Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 212/МА2017/00047

 

 

 

Ж.Б ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгчид Н.Туяа, Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101 дүгээр шийдвэртэй, У.Б ы нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Э ХК-нд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Акилбай, хариуцагчийн өмгөөлөгч К.Зулхаш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Э ХК нь хоёр талын хэлцлээс буцсан учраас К ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг тус компанид буцаах, Ө сумын * дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг Э ХК-ийн захиргаанд даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Монгол улсын иргэн Ж.Б би "Э" ХК /хуучин нэрээр/ захирлаар ажиллаж байсан Д.М тай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ ёсоор Ө сумын * дугаар багт байрлалтай * нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газарт Д.М ын гарын бичмэл баримт буюу бичгийн зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр 2007 оноос эхлэн барьсан юм. Өөрөөр хэлбэл уг барилга байгууламжийг барихыг Д.М нь 2010 оны 02 дугаар сарын 09-ны өдөр зөвшөөрч "Миний эзэмшилд байгаа Ө сумын *-р багт орших 500 м.кв газарт иргэн Ж.Б нь үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөөтэй объект барихыг зөвшөөрөв" гэсэн бичиг үйлдсэн юм. Ө сумын * дугаар багт байрлалтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай зургаан өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Монгол улсын иргэн Ж овогт Жийн Б /БЛ ************/ мөн болохыг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газраас 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа юм. Тэгж байтал "Э" ХК-ийн захирал Д.М нь тухайн газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж 2013 оноос уг ажил эхэлсэн юм. Энэ хугацаанд Д.М нь надтай харилцан тохиролцож, миний үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг 40 айлын орон сууц барих ажилчдын контор, түр амрах өрөө болгон ашиглахаар болж, уг барилгыг ашиглуулсны хөлсөнд Ж.Б надад сар бүр 400000 төгрөг төлөхөөр болсон юм. Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулж байсан юм. Гэтэл миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглаж байхад надад мэдэгдэлгүйгээр нураажээ. "Э" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.М нь миний 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болсон тул надад 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хэлцэл хийсэн юм. Эхлээд Д.М нь надад 135.м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр тохиролцсон боловч сүүлд надад "К" ХХК-ны 24 айлын орон сууцнаас 74.м.кв бүхий байр өгөхөөр болж үлдсэн маргаан бүхий 61 м.кв талбайн асуудалд 8 давхартай 40 айлын орон сууцны подволыг бүхэлд нь үйлчилгээний зориулалттай байр болгон ашиглана, үүнээс Танд ногдох 61.м.кв талбайтай подвалын хэсгийг олгоно гэж тохиролцож байсан. Гэтэл 8 давхар 40 айлын орон сууц одоо ашиглалтад орсон боловч подвалыг үйлчилгээний байр болгон ашиглаагүй байна. Иймээс би Эбаян-Өлгий ХК-ийн захирал асан Д.М аас маргаан бүхий 61 м.кв талбайг үйлчилгээний зориулалтаар авах шаардлагагүй гэж үзэж байна. Харин Д.М нь амласан 61 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр өгөхгүй намайг өнөөдөр хүртэл хохироож байна. "Э" ХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.М нь түрээсийн гэрээгээр ашиглаж байсан Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай ************ улсын бүртгэлийн дугаартай 135.м.кв талбайтай 6 өрөө бүхий барилга байгууламжийг миний зөвшөөрөлгүйгээр дур мэдэн нураасан байна. Энэ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т "Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг сэргээн засах зэрэг/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө" гэж заасантай нийцэж байна. Ингээд би одоогийн байдлаар хууль ёсоор өмчилж байсан 6 өрөө бүхий барилга байгууламжаа нураалган үнсэн товрог болгон нөгөө талаас 61 м.кв талбайтай байраа авч чадахгүй зэргээр давхар, давхар хохирч байна. Иймд Эбаян-Өлгий ХК нь хоёр талын тохиролцсон хэлцлээс буцсан тул "К" ХХК-ны 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг " Э ХК-нд буцааж, Өлгий сумын 5 дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг "Э" ХК-нд даалгаж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ж.Б нэхэмжлэлийн шаардлагад "Э" ХК нь хоёр талын хэлэлцэн тохиролцсон хэлцлээс буцсан учраас "К" ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг тус компанид буцаах, Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга, байгууламжийг сэргээн барьж өгөхийг "Э" ХК-ийн захиргаанд даалгах тухай нэхэмжлэл гаргажээ. "Э" ХК-ийн захирал Д.