Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 103

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт оршин суух, утас 99101563, РД:БЭ87121231 Хурман овогт Болатын Галымбекийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт орших, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг /дарга Т.Серикжан, утас 99198217/-т холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Болат, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Иманжүсип, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ууганбаатар, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып, гэрч Ш.Азинегүл, нарийн бичгийн дарга Т.Айбек оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэгч Б.Галымбек шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн. Улаанбаатар хотод МҮД сургуульд багш, 2010 оноос одоо хүртэл аймгийн нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчоор тасралтгүй 7 жил ажиллаж байна. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч. Ажилласан хугацаанд ямар нэгэн санхүүгийн зөрчил гаргаагүй. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 тоот тушаалаар Б.Галымбек намайг тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Азинагүлийн оронд байнгын ажлын байранд томилсон билээ. Гэтэл 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн Эмнэлгийн даргын 235 тоот тушаалаар сангийн яамны улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18-04/07 тоот албан шаардлага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 заалт, Сум дундын шүүхийн 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 12/855 тоот шийдвэр, нэгдсэн эмнэлгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 21 -ний өдрийн 222 тоот тушаалыг тус тус үндэслэн А.Нурзияг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлангаар томилж, намайг чөлөөлжээ. Уг тушаалыг би мэдээгүй бөгөөд нэгдсэн эмнэлгийн даргын 256 дугаар тушаалаар Б.Ууганбаатар гэгчийг томилсон 2016 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүний нөөцийн ажилтан Көгершингээс гардан авсан юм. Нэг ч өдөр нэгдсэн эмнэлэгт болон төрийн байгууллагын нягтлангаар ажиллаагүй хүнийг томилсон нь илт хууль зөрчиж байна гэж үзэж байна.

2.Б.Галымбек намайг Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажлаас чөлөөлсөн тухай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох хэсгийг баримталж тушаал гаргах ёстой байтал хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч заалтыг баримтлаагүй явдал нь мөн хуулийг зөрчсөн байна.

3.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтад эрх бүхий албан тушаалтан өөрийн гаргасан эрхийн актыг өөрөө хүчингүй болгох тухай зохицуулалт байхгүй байтал Б.Галымбек намайг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224-р тушаалыг хүчингүй болгосон тухай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235-р тушаалын нэг дэх заалт нь хууль зөрчсөн заалт байна.

4.Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь олгох үүрэгтэй гэж заасан байдаг. Гэтэл ажил олгогч болох Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан нь Б.Галымбек намайг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон 224 дугаар тушаалыг хүчингүй болгосон 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 тоот тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гардуулан өгсөн ба тэр өдөр нэгдсэн эмнэлгийн даргын 256 тушаалаар Б.Ууганбаатар гэгчийг томилсон байх юм. Уг тушаал нь Б.Ууганбаатарыг томилсны дараа гарсан тушаал гэж ойлгогдохоор байна.

5.Б.Нурзия нь Ерөнхий Нягтлан бодогчоор ажиллаж байгаад өндөр настны тэтгэвэрт гарсан тул түүний ажлын байр нь байнгын бөгөөд сул орон тоо байна.Иймээс Б.Галымбек миний бие туслах нягтлан бодогчоор ажиллаж байгаад Ерөнхий Нягтлан бодогчоор дэвшин ажиллаж байна

