Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 000020

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                      Х.Б-д холбогдох

                                       эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                                 Хэргийн индекс 142/2015/0181/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:         

 

Прокурор                                          С.Ёндонсамбуу

Шүүгдэгч                                           Х.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Цэрэнханд

Хохирогч                                           Ц.С

Хохирогчийн өмгөөлөгч               О.Сарантуул

Нарийн бичгийн дарга                 Ч.Буяндэлгэр нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолтой Х-ын Б-д холбогдох, 201414000366 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч Ц.С, шүүгдэгч Х.Б нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тэс суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, мод боловсруулах механик технологич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум Оюут багт оршин суух, урьд нь 2010 оны 01 дүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.1.д зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш-д овогт Х-ын Б.

 

Шүүгдэгч Х.Б нь Б.Золбоогоос 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10.000.000 төгрөгийг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөг бичгээр тэмдэглэл үйлдэн, 2013 оны 12 дугаар сарын 16-нд зээлийн гэрээ байгуулан 15.000.000 төгрөг, нийт 30.000.000 төгрөгийн гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно, бизнест зарцуулна гэж хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авсан,

Ц.С-ээс 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр “цагаан сар болох гэж байгаа өөр байгууллагуудтай гэрээ хийнэ их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе гэж”  20.000.000 төгрөгийг дансаар залилан мэхэлж авсан, 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдөр банкнаас зээл авах гэж байгаа, нөхөр Б.Батбаярын дүүд өгнө гэж 27.000.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 20-ноос 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд зээл хөөцөлдөж байна гэж 2.350.000 төгрөг залилан мэхэлж авсан, 2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр зээл хөөцөлдөж байгаа гэж 4.000.000 төгрөгийг /дансаар/ залилан мэхэлж авсан, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хаан банкнаас 200.000.000 төгрөгийн зээл авах гэж байгаа дансанд байршуулна гэж хуурч мэхлэн 60.500.000 төгрөг авснаас 15.010.000 төгрөгийг буцаан өгөлгүй залилан мэхэлж авсан гэмт хэрэгт,

Б.А-аас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “шинэ жил, цагаан сарын оргил үед ачаалалтай байдаг, их мөнгө байх тусмаа ашигтай байдаг, мөн банкнаас зээл хөөцөлдөж байгаа гэж итгүүлэн 70.000.000 сая төгрөгийг зээлийн гэрээ байгуулан итгэл эвдэх хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4.д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Б-д холбогдох хэргээс Б.А-аас 70 000 000 төгрөг, Ц.Сээс 21 360 000 төгрөгийг тус тус залилсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,

 

Шүүгдэгч Ш-д овгийн Х-ын Б-г залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Шүүгдэгч Х.Б-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2015 оны Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар Х.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж,

 

Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч энэ хэрэгт 35 хоног цагдан хоригдсоныг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1.д зааснаар шүүгдэгч Х.Б-гаас 49 536 000 төгрөг гаргуулж, 17 563 000 төгрөгийг Б.Золбоод /Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багт оршин суух, 32 000 000 төгрөгийг Ц.С-т /Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг багт оршин суух, тус тус олгох,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 103 824 000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СD-г хэрэгт хавсаргаж, Х.Б, Р.Батбаяр нарын өмчлөлд байгаа Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг Сөүл 40а байр 104 тоотод байрлах орон сууцны захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнд тавьсан хориг, шүүгдэгч Х.Бгийн гадаадад зорчих эрхэд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.д зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 12 нэр төрлийн 9 616 000 төгрөгийн эд зүйлийн Х.Б-д оногдох хэсгээс хохирогч нарт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр албадан гаргуулах,

 

Хэрэгт хураагдсан шүүгдэгч Х.Б-гийн E-1248551 дугаартай гадаад паспортыг тогтоол хүчинтөгөлдөр болмогц буцаан олгохоор шийдвэрлэжээ.  

 

Хохирогч Ц.С давж заалдах гомдолдоо:

 

Миний бие хохирогч Ц.С нь Х.Б-д 2014.01.03-ны өдөр 20.000.000 төгрөг, үүнийгээ наймааны оргил үе цагаан сар болох гэж байна. Хужаа нар бараагаа ав гээд байна, цагаан сар хүртэл хиаман цехүүд гахайн өөх тонн тонноор нь авдаг цөм хийнэ, гэж ярьж авсан ба бизнестэй хэрэглэнэ гэж авсан болохоор итгээд өгсөн. Мөн 3-р сарын 28-нд худлаа ярьж хууран мэхлэж 27 сая төгрөг авсан хавтаст хэрэгт тодорхой байгаа болно. Энэ залилаж авсан үйлдлийгээ Х.Б нь хүлээн зөвшөөрдөг. Үүнээс 14 саяыг нь өгч, үлдэгдэл 13 саяыг нь огт өгөөгүй өгөхгүй гэж хэлдэг.

 

2014 оны 1 сарын 3-ны өдрийн 20 сая төгрөгийг огт өгөөгүй бөгөөд захирлууд гадаад явсан, гадуур 100 гаран сая төгрөгний авлагатай, цагаан сарын дараа захууд цуглахгүй байна гэж удаа дараа хэлдэг байсан. Гэтэл 3 сарын 28-нд манай нөхрийн дүү Хас банкнаас зээл авч байгаа 300 сая төгрөгний зээл, үлдэгдэл 27 сая төгрөгөө хаах хэрэгтэй байна. Чи найздаа туслаач, тэгвэл манай дүү 300 саяыг авч байгаа болохоор надад 50 саяыг зээлдүүлнэ гэсэн, тэр мөнгөнөөс найз нь 1 сарын 3-нд авсан 20 сая төгрөгөө төлнө гэж үнэмшилтэйгээр ярьж хэлж байсан болохоор итгээд өгсөн.

 

Ингээд 2 хоногийн дараа утсаа хаагаад алга болж байгаад 7 хоногийн дараа над дээр ирж уулзаж худлаа ярьж хуурч авсанаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйж өөрийнхөө өртэй Найгалмаа гэж хүнд өгсөн гэдгээ хэлсэн. Ингээд Х.Б нь би банкнаас зээл хөөцөлдөж чиний мөнгийг өгье надад хангалттай зээл гарна, миний дансны хуулга сардаа гэхэд л 100 гаран сая төгрөг орж гарсан байгаа, жилдээ гэхэд тэрбум төгрөг орж гардаг барьцаа хөрөнгө хангалттай гэх мэтчилэн ярьж дансны хуулга үзүүлж байсан. Үүнд нь би маш их итгэсэн, зээл хөөцөлдөж байх явцдаа дахин 4 сарын 3-наас 5 сарын 23-ны хүртэл цувуулж, 9 530 000 төгрөг, үүнээс 2 350 000 төгрөгийг прокурорын шатанд итгэл эвдэж авсан байна гэж үзсэн байгаа, харин үлдэгдэл 7.240.000 төгрөгийг нь иргэний харилцаа гэж дүгнэсэн гэж ойлгосон. Эдгээр зээл хөөцөлдөж байх явцдаа 2014 оны 04 сарын 21-нд дансаар авсан 4.000.000 мөн 2014 оны 04 сарын 3-наас 5 сарын 23-ны хооронд цувуулж авсан 2.350.000 төгрөг нийт 6 350 000 төгрөг огт төлөөгүй. Шүүх Х.Б-гийн надад учруулсан 6.350.000 төгрөгний үлдэгдлийг буруу дүгнэлээ.

 

2014 оны 04 сарын 04-ний өдрийн 500.000 төгрөг, 2014 оны 04 сарын 06-ны өдрийн 800 000 төгрөг, эдгээр хоёр удаагийн гүйлгээг Б нь надтай хамт явж байгаад надад хүн дансруу мөнгө хийж байгаа юм. Би чиний данс руу утаснаасаа мобайлаар шилжүүлээд бэлнээр авчихъя надад бичиг баримт, виза байхгүй гэж гуйгаад тэр дор нь хийгээд бэлнээр авсан. Үүнийг би мөрдөн байцаалтын шатанд тодорхой хүснэгт гаргаад тайлбарлаж хэлсэн байгаа.

 

2014 оны 05 сарын 26-нд 3.000.000 төгрөг миний данс руу шилжүүлсэн байдаг. Энэ нь дээрхи авсан 2014 оны 4 сарын 3-наас 5 сарын 23-ны хооронд цувуулж авсан 6.350.000 төгрөгөнд огт хамаагүй. Энэ 3.000.000 төгрөг нь зээл хөөцөлдөж зээл гарчихлаа гэж авсан байршуулсан мөнгөнд орж байгаа гэж би хавтас хэргийн мэдүүлэх болон шүүх хурал дээр удаа дараа тайлбарлаж хэлсэн байдаг. Мөн өөрийнхөө өртэй Зоригтбаатар, Золцэнгэл, Оюунчимэг нарт төлөх мөнгөө надаас авч өрөө дарсан, би тэр надаас мөнгө, аваагүй гэтэл Б надаас гуйж, уран цэцэн үгээр, хуурч, мэхлэж заль гаргаж эдгээр өртэй хүмүүсийнхээ өрийг төлүүлчихээд одоо надад юу ч өгөхгүй гэж байгааг ямар ч дүгнэлт хийсэнгүй.

 

Шүүх надад учруулсан 6.350.000 төгрөгний үйлдлийг буруу дүгнэж үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу хэрэглэж, илтэд буруу гуйвуулан өөрсдийн үзэмжээр Б-д үйлчилсэн хэрэглээ гэж үзэж байна. Энэ хэрэг нь бүтэн 3 жил өнгөрч 4 дэх жилдээ ороод явж байна. Хохирогч миний биеийг ямар ч санхүүгийн эх үүсвэргүй болгож, бие болон сэтгэл санаа, эд материалаар маш их хохироод явж байхад хэрэгтэн Б нь би хэрэг хийгээгүй, мөнгө огт өгөх ёсгүй өгөхгүй, өгсөн гэх мэтээр хурал болгон дээр удаа дараа гэм буруугаа хүлээхгүй байхад шүүх урьд нь ял оногдуулахгүй, өршөөх, мөн сүүлийн шүүх хурлаас ялыг ямар ч хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй байхад яагаад, ямар учраас хамгийн багаар нь оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Үнэхээр Монгол улсын шүүх хохирсон иргэнийг эрх ашгийг биш, хэрэгтэн этгээдийн эрх ашгийг илүүд үзэж байна гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэгдсэн 9.616.000 төгрөгний эд зүйлээс хохирогч нарт хохирлыг төлүүлэхээр албадан гаргуулсугай гэснийг зөвшөөрөхгүй. Би хохирогч Бгийн эдлэж хэрэглэсэн эд хогшил, хувцасыг авах болж байгаа юм уу. Энэ заалт нь хуулинд нийцэхгүй. Битүүмжилсэн эд хөрөнгийг ШШГА-нд төлбөр төлж эхэлтэл шилжүүлэх тухай заалтыг хийх ёстой байсан.

 

Надаас 2013 онд зээлж авсан мөнгөөрөө СӨҮЛ хотхоны 40а байрны 104 тоот байрыг урьдчилгаа хийж авч байсан. Уг байранд одоо дүү Тунгалагыг амьдруулж байгаа. Уг зээл нь дуусах шатандаа орж буй тул уг орон сууцны захиран зарцуулах эрхэд тавьсан хориг, битүүлжлэлийг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй гэсэн нь түүнд өр зээлээ төлөхгүй өөрийн өмчлөх эрхээ бусдад шилжүүлэх боломжийг олгож байна. Х.Бг залилах гэмт хэрэг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутанд тооцсугай гэсэн заалт нь хэдэн оны Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсгээр буруутгасан нь тодорхойгүй байгаа юм.

 

Үйлдсэн гэмт хэрэг нь шүүхийн дүгнэлтээр 77 сая төгрөгний залилан хийсэн Эрүүгийн хуулийн 148.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэж байгаа бол уг зүйл анги нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн заалтанд хамрагдахгүй юм байна. Мөн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг,... Ялын хэмжээ нь ашигтайгаар хөнгөрсөн тул гээд 2015 оны Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-р 2 жилийн ял оногдуулж байгаа бол уг ялыг өршөөлд хамруулах ёсгүй, угаасаа шүүх өөрөө 148.4.д заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэчихээд энэ зүйл анги нь өршөөгдөхгүй тул, эрх зүйн байдлыг дээрдүүлж 17.3. дугаар зүйлийн 2.2-р хөнгөрүүлж хэрэглэж байна гэж ойлголоо. Энэ зүйл ангиар ялыг багасгаж хөнгөрүүлэх заалт эрүүгийн хуулинд байдаг юм байна. Энэ нь хохирол төлсөн тохиолдолд. Шүүх Б-д эрүүгийн хэргийн улмаас хохирсон хохирлыг арилгуулах зорилгоор Бгийн Сөүл 40а-104 тоот болон 9.560.000 төгрөгний эд хогшлийг битүүмжилснийг хэвээр үлдээж ШШГА-нд шилжүүлэх ёстой заалтыг гаргаагүй нь хуулийг буруу хэрэглэлээ. Иймд тогтоолын хэсгийн 8,10,11-р заалтыг өөрчилж өгнө үү.