М ад Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 433 тоот захирамжийн үндсэн дээр 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн газар эзэмших эрхийн *********** тоот гэрчилгээний дагуу Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр шүүхийн хойд талаас 500 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн юм. Компанийн захирал Д.М нь иргэн Ж.Б ы хүсэлтээр өөрийн газар эзэмших эрхийн *********** тоот гэрчилгээтэй 500 м2 эзэмшил газрыг бичгээр хийсэн хэлцлийн дагуу үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөө бүхий байр барихад зориулж ашиглуулах талаар тохиролцсон байна. Нэхэмжлэгч Ж.Б нь дээрх газарт Д.М ын бичгээр өгсөн зөвшөөрлийн дагуу үл хөдлөх эд хөрөнгө болох үйлчилгээний зориулалттай 6 өрөө бүхий 135 м.кв талбайтай байр барьсан нь газар эзэмшигч Д.М ын эзэмшилд байгаа 500 м.кв газрын нэг хэсэг болох 135 м.кв газрыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу иргэн Ж.Б хэлцлийн үндсэн дээр ашиглаж байсан явдал юм. Нэхэмжлэгч Ж.Б нь "Э" ХК-ийн захирал асан Д.М ын эзэмшил бүхий 135 м.кв газарт үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болох 6 өрөө нэг давхар барилга барьсан болох нь эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Ү-************-т бүртгэсэн гэрчилгээгээр нотлогдож байна. Дараа нь газар эзэмшигч Д.М нь өөрийн эзэмшилд байсан 500 м.кв газарт нийтийн орон сууцны барилга барихад зайлшгүй шаардлагын үүднээс Ж.Б ы барьсан үл хөдлөх хөрөнгө болох 135 м.кв талбайтай 6 өрөө барилгыг буулгаж оронд газар эзэмшигч Д.М нийтийн орон сууцны барилга барих, Ж.Б ы үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбайтай 6 өрөө барилгыг буулгаж газар эзэмшигч Д.М нь газар ашиглагч бөгөөд 135 м.кв газарт 6 өрөө үйлчилгээний зориулалттай барилгын өмчлөгч Ж.Б д Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг Д.М худалдан авч өгсөн зэрэг Иргэний хуулийн холбогдох зүйл заалтуудын дагуу гэрээ хэлцэлүүд бичгийн болон аман хэлцлийн журмаар хийгдэж байсан байна. "Э" ХК-ийн захирал Д.М нь Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай Ү-************ улсын бүртгэлийн дугаартай 135 м.кв талбайтай 6 өрөө бүхий барилга байгууламжийг миний зөвшөөрөлгүйгээр нураасан байна. Энэ нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т "Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээн учирсан хохирлыг мөнгөөр төлнө" гэдэгт нийцэж байна хэмээн нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлжээ. Гэтэл Ж.Б ы өмчлөлийн 135 м.кв талбайтай 6 өрөө бүхий Ү-************ улсын дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрыг нурааж хариуцагч Д.М түүнд 74 м.кв талбай бүхий орон сууцны байр, 61 м.кв талбай бүхий подвалын байгууламжийг ашиглуулахаар тохирсон байсан гэж нэхэмжлэлд дурдсан байх тул нэхэмжлэгч Ж.Б , Д.М нарын хооронд харилцан тохиролцож хэлцэл байгуулагдаж тухайн барилгыг хэлцлийн үндсэн дээр нурааж уг барилгын нөхөн төлбөрийн оронд нэхэмжлэгч Ж.Б нь Өлгий сумын 5 дугаар баг 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг Д.М аас хүлээн авч өмчилж байгаа болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ************дугаар бүхий улсын бүртгэлийн Ү-************тоот гэрчилгээ, нэхэмжлэгч Ж.Б ы нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт бичсэнээр батлагдаж байна. Энэ нь зохигчдын хооронд байгуулагдсан хэлцэл байгааг нотолж байгаа тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хорын хохирол, эрх зүйн үр дагавар бий болоогүй гэж үзэх бүрэн үндэстэй юм. Нэхэмжлэгч Ж.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон байна. Тухайлбал "Э" ХК-ийн захирал Д.М , иргэн Ж.Б нарын хооронд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.в, Иргэний хуулийн 151 дүгээр зүйлд заасан "Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн эрхийг хязгаарлах эрх /сервитут/ буй болж мөн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1.1-д заасан "...гэрээнд заасан тохиолдолд бусдын үл хөдлөх эд хөрөнгийг тэргүүн ээлжид хязгаартай ашиглах" эрх нь нэхэмжлэгч Ж.Б ы гаргаж өгсөн Д.М ын бичиж өгсөн 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Тодорхойлолт" нэртэй эзэмшил газарт 1 давхар 6 өрөө бүхий объект барихыг зөвшөөрөв" гэсэн бичгийн хэлбэртэй хэлцлээр батлагдаж байна. Үүнээс үүдэлтэй нэхэмжлэгч Ж.Б нь тухайн Д.М ын эзэмшил газарт 135 м.кв талбай бүхий 6 өрөөтэй барилга барьж эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-************ тоот гэрчилгээ авснаар нэхэмжлэгч Ж.Б , Д.