Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 050

 

Б.Галымбекийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Н.Туяа, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Хурман овогт Болатын Галымбекийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Болат, түүний өмгөөлөгч К.Зулхаш, гуравдагч этгээдийн өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: Миний бие Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн. Улаанбаатар хотод Монголын Үндэсний дээд сургуульд багш, 2010 оноос одоо хүртэл аймгийн нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчоор тасралтгүй 7 жил ажиллаж байна. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч. Ажилласан хугацаанд ямар нэгэн санхүүгийн зөрчил гаргаагүй. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 тоот тушаалаар Б.Галымбек намайг тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Азинагүлийн оронд байнгын ажлын байранд томилсон билээ.

Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлгийн даргын 235 тоот тушаалаар сангийн яамны улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18-04/07 тоот албан шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 заалт, Сум дундын шүүхийн 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 12/855 тоот шийдвэр, нэгдсэн эмнэлгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 21 -ний өдрийн 222 тоот тушаалыг тус тус үндэслэн А.Нурзияг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлангаар томилж, намайг чөлөөлжээ. Уг тушаалыг би мэдээгүй бөгөөд нэгдсэн эмнэлгийн даргын 256 дугаар тушаалаар Б.Ууганбаатар гэгчийг томилсон 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүний нөөцийн ажилтан Көгершингээс гардан авсан юм. Нэг ч өдөр нэгдсэн эмнэлэгт болон төрийн байгууллагын нягтлангаар ажиллаагүй хүнийг томилсон нь илт хууль зөрчиж байна гэж үзэж байна. Б.Галымбек намайг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох хэсгийг баримталж тушаал гаргах ёстой байтал хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч заалтыг баримтлаагүй явдал нь мөн хуулийг зөрчсөн байна.

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтад эрх бүхий албан тушаалтан өөрийн гаргасан эрхийн актыг өөрөө хүчингүй болгох тухай зохицуулалт байхгүй байтал Б.Галымбек намайг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224-р тушаалыг хүчингүй болгосон тухай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235-р тушаалын нэг дэх заалт нь хууль зөрчсөн заалт байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь олгох үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл ажил олгогч болох Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан нь Б.Галымбек намайг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон 224 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 тоот тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардуулан өгсөн ба тэр өдөр нэгдсэн эмнэлгийн даргын 256 тушаалаар Б.Ууганбаатар гэгчийг томилсон байх юм. Уг тушаал нь Б.Ууганбаатарыг томилсны дараа гарсан тушаал гэж ойлгогдохоор байна. Б.Нурзия нь Ерөнхий Нягтлан бодогчоор ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан тул түүний ажлын байр нь байнгын бөгөөд сул орон тоо байна.Иймээс Б.Галымбек миний бие туслах нягтлан бодогчоор ажиллаж байгаад Ерөнхий Нягтлан бодогчоор дэвшин ажиллаж байна.

Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т аймаг нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн нягтлан бодогчийг аймаг нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж чөлөөлнө гэж заасан. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай тушаалын хавсралт болох Төсвийн Ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1.3-т Төсвийн Ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахал нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү төрийн сангийн газар хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх. Мөн журмын 3.1.10-т ...Төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөнө гэж заасан. Б.Ууганбаатар нь эдгээр шалгууруудын аль алийг хангахгүй.

Харин миний бие Б.Галымбек нь эдгээр хууль, журмын шаардлагыг хангаж байгаа бөгөөд мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, Авлигатай тэмцэх газар, аймгийн засаг дарга нарын зөвшөөрсөн албан тоотыг нэгдсэн эмнэлгийн даргад хүргүүлсэн болно. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогчоор томилох тушаал гарсан нь үнэн боловч А.Нурзиягийн гаргасан гомдол, түүнтэй холбоотой шүүхийн шийдвэрүүд болон Эрүүл мэндийн яамнаас өгсөн даалгавруудыг үндэслэн Б.Галымбекийг өмнө хийж байсан ажилд нь эгүүлэн томилж, Б.Бейсений гаргасан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаар тоот тушаалыг биелүүлэх зорилгоор ажлын хэсэг томилж Ерөнхий нягтлан бодох орон тооны дагуу А.Нурзиягийн ажиллагаа явуулах эрхийг нь сэргээж өгсөн болно.

Б.Галымбект Ерөнхий нягтлан бодогч хийх тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, ажил хүлээлцэн өгөх комисс томилогдоогүй. Хуулийн зүйл заалт, нэгдсэн эмнэлгийн даргын тушаалуудыг тус тус үндэслэн А.Нурзияг Ерөнхий нягтлан бодогчоор томилсон билээ. А.Нурзияг Ерөнхий нягтлан бодогчоор томилохдоо, Ерөнхий нягтлан бодогч хийж байсан Азинагүлийг чөлөөлж, Б.Галымбекийг эргүүлэн нэгдсэн эмнэлгийн санхүү тооцооны нягтлангаар томилсон. Тухайн үед Ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг Ш.Азинагүлээс А.Нурзияд шилжүүлэн хүлээлгэн өгөх тухай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн даргын 238 тоот Ажил хүлээлцэх тухай комиссын бүрэлдэхүүн гарч Ерөнхий нягтлан бодогч Ш.Азинагүл нь А.Нурзияд ажил үүргээ шилжүүлэн өгсөн, тухайн үед ажил хүлээлцэх комиссын гишүүнээр Б.Галымбек өөрөө биечлэн оролцож байсан ба эргээд санхүү тооцооны нягтлангаар томилогдсон болохыг мэдэж байсан. Б.Ууганбаатар нь өндөр насны тэтгэвэрт гарч буй А.Нурзиягаас ажлаа хүлээж авсан болно.

А.Нурзияг шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхий нягтлан бодогчоор эгүүлэн тогтоосон тул Б.Галымбекийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу санхүү тооцооны нягтлангаар эгүүлэн томилсон болно. Сангийн Сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 тоот Тушаалын хавсралт болох Төсвийн Ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1.3-д Төсвийн Ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил ажилласан эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх гэсэн шалгуурыг Б.Галымбек нь хангахгүй байна. Нийт Нэгдсэн эмнэлэгт 6 жил ажиллаж байгаа төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг хийж байгаагүй зөвхөн нэгдсэн эмнэлгийн санхүү тооцооны нягтлангаар ажиллаж байсан тул дээрх шалгуурын аль алийг бүрэн хангахгүй байгаа болно. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ахлах нягтлан бодогч гэсэн орон тоо байхгүй болно.

Монгол Улсын Сангийн яам Улсын Байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18-04/07 тоот Зөрчил дутагдлыг арилгуулах тухай албан шаардлагын 2-т Санхүүгийн албаны дарга бөгөөд төрийн сан хариуцсан ахлах нягтлан бодогч ба ерөнхий нягтлан бодогч гэсэн давхар орон тоог бий болгон ТҮ-8-аар цалинжуулж байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Засгийн Газрын 2007 оны 354 дүгээр тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон болно. Иймд Б.Галымбекийн шүүхэд гаргасан гомдол нь хууль журамд нийцэхгүй бөгөөд Ерөнхий нягтлан бодогчид тавигдах шалгуурыг хангахгүй байгаа тул гомдлыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээдийн тайлбарын агуулга: Б.Галымбекийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга 2016 оны 10 дугаар 12-ны өдөр намайг Ш.Азинагүлийн ажиллаж байсан орон тоонд ерөнхий нягтлан бодогчоор томилсон тухай 224 дугаартай тушаал гаргасан учраас би ажиллах ёстой гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэдийгээр нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг түүнийг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар 12-ны өдрийн 224 тоот тушаалаар маргаан бүхий орон тоонд томилсон тухай тушаал авагдсан байгаа боловч бодит байдал дээр энэхүү тушаал нэг ч өдөр хэрэгжээгүй байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон тоонд өмнө нь ажиллаж байсан иргэн А.Нурзияг хууль бусаар чөлөөлж оронд нь Ш.Азинагүл гэдэг хүн томилдог ба А.Нурзия шүүхэд хандаж, улмаар шүүхээс түүнийг хуучин ажиллаж байсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон тухай шийдвэр гарч байжээ.

Гэтэл тухайн үед эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Бейсен шүүхийн шийдвэрийг үл биелүүлээд явж байсан байна. Ингэснээр иргэн А.Нурзия Эрүүл мэндийн яам болон бусад газарт гомдол гаргаад явж байсан байж. Тэгж байтал эмнэлгийн дарга солигдож Т.Серикжан гэдэг хүн томилогдсон. Шинэ дарга өмнө ийм асуудал байгааг мэдэлгүйгээр маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг томилсон тухай тушаал гаргасан байхад Эрүүл мэндийн яам болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шинээр томилогдсон даргад үүрэг болгосон.

Ингэснээр шинэ дарга Т.Серикжан шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлага гарч маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг томилсон тухай шийдвэрийг хэрэгжиж эхлээгүй байхад /хөдөлмөрийн гэрээ байгуулахаасаа өмнө/ өөрөө хүчингүй болгож, шүүхийн шийдвэрээр орох ёстой А.Нурзияг хуучин ажиллаж байсан орон тоонд томилжээ. Ингэхдээ нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар 26-ны өдрийн Ажил хүлээлцэх тухай 238 дугаар тушаал гарч, ажлын комисс Ш.Азинагүлийн ажлыг А.Нурзияд хүлээлгэн өгсөн байна. Тухайн ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнд нэхэмжлэгч Б.Галымбек байсан бөгөөд өөрийг нь тус албан тушаалд томилсон шийдвэр хууль бус болохыг мэдсэн юм. Дараа нь А.Нурзия өндөр насны тэтгэвэрт гарснаар миний бие аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаар тушаалаар түүний орон томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байна.

Гэтэл нэхэмжлэгч өөрийг нь томилсон тухай тушаал хүчингүй болсныг мэдсээр байж маргаан бүхий орон тоонд ажиллах ёстой мэтээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар 26-ны өдөр Ш.Азинагүлийн ажлыг А.Нурзияд хүлээлцэх комисс-д ажиллаж байсан хүний хувьд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Хэрэв нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байсан бол уг гомдлын гуравдагч этгээд нь би биш А.Нурзия гэдэг хүн байх байсан.

Харин А.Нурзиягийн хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу орсон хүн байсан тул үүнд ямар нэгэн маргаан гарах ёсгүй байсан. Харин нэхэмжлэгчийн маргаж байгаа явдал нь сул гарсан орон тоонд заавал намайг томилж өгөх ёстой хэмээн маргаж байна. Энэ нь ажил олгогчийн эрхэд халдаж байгаа явдал хэмээн ойлгож байна. Үүнийг шүүх анхаарна гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаар Төсвийн тухай хуульд зааснаар аймгийн нэгдсэн эмнэлгийн төсвийн ерөнхийлөн захирагч Эрүүл мэндийн сайд ба нэгдсэн эмнэлгийн дарга төсвийн шууд захирагч юм. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх тухай журам-ын 2.1.5-д зааснаар тухайн маргаан бүхий орон тоонд заавал мэргэшсэн нягтлан бодогч ажиллуулна гэсэн зохицуулалт байхгүй байна. Шууд захирагч нарын ахлах нягтлан бодогчийг томилохдоо хэн нэгэн этгээдтэй зөвшилцөн томилно гэсэн хуулийн заалт байхгүй юм.

Миний хувьд аймгийн нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчоор буюу мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан тул тухайн маргаан бүхий оронд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа. Харин энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан Ерөнхий нягтлан бодогч гэдэг нь зөвхөн нэршлийн асуудал болохоос биш жинхэнэ утгаар нь энэхүү ажлын байр нь ахлах нягтлан бодогч гэсэн албан тушаал юм. Өөрөөр хэлбэл төсвийн Ерөнхий нягтлан бодогч гэж хэн бэ? энэхүү маргаан бүхий ажлын байр Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байр мөн үү? гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй байх. Мөн ижил төвшний байгууллагууд болох аймгийн Засаг даргын дэргэдэх бусад агентлагуудын нягтлан бодогч нарын ажлын байрны тодорхойлолтуудтай харьцуулан судалж үзэх хэрэгтэй байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд би хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллаж байна. Миний ажиллаж байгаа орон тоо ямар ч маргаангүй сул орон тоо байсан. Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэрт гарсан хүний орон тоо юм.

Намайг ажилд авахдаа ажил олгогч хуулиар олгосон өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд зохих шийдвэрээ гаргаж томилсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгож,

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЭ87121231 Хурман овогт Болатын Галымбекийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгож.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулж,

5. Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Иргэн Б.Галымбекийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09- ний өдрийн 103 дугаар шийдвэрийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хувьд эс зөвшөөрч дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэснээс гадна хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагыг хангаагүй юм. Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай шаардлага гаргасан юм.

Гэтэл нэхэмжлэгчийн хувьд тухайн маргаан бүхий орон тоонд нэг ч хором ажиллаагүйгээс гадна хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан. Өөрөөр хэлбэл, тухай маргаан бүхий ажилд ажиллаж байгаагүйгээс гадна хөдөлмөрийн гэрээ ч байгуулаагүй байсан юм. Ганц буруутгагдаж байгаа асуудал нь хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн, агуулгын хувьд алдаатай бөгөөд хэзээ ч биелэгдэхээргүй Б.Галымбекийг ерөнхий нягтлан бодогчоор томилсон тушаал байсан юм. Уг тушаал нь хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн, агуулгын хувьд алдаатай байсан тул Нэгдсэн эмнэлгийн дарга өөрийнхөө тушаалыг өөрөө хүчингүй болгосон байна.