 

Х.Б-д үнэхээр гомдолтой байна. Бгийн хурлын тогтоолыг уншиж сонсгосны дараа тогтоолд залруулга гэж хохирол төлбөрийг төлөх хугацааг 6 сараар гэж тогтоосон боловч энэ нь хохирогч надад дахиад хагас жил хүлээх хугацаа боллоо. 6 сар гэж тогтоосон хирнээ сард хэдийг төлөхийг шүүх ер зааж өгсөнгүй. Энэ 6 сарыг 1-2 сар болгож өгнө үү. Хохирогч би шүүх цагдаад хандаад бүтэн 3 жил, одоо 4 дэх жилрүү орж байна. Надад үнэхээр гомдолтой байна. Гэвч Б нь гадуур, би шүүхийг хахуулдсан, яриа хөөрөө хийлгэж байгаа, одоо ч мөн хүнд хэлсэн байгаа ДЗШ-нд өргөдлөө бичээд өгчих гэсэн, өргөдөл гомдол өгч байгаа гэх мэтчилэн зүйл гадуур ярьсан яваад байдаг. Энэ удаад хэн хэлсэнийг дурьдахгүй өнгөрөөе гэж бодож байна. Би бүр ойрын эх сурвалжаас сонссон одоо би хэрэгсэхгүй болно гэх мэтийг ярьж явдаг. Би маш их гомдолтой байна. Б нь дүү Тунгалагынхаа 3-22-ын 2 өрөө байрыг зарж 40 сая төгрөг хахуульд өгсөн, тэгээд дүү Тунгалагаа өөрийн байр болох СӨҮЛ хотхоны 40а-104 тоотод дүүгээ оруулсан гэж ярьдаг юм байна лээ. Эрдэнэт жижиг газар бүх л юм амархан тарж сонсогдож байна шүү дээ. Би маш их гомдолтой байна, Б-гаас мөнгө авсан учир шүүх их ял оноож чадахгүй байна гэсэн хардлага, хандлага төрж байна гэж үзэж байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд шийтгэх тогтоолын хохирогч надад 32.000.000 төгрөгийг олгосугай гэснийг өөрчилж 6.350.000 төгрөгийн нэмж гаргуулахаар зааж өгнө үү.

 

Үүнд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тогтоолын 10-р заалт буюу, Х.Бгийн өмчлөлд байгаа, Орхон аймаг Оюут баг СӨҮЛ 40а байр 104 тоот байрлах орон сууцны захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнд тавьсан хориг, шүүгдэгч Х.Бгийн гадаадад зорчих эрхэд хязгаарлалт тогтоох, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөх болтол хэвээр үлдээсүгэй гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү. Хохирогч бид нарыг бүтэн хохирлыг барагдуулж дуустал уг битүүмжтэй эд хөрөнгийг нь битүүмжинд хэвээр байлгаж ШШГА-нд шилжүүлж өгнө үү.

 

Мөн шийдэх тогтоолын залруулга дээр 8 дахь заалт буюу 6 сарын хугацааны дотор хийхээр тогтоосугай гэсэн заалтыг хүчингүй болгож өгнө үү. Хохирогч миний бие нь бүтэн 3,4 жил эд материал, сэтгэл санаа, бие эрхтэн, хамаг юмаараа хохироод ахиад надад хагас жил хүлээнэ гэдэгт үнэхээр урт хугацаа хэцүү хүнд байна. Иймд уг хугацааг 1-2 сарын хугацаанд нь төлж дуусгахаар хугацааг наашлуулж өгнө үү. Ингээд шийдэх тогтоолын, залруулга гэсэн тогтоолын 1, мөн 6 сарын хугацаа, 10, 11, 12 дугаар заалтыг эс зөвшөөрч байгаа тул хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Х.Б давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор хохирогч Ц.Ст надаас 32 000 000 төгрөг гаргуулан олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Ц.С нь 2014 оны 01 дүгээр сарын 02-нд надаас 25 000 000 төгрөг дансаар авсан. Маргааш нь 20 000 000 төгрөгийг зээлдүүлэв гэж буцаагаад миний дансанд хийсэн үүнийгээ надад зээлдүүлсэн гэж худлаа гүтгэж байгаа юм. Мөн авсан 27 000 000 төгрөгийг би буцааагаад машинаа барьцаалж 14 000 000 төгрөгийг нь төлсөн. Нэмж 2 350 000 төгрөг надаас авсан. Ингээд хүү, алданги тооцоод 19 500 000 төгрөгийг манай нөхөр шийдвэр гүйцэтгэх албанд төлж байгаа. Үлдэгдэл 13 000 000 төгрөгийг 2014 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 12 цагт Хаан банкнаас бэлнээр 25 900 000 төгрөг авсан. Үлдэгдэл 12 900 000 төгрөгийг надад өгөөгүй. С нь өндөр хүүгээр буюу сарын 30 % -ийн хүүтэйгээр мөнгө зээлдэг байсан.

Миний бие нь Ст 2012, 2013, 2014 ондуудад нийт 113 000 000 төгрөг илүү төлсөн байна. Иймд хохирлын тооцоог 2012, 2013, 2014 он оноор нь тооцоог бүрэн хийж нягтлан авч үзэх нь зүйтэй гэж үзэж байна гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч О.Сарантуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Дутуу тооцоо хохирлыг учруулсан хохирол гэмт хэргийн үйлдэл холбогдолд оруулж өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэл байна гэж үзэж байна..., ...Хохирсон иргэний эрх ашиг хамгаалалтгүй үлдэж байна гэж гомдож байгаа хохирогчийн гомдол үндэстэй байна. Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөөч гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн давж заалдах гомдлыг давхар дэмжиж оролцож байгаа..., ...Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 20.000.000 төгрөгийг хасч шийдвэрлэж өгөөч гэсэн саналтай, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг дэмжиж байна. ... Хохирогч 32.000.000 төгрөгийг гаргуулж өгөхөөс гадна шүүхийн шийтгэх тогтоолд байгаа эд зүйлийг захиран зарцуулах эрх, хохирол төлбөрийг хэсэгчилэн төлөх дээр өөрчлөлт оруулж өгөөч гэсэн санал гаргаж байна... Энэ саналыг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор С.Ёндонсамбуу  дүгнэлтдээ:

 

... Х.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгагдах зүйлүүд хийгдсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Шүүхээр хэргийг хянан шийдвэрлэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, энэ шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх байдал тогтоогдохгүй байна. Мөн Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн нөхцөл байдал байхгүй...

 

2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоол, залруулга гаргасан тогтоолын хамт хэвээр үлдээх дүгнэлт гаргаж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Орхон аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бг 2002 оны Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4.т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хэлэлцэж Х.Б-д холбогдох гэмт хэргээс Б.А-аас 70 000 000 төгрөг, Ц.Сарантуяагаас 21 360 000 төгрөг залилсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, Х.Б-г залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил хорих ял оногдуулж, эдлэх ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2015 оны Анхны Ардчилсан Сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.д зааснаар түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялаас өршөөн хэлтрүүлж шийдвэрлэжээ.

 

“Ш-д” овогт Х-ын Б нь Ц.Сээс 2014 оны 01 дүгээр сарын 03-нд 20 000 000 төгрөг, 2014 оны 03 сарын 28-нд 27 000 000 төгрөгийг цагаан сар болох гэж байна, өөр байгууллагуудтай гэрээ хийнэ. Их мөнгө хэрэгтэй байна, наймааны оргил үе, нөхрийн дүү Хас банкнаас их хэмжээний мөнгө авах гэж байгаа гэх зэргээр залилан мэхлэж авсан, мөн Б.Золбоогоос 2013 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10 000 000 төгрөг, 10 дугаар сарын 20-ны өдөр 5 000 000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 15 000 000 төгрөг нийт 30 000 000 төгрөгийг бичгийн гэрээ байгуулж 1-3 сарын хугацаанд хүү өгөхөөр тохиролцож, гахайн махан ашигтай бизнес эрхлэж байгаа бизнестээ зарцуулна 2 дүүдээ тус болно гэж залилан мэхлэж авсан гэмт хэрэг тус бүр үйлдсэн болох нь:

 

Анхан шатны шүүхээр хэлэлцэгдэж үнэлэгдсэн хохирогч Ц.Сийн ... Миний бие Х.Б-г 2012 онд таньдаг болсон. Ингээд бид 2 мөнгө төгрөг авалцаж байсан. Авсан мөнгөө 2-3 хоногийн дараагаар буцаагаад л өгдөг байсан. 2012 он, 2013 онд бол маш их хэмжээний мөнгө авч төлдөг байсан. Ингэхдээ бэлнээр болон зээлийн гэрээ, дансаар авдаг байсан. Зээлийн гэрээ хийгээд бэлнээр мөнгөө аваад явдаг, буцааж төлөхдөө дансаар хийдэг байсан. Ингэж төлж байгаад 2013 оны 12 дугаар сарын 15-нд 30.000.000 төгрөг зээлийн гэрээгээр авсан. Энэ авсан мөнгөө 2014 оны 01 дүгээр сарын 02-нд 25.000.000 төгрөг дансаар шилжүүлсэн. Маргааш нь 2014 оны 01 дүгээр сарын 03-нд “урагшаа явж цагаан сарын бараа татна, дуудаад байна” гээд 20.000.000 төгрөг зээлсэн. Намайг мөнгөө нэхэхэд цагаан сарын дараа зээлээр өгсөн барааныхаа мөнгийг цуглуулж өгнө гэж байсан. Тэгээд 03 дугаар сар гараад байж байтал нөхрийн төрсөн ахын хүүхэд Золбоо Хас банкнаас 300.000.000 төгрөгний зээл авахаар болчихлоо гэж ирсэн. Хас банкинд 27.000.000 төгрөгний үлдэгдэлтэй юм байна. Тэрийг чамаас авч төлье гэхээр нь Хас банкны гадаа хамт очсон. Би ч итгээд 27.000.000 төгрөгийг өгсөн..., ...Одоо би 53.360.000 төгрөг нэхэмжилж байна. Мөрдөн байцаалтын үед 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Б өөрийгөө маш их ашигтай наймаа хийдэг, энд тэндгүй склад, зоорьтой гэж ярьдаг байсан..., гэсэн,

хохирогч Б.Золбоогийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2013 оны хавар шиг санагдаж байна. Манай эхнэр Хонгорзултай фитнес клубт хамт явдаг байсан Солонго гэх хүүхэн анх Х.Б гэдэг хүнийг манай эхнэрт танилцуулсан байсан. 2013 оны хавар Х.Б нь 3 хувааж буюу 10.000.000 төгрөгийг, дараа нь 5.000.000 төгрөгийг, харин сүүлийнх нь 15.000.000 төгрөгийг нийт 30.000.000 төгрөгийг авсан. Гэхдээ сүүлийн 15.000.000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж авсан, эхний хоёрт мөнгө өгсөн, авсан гэсэн баримт үйлдсэн. Тухайн үед Х.Б нь гахайн махны ашигтай бизнес эрхэлж байгаа, хоёр дүүдээ тус болно гэх мэтээр хуурч мэхэлсэн. Өнгөрсөн хугацаанд Х.Бгийн зүгээс 2.500.000 төгрөг, манай эхнэр Хонгорзулын 5094463713 дугаарын ХААН банкны дансаар шилжүүлж байсан. Гэхдээ энэ 2.500.000 төгрөг нь тухайн үед Х.Б бид хоёрын хэлж ярьсанаар хүү гэж авсан. Одоо би 30.000.000 төгрөг нэхэмжилж байна. Биднээс мөнгө авахдаа бизнест зарцуулна гэж хэлж байсан хэдий ч бидний мөнгийг бусад өр зээлтэй хүмүүст өгсөн байсан... гэсэн,