М нарын хооронд Иргэний хуулийн 152 дугаар зүйлийн 152.1-д заасан "Үр шимийг хүртэж ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгийг хязгаартай эзэмших, ашиглах эрх "узуфрукт" бий болсон байна. Маргааны гаргалгааг энэхүү "узуфрукт"-ын эрх зүйн харилцаатай холбон үзэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлох нь зохилтой болох нь талуудын хоорондох бичгийн болон аман хэлцэлүүдээс тодорхой харагдаж байна. Бидний зүгээс Ж.Б ы нураасан барилга байгууламжийн оронд Өлгий сумын 5 дугаар баг 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг "К" ХХК-иас тухайн үеийн зах зээлийн үнээр нэг м.кв-ыг 1250000 /нэг сая хоёр зуун тавин мянган / төгрөгөөр үнэлж нийтдээ 92500000 /ерэн хоёр сая таван зуун мянган/ төгрөгөөр худалдан авч өгсөн ба Ж.Б нь тухайн байрыг хүлээн авч бүртгэлийн байгууллагад бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ************дугаар бүхий улсын бүртгэлийн Ү-************тоот гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн авсан байх тул түүнд учирсан ямар нэгэн хохирол байхгүй юм. Түүний шинээр баригдсан 8 давхар орон сууцны үйлчилгээний зориулалттай 61 м.кв талбай бүхий подвалын байгууламжийг ашиглуулахаар тохирсон гэдэг нь огт үндэслэлгүй бөгөөд энэ талаар талуудын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй. Энэ талаар ямар нэгэн бичиг баримт үйлдэж байгаагүй. Иймд түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 8-ны өдрийн 101 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан Ж.Б ы Э ХК нь хоёр талын хэлцлээс буцсан учраас 74 м.кв орон сууцыг Э ХК-нд буцааж, Өлгий сумын 5 дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг Э ХК-нд даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Я.Сьезд, нэхэмжлэгч Ж. Б ы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Акилбай нар бид Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч анхан шатны шүүх Иргэний хуулийг буруу хэрэглэн тайлбарлан хэрэглэсэн гэсэн хууль зүйн үндэслэлээр энэхүү давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нь Э ХК нь хоёр талын тохиролцсон хэлцлээс буцсан учраас К ХХК-ны 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг тус компанид буцаах, Өлгий сумын 5 дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг Э ХК-ны захиргаанд даалгаж өгөх тухай нэхэмжлэгч Ж.Б ы нэхэмжлэлийн шаардлагыг дараах хууль зүйн үндэслэлээр ханган шийдвэрлэх ёстой байсан боловч Иргэний хуулийг буруу тайлбарлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Ж.Б нь Э ХК \хуучин нэрээр\ захирал асан Д.М тай харилцан тохиролцсон гэрээ хэлцэл ёсоор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай, * нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газарт Д.М ын 2010 оны 02 дугаар сарын 09-ны өдөр өгсөн Миний эзэмшилд байгаа Өлгий сумын 5-р багт орших 500 м.кв газарт иргэн Ж.Б нь үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөөтэй объект барихыг зөвшөөрөв" гэсэн бичгийн зөвшөөрлийг үндэслэн үйлчилгээний зориулалт бүхий 135 м.кв талбайтай, 6 өрөө барилга байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьсан байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай зургаан өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Монгол улсын иргэн Жантекей-Тасбике овогт Жийн Б \БЛ ************\ мөн болохыг Эд хөрөнгий эрхийн улсын бүртгэлийн газраас 2010 оны 02 дугаар сарын 11 -ны өдөр олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байгаа юм. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг Эбаян -Өлгий ХК-ийн хууль ёсны өмчлөлд албан ёсоор шилжүүлж аваагүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай зургаан өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Монгол улсын иргэн Жантекей-Тасбике овогт Жийн Б \БЛ-************\ мөн болох нь Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан тоот, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Дээрх тогтоогдсон үйл баримт нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-т хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, 109.2. Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана, 110 дугаар зүйлийн 110.1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнө өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно," гэсэн заалттай тус тус нийцэж байна. Иймд Ж.Б , Д.М нарын хооронд Иргэний хуулийн 109.1, 109.2, 110.1-т заасан үйл баримт явагдаагүй юм. Э ХК-ны захирал асан Д.М нь тухайн газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж 2013 оноос уг ажил эхэлсэн юм. Энэ хугацаанд Д.М нь Х.Б тай харилцан тохиролцон Х.Б ы үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг 40 айлын орон сууц барих ажилчдын контор, түр амрах өрөө болгон ашиглахаар болж, уг барилгыг ашиглуулсны хөлсөнд Ж.Б д сар бүр 400000 төгрөг төлөхөөр болсон юм.

Энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулсан юм. Гэтэл Х.Б ы өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг түрээсээр ашиглаж байхад түүнд мэдэгдэлгүйгээр нураажээ. Ингэхээр хоёр талын хооронд тооцоо дууссан тухай асуудал болоогүй байхад ЭБаян-Өлгий ХК-ны захирал асан Д.М нь Ж.Б ы 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болсон тул Х.Б д 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар амаар хэлцэл хийсэн юм. Эхлээд Д.М нь Х.Б д 135.м.кв талбайтай орон сууц өгөхөөр тохиролцсон боловч сүүлд К ХХК-ны 24 айлын орон сууцнаас 74.м.кв бүхий байр өгөхөөр болж үлдсэн маргаан бүхий 61 м.кв талбайн асуудалд 8 давхартай 40 айлын орон сууцны подволыг бүхэлд нь үйлчилгээний зориулалттай байр болгон ашиглана, үүнээс Танд ногдох 61.м.кв талбайтай подвалын хэсгийг олгоно гэж тохиролцож байсан. Гэтэл 8 давхар 40 айлын орон Сууц ашиглалтанд орсон боловч подвалыг үйлчилгээний байр болгон ашиглаагүй байна. Э ХК-ны захирал асан Д.М нь амласан 61.м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай байр өгөхгүй Х.Бөгжаныг өнөөдөр хүртэл хохироож байна. Э ХК-ны захирал асан Д.М нь түрээсийн гэрээгээр ашиглаж байсан Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай Ү.************ улсын бүртгэлийн дугаартай 135.м.кв талбайтай 6 өрөө бүхий барилга байгууламжийг өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр нураасан нь буруу гэж үзэж байна. Энэ нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101 дүгээр зүйлийн 101.1. Өмчлөгч нь бусад этгээдэд буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, 106 дугаар зүйлийн 106.1. Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, 106.2 Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй 106.3.Энэ хуулийн 106.1,106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна, 228 дугаар зүйлийн 228.1.Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнө байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно, 497 дугаар зүйлийн 497.1 Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл \эс үйлдэхүй\ - ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1. Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх \адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг сэргээн засах зэрэг\ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлнө" гэж тус тус заасантай нийцэж байна. Хариуцагчаас анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа ...гэтэл Ж.Б ы өмчлөлийн 135.м.кв талбайтай 6 өрөө бүхий Ү-************ улсын дугаар бүхий өмчлөх эрхийн гэрчилгээтэй байрыг нурааж, хариуцагч Д.М түүнд 74 м.кв талбай бүхий орон сууцны байр, 61 м.кв талбай бүхий подвалын байгууламжийг ашиглуулахаар тохирсон байсан гэж нэхэмжлэлд дурдсан байх тул "нэхэмжлэгч Ж.Б , Д.М нарын хооронд харилцан тохиролцож хэлцэл байгуулагдаж тухайн барилгыг хэлцлийн үндсэн дээр нурааж, уг барилгын нөхөн төлбөрийн оронд нэхэмжлэгч Ж.Б нь Өлгий сумын 5 дугаар баг 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг Д.М аас хүлээн авч өмчилж байгаа болох нь үл хөдлөх эд хөрөнгөө өмчлөх эрхийн 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ************дугаар бүхий улсын бүртгэлийн Ү-************тоот гэрчилгээ, нэхэмжлэгч Ж.Б ы нэхэмжлэлийн үндэслэх хэсэгт бичсэнээр батлагдаж байна... гэжээ. Хариуцагчийн энэхүү тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Ж.Б , Д.М нарын хооронд 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 135 м.кв талбайтай байраар солихоор харилцан тохиролцож хэлцэл байгуулагдсан нь нотлогдож байна. Хариуцагчийн анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа ...Бидний зүгээс Ж.Б ы нураасан барилга байгууламжийн оронд Өлгий сумын 5 дугаар баг 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг К ХХК-иас тухайн үеийн зах зээлийн үнээр нэг м. кв-ыг 1250,000,000 \ нэг сая хоёр зуун тавин мянган\ төгрөгөөр үнэлж нийтдээ 92,500,000 \ ерэн хоёр сая таван зуун мянган\ төгрөгөөр худалдан авч өгсөн ба Ж.Б нь тухайн байрыг хүлээн авч бүртгэлийн байгууллагад бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн ************дугаар бүхий улсын бүртгэлийн Ү-************тоот гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн авсан байх тул түүнд учирсан ямар нэгэн хохирол байхгүй юм... гэжээ. Хариуцагч тайлбартаа тухайн үеийн зах зээлийн үнээр нэг м.квыг 1250,000,000 \нэг сая хоёр зуун тавин мянган\ төгрөгөөр үнэлж нийт 92.500,000 төгрөгөөр үнэлж байгааг санхүүгийн бичгийн нотлох баримтаар нотлож чадаагүй юм. Иймээс хариуцагч нь нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учраагүй гэж дурдаж байгаа нь ихээхэн учир дутагдалтай гэж үзэж байна. Хэрвээ хариуцагч нь 1 м.кв талбайн үнийг 1250,000,000 төгрөгөөр үнэлвэл 135 м.кв талбайн үнэ нь 168,750,000 төгрөг болно. Ингээд 168,750,000 төгрөгөөс 92,500,000 төгрөгийг хасахад 76,250,000 төгрөгийн зөрүү гарч байна. Чухамхүү энэ нь 76.250,000 төгрөг нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирол гэж үзэхээр байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101 дүгээр шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд нэхэмжлэгч Ж.Б ы нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Давж заалдах гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн тасалбарыг хавсаргав гэжээ.

 

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Ж.Бекжан нь Э ХК-ийн аймгийн Засаг даргын 2009 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 433 дугаар захирамж, газар эзэмших эрхийн *********** тоот гэрчилгээгээр эзэмшиж буй 500 м.кв талбайтай газрын нэг хэсэг болох 135 м.кв талбай газрыг эзэмшигч Д.М ын бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж 135 м.кв талбайтай 6 өрөө бүхий үйлчилгээний зориулалттай нэг давхар үл хөдлөх хөрөнгө /барилга/ барьсан нь Улсын бүртгэлийн байгууллагаас 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн *************дугаар бүхий гэрчилгээгээр батлагдаж байна.

Нэхэмжлэгч Ж.Б ы нэг давхар, 6 өрөө бүхий 135 м.кв талбайтай барилга /үл хөдлөх хөрөнгө/-ыг харилцан тохиролцсоны дагуу орон сууц барих зайлшгүй шаардлагын үүднээс нурааж түүний нөхөн төлбөрт 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг Д.М 92.000.000 /ерэн хоёр сая/ төгрөгөөр худалдан авч өгснийг Ж.Б хүлээн зөвшөөрөн сайн дурын үндсэн дээр хүлээж авсан болох нь нотлох баримтаар авагдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-************тоот 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ************дугаартай гэрчилгээгээр батлагдаж байна. Үүгээр талуудын хоорондох эд хөрөнгийн эрхийн харилцаа бүрэн дуусгавар болсон юм.Харин манай компанийн зүгээс нэхэмжлэгч Ж.Бөкжанд 61 м2 талбай бүхий байр өгөх талаар ямар нэгэн гэрээ, хэлцэл хийгдээгүй, энэ талаар нотлох баримт байхгүй тул анхан шатны шүүх нотлох баримтад зөв үнэлэлт дүгнэлт хийсэн болно. Зохигчдын хооронд хийгдсэн хэлцлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг болон мөн хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан эрх зүйн харилцаа гэж үзсэн нь тухайн үеийн бодит нөхцөлд яв цав тохирч байна. Хариуцагчийн тайлбараас үзэхэд Ж.Б , Д.М нарын хооронд 135 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 135 м2 талбайтай байраар солихоор харилцан тохиролцсон хэлцэл байгуулагдсан нь нотлогдсон байна гэжээ.

