Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2020/ШЦТ/1146

 

     2020           11           02                                          2020/ШЦТ/1146

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Жаргалсайхан,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч М.Б..........рж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Отгон тэнгэр овогт М.............нгийн Б..........ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2008 0020 70922 дугаартай 1 хавтаст хэргийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Отгон тэнгэр овогт М.............нгийн Б..........рж, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 2002 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, 18 настай, суурь боловсролтой, Нийслэлийн ерөнхий боловсролын ............................. ангид суралцдаг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт амьдардаг, Ч....................суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..................

 

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Шүүгдэгч М.Б..........рж нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ........................ дугаар гудамжинд “замаар удаан гарлаа” гэх шалтгааны улмаас иргэн Г.Н.............лийн толгой хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж, зодож “хамар ясны зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол хүний эрүүл мэндэд санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б..........рж мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв...” гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Г.Н.............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэртээ харих гээд хамаатны дүү болох Э.Эрдэнэдалайтай хамт зам хөндлөн гартал замаар явж байсан ............ улсын дугаартай “Toyota Axio” маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр залуу миний өмнө автомашинтай ирж зогсоод “чи үхэх чинь дутаа юу” гэж хэлэхээр нь би тухайн хоёр залууд “би гарцаар гарч байна” гэж хэлээд дүүтэйгээ хамт цаашаа Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС-ын 3 дугаар гудамжинд ортол араас тухайн хоёр залуу автомашинтайгаа хүрч ирээд машинаасаа буугаад нэг залуу нь миний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. ...миний биед учирсан гэмтлүүдийг М.Б..........рж миний нүүрэнд 2-3 удаа цохиж учруулсан...надад гомдол санал гэх зүйл байхгүй. Миний биед учирсан гэмтэл зарцуулсан эмчилгээний зардал мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10)

 

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1069 дугаар дүгнэлт

“...Хэсэг газрын үзлэгт: ...Хамрын нурууны 2 талаар овгор, хамрын нуруугаар эмзэглэлтэй. Уруулын зүүн дээд хэсэгт 1.0х1.0см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралттай

2020.01.03-ны Натур Толгойн КТГ: тархины бор цагаан эдийн ялгарал буурсан буюу бага зэргийн хавантай...хамар ясны зүүн хажуу хана зөрүүтэй хугаралтай, хамрын таславч дунд 1/3 хэсгээр зүүн тийш мурийлттай, зүүн хацар орчмын зөөлөн эдэд бага зэргийн хаван хаван хавдартай...ДҮГНЭЛТ

1. Г.Н.............лийн биед хамар ясны зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22)

 

3. Шүүгдэгч М.Б..........ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчим ажлаа тараад найз Н.Ганбаяртай хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ус авах гээд ............ улсын дугаартай “Toyota Axio” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан чинь замын голд үл таних хоёр эрэгтэй явж байсан. ...Г.Н.............л, Э.Эрдэнэдалай нар нь замын голд хоорондоо юм яриад удаан алхаад байхаар нь би “та хоёр дайруулж үхэх нь дутаа юу аминаасаа уйдаа юу” гэж хэлээд Н.Ганбаяр бид хоёр машинтайгаа хөдөлсөн чинь хойноос тухай хоёр залуу орилохоор нь бид хоёр хажуу тийшээ гудамж эргээд тухайн хоёр залуугийн хойноос нь очоод машинаасаа буугаад би “та хоёр юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд Г.Н.............лийн нүүрэнд нь 2-3 удаа гараараа цохисон. Тэгээд Н.Ганбаяр бид хоёр машиндаа суугаад явсан...би хохирогч Г.Н.............лд эмчилгээний зардал болгож 120.000 төгрөг бэлнээр нь өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

4. Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэлд “...М.Б..........рж нь ...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17 нас 7 сар 27 хоногтой байсан байна...” гэх баримт (хавтаст хэргийн 35),

5. Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41, 52), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 40), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 50, 51) хохирол төлсөн талаарх баримт (хавтаст хэргийн 39), гэрч Н.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүх гэрч Н.Ганбаярын мэдүүлгийг нотлох баримтад тооцоогүй ба бусад нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Б..........ржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Б..........рж нь 17 нас 7 сар 27 хоногтой байхдаа Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр АСО-ын 3 дугаар гудамжинд, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр, “замаар удаан гарлаа” гэх шалтгааны улмаас, иргэн Г.Н.............лийн толгой хэсэг рүү нь гараараа 2-3 удаа цохиж, эрүүл мэндэд нь халдан “хамар ясны зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэгт зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь

- Хохирогч Г.Н.............лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэртээ харих гээд хамаатны дүү болох Э.Эрдэнэдалайтай хамт зам хөндлөн гартал замаар явж байсан ............ улсын дугаартай “Toyota Axio” маркийн тээврийн хэрэгсэлтэй хоёр залуу миний өмнө автомашинтай ирж зогсоод “чи үхэх чинь дутаа юу” гэж хэлэхээр нь би тухайн хоёр залууд “би гарцаар гарч байна” гэж хэлээд дүүтэйгээ хамт цаашаа Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо АОС-ын 3 дугаар гудамжинд ортол араас тухайн хоёр залуу автомашинтайгаа хүрч ирээд машинаасаа буугаад нэг залуу нь миний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. ...миний биед учирсан гэмтлүүдийг М.Б..........рж ...2-3 удаа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 09-10),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1069 дугаар дүгнэлт “...1. Г.Н.............лийн биед хамар ясны зүүн хажуу хананы хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн хацар орчмын зөөлөн эдийн няцрал, уруулын дээд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 21-22),

- Шүүгдэгч М.Б..........ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 19 цагийн орчим ажлаа тараад найз Н.Ганбаяртай хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ус авах гээд ............ улсын дугаартай “Toyota Axio” маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан чинь замын голд үл таних хоёр эрэгтэй явж байсан. ...Г.Н.............л, Э.Эрдэнэдалай нар нь замын голд хоорондоо юм яриад удаан алхаад байхаар нь би “та хоёр дайруулж үхэх нь дутаа юу аминаасаа уйдаа юу” гэж хэлээд Н.Ганбаяр бид хоёр машинтайгаа хөдөлсөн чинь хойноос тухай хоёр залуу орилохоор нь бид хоёр хажуу тийшээ гудамж эргээд тухайн хоёр залуугийн хойноос нь очоод машинаасаа буугаад би “та хоёр юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд Г.Н.............лийн нүүрэнд нь 2-3 удаа гараараа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32),

- Мөрдөгчийн нас тоолсон тухай тэмдэглэлд “...М.Б..........рж нь ...2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 17 нас 7 сар 27 хоногтой байсан байна...” гэх баримт (хавтаст хэргийн 35) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч М.Б..........рж нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогч Г.Н.............лийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч М.Б..........рж нь хохирогч Г.Н.............лийн нүүрэн тус газар гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба цохиулснаас болж хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Тиймээс шүүгдэгч М.Б..........ржийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Харин улсын яллагчаас шүүгдэгч М.Б..........ржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж энэ хууль үйлчлэх цаг хугацааг тогтоосон бөгөөд шүүгдэгч М.Б..........ржийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн шинжид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчиг болон уг зүйлийн 1 дэх хэсэгт “санаатай” гэсэн агуулга байгаагүй.

Эрүүгийн эрх зүйн онолоор, гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш батлагдсан болон нэмэлт, өөрчлөлт оруулсан Эрүүгийн хуулиар аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, эрх зүйн байдлыг дээрдүүлсэн бол дагаж мөрдөхөөс өмнөх үеийн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх явдлыг хууль буцаан хэрэглэх гэж тодорхойлдог.

Гэтэл 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 дугаар зүйлээр 2015 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 1 дэх хэсгийн “хохирол” гэсний дараа “санаатай” гэж тус тус нэмэлт оруулсан боловч оногдуулах ялын төрөл, хэмжээг огт хөндөөгүй байна.

Нөгөөтээгүүр, хуулийн энэхүү нэмэлт нь хууль зүйн техникийн шинжтэй засвар байх бөгөөд эрүүгийн эрх зүйн уламжлал болон 2015 оны Эрүүгийн хуулийг дагаж мөрдсөнөөс хойш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хуульд “санаатай” гэж тусгаагүй хэдий ч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байхаар хэрэглэж ирсэн билээ.

Иймд шүүгдэгч М.Б..........ржийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэх бөгөөд, хууль үйлчлэх цаг хугацаа тогтоосон журмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүхийн энэхүү дүгнэлт, техникийн шинжтэй өөрчлөлт нь шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнээс хэтрэхгүй, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйн хэрэг.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Н.............л нь баримтаар 120.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч нь төлж барагдуулсан байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй. Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч М.Б..........ржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд нь 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нь улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүнийг гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

шүүгдэгч М.Б..........рж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М.Б..........ржийн нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдлын хувьд Ерөнхий боловсролын 105 дугаар сургуулийн 12а ангид суралцдаг болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасан бөгөөд мөн хуулийн 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...нэг зуун хориос гурван зуун жаран цагаар тогтооно.” гэж заасныг баримтлан шүүгдэгчид 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан болно.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:” гэж мөн зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх;” гэж тус тус хуульчилсан байна.

Иймд шүүгдэгчийн дээрх хувийн болон хөнгөрүүлэх үзэх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулахаар шийдвэрлэсэн 120 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлөх нь түүний сурч, хөдөлмөрлөх, нийгэмд өөрийн байр суурийг олох, эрх зүйт ёсыг ухамсарлуулахад ач холбогдолтой гэж үзэв.

Эрүүгийн 2008 0020 70922 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.