гэрч Ц.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надаас Ц.С нь 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр Батболдоор дамжуулан уулзаж зээлийн гэрээ байгуулан сарын 0.5 хувийн хүүтэй 30.000.000 төгрөг зээлсэн. Мөнгө зээлж байгаа шалтгаанаа мөнгөний хэрэг болоод байна гэж байсан. Мөн найз Х.Б-даа 20.000.000 төгрөгийг зээлнэ гэж байсан... Надаас бол С өөрөө ганцаараа ирж мөнгө аваад явсан. Цаашаагаа Б-даа өгсөн эсэхийг мэдэхгүй. Би ерөөсөө уулзаж байгаагүй. Ингээд мөнгө аваад өгөхгүй нилээд нэхэл дагуул болсон. Би Ц.Сээс мөнгөө нэхэж байгаад 2014-2-13-ны өдөр 3.360.000 төгрөг хүү гэж Голомтын данс руу хийсэн. 2014-3-15-ны өдөр охины данс руу 15.0 сая төгрөг шилжүүлсэн байсан. 2014-5-31-ний өдөр 23.0 сая төгрөг бас охины данс руу хийсэн. Сүүлд хийсэн 23.0 сая төгрөгийг хийхдээ Б бид 2 хувааж байгаа утгатай юм яриад байсан. Яагаад хувааж хийх болсон учрыг би мэдэхгүй. Бгаас төлөлт хийж орж ирсэн. Нийтдээ 30.0 сая төгрөг зээлээд 41 360 000 төгрөг болгож авсан. ...С өөрийнхөө авсан мөнгийг л өгч байна гэж ойлгож байсан. Би бол Б гэж хүнд мөнгө зээлээгүй... гэсэн,

хохирогч Б.Алимаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ...Б надаас 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 70.000.000 төгрөг бэлнээр авсан. Гэрээ байгуулсан, өөр баримт үйлдээгүй. Тэгээд 2014 оны 1 дүгээр сарын 03-наас надад цувуулж мөнгө өгч байсан. 13.0 сая төгрөг болсон. Тэгээд 63.0 сая төгрөг өгнө гэж баталгаа бичиж өгсөн. Би байр авах гээд цуглуулж байсан мөнгө, мөн Батболдоос зээлж авсан мөнгөө өгсөн. 70.0 сая төгрөг бөөнөөр нь өгсөн... гэсэн,

гэрч А.О-ын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: ...Би Ц.С гэж эгчийг танина, Х.Б гэж огт танихгүй. 2014 оны хавар 3 билүү 4 сард Ц.С эгч нэг эмэгтэй хүнтэй хоёулаа хамт явж байсан. Эгчийн маань танидаг хүн Төрийн банкнаас зээл гаргуулах гэж хөөцөлдөж байгаа юм гээд лангууг чинь түрээслэдэг гэж үзүүлнэ, чиний лангууны зургыг чинь авна өөр ямар ч асуудалгүй банкны хүн ирээд асуувал чи өөрөө Б гэж хүний худалдагч гэж хэлээрэй өөрийнхөө өдрийн орлого олдог дэвтрийг үзүүлээрэй тэгээд болоо гэж хэлсэн, Тэрний дараа удаагүй банкнаас нэг запуу ирээд Х.Бгийн лангуу мөн үү гэхээр нь ярьсан ёсоороо мөн гэж хэлсэн, Х.Б нь хамт явж байсан гэсэн,

гэрч Б.З-ын мөрдөн байцаалтад өгсөн:...Манай найз Батбаяр 2014 оны эхээр Ц.С гэж хүнийг танилцуулаад, ”зээл хөөцөлдөж байгаа юм зээлийг нь судлаад өгөөч” гэсэн. С ярихдаа “Б гэж хүн зээл авах гэж байгаа” гэсэн....Б С 2 байнга хамт явдаг байсан. С нь утсаар “зээл юу болж байна гэж байнга асуудаг, Б нь материал бүрдүүлээд явж байсан...Зээл нь бүтээгүй...Б нь 2014 оны 5 сарын сүүлээр мөнгө байршуулах шаардлагатай болчихоод 16.0 сая төгрөг дутаад байна гээд 16.0 сая төгрөг авсан....мөнгө авсаныхаа дараа 4-5 хоногийн дараа С нь надад 11 сая төгрөг өгсөн....Сүүлд өгөхгүй удаад байхаар нь нэхсэн чинь данс руу нь 2.0 сая төгрөг хийсэн байсан”... гэсэн мэдүүлгүүд болон бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, анхан шатны шүүхээс Х.Б нь Б.А-аас 70 000 000 төгрөг, Ц.Сээс 21 360 000 төгрөгийг тус тус залилсан гэх үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгож, Х.Б-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг ...Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэлээр өршөөн хэлтрүүлж шүүгдэгчээс хохирогч Б.Золбоод 17 563 000 төгрөгийг, Ц.Сарантуяад 32 000 000 төгрөгийг тус тус төлөхөөр тогтоож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Харин шүүх Х.Б, Р.Батбаяр нарын өмчлөлд байгаа орон сууцны захиран зарцуулах эрх, шилжилт хөдөлгөөнд тавьсан хориг болон шүүгдэгчийн  гадаадад зорчих эрхэд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээснийг шүүхээс гүйцэтгэх хуудас бичигдэж хүргэгдэж очих хүртэл гэж өөрчлөх нь зүйтэй байна.

Учир нь давж заалдах шатны шүүхийн магадлал уншин сонсгосон даруй хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийдвэр уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор бичгээр үйлдэж хуульд заасан хугацааны дотор прокурор, оролцогч нарт гардуулах, магадлалыг эс зөвшөөрсөн тохиолдолд прокурор эсэргүүцэл бичих, оролцогчид хяналтын журмаар гомдол гаргах, тайлбар гаргуулах, гүйцэтгэх хуудас бичигдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад очих хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тодорхой цаг хугацаа үргэлжлэх тул шүүгдэгчийн гадаад зорчих, эрхийг зохих хугацаанд хязгаарлах, хохирол төлөх хөрөнгийг хамгаалах зайлшгүй шаардлага үүсч байна.

 

Мөн шүүхийн шийтгэх тогтоолд залруулга хийх тухай тогтоолд шүүгдэгч хохирогчид төлбөр төлөх хугацааг тогтоож өгсөн нь үндэслэл муутай болжээ. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6.д “...хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шийтгэх тогтоолд тусгана...” гэсэн нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдвал зохих асуудлыг ерөнхийд нь тодорхойлсон бөгөөд гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нь аль болох хурдан хугацаанд хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байдаг тул шүүх тэдний эрх ашигт нөлөөлж хохирол төлбөрийг хугацаа зааж хойшлуулах, хэсэгчлэн гаргуулах шаардлагагүй юм.

 

Хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлдэг эрх бүхий байгууллага, субеъкт нь хохирол төлбөрийг барагдуулах, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд эд хөрөнгөнд үзлэг хийх, хөрөнгийн хэмжээ тогтоох, данс хаах, хөрөнгө битүүмжлэх хураан авах зэрэг ажиллагаа хийж төлбөр төлөх боломж, хугацаа, хэмжээг тогтоохоос гадна Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 267 дугаар зүйлийн 267.2.8.д зааснаар ...гэмт хэргийн улмаас... учруулсан хохирол төлбөрийг хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутгаж хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг хорих байгууллагын чиг үүрэгт заасан..., энэ хуулиас илүү нарийвчилсан зохицуулалттай хуулийг хэрэглэхээр зохицуулжээ.

 

Иймд хохирогч Ц.С-ийн ... Хохирогч бид нарын бүтэн хохирлыг барагдуулж дуустал Х.Бгийн битүүмжтэй эд хөрөнгийг нь битүүмжинд хэвээр байлгаж ШШГА-нд шилжүүлж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийтгэхт огтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Харин шүүгдэгч Х.Б-гийн ... Иймд хохирлын тооцоог 2012, 2013, 2014 он оноор нь тооцоог бүрэн хянаж авч үзэх нь зүйтэй байна... гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна

 

Х.Б-д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчөөгүй, шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагагыг зөрчөөгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5., 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 423 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 10 дугаар заалтын

-шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол гэснийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гүйцэтгэх хуудас бичигдэж очих хүртэл ... гэж өөрчлөн, Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Шүүгдэгч Х.Бгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, хохирогч Ц.С-ийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

 

3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА                                                                                                                                                                                                                                         

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР