Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 55

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Ч,

Шүүгдэгч Б.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.С-т холбогдох эрүүгийн 2024000000012 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч:  Улсын иргэн,  төрсөн, 34 настай, эрэгтэй,  боловсролтой, цахилгаан тоног төхөөрөмж, ашиглалтын инженер мэргэжилтэй, түгээгч ажилтай, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг, ИЦ регистрийн дугаартай, Д овогт Б.С.

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бургастын Баянжалгын Битүү гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4 метрийн урттай 8,411 метр куб нойтон модыг ойгоос бэлтгэж, тээвэрлэн ойн санд 1,998,453 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.С нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бургастын Баянжалгын Битүү гэх газраас зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4 метрийн урттай 8,411 метр куб нойтон модыг ойгоос бэлтгэж, 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөр шилжин шөнө тээвэрлэсэн үйл баримт нь:

Гэрч Т.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.С нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 15 цагийн үед намайг хониндоо явж байхад миний гар утас руу өөрийнхөө 88191000 дугаараас залгаад би маргааш Бургастаас хэрэглээний 4 метрийн моднууд ачих гэсэн юм зав байвал ачилцаад өгөөч гэж гуйсан юм. Орой нар жаргаж, харуй бүрий болох гэж байхад Б.С сумын төвөөс Ж гэх хүнийг ЗИЛ-131 маркийн автомашинтай нь гарч ирсэн. Би гэрийнхээ урд талд зам дээрээс машинд суугаад явсан. Тухайн үед бид нар машинтайгаа явсаар байгаад харанхуй болсон хойно Үржил багийн нутаг Бургастын Баянжалгын Битүү гэх газар очсон. Тэгээд тухайн газраас хийгээд бэлдчихсэн байсан хэрэглээний шинэс төрлийн 4 метрийн урттай 31 ширхэг бөөрөнхий моднуудыг Б.С, Т, Л бид нар хамт Жааяа ахын ЗИЛ-131 маркийн автомашин дээр шөнө 02 цагийн үед ачиж дууссан юм. Тухайн моднуудыг Б.С өөрөө ганцаараа 2019 оны 12 дугаар сарын 10-ны үеэр байх надаас миний цагаан өнгийн цахилгаан хөрөөг мод хийх гэсэн юм гэж хэлээд гуйгаад авч байсан юм. Харин надаас хөрөө авах үедээ Б.С дээрх моднуудыг Бургастын Б Битүү гэх газраас бэлтгэсэн юм шиг санагдсан. Модыг ачиж байхдаа гоожинтой эсэхийг С-с асуухад гоожин байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх 53-55/,

Гэрч Т.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.С 2020 оны 4 дүгээр сарын 08-ны орой 20 цагийн үед байх над руу өөрийнхөө 88191000 дугаараас залгаад би сумын төвөөс машинтай гарах гэж байна. Та надад Бургастаас мод ачилцаад өгөөч гэж гуйсан. Намайг машины кабинд суух үед Сүхбаатар, Лхаа, жолооч Жааяа гуай нар байсан. Тухайн газарт хийгээд бэлдчихсэн хэрэглээний 4 метрийн урттай 31 ширхэг бөөрөнхий моднуудыг Б.С, Т.Г, Л бид нар хамт Ж ахын ЗИЛ-131 маркийн автомашин дээр ачсан юм. Мод ачиж байх үед Б.С 2019 оны 12 дугаар сарын 10-ны үеэр Бургастын Баянжалгын Битүү гэх газраас өөрөө ганцаараа тухайн моднуудыг хийж бэлтгэсэн гэж ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх 58-59/,

Гэрч Э.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Б.С нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн үед Ж ахыг ЗИЛ-131 маркийн автомашинтай хэрэглээний 4 метрийн урттай модыг сумын төв руу  тээвэрлэж орж ирээд цагдаад баригдаад шалгуулсан гэсэн. Тухайн модыг хаанаас бэлдсэн талаар мэдэхгүй. Гоожин авсан гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 60-61/,

Гэрч Б.Ж-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С нь 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн үед Их-Уул сумын төвд уулзаад Үржил багийн нутаг Бургаст гэх газраас хэрэглээний 4 метрийн урттай мод ачих гэсэн юм гоожин нь хугацаа дуусах гээд байна. Та машинаараа яваад өгөөч гэж гуйсан. С нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр бичүүлсэн хэрэглээний 4 метр куб модны эрхийн бичиг үзүүлсэн. Тэгээд тухайн өдрийн 21 цагийн үед С, Л бид нар сумын төвөөс гарсан. Замдаа хоёр танихгүй залуу суусан. Нэрийг нь мэдэхгүй газар очсон. Тухайн газарт 4 метрийн урттай 30 орчим бөөрөнхий мод байсан. Тэгээд залуучууд модыг ачсан. Би машинд ороод унтсан. ...Миний хувьд шөнө замын цагдааг нойтон мод ачсан байна гэхээр нь гайхаад ачсан мод руугаа гэрэл тусгаад харсан чинь 10 орчим нойтон моднууд ачигдсан байсныг тэгэхэд анх мэдсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх 62-63/,

Гэрч Н.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөрт шилжих шөнө 04 цагийн үед үүрэг гүйцэтгэх хугацаанд Их-Уул сумын төвд Ирээдүй хорооллын замд ЗИЛ-131 маркийн 45-13 ЗАН улсын дугаартай автомашин 4 метрийн урттай хэрэглээний шинэс төрлийн мод ачсан явж байхад зогсоож шалгасан юм. Тухайн тээвэрлэн явсан моднууд дотор цагаан захтай нойтон моднууд харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх 65-66/,

Гэрч Э.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С нь 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 21 цагийн үед манайд ирээд Үржил багийн Бургастын тэндээс 4 метрийн урттай мод ачиж ирэх гэсэн юм хамт яваад өгөөч гэж гуйсан. С-с ачих модонд гоожин байгаа эсэхийг асуухад байгаа гэж хэлсэн. Тэгээд Ж ахын ЗИЛ-131 маркийн 45-13 ЗАН улсын дугаартай машинаар сумын төвөөс С бид гурав хамт явсан. Замдаа Г, Т хоёрыг суулгаад Үржил багийн Бургаст гэх газрын ойролцоо нэрийг мэдэхгүй газар очсон. Тэнд 4 метрийн урттай 30 гаран мод хийгээд бэлдсэн байсан. Тэгээд Ж ах машиндаа орж унтаад бид нар модыг ачсан. Шөнө 4 цагийн үед сумын төв орж байхад цагдаа таараад моднуудыг нойтон мод байна гээд саатуулсан. Тэр моднууд дотор 10 орчим 4 метрийн нойтон мод байсан юм. Тухайн моднууд алсаараа их хүнд чийгтэй моднууд байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 68-69/,

Гэрч Б.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр надаас 044367 дугаартай 4 метр куб хэрэглээний модны эрхийн бичгийг бичүүлж авсан. С-н бэлтгэсэн гэх модыг цагдаагийн журмын хашаанд байхад нь үзэхэд ерөнхийдөө чийгтэй цагаан захтай нойтон моднууд байсан. Ойгоос хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр нойтон мод бэлтгэж болохгүй хуулиар хориотой...” гэсэн мэдүүлэг /хх 66-67/

Иргэний нэхэмжлэгч М.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хэргийн яллагдагч Б.С нь ойн санд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг төлж барагдуулахаар бид хоёр сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан байгаа. Б.С-н зүгээс нөхөн төлбөрийн мөнгийг 2 хувааж төлж барагдуулах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан байгаа учир цаашид миний зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 48-49/

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай “...Иргэн Б.С-н ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар/ мод бэлтгэсэн байна. Уг мод нь нийт 31 ширхэг хэрэглээний нойтон мод байна. 31 ширхэг хэрэглээний нойтон мод нийт 8,411м3 байна. Тухайн мод бэлтгэсэн гэх Бургаст гэдэг газар нь ойн сангийн 2 дугаар мужлалд хамрагдана. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 132,000 төгрөг байна. Б.Сүхбаатарын ойгоос бэлтгэсэн моднууд цаг хугацааны хувьд хөрөөний тайрдсыг харахад сараас өмнө бэлтгэсэн моднууд байна. Б.С-н ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг БОАЖ-ын сайдын 2009 оны 394-р тушаалыг үндэслэн тогтооход 2-р мужийн 1 м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 132,000 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 137,600 төгрөг, бэлтгэсэн 8,411 м3 модын экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,998,453 төгрөг байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн тоолуурын хүснэгт /хх 75-78/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх 08-11/ тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Мөн шүүгдэгч Б.С-н  “...Мод бэлтгэж тээвэрлэсэн талаар маргах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудтай тохирч байх тул шүүх түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бургастын Баянжалгын Битүү гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4 метрийн урттай 8,411 метр куб нойтон модыг бэлтгэж, тээвэрлэсэн болохыг давхар нотолж байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.С-н дээрх үйлдлийн улмаас байгаль экологид 1,998,453 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дугаартай “...Б.С-н ойгоос хийж бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн тогтооход 2-р мужийн 1м3 шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 132,000 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны эдийн засгийн үнэлгээ 137,600 төгрөг бэлтгэсэн 8,411 м3 хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,998,453 төгрөг байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С-т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо зөрүүгүй байхын зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудын шууд ба шууд бус сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй, шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.С-н Завхан аймгийн Их-Уул сумын Үржил багийн нутаг Бургастын Баянжалгын Битүү гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн 4 метрийн урттай 8,411 метр куб нойтон модыг бэлтгэж, Завхан аймгийн Их-Уул сумын төв рүү тээвэрлэсэн үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байх ба түүний үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.С нь 31 тооны нойтон шинэс мод тайрч, 8,411 м3 мод бэлтгэсний улмаас байгаль экологид учирсан нийт 1,998,453 төгрөгийн хохирлыг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 5,995,359 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан 3 сая төгрөг төлсөн ХААН банкны, 2,995,359 төгрөг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар /хх 84/ тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан гэмт хэргийг үйлдсэн байх ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасны дагуу хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Тиймээс шүүгдэгч Б.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.С-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ЗИЛ-131” маркийн 45-13 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б.Ж-н өмчлөлийнх болох нь “...Улсын дугаар 45-13 ЗАН, марк загвар “ZIL-131”, өмчлөгч Б.Ж...” гэсэн авто тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, Б.Ж-н “...ЗИЛ 131 маркийн машин миний өмчлөлийнх С-г гуйсан болохоор явсан...” гэсэн мэдүүлэг,

Цагаан шар алаг өнгийн Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөө нь иргэний нэхэмжлэгч Т.Г-н өмчлөлийнх болох нь түүний “...2019 оны 12 дугаар сарын 10-ны үеэр байх надаас миний өөрийн эзэмшлийн цагаан өнгийн цахилгаан хөрөөг мод хийх гэсэн юм гээд гуйгаад авч байсан юм. Харин надаас хөрөө авах үедээ Б.С дээрх моднуудыг Бургастын Баянжалгын Битүү гэх газраас бэлтгэсэн юм шиг санагдсан...” гэсэн мэдүүлэг,

Модон иштэй төмөр сүх нь гэрч Т.Т-н өмчлөлийнх мөн 2,85 метрийн урттай хар өнгийн судалтай бор өнгийн даавуун уяа нь шүүдэгчийн өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн “...Модон иштэй төмөр сүхийг Т-с гуйж авсан. Уяа бол миний өөрийн эзэмшлийнх...” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт албадлагын арга хэмжээний төрлийг “үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах” гэж тус тус заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээ авах талаар заасан байх тул шүүгдэгч Б.С-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ЗИЛ-131” маркийн 45-13 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсын үйлдвэрлэсэн цагаан шар алаг өнгөтэй цахилгаан хөрөө, модон иштэй төмөр сүхийг тус тус хууль ёсны өмчлөгчид буцаан олгож, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 31 тооны 4 метрийн урттай хэрэглээний 8,411 м3 нойтон модыг улсын орлого болгож, мөн “ЗИЛ-131” маркийн 45-13 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 170,000 төгрөг, модон иштэй төмөр сүхний үнэ 50,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгож, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 31 тооны 4 метрийн урттай хэрэглээний 8,411 м3 модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг даалгаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2,85 метрийн урттай хар өнгийн судалтай бор өнгийн даавуун олс /уяа/-г устгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.С-н хувьд ногдох хөрөнгө буюу түүний өмчлөлийн хөрөнгөөс 19-27 ЗАА улсын дугаартай “Prius” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4/06 дугаартай тогтоолыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохиролд 5,995,359 төгрөг төлсөн болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дайртан овогт Б.С-г зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.С-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ЗИЛ-131” маркийн 45-13 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Хятад улсын үйлдвэрлэсэн цагаан шар алаг өнгөтэй цахилгаан хөрөө, модон иштэй төмөр сүхийг тус тус хууль ёсны өмчлөгчид олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.С-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ЗИЛ-131” маркийн 45-13 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4,000,000 /дөрөв сая/ төгрөг, цахилгаан хөрөөний үнэ 170,000 /нэг зуун далан мянга/ төгрөг, модон иштэй төмөр сүхний үнэ 50,000 /тавин мянга/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох 31 тооны 4 метрийн урттай хэрэглээний 8,411 м3 нойтон модыг тус тус улсын орлого болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2,85 метрийн урттай хар өнгийн судалтай бор өнгийн даавуун олс /уяа/-г устгасугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.С-н гэмт хэрэг үйлдэж олсон 31 тооны 4 метрийн урттай хэрэглээний 8,411 м3 нойтон модыг худалдан борлуулж орлогыг улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

9. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 4/06 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, шүүгдэгч Б.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус  хүчингүй болгосугай.

10. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