхэмжлэгч Х.А-д холбогдох хэсгийг гаргахдаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасан нөхцөл байдлыг буюу нэхэмжлэгчээс анх 2015 оноос эзэмшиж эхэлсэн газар дээрээ газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй гэх нөхцөл байдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу шалган тогтоож шийдвэрлэсэн байна...” гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн зөв байна.
2.6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдолдоо “Х.А, А.Ч, Г.М, А.Э нарын дунд хамтран ажиллах гэрээ байдаг тухай, эрчим хүчний шугам сүлжээ барихад мөнгө төлж байсан баримтууд байдаг тухай, эрчим хүчний шугам сүлжээ барих гэрээ байдаг тухай...” баримтууд нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал шаардлагатай ... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасан ... анхан шатны шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй... “ гэжээ.
2.7. Х.А, А.Ч, Г.М, А.Э нарын тухайд гэр бүлийн болон төрөл садны холбоотой хүмүүс болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчээс Х.А, А.Ч, Г.М, А.Э нарын дунд байгуулсан хамтран ажиллах гэрээ, эрчим хүчний шугам сүлжээ барихад мөнгө төлж байсан баримтууд болон эрчим хүчний шугам сүлжээ барих гэрээ зэрэг баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед шүүхэд гаргаж өгөх боломж нээлттэй байсаар байжээ.
2.8. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заажээ.
2.9. Нэхэмжлэгч нь гомдолд дурдсан гэрээнүүдийн нэг тал байхаас гадна тухайн газарт ямар нэгэн байдлаар хөрөнгө оруулсан, зориулалтын дагуу ашиглаж байсан эсэх талаар өөрт байгаа нотлох баримтаа гаргаж өгөөгүй энэ тохиолдолд анхан шатны шүүхийг нотлох баримт цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй гэж буруутгах боломжгүй юм.
2.10. Эцэст нь дүгнэхэд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасны дагуу шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудад үндэслэн хэргийг шийдвэрлэжээ.
2.11. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 361 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН