Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/141

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Улсын яллагч: В.Төгсбаяр,

Нарийн бичгийн дарга: Б.Энхзул,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Ж.О, нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Жанцандоржийн От холбогдох 1929001380080 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Үйлдсэн хэргийн талаар:

 Шүүгдэгч Ж.О нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт хамтран амьдрагч Б.Нандинг байнга буюу 2018 оны 06 дугаар сарын 05, 2018 оны 08 дугаар сарын 1-2, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч Ж.О нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Б.Нандингийн Lexus 470 маркийн 80-88 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг галдан шатааж хууль бусаар устган 28 232 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.О мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн, одоо маргах зүйл байхгүй, нэмж ярих зүйл байхгүй”  гэв.

Б.Нандингийн гэрч, хохирогчоор өгсөн: “...Улаанбаатар хотоос замын унаагаар Цагаанхаданд 05 дугаар сарын 17-ны өглөө 05 цагт гэртээ ирээд унтахаар орондоо ороход О зөрж босоод хашаан дотор төмөр шидээд, нохой орилуулж байгаад эргээд ороод ирсэн ... О миний толгойруу гараараа олон удаа, баруун шанааруу нэг удаа, толгойны ар дагзруу 2 литрын савтай маслоор олон удаа цохиж, гуяруу өшиглөж, үснээс зулгаасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36, 47-р хуудас/ 

Ж.Оийн гэрч, хохирогчоор өгсөн: “...Миний биед тархи доргилт, зүүн гарын шуу, мөр, зүүн гуяны дотор талд хөхрөлт, зүүн тохой хавдаж хөхөрсөн байсан. Мөн биеийн нилээд хэсэгт гүн зүсэгдсэн олон тооны шарх гэмтлүүд учирсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43, 61-р хуудас/ 

Гэрч Ч.Буджавын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 17-ны өглөө 05 цагийн үед Нандинг ирсэн. Тэгээд удаагүй байж байтал дуу чимээ гараад хүн орилоод байсан. Ямар ч байсан Нандинг “болиоч” гээд орилоод байсан. О юм шидлээд байх шиг байсан ... Оийг анзаараагүй. Нандингийн үс нь сэгсийсэн байсан. Тэгэхээр нь энэ хоёрыг зодолдсон юм байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 55-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 306 дугаартай:

1. Б.Нандингийн биед толгойн дагзны хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, тохой гуянд зулгаралт, баруун бугалга, шуу, бугуй, зүүн бугалга, шуу цээж, баруун гуя, өвдөг, зүүн гуя, өвдөг шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 69-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 325 дугаартай:

1. Ж.Оийн биед цээж, зүүн мөр, бугалга, шуу гуянд зулгаралт, толгойн дагзны хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 70-р хуудас/

Шинжээч эмч Ж.Жаргалтуяагийн өгсөн: “...Ж.Оийн биед үүссэн зулгаралт нь мохоо эд болон хурц өнцгөөр шүргэх, нидрэх мөн дарах, шахах үйлчлэлээр үүсгэгдэх арьсны өнгөц давхарга эпидермис болон салст бүрхүүлийн хучуур эсийн давхаргын гэмтэл юм. Иймд зулгаралт нь лаазаар үүсгэгдэж боломжтой...” /1-р хх-ийн 104-105-р хуудас/

Ж.Оийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 121-122-р хуудас/

Б.Нандингийн яллагдагчаар өгсөн: “ ...Ж.Оийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна ... Ж.О пивоны лааз ураад уранхай хэсгийг нь бариад надруу дайрсан. Би өөрийн биеэ хамгаалахын тулд лаазыг булааж авсан. Ж.О уг пивоны лаазыг надаас булааж авахаар надруу дайрсан. Бид хоёр пивоны лаазыг булаацалдаж байх үед Оийн биед нь лаазаар зүсэж гэмтэл учруулсан...” /1-р хх-ийн 125-р хуудас/

Гэрч П.Отгондалайн өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 24-ний орой Насанбум эгчийн гэрт байхад Нандинг их сандарсан байдалтай, үс болон биеийн хэсгээс нь бензин үнэртэж, нүүрний орчим нь баруун талаараа цус болчихсон байсан. Нандинг “Очироо чинь бензин цацаж шатааж ална гээд байна ш дээ” гэж хэлсэн...” /2-р хх-ийн 10-р хуудас/

Гэрч А.Насанбумын мэдүүлэг /1-р хх-ийн 52, 2-р хх-ийн 47-р хуудас/

Гэрч Б.Наранбатын мэдүүлэг /2-р хх-ийн 48-р хуудас/

Гэрч Ч.Буджавын дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 7-8-р хуудас/

Яллагдагч Ж.Оийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 69-71-р хуудас/

Яллагдагч Б.Нандингийн өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 72-76-р хуудас/

Шүүгдэгч Ж.Оийн хувийн байдлын талаар

Шүүгдэгч Ж.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 131-р хуудас/

Шүүгдэгч Ж.Оийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 132-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.О нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт хамтран амьдрагч Б.Нандинг байнга буюу 2018 оны 06 дугаар сарын 05, 2018 оны 08 дугаар сарын 1-2, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон, мөн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 189/385 дугаартай тушаалаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д” гэмтэл түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан /түр/” мөн журмын 2.4.2-т “хөдөлмөрийн ерөнхий чадвар бага хэмжээгээр /5-15%/ тогтонги байдлаар алдагдсан” бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамааруулахаар шалгуур шинжийг тодорхойлсон байх тул хохирогч Б.Нандингийн биед учирсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Тухайн гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан. “Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээлгэхгүй байхыг багтаан ойлгоно.

 Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг харилцаа буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирол учруулсан нэг үйлдлийг тухайн харилцааны доторх өөр зүйл, хэсгээр давхар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан нь нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэсэн шударга ёсны зарчимд нийцэхгүй тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед гэмтэл учруулсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг гэж салгаж зүйлчлэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуулийн  холбогдох зүйл хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг далимдуулан гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангана” /УДШ-ийн 2019.10.16-ны №506-р тогтоол/  гэж зааснаар  Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.От холбогдох хэргийг тухайн гэмт хэргийн шинжгүй байх тул   хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь  Эрүүгийн хуулийн хууль ёсны байх зарчимд нийцнэ гэж үзэв.

Шүүгдэгч Ж.Онь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Б.Нандингийн Lexus 470 маркийн 80-88 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг галдан шатааж хууль бусаар устган 28 232 000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ. Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ж.О нь  “бусдын эд хөрөнгийг устгах” гэмт хэргийг бусдад хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” 2 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.О нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт хамтран амьдрагч Б.Нандинг 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг “Цагаан хад” гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хамтран амьдрагч Б.Нандингийн Lexus 470 маркийн 80-88 ӨМЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг галдан шатааж устган 28 232 000 төгрөгийн хохирол учруулсан ч тухайн гэмт хэргийг үйлдсэн өдрөөс хойш 1 жил өнгөрсөн тул шүүгдэгч Ж.Оийг “гэр бүлийн харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар: “Хөрөнгө эстимэйт” ХХК-ний 88, 89 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 111-113-р хуудас/-ээр хохирогч Б.Нандинг 28 232 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Оийн хохирлоо төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж, шүүгдэгчээс 28 232 000 төгрөгийг хохирогч Б.Нандинг-д  олгох нь зүйтэй.

Бусад асуудлаар: Шүүгдэгч нар нь энэ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сум дундын прокурорын газрын ерөнхий прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.От холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Тайж овогт Жанцандоржийн Оийг хүний эрүүл мэндэд хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хөнгөн хохирол санаатай учруулах, бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Ж.Оийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Шүүгдэгч Ж.Оээс 28 232 000 /хорин найман сая хоёр зуун гучин хоёр мянга/-н төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нандинг-д  олгосугай.

5. Шүүгдэгч Ж.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.БАТТУЛГА