Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 130/ШШ2017/00704

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, Б.Мангилик нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын **дугаар багт оршин суух, Ж.Б-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ***дугаар багт үйл ажиллагаа явуулах, “Э” ХК (гүйцэтгэх захирал М.Т-,)-нд холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Я.С, хариуцагч “Э” ХК-ний гүйцэтгэх захирал М.Т-, хариуцагчийн өмгөөлөгч К.З, иргэдийн төлөөлөгч Т.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.А нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг м.кв-ыг 1250000 төгрөгөөр тооцон нийт үнэ 168750000 төгрөгнөөс 74 м.кв орон сууцны үнэ 92500000 төгрөгийг хасаад зөрүү 76250000 төгрөгийг бодит хохиролд тооцон хариуцагч “Э” ХК-аас гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ж.Б- шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ: “Э ХК нь хоёр талын тохиролцсон хэлцэлээс буцсан учраас “К” ХХК-ны 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай орон сууцыг тус компанид буцаах, Өлгий сумын 5 дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг “Э” ХК-ны захиргаанд даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т- шүүхэд нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “Э” ХК-ний захирал байсан Д.М- нь нэхэмжлэгч Ж.Б-ы өмчлөлийн 123 м.кв барилга байгууламжийн оронд Өлгий сумын 5 дугаар баг 24 айлын орон сууцны 3-24 тоот 74 м.кв 2 өрөө байрыг тухайн үеийн зах зээлийн үнээр нэг м.кв-ыг 1250000 төгрөгөөр үнэлж нийтдээ 92500000 төгрөгөөр худалдан авч өгсөн. Ж.Б- тухайн байрыг хүлээн авч бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөлдөө авсан тул түүнд учирсан ямар нэгэн хохирол байхгүй юм. Түүний шинээр баригдсан 8 давхар орон сууцны үйлчилгээний зориулалттай 61м.кв талбай бүхий подвалын байгууламжийг ашиглуулахаар тохирсон гэдэг нь огт үндэслэлгүй бөгөөд энэ талаар талуудын хооронд ямар нэгэн хэлцэл хийгдээгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч Ж.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Ж.Б- нь “Э ХК (хуучин нэрээр)-ны гүйцэтгэх захирал асан Д.М-тай тухайн үед хоорондоо харилцан тохиролцсоноор Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 1031304178 нэгж талбарын дугаартай, 500 м.кв талбай бүхий газраас Д.М-ын 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн “Миний эзэмшилд байгаа Өлгий сумын 5-р багт орших 500 м.кв газарт иргэн Ж.Б- нь үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөөтэй объект барихыг зөвшөөрөв” гэсэн бичгийн зөвшөөрлийг үндэслэн Ж.Б- нь үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай зургаан өрөө барилга байгууламжийг өөрийн хөрөнгө мөнгөөр барьсан юм. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байрлалтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай зургаан өрөө бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Монгол Улсын иргэн Жантекей тасбике овогт Ж.Б- РД:******мөн болохыг Эд хөрөнгийн эрхийн улсын Бүртгэлийн газраас 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон “Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ээр нотлогдож байна. Ер нь Д.М-, Ж.Б- нарын хооронд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсоор шилжүүлэх үйл баримт тогтоогдоогүй юм. Энэ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй, 109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж, нотариатаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана. 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнө өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэсэн заалттай юм. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт: “Бидний зүгээс Ж.Б-ы нураасан барилга байгууламжийн оронд Өлгий сумын 5 дугаар баг 24 айлын орон сууцны 3-24 тоот байрыг тухайн үеийн зах зээлийн үнээр нэг м.кв-ыг 1250000 төгрөгөөр үнэлж нийтдээ 92000000 төгрөгөөр худалдаж авч өгсөн ба Ж.Б- нь тухайн байрыг хүлээн авч бүртгэлийн байгууллагад  бүртгүүлж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн *****дугаар бүхий улсын бүртгэлийн 9213006647 тоот гэрчилгээг 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр авсан байх тул түүнд учирсан ямар нэгэн хохирол байхгүй юм”...гэж дурджээ. Хариуцагч Д.М- нь Ж.Б-ы өмчлөлийн 135 м.кв талбайтай барилга байгууламжийг дур мэдэн нурааж оронд нь өөрийн өмчлөлийн 8 давхар орон сууц барьсан нь үнэн билээ. Хариуцагч Д.М- нь тухайн үед 1м.кв талбайн үнийг 1250000 төгрөгөөр үнэлсэн учраас 135 м.кв талбайтай барилга байгууламжийн нийт үнэ нь 168750000 төгрөг гэж үзэж байна. Ингээд иргэн Ж.Б-д нийт үнэ нь 168750000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байна. Энэхүү 168750000 төгрөгийн нийт хохирлоос 2 өрөө орон сууцны үнэ 92500000 төгрөгийг хасахад 76250000 төгрөгийн зөрүү гарч байсан. Чухамхүү энэ нь 76250000 төгрөг нь нэхэмжлэгч Ж.Б-д бодит учирсан хохирол гэж үзэж байна. Иймд “Э” ХК-ны санхүүгээс хохирол нийт 76250000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Б-д олгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б-ы итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Ж.Б- нь 2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр “Э” ХК-ийн захирал Д.М-ын эзэмшил газраас 500 мкв газрыг түүний өөрийнх нь зөвшөөрлөөр авч 135 мкв 6 өрөө байшин барьсан. Сүүлд нь Э ХК нь тэнд орон сууц барихаар болж “135 мкв байшингаа өгчих, би чамд түүнд дүйцэхүйц хэмжээний талбай өгнө” гэсний дагуу газраа өгөхөөр тохирсон. Ингэхдээ Д.М- нь Ж.Б-д К ХХК-иас 1 мкв талбайг 1250000 төгрөгөөр үнэлж 92,5 сая төгрөгөөр 2 өрөө байр авч өгч, үлдсэн 61 мкв талбайг энэ орон сууцыг бариад нэг давхрыг үйлчилгээний талбай болгоно, тэндээс 61 мкв талбай өгнө гээд амаар тохиролцсон. Тэгээд Ж.Б- нь 2 өрөө байрыг хүлээж авч улсын бүртгэлийн гэрчилгээ авсан байгаа. Сүүлд нь байр ашиглалтад ороход 61 мкв талбай оногдохоо болихоор нь маргаан үүсэж шүүхэд хандсан. Шүүхэд анх хандахдаа “Өлгий сумын 5 дугаар багт үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг сэргээн барьж өгөхийг “Э” ХК-ийн захиргаанд даалгах тухай” гэсэн шаардлага тавьсан. Энэ байр бол А бүсэд байрлалтай, бохир цэвэр усны шугамд холбогдсон байр байсан. Энэ шаардлагыг анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Дараа нь Улсын Дээд шүүхээс дээрх 2 шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, дахин шийдэхээр болсон. Улсын Дээд шүүхийн шийдвэрт Ж.Б-ы нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах хэрэгтэй байна гэсэн. Тийм учраас одоо бол нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж тухайн үеийн зах зээлийн ханшаар 1 мкв талбайг 1250000 төгрөгөөр үнэлж 61 мкв талбайн үнэ 76250000 төгрөгийг “Э” ХК-иас гаргуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.