6.Төсвийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.6.3-т аймаг нийслэлийн төсөвт харьяалагдах байгууллагын төвлөрүүлэн захирагч болон төсвийн шууд захирагч нь өөрийн төсвийн нягтлан бодогчийг, сумын төсөвт харьяалагдах байгууллагын төсвийн нягтлан бодогчийг аймаг нийслэлийн төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөн томилж чөлөөлнө гэж заасан. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дугаартай тушаалын хавсралт болох Төсвийн Ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1.3-т Төсвийн Ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахал нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү төрийн сангийн газар хэлтэст 3-аас доошгүй жил ажилласан эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх. Мөн журмын 3.1.10-т ...Төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцөнө гэж заасан. Б.Ууганбаатар нь эдгээр шалгууруудын аль алийг хангахгүй. Харин миний бие Б.Галымбек нь эдгээр хууль, журмын шаардлагыг хангаж байгаа бөгөөд мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга, АТГазар, аймгийн засаг дарга нарын зөвшөөрсөн албан тоотыг нэгдсэн эмнэлгийн даргад хүргүүлсэн болно. Иймд намайг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Галымбекийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Болат шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч нь шүүхэд аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн томилохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилохдоо тухайн ажил олгогч нь Нэгдсэн эмнэлэг дээр нягтлан бодогчийн бүх талын шаардлагыг хангасан эсэхийг тогтоож байж томилсон байх гэж бодож байна. Б.Галымбек нь Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг төгссөн, Олон улсын эдийн засаг, бизнес, удирдлагын магистр, Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч, төрийн байгууллагад өөрөөр хэлбэл тухайн Нэгдсэн эмнэлэгт 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ албан тушаалд томилогдохоос өмнө ажил олгогчийн Авилгатай тэмцэх газарт ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ хүргүүлсэн албан тоот, Авилгатай тэмцэх газраас ирсэн албан тоот, ажлын байрны тодорхойлолт зэрэг хуулийн эрх зүйн талаас тавьсан бүх шаардлагыг биелүүлсэн үүднээс энэ хүнийг томилсон байх гэж бодож байна. Сангийн сайдын 2012 оны 294 дүгээр тушаалаар баталсан журмын тусгай шаардлагын 2.1.3-т Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлагчийн бодогчоор 7-оос дээш жил ажилласан байх гэж байгаа. Энэ хүн 8 дахь жилдээ ажиллаж байгаа. Үүнээс ахлах нягтлан бодогчийн ажилд 5-аас доошгүй жил, эсвэл Санхүү, төрийн сангийн хэлтэс, газарт 3-аас доошгүй жил ажилласан эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч байна гэх шаардлага тавигдсан. Б.Галымбек нь 8 дахь жилдээ ажиллаж байна гэх талаас нь ажил олгогчийн өгсөн тодорхойлолт байгаа. Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэгтэй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан. Энэ шаардлагын 3 дугаар үйлийн 3.1.10-т аймаг, нийслэл, сумын төсөвт харьяалагддаг байгууллагын ахлах нягтлан бодогчийг байгууллагын дарга нь аймаг нийслэлийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргатай зөвшилцсөн байх ёстой гэсэн заалттай. Төсвийн тухай хуульд энэ талаар заасан. Энэ утгаараа тухайн үед ажилд томилохдоо аймгийн Төрийн сангийн хэлтэстэй зөвшилцсөн тухай албан тоот нь хэрэгт авагдсан байгаа. Мөн аймгийн Засаг даргаас дэмжиж албан тоот өгсөн. Ийм ийм шаардлагуудыг эрх зүйн нь талаас, мөн зөвшилцөх эрх албан тушаалтнуудаас авсан албан тоотуудаас харахад шаардлага хангасан томилгоо болсон байна гэж үзсэн. Гэтэл 2014 онд шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тухай аймгийн Нэгдсэн эмнэлгийн тухайн үеийн дарга Б.Бейсений тушаал байдаг. Дахиад 2016 онд тэр шүүхийн шийдвэрийг бичээд А.Нурзияг ажилд томилсон байдаг. Энэ талаар ямар ашиг сонирхлын зөрчилтэй байсан талаар бид нарт ойлголт муутай байгаа. Ингээд гуравдагч этгээд болох Б.Ууганбаатарыг томилсон. Б.Ууганбаатар нь шаардлага хангаж байна уу, үгүй юу гэдэг дээр ярих ёстой. Юуны өмнө Б.Ууганбаатар нь төрийн байгууллагад ажиллаагүй. Тийм учраас төрийн байгууллагад ажилласан байх ёстой гэх шаардлагыг хангахгүй байгаа. Мөн Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч байна гэсэн шаардлагыг хангахгүй байгаа. Түүнээс гадна ажлын байрны тодорхойлолт нь зөрүүтэй байгаа. Авилгатай тэмцэх газарт аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт өнөөдрийн Б.