Учир нь Б.Галымбекийг ерөнхий нягтлан бодогчоор томилох үед тухайн орон тоо сул орон тоо биш байсан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоолын дагуу Б.Нурзияг тухайн маргаан бүхий орон тоонд томилсон байсан юм. А.Нурзия нь шүүхийн шийдвэрийн дагуу эгүүлэн томилогдож ажлаа хүлээн авснаар нэхэмжлэгч Б.Галымбекийг томилсон тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу хүчингүй болсон юм. Өөрөөр хэлбэл хуульд заасны дагуу хүчингүй болсон юм. Үүнийг нэхэмжлэгч Б.Галымбек сайн мэдэж байгаа бөгөөд шүүхэд энэ талаар маргаагүй болно. Хэрэв хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол А.Нурзияг томилсон орон тоонд эгүүлэн томилж ажиллуулахад ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. А.Нурзияг хууль бусаар томилсон гэж үзэж, шүүхэд хуульд заасан хугацааны дотор гомдол гаргаагүй байна. Иймээс нэхэмжлэгч Б.Галымбекийн шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэх ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй хэмээн заасан байна.

Гэтэл нэхэмжлэгч Б.Галымбект хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг бий болоогүй юм. Учир нь тухайн орон тоонд өөр хүн ажиллаж байсан бөгөөд шүүхийн хүчин төгөлдөр тогтоолын дагуу өөр нэгэн хүн эгүүлэн томилогдсон ажлын байранд Б.Галымбектэй хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй байсан юм. Иймээс анхан шатны шүүхээс Б.Галымбекийг томилсон тушаалын 2 дугаар заалтаар хөдөлмөрийн гэрээ хийхийг хүний нөөцийн менежерт даалгасан боловч Хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй хэмээн хариуцагч байгууллагыг буруутгасан нь үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхээс хариуцагчийг Монгол Улсын Сангийн Яамны Улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18-04/07 тоот албан шаардлагыг нэхэмжлэгч Б.Галымбекийг тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдохоос өмнө мэдсэн тул уг тушаалыг хүчингүй болгох ёсгүй хэмээн дүгнэсэн явдал нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь Б.Галымбекийг тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоортомилогдохоос өмнө Улсын байцаагчийн 8-04/07 тоот албан шаардлагыг мэдсэн гэж үзэж байгаа бол уг тушаал нь хууль бус учраас анхнаасаа хүчин төгөлдөр бус тушаал байх ёстой. Энэ талаар нэхэмжлэгч ч гэсэн мэдэж байсан бөгөөд өөрийгөө сул орон тоонд томилогдсон гэж шүүхэд маргаагүй юм.

Анхан шатны шүүхийн үндэслэх хэсгийн 3 дугаарт А.Нурзияг нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилсонтой холбогдуулан Б.Галымбекийн тушаалыг хүчингүй болгосон хэмээн тайлбарласан боловч үүнийгээ нотолж чадаагүй хэмээн үзэж нэхэмжлэлийг хангаж буй гол үндэслэл болгожээ. Хариуцагчийн зүгээс А.Нурзияг ерөнхий нягтлан бодогчоор эгүүлэн томилогдсон талаарх нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөөр байтал анхан шатны шүүх зөвхөн нэг талыг баримтлан, хууль бус шийдвэр гаргахын тулд хариуцагч байгууллага болон гуравдагч этгээдийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлээгүйгээс гадна яагаад тухайн нотлох баримтуудаа үнэлээгүйгээ хүртэл шийдвэртээ тусгаагүй юм. Тухайлбал. хавтаст хэрэгт авагдсан Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаар Б.Ууганбаатарыг ерөнхий нягтлан бодогчоор томилсон тушаалын 1-т нь нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогч А.Нурзия өндөр насны тэтгэвэрт гарч байгаа тул оронд нь ерөнхий нягтлан бодогчоор Болат овогтой Ууганбаатарыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн бүр томилон ажиллуулсугай гэж заасан хэсгээс нь А.Нурзия 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл тус орон тоонд ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан болох нь нотлогдож байна.

Мөн хавтаст хэрэгт авагдсан Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 238 дугаар А.Нурзияд ажил хүлээлцэх комисс байгуулсан тушаалаар А.Нурзия ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилогдсон нь тогтоогдож байна. Нэхэмжлэлд хариуцагчаас 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбарт А.Нурзияг эгүүлэн томилсон учир тушаал хүчингүй болсон тухай бичиж ирүүлсэн байтал нэхэмжлэгчээс үүнийг үгүйсгэж тайлбар ирүүлээгүй бөгөөд А.Нурзияг эгүүлэн томилогдсон асуудалд маргаагүй байхад шүүх санаачлан үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Гэрч Ш.Азинагүлийн гэрчийн мэдүүлгийг шүүгч гуйвуулан бичсэн байна. Тухайлбал А.Нурзия нь тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаагүй гэж гэрч Ш.Азинагүлийн хэлээгүй зүйлийг хэлснээр нь бичиж шийдвэртээ үндэслэл болгожээ.