Хариуцагч “Э” ХК-ийн гүйцэтгэх захирал М.Т- шүүхэд нэхэмжлэгчийн анхны нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа: 2010 онд иргэн Д.М-ын эзэмшилд байгаа газар дээр Ж.Б- нь 6 өрөө байр барьсан. 2013 онд Д.М- нь эзэмшил газарт орон сууц барихаар болж байгаа  Ж.Б-д чи 2010 оноос хойш суулаа, одоо бид нар энд барилга барина, үүний тулд энэ газрыг чөлөөлж өгөхийг хүсээд, Д.М-, Ж.Б- нар өөрсдөө амаараа тохиролцоонд хүрсэн. Тэгэхдээ Д.М- нь “К” ХХК-иас 2 өрөө байрыг 92,5 сая төгрөгөөр худалдаж авч өгөөд Ж.Б- нь Өлгий сумын 5 дугаар багт байрлах 6 өрөө байрыг өөрийн хүсэлтээр чөлөөлж өгсөн. Тэр үед “Жанат” компани нь Эрчим компанийн 48 айлын орон сууцыг барьсан ба уг орон сууцны 1 давхрын 61 м.кв үйлчилгээний байрнаас талбай өгнө гэсэн гэрээ хэлцэл байгуулж байгаагүй. Нэхэмжлэгч тийм зүйл байсан гэвэл нотлох баримтаа гаргаж өгөхийг хүсэж байна. Хүний өмчлөлийн зүйлийг хууль бусаар нураана гэж байхгүй. Зөвшөөрөлгүй нураасан бол тухайн үед шүүх, цагдаагийн байгууллагад хандах байсан байх. Нэгэнт тухайн үед тохиролцоод 2 өрөө байр авч өгч энэ газрыг авсан тул Ж.Б-д ямар нэгэн гэм хор учраагүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Б- нь өмчлөлийн 135 м.кв талбайтай барилга байгууламжийг дур мэдэн нурааж оронд нь өөрийн өмчлөлийн 8 давхар орон сууц барьсан хариуцагч “Э” ХК-наас 1м.кв талбайн үнийг 1250000 төгрөгөөр тооцон 135 м.кв талбайн нийт үнэ 168750000 төгрөгөөс 2 өрөө орон сууцны үнэ 92500000 төгрөгийг хасаад зөрүү 76250000 төгрөгийг бодит хохиролд тооцон төлүүлэхийг шаардсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч “Э” ХК-тай биш иргэн Д.М-тай хэлцэл хийж байсан үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1) Иргэн Д.М- нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар баг, шүүхийн хойд талд нэгж талбарын ******дугаартай 500 м2 газрыг 28 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшиж байсан нь 2009 оны 11 дүгэр сарын 24-ний өдөр олгосон Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээгээр, мөн 2009 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, гэр хорооллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт, нэгж талбарын ******дугаартай газрын байршилын кадастрын зураг зэрэг нотлох баримтаар тус тус нотлогдож байна.