Гэтэл зохигчдын хооронд 135 м2талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 135 м2 талбайтай үл хөдлөх хөрөнгөөр солих тухай хэлцэл огт байгуулагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д заасан Арилжааны гэрээний үнийн зөрүүг тооцох хэлцэл огт байхгүй юм.Харин Ж.Бекжаны 135 м2 талбайтай нэг давхар үйлчилгээний байрны оронд орон сууцны байр авч өгснөөр зохигчдын хоорондох хэлцэл дуусгавар болсон юм. б.Нэхэмжлэгч Ж.Б , хариуцагч Д.М нарын хооронд Иргэний хуулийн 275 дугаар зүйлийн 275.1-д заасан ...Эд хөрөнгийн үнэ нь тэнцүү биш бол үнийн зөрүүг мөнгөөр тооцож болно гэж заасны дагуу гэрээ хэлцэл байгуулагдаагүй учир давж заалдах гомдолд дурдсанчлан "үнийн зөрүүг тооцож гаргах боломжгүй болно. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол огт үндэслэлгүй, нотлох баримтад үндэслээгүй, хууль бус нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул хэрэгсэхгүй болгож Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Ж.Б ы нэхэмжлэлийг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд зааснаар үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж алдаа гаргасныг шийдвэрт өөрчлөлт оруулах замаар зөвтгөх шаардлагатай гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Ж.Б нь Э ХК-д холбогдуулан хоёр талын тохирлцсон хэлцлээс буцсан учраас К ХХК-ийн 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг тус компанид буцаах, Өлгий сумын 5 дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг Э ХК-ийн захиралд даалгаж өгөхийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. Анхан шатны шүүх уг нэхэмжлэлийг үндэслэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан боловч хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.6.-д нийцээгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин хоёрдугаар зүйлийн 1.-т Бүх шатны шүүх хэрэг, маргааныг хамтын зарчмаар хянан хэлэлцэж шийдвэрлэнэ гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1.-т Анхан шатны журмаар шүүгч дангаар хянан шийдвэрлэхээс бусад хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ гэж заасныг удирдлага болговол, хуульд зааснаар шүүгч дангаар хянан шийдвэрлэх иргэний хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан хууль бус бүрэлдэхүүн гэж үзэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.4.-т зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь учирсан хохиролыг арилгуулахаар, үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтггүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохиролоо арилгахыг шаардах эрхийг зохицуулсан тул Ж.Б нь шүүхэд нэхэмжлэл гаргах замаар шаардах эрхтэй байна. Нэхэмжлэгч Ж.Б Д.М нь 135 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө байрлаж байсан газарт 8 давхар 40 айлын орон сууц барихаар болж, надад 135 м.кв талбайтай орон сууц олж өгөхөөр тохиролцсон гэх тайлбар болон хариуцагчийн тайлбараар талууд 135 м.кв 6 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг солилцохоор хэлэлцэн тохиролцон байна. Зохигчдын тайлбараас үзэхэд тэд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар аман хэлцэл хийсэн байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг Д.М ад өгч, Д.М нь 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг худалдан авч өгч, Ж.Б нь хүлээн авч үл хөдөлх эд хөрөнгийн гэрчилгээ авснаар хариуцагч Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 247.1-д заасан үүргээ биелүүлсэн байна.

 

Зохигчдын хэлцлээр тохиролцсон бүх зүйлээ хүлээн авснаар хэлцлийн гол нөхцөл биелэгдсэн учир Ж.Б нь Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцны 2-24 тоот байрыг хүлээн авч, үл хөдөлх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байх тул түүнд ямар нэгэн хохирол учирсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны болжээ.

Шүүх нэхэмжлэгчийн шаардлагад холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой зөв сонгож хэрэглээгүйг зөвтгөх шаардлагатай байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.4.-т хүсэлт гаргагчийн шаардах эрхийн үндэслэлийг тусгайлан зохицуулсан байхад хуулийн нийтлэг зохицуулалт болох 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу байхаас гадна маргааны үйл баримтад хамааралгүй мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Ж.Б нь үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийн зөрүүд хариуцагчаас 61 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай байр өгөхөөр амалсан энэ үүргээ биелүүлээгүй гэх боловч шинээр баригдсан 8 давхар орон сууцны падволоос 61 м.кв талбайг ашиглуулахаар харилцан тохиролцсон талаар нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй тул хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 101 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4, 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д гэснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.4, 274 дүгээр зүйлийн 274.1.-т гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансад хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ӨМИРБЕК

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

Д.КӨБЕШ