Гэрч Ш.Азинагүл мэдүүлэгтээ өөрийнхөө ерөнхий нягтлан бодогчийн ажлыг А.Нурзияд хүлээлгэн өгсөн талаар хэлсэн юм. Гэрчийн мэдүүлгүүд дээр дурдсан хөндлөнгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул А.Нурзия ерөнхий нягтлан бодогчоор эгүүлэн томилогдож ажлаа хүлээлгэн авч үзсэн гэж үзэх нь үндэслэлтэй юм. Анхан шатны шүүхээс Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжаныг 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 252 дугаартай тушаалаар А.Нурзияг ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлснийг буруутгасан байна. Шүүгч хэт нэг талыг баримтлан хариуцагчийг үндэслэлгүйгээр буруутгахаас залхаагүй нь шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нь тодорхой харагдах юм.

А.Нурзияг ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлснийг буруутгасан атлаа чухам ямар үндэслэлээр хариуцагчийн үйлдлийг буруутгаж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт бичсэнээ тайлбарлаагүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай 40 дүгээр зүйлийн аль тохирох хэсгийг баримтлан тушаал гаргах ёстой байтал хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч заалтын баримтлаагүй, мөн хөдөлмөрийн харилцаанд ажилтныг ажилд томилох, чөлөөлөх асуудал дээр ажил олгогч нь өөрийнхөө гаргасан тушаалыг өөрөө хүчингүй болгох эрхийг Хөдөлмөрийн тухай хуулиар олгоогүй болно-гэжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн Хөдөлмөрийн гэрээ гэж шүүгч хүн Монгол улсын нэрийн өмнөөс гаргаж байгаа шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт бичиж байгаа нь шүүхийн шийдвэрийн хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээ гэж байдаггүй юм. Хөдөлмөрийн гэрээ нь Иргэний эрх зүйн гэрээний нэг бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиараа тусгайлан нарийвчлан зохицуулагдсан гэрээ юм. Уг хуулиараа хөдөлмөрийн харилцаа үүссэн тохиолдолд ажилтан болон ажил олгогчийн хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулах үүргийг ажил олгогчид ногдуулсан байдаг ба зөвхөн хуульд заасан үндэслэл журмаар л цуцлах, дуусгавар болдог юм.

Гэтэл Б.Галымбекийн хувьд ерөнхий нягтлан бодогчийн орон тоонд ажиллах нөхцөл бүрдээгүйгээс гадна хөдөлмөрийн харилцаа үүсээгүй байсан. Нэгэнт ажлаа хүлээн аваагүй, хүлээн авах боломжгүй байсан /шүүхийн шийдвэрийн дагуу А.Нурзия эгүүлэн тогтоогдсон тул түүнийг томилсон тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40.2-т зааснаар хүчингүй болсон/ тул хөдөлмөрийн гэрээ цуцлах гэсэн ойлголт байхгүй юм. Хөдөлмөрийн гэрээ иргэний эрх зүйн гэрээний нэгэн төрөл болохын хувьд Иргэний хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасан гэрээ байгуулагдсанд тооцох талаар зохицуулалтууд мөн адилхан үйлчлэх ёстой билээ. Нэхэмжлэгч Б.Галымбек болон хариуцагч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан эсэх талаар анхан шатны шүүх дүгнэлт хийхгүйгээр шууд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хөдөлмөрийн харилцаа үүссэн гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэснээс болж шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй юм. Шүүхээс Б.Галымбекийг чөлөөлсөн үндэслэлийг хуульд нийцсэн эсэхийг хянадаг болохоос биш тушаалд дурдаагүй зүйлийн талаар шүүх дүгнэлт хийсэн юм. Тухайлбал, нэхэмжлэгч Б.Галымбек нь тухай ажлын байрны шаардлагыг хангасан хэмээн үндэслэх хэсэгт бичжээ. Өөрөөр хэлбэл Б.Галымбекийг ажлын байрны шаардлагыг хангасныг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт бичсэн байна.

Ажил олгогчийн зүгээр Б.Галымбекийг ажлын байрны шаардлага хангаагүй хэмээн тушаалыг нь хүчингүй болгоогүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар мэргэжил, ур чадварын хувьд тэнцэхгүй хэмээн тушаал гаргаагүй юм. 9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1-т Шүүх хуралдаан даргалагч шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулж, шаардлагатай бусад асуудлыг тайлбарлан шүүх хуралдааныг хаана, 119.2-т Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно" хэмээн заасны дагуу шүүгч шийдвэрийнхээ тогтоох хэсгийг уншин сонсгох ба шийдвэрээ уншин сонсгосноор хүчин төгөлдөр болдог билээ. Гэтэл шүүгч шийдвэрийнхээ тогтоох хэсгийг уншин сонсогдохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн баримтлаагүй байсан юм. Өөрөөр хэлбэл хуулийн ямар ч заалтыг үндэслээгүй /хуулийн үндэслэлгүй шийдвэр гаргасан/ байсан боловч бичгийн хэлбэрээр хэвлэн гаргах үед Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг нөхөж бичсэн нь үндэслэлгүй байна.

Нөгөөтэйгүүр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-т "шүүх өөр хуулийг, эсхүл хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...бол анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болно -гэж заасан байна. Анхан шатны шүүх ямар ч хуулийг баримтлалгүй шийдвэр гаргаж байгааг хуулийг буруу хэрэглэсэнтэй адилтан авч үздэг тул анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болох үндэслэл бүрдэж байна. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Баян өлгий аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өмгөөлөгч С.Нургайыпын гаргасан гомдолтой Б.Галымбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Болат миний бие танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Хөдөлмөрийн хуульд ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж , гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй гэж заасан тул , хөдөлмөрийн гэрээ хийгээгүйн ажил олгогчийн буруу болохоос ажилтны буруу биш. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох хэсгийг баримталж тушаал гаргаагүй. Хөдөлмөрийн харилцаанд ажилтныг ажилд томилох чөлөөлөх асуудал дээр ажил олгогч өөрийнхөө гаргасан тушаалыг өөрөө хүчингүй болгох асуудал хуулиар олгоогүй байна. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зөвхөн Засаг дарга л өөрийнхөө гаргасан шийдвэрийг хүчингүй болгодог зохицуулалттай. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэглэвэл зохих заалтыг хэрэглээгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, бичмэл баримт тус бүрийн хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнээгүй орхигдуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Б.Галымбек нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт холбогдуулан тус эмнэлгийн ерөнхий нягтлан бологчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай гомдол гаргажээ.

 

Маргааны үйл баримтын талаар

 

Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт хуульд заасан журмаар цугларсан бичмэл нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Нурзия нь ажлаас үндэслэлгүй халагдсан тул Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/855 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосон[1] ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. Нэгдсэн эмнэлгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаар тушаалаар[2] дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр ажилтан А.Нурзияг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т зааснаар урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон боловч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл шүүхийн шийдвэр бодитой биелэгдээгүй буюу ажилтан А.Нурзияд ажил үүргийг нь гүйцэтгүүлээгүй, ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хүлээлгэж өгөөгүй нь зохигч, гуравдагч этгээдийн тайлбар, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр Б.Галымбекийг ажилд томилох тухай[3], 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар Тушаал хүчингүй болгох тухай[4], 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 238 дугаар Ажил хүлээлцэх тухай тушаалууд[5], Монгол Улсын Эрүүл мэндийн Сайдын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 19/239-Ө дугаар Иргэнийг ажилд томилуулах тухай албан бичиг[6], Улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18-04/07 дугаар Зөрчил дутагдлыг арилгуулах тухай албан шаардлага[7], гэрч Ш.Азинагүлийн мэдүүлгээр тогтоогдож байна.

Ажил олгогчоос урьд нь 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаар тушаалаар А.Нурзияг шүүхийн шийдвэрийн дагуу ажилд томилсон боловч шүүхийн шийдвэр бодитой биелэгдээгүй байхад аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд давхардуулан, дахин тушаал гаргаж 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр тушаалаар Б.Галымбекийг ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилжээ. Гэвч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар тушаалаар[8] Улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18-04/07 дугаар Зөрчил дутагдлыг арилгуулах тухай албан шаардлага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь заалт, Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/855 дугаар шийдвэр зэргийг үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр Б.Галымбекийг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгожээ.

Б.Галымбек нь дээрх тушаалыг эс зөвшөөрч, нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай гомдлоо анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байна. Ажил олгогчоос тус байгууллагын тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Галымбекийг ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосон учраас 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 237 дугаар тушаалаар[9] түүнийг урьд эрхэлж байсан тооцооны нягтлан бодогчийн ажилд томилжээ.

Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 238 дугаар Ажил хүлээлцэх тухай тушаалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр А.Нурзияд ажил хүлээлцүүлэх комиссыг томилсон ба түүнд ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хүлээлгэж өгсөн нь гэрч Ш.Азинагүлийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр[10] тогтоогдож байна. Улмаар нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан А.Нурзияд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул эмнэлгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаар тушаалаар[11] Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3.-т зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, ажлаас чөлөөлж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаар тушаалаар[12] Б.Ууганбаатарыг ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилж, ажил олгогчоос мөн өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээ[13] байгуулсан байна.

 

Маргааны хууль зүйн болон бодит үндэслэл

 

1. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүй халагдаж, шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоогдсон А.Нурзияг ажил олгогч 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан үүргийнхээ дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн аваагүй нь тогтоогдсон бөгөөд энэ хугацаанд тус байгууллагын ерөнхий нягтлан бодогчийн ажлыг Ш.Азинагүл гүйцэтгэж байжээ. Эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр тушаалаар Б.Галымбекийг нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон боловч тэрээр уг ажил үүргийг гүйцэтгээгүй, харин тооцооны нягтлан бодогчийн ажлыг гүйцэтгэж байсан нь гэрч Ш.Азинагүлийн мэдүүлэг, зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, эмнэлгийн 2016 оны 9, 10, 11, 12 дугаар сарын ажилчдын цалингийн тооцооны хүснэгтээр[14] тогтоогдсон байна.

Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан А.Нурзияг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр[15] 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 238 дугаар Ажил хүлээлцэх тухай тушаал гарч, ерөнхий нягтлан бодогчийн ажлыг Ш.Азинагүлээс А.Нурзияд хүлээлгэж өгснөөр бодитой биелэгдсэн нь гэрч Ш.Азинагүлийн мэдүүлэг, бусад бичмэл нотлох баримтаар тогтоогдсон учраас шүүхийн шийдвэр биелэгдэхээс өмнө Б.Галымбекийг ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилж байсан 2016 оны 224 дүгээр тушаалыг эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар тушаалаар хүчингүй болгосныг Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5.-д заасан зохицуулалтад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох хуульд заасан үндэслэлүүдийг тогтоосон ба мөн зүйлийн 37.1.5.-д зааснаар ажлаас буруу халагдсан ажилтан А.Нурзияг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон тул түүний оронд ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилогдсон Б.Галымбекийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох юм. Ажил олгогчоос Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдож байсан Б.Галымбектэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.-т зааснаар ажил олгогчийн үүрэгт хамаарах учраас 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны хувьд Б.Галымбектэй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсантай адилтгаж үзнэ.

Эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар тушаалаар 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр Б.Галымбекийг ажилд томилох тухай тушаалыг хүчингүй болгохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.-т заасныг үндэслэл болгосон нь хууль ёсны байх шаардлагыг хангасан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн дээрх заалтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх явцад мэдэгдлийг[16] хүлээн авсан хариуцагч буюу ажил олгогч урьд гаргасан буюу нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд өөр хүнийг томилсон шийдвэрийг хүчингүй болгож, тухайн ажилтныг /А.Нурзия/ урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, түүнд ажил үүргийг нь гүйцэтгүүлэхээр хүлээлгэн өгснөөр шүүхийн шийдвэр бодитой биелэгдсэн тооцохоор хуульчилжээ.

Иймээс ажил олгогчийн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар тушаал нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, хөдөлмөрийн гэрээ хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон, Б.Галымбекийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас үндэслэлгүйгээр, хууль бусаар халагдсан гэж үзэх үндэслэлгүй тул түүний ажилд эгүүлэн тогтоохыг даалгах тухай гомдлыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна.

 

2. Нэхэмжлэгч тал гуравдагч этгээд Б.Ууганбаатарыг мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагын хувьд эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны шаардлагыг хангаагүй, Б.Ууганбаатарыг ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилохдоо Авлигатай тэмцэх газар, Баян-Өлгий аймгийн Засаг дарга, Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга, Эрүүл мэндийн газрын даргын саналыг харгалзаагүй, бусад журам, дүрмийг баримтлаагүй зэргээр маргаж, энэ талаарх зарим үйл баримтуудыг нэхэмжлэлийн үндэслэл болгож тайлбарлажээ.

Нэхэмжлэлийн дээрх үндэслэл нь Б.Галымбекийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т зааснаар шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийх, 115 дугаар зүйлийн 115.2.-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэр гарах журамтай тул гуравдагч этгээдийн мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлагын хувьд эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны шаардлагыг хангаж байгаа эсэх талаар дүгнэлт хийх, шийдвэр гаргах боломжгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

3. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хуулийн ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах ажил олгогчийн үүргийг зохицуулсан 36 дугаар зүйлийн 36.1.2, хөдөлмөрийн гэрээ хуульд зааснаар дуусгавар болох үндэслэлийг тогтоосон 37 дугаар зүйлийн 37.1.5, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3.-д заасныг маргааны үйл баримтад тайлбарлаж хэрэглээгүй атлаа Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар Тушаал хүчингүй болгох тухай тушаалын үндэслэлийг ...учир дутагдалтай байна. гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцээгүй, ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/855 дугаар шийдвэрээр А.Нурзияг нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд томилж байсан нь зохигчийн тайлбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 001/ХТ2016/00578 дугаар тогтоол /Хянавал хэсэг[17]/, эмнэлгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаар А.Нурзияг ажилд томилсон тушаал, түүнд ажил хүлээлцүүлэх тухай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 238 дугаар тушаал, түүнийг ажлаас чөлөөлсөн 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаар тушаал зэрэг баримтууд хэрэгт авагдсан байхад ...А.Нурзияг тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон тухай эрхийн акт хавтаст хэрэгт байхгүй... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

А.Нурзия нь тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаагүй гэдгийг гэрч Ш.Азинагүлийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэхдээ гэрчийн мэдүүлгийг буруу үнэлсэн[18], дээрх дүгнэлттэй холбогдуулан ...хариуцагч ... нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаартай тушаалаар Х.Нурзияг тус эмнэлгийн ерөнхий ня-богийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь зүйд нийцэхгүй байна. гэж хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4.-т заасан шаардлагыг хангаагүй.

Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээ хуульд заасан үндэслэлээр дуусгавар болсон бөгөөд ажил олгогч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон, ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, ийм үйл баримт тогтоогдоогүй байхад ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох заалтыг баримтлаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй. Шүүх хэрэгт авагдсан нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт, бусад бичмэл нотлох баримтуудыг харьцуулан, маргааны үйл баримтад хамааралгүй асуудлаар буюу Б.Галымбек, Б.Ууганбаатар нар нь мэргэжил, мэргэшил, туршлагын хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан ерөнхий болон тусгай шаардлагыг хангаж байгаа талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан хугацаанд шүүхэд гомдол гаргасан гэж дүгнэхдээ Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаар тушаалын хувийг Б.Галымбект хэзээ хүлээлгэж өгснийг хариуцагч нотлоогүй, харин ажилтны 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авсан гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй гэж дүгнэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан ... ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс... гэдгийг маргааны үйл баримтад Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2.-т заасан хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг удирдлага болгож тайлбарлавал, ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авсан гэдэг нь шийдвэрийг гардаж авсан, эсхүл гардуулж өгсөн эсэхээс үл хамааран ажилтны ажил үүргийн онцлог, тус байгууллагад үргэлжлүүлэн ажиллаж байгаа зэргийг үндэслэн, ажилтны эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, мэдэх ёстой байсан үеэс эхлэн нэг сарын хугацааг тоолох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Б.Галымбек нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 дүгээр тушаалыг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүчингүй болгосныг мөн өдөрт нь мэдсэн, мэдэх боломжтой байсан нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 238 дугаар Ажил хүлээлцэх тухай тушаал, зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, ажилчдын цалингийн тооцооны хүснэгт, гэрч Ш.Азинагүлийн мэдүүлгээс гадна анхнаасаа тооцооны нягтлан бодогчийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, цалин хөлс авч байсан зэрэг үйл баримтаар тогтоогдсон байна. Иймээс нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гомдол гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т заасан нэг сарын дотор шүүхэд гомдол гаргах хугацааг /2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолоход/ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэж, дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1.-т заасан үндэслэлээр хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т зааснаар Б.Галымбекийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулахыг даалгах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 103 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан Б.Галымбекийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бологчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгохыг даалгах тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.КӨБЕШ

 

 

ШҮҮГЧИД Н.ТУЯА

 

 

С.ӨМИРБЕК

 

 

 

 


[1] Хэргийн 41 дүгээр тал.

[2] Хэргийн 22 дугаар тал.

[3] Хэргийн 21 дүгээр тал.

[4] Хэргийн 5, 17 дугаар тал.

[5] Хэргийн 23 дугаар тал.

[6] Хэргийн 25 дугаар тал.

[7] Хэргийн 26 дугаар тал.

[8] Хэргийн 5, 17 дугаар тал.

[9] Хэргийн 16 дугаар тал.

[10] Хэргийн 135 дугаар тал.

[11] Хэргийн 94 дүгээр тал.

[12] Хэргийн 24 дүгээр тал.

[13] Хэргийн 37 дугаар тал.

[14] Хэргийн 108-115 дугаар тал.

[15] Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/855 дугаар шийдвэр.

[16] Хэргийн 135 дугаар тал. Гэрч Ш.Азинагүлийн мэдүүлэг. ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг биелүүлэх бичиг ирсэн гээд үзүүлсэн. гэх.

[17] Хэргийн 41 дүгээр тал.