2) Иргэн Д.М- нь энэхүү өөрийн эзэмшилд байгаа Өлгий сумын 5-р багт орших 500 м2 газарт үл хөдлөх эд хөрөнгө болон үйлчилгээний зориулалттай 1 давхар 6 өрөөтэй объект барихыг иргэн Ж.Б-д зөвшөөрсөн болох нь түүний 2010 оны 02 сарын 09-ний өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.

3) Улмаар энэхүү нэгж талбарын ******дугаартай 500 м2 газраас 200 м2 газрыг иргэн Д.М- нь нэхэмжлэгч Ж.Б-ы эзэмшилд шилжүүлсэн болох нь 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ******улсын бүртгэлийн дугаартай эзэмшил газрыг бусдад шилжүүлэх гэрээгээр нотлогдож байна.

4) Нэхэмжлэгч Ж.Б- нь иргэн Д.М-аас шилжүүлэн авсан эзэмшил газарт үйлчилгээний зориулалттай, 135 м.кв талбайтай 6 өрөө барилга байгууламжийг барьсан ба 2010 оны 02 дугаар сарын 11-ний өдөр олгосон 000077293 дугаартай Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байршилтай үйлчилгээний зориулалттай 135 м.кв талбайтай 6 өрөө бүхий, улсын бүртгэлийн Ү-0213003930 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь Ж.Б- /РД:*****/ мөн болох нь нотлогдож байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд зохигчдын өгсөн мэдүүлгээр нэхэмжлэгч Ж.Б- нь 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг иргэн Д.М-ад өгч, Д.М- нь 24 айлын орон сууцнаас 74 м2 талбайтай орон сууцыг Ж.Б-д өгөхөөр амаар тохиролцсон болох нь нотлогдож байна.

Улмаар иргэн Д.М- нь нэхэмжлэгч Ж.Б-д Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байршилтай 24 айлын орон сууцны 3-24 тоот 74 м.кв талбайтай эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн Ү-****** дугаартай байрыг худалдан авч өгч, нэхэмжлэгч Ж.Б- (Б.Л) нар энэхүү байрыг өмчлөлдөө авсан нь хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр олгосон *****дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Б- нь 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг иргэн Д.М-ад өгч, иргэн Д.М-аас 24 айлын орон сууцнаас 74 м.кв талбайтай байрыг нэхэмжлэгч Ж.Б- хүлээн авч үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн гэрчилгээ авсан үйлдэл нь Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д зааснаар талууд тодорхой эд хөрөнгийг харилцан тохиролцсоноор өмчлөлдөө шилжүүлэн авах үүргээ биелүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин хавтаст хэрэгт авагдсан хариуцагч “Э” ХК-ийг төлөөлж тус компани захирал Д.М-, нэхэмжлэгч Ж.Б- нар гарын үсэг зурж баталгаажуулсан 2014 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Тооцоо нийлэх” “Түрээсийн гэрээ” гэсэн баримтаар нэхэмжлэгч Ж.Б-ы өмчлөлийн 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг хариуцагч “Э” ХК нь түрээсэлж байсан гэдэгт талууд маргаагүй болно.

Гэхдээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-д “хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд, үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэн, энэ хуулийн 318.4-д “энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж тус тус заасан байхад талуудын байгуулсан дээрх “түрээсийн гэрээ”-г улсын бүртгэлд бүртгүүлээгүй хууль зөрчсөн боловч Түрээсийн гэрээ нэгэнт дуусгавар болсон тул түрээсийн гэрээний хуулийн хүчин төгөлдөр эсэхэд эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ж.Б- нь аман хэлцлийн үндсэн дээр иргэн Д.М-аас Өлгий сумын 5 дугаар багт байрлалтай 24 айлын орон сууцнаас 74 м.кв байрыг 2014 онд хүлээн авч, 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ авч, тэнд одоо хүртэл амьдарч байгаа тул  нэхэмжлэгч Ж.Б-ы үл хөдлөх эд хөрөнгө болох 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг хариуцагч “Э” ХК нь түрээсээр ашиглаж байх хугацаанд дур мэдэн өмчлөгчид мэдэгдэлгүйгээр нураасан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Мөн нэхэмжлэгч Ж.Б-ы өмчлөлийн 135 м.кв талбайтай барилга байгууламжийг нурааж оронд нь барьсан 8 давхар орон сууц иргэн Д.М-ын өмчлөлийн орон сууц гэж нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдсан болохоос хэний өмчлөлийн орон сууц гэснийг нотлох баримт байхгүй байна.

Харин нэхэмжлэгч Ж.Б- нь 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг м.кв-ыг 1250000 төгрөгөөр тооцон нийт үнэ 168750000 төгрөгөөр үнэлэн хариуцагч “Э” ХК-тай худалдах, худалдан авах гэрээ хийсэн болон харилцан тохиролцсон тухай ямар нэгэн нотлох баримтыг хавтаст хэрэгт байхгүй байна.

Иймд нэхэмжлэгч Ж.Б-ы 135 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай барилга байгууламжийг м.кв-ыг 1250000 төгрөгөөр тооцон нийт үнэ 168750000 төгрөгөөс 74 м.кв орон сууцны үнэ 92500000 төгрөгийг хасаад зөрүү 76250000 төгрөгийг бодит хохиролд тооцон хариуцагч “Э” ХК-аас төлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Ж.Б- нь анх нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөг төлсөн ба шүүхээр хэрэг хянан хэлэлцэх шатанд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэн нийт 76250000 төгрөгийн бодит хохирол нэхэмжилсэн тул түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгт нэмж 469000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б-аас нөхөн гаргуулан нийт 539200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 227 дугаар зүйлийн 227.4, 274 дүгээр зүйлийн 274.1-ийг тус тус заасныг баримтлан хариуцагч “Э” ХК-аас  76250000 төгрөгийг бодит хохиролд тооцон гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ж.Б-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  нэхэмжлэгч Ж.Б-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг, нэмж 469000 (дөрвөн зуун жаран есөн мянган) төгрөгийг нэхэмжлэгч Ж.Б-аас нөхөж гаргуулан тус тус улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Х.МЕЙРАМБЕК

                                     ШҮҮГЧИД                              А.ЖАРХЫНГҮЛ

Б.МАНГИЛИК