Ууганбаатарын хавтаст хэрэгт авагдсан ажлын байрны тодорхойлолт хоёр зөрүүтэй байгаа. Тэрэн дээр мэргэжил-нягтлан, чухал шаардлага-нягтлан, шаардлагатай-эдийн засагч гэснийг шүүх хуралдаанд нотлох баримтаар өгөхдөө банкны мэргэжилтэн гэж өгсөн байна. Тийм учраас хуурамч материал бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Үүнийг үндэслээд Авилгатай тэмцэх газраас энэ албан тушаалд ажиллуулж болохгүй гэсэн албан тоот ирсэн. Энэ албан тоот хавтаст хэрэгт авагдсан. Үүнийг баталгаажуулаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга мөн шаардлага хангаагүй гэдгийг дурдаж, мөн урьдчилсан мэдүүлэг аваагүй байхад томилсон асуудал болохгүй байна гэдгийг сануулсан албан тоот өгсөн байна. Энэ албан тоот бас л хавтаст хэрэгт авагдсан. Мөн ажилд томилохдоо аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс зөвшөөрөл авах ёстой. Гэтэл Санхүү, төрийн сангийн хэлтсээс зөвшөөрөл аваагүй. Тэр ч байтугай томилсны дараа 10 хэдэн хоног аймгийн Төрийн сангийн хэлтсээс зөвшөөрөөгүй. Аргагүй жилийн эцэс болж байгаатай холбогдуулан гарын үсгийг баталгаажуулж өгсөн. Тийм учраас энэ шаардлагыг хангахгүй хүнийг томилсонд гомдож, дахиж ажилдаа эгүүлэн томилохыг Нэгдсэн эмнэлгийн даргад даалгаж өгөхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ хүн Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2012 оны журам зэргийг бүхэлдээ зөрчсөн томилгоо байна гэж үзэж байгаа. Нөгөө талаар аливаа томилгоо хийхдээ нэгэнт хөдөлмөрийн харилцаагаар зохицуулагдах ёстой албан тушаалтан учраас Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг хэрэглэж байх ёстой. Энэ дээр Хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч заалтыг баримтлахгүйгээр ажлаас халж, чөлөөлсөн асуудал байдаг. Энэ талаар Монгол улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолын 17 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэж байгаа. Хөдөлмөрийн харилцаатай холбоотой ажилд томилох, чөлөөлөх асуудал дээр ажилд олгогч нь өөрийнхөө гаргасан тушаалыг хүчингүй болгох асуудал бол аль ч хуулийн заалтад байдаггүй. Сумдын Засаг дарга нарт л хуульд нийцээгүй тушаалаа өөрөө буюу дээд шатны байгууллага хүчингүй болгоно гэж заасан байдаг. Энэ талаас ч гэсэн энэ томилгоо хууль зөрчсөн байна гэж үзэж байгаа. Тийм учраас бидний шаардлагыг хангаж, Б.Галымбекийг Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан шүүхэд гаргасан тайлбартаа: Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 тоот тушаалаар Ерөнхий нягтлан бодогчоор томилох тушаал гарсан нь үнэн боловч А.Нурзиягийн гаргасан гомдол, түүнтэй холбоотой шүүхийн шийдвэрүүд болон Эрүүл мэндийн яамнаас өгсөн даалгавруудыг үндэслэн Б.Галымбекийг өмнө хийж байсан ажилд нь эгүүлэн томилж, Б.Бейсений гаргасан 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаар тоот тушаалыг биелүүлэх зорилгоор ажлын хэсэг томилж Ерөнхий нягтлан бодох орон тооны дагуу А.Нурзиягийн ажиллагаа явуулах эрхийг нь сэргээж өгсөн болно. Б.Галымбект Ерөнхий нягтлан бодогч хийх тушаал гаргасан боловч хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй, ажил хүлээлцэн өгөх комисс томилогдоогүй. Хуулийн зүйл заалт, нэгдсэн эмнэлгийн даргын тушаалуудыг тус тус үндэслэн А.Нурзияг Ерөнхий нягтлан бодогчоор томилсон билээ. А.Нурзияг Ерөнхий нягтлан бодогчоор томилохдоо, Ерөнхий нягтлан бодогч хийж байсан Азинагүлийг чөлөөлж, Б.Галымбекийг эргүүлэн нэгдсэн эмнэлгийн санхүү тооцооны нягтлангаар томилсон. Тухайн үед Ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг Ш.Азинагүлээс А.Нурзияд шилжүүлэн хүлээлгэн өгөх тухай 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн даргын 238 тоот Ажил хүлээлцэх тухай комиссын бүрэлдэхүүн гарч Ерөнхий нягтлан бодогч Ш.Азинагүл нь А.Нурзияд ажил үүргээ шилжүүлэн өгсөн, тухайн үед ажил хүлээлцэх комиссын гишүүнээр Б.Галымбек өөрөө биечлэн оролцож байсан ба эргээд санхүү тооцооны нягтлангаар томилогдсон болохыг мэдэж байсан. Б.Ууганбаатар нь өндөр насны тэтгэвэрт гарч буй А.Нурзиягаас ажлаа хүлээж авсан болно. А.Нурзияг шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхий нягтлан бодогчоор эгүүлэн тогтоосон тул Б.Галымбекийг Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу санхүү тооцооны нягтлангаар эгүүлэн томилсон болно. Сангийн Сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 тоот Тушаалын хавсралт болох Төсвийн Ерөнхий ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журмын 2.1.3-д Төсвийн Ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил ажилласан эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх гэсэн шалгуурыг Б.Галымбек нь хангахгүй байна. Нийт Нэгдсэн эмнэлэгт 6 жил ажиллаж байгаа төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг хийж байгаагүй зөвхөн нэгдсэн эмнэлгийн санхүү тооцооны нягтлангаар ажиллаж байсан тул дээрх шалгуурын аль алийг бүрэн хангахгүй байгаа болно. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт ахлах нягтлан бодогч гэсэн орон тоо байхгүй болно. Монгол Улсын Сангийн яам Улсын Байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18-04/07 тоот Зөрчил дутагдлыг арилгуулах тухай албан шаардлагын 2-т Санхүүгийн албаны дарга бөгөөд төрийн сан хариуцсан ахлах нягтлан бодогч ба ерөнхий нягтлан бодогч гэсэн давхар орон тоог бий болгон ТҮ-8-аар цалинжуулж байгаа нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, Засгийн Газрын 2007 оны 354 дүгээр тогтоолыг зөрчсөн нь тогтоогдсон болно. Иймд Б.Галымбекийн шүүхэд гаргасан гомдол нь хууль журамд нийцэхгүй бөгөөд Ерөнхий нягтлан бодогчид тавигдах шалгуурыг хангахгүй байгаа тул гомдлыг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Иманжүсип шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжаны итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Гомдол гаргагч Б.Галымбек нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон. Гэвч тухайн үед ерөнхий ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ш.Азинагүлийг ажлаас чөлөөлсөн тушаал гараагүй байсан. Өөрөөр хэлбэл Б.Галымбекийг ерөнхий нягтлан бодогчоор томилохдоо сул орон тоо биш байсан бөгөөд маргаантай орон тоо байсан. Б.Галымбекийг томилсны дараа ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хүлээлгэж өгөх комисс гаргаагүй, мөн хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй. Тэрнээс гадна аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс хоёрдугаар гарын үсэг зурах эрх олгогдоогүй байсан. Дараа нь А.Нурзияг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Улсын Дээд шүүхийн тогтоол, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан тоот, Эрүүл мэндийн яамнаас ирсэн албан бичиг, А.Нурзиягийн гаргасан гомдлыг үндэслэн түүнийг 2014 онд ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилсон тушаалыг үндэслэн А.Нурзияг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор томилж, Б.Галымбекийн ерөнхий нягтлан бодогчоор томилсон тушаалыг хүчингүй болгоод Б.Галымбекийг санхүү, тооцооны нягтлан бодогчийн ажилд томилсон бөгөөд ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хийж байсан Ш.Азинагүлийг ажлаас чөлөөлсөн. А.Нурзияг томилохдоо тухайн үед ерөнхий нягтлан бодогчийн ажлыг Ш.Азинагүл хийж байсан бөгөөд ажлаа А.Нурзияд хүлээлгэж өгсөн ба тухайн үед ажил хүлээлцэх комиссын гишүүн Б.Галымбек нь өөрөө биеэрээ оролцож байсан. Энэ нь комисс байгуулах тухай тушаалаар нотлогдож байгаа. Б.Галымбек нь ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хийж байсан бол А.Нурзияд ажлаа хүлээлгэж өгөх байсан. Ингээд Шүүхийн шийдвэрийн дагуу орж ирсэн А.Нурзия нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр өндөр насны тэтгэвэрт гарсантай холбогдуулан түүний оронд Б.Ууганбаатарыг томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Мөн аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэстэй зөвшилцөөд байгууллагаас гарах санхүү, тооцоотой холбоотой баримт бичигт хоёрдугаар гарын үсэг зурах эрх олгогдсон. Мөн Сангийн сайдын тушаалын саяны ерөнхий нягтлан бодогчийн томилоход тавигдах шаардлага бол бид нарт хамаарахгүй. Бид нар Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн ерөнхий нягтлан бодогчтой байна гэдэг заалт бол манай байгууллагад хамаарахгүй. Яагаад гэвэл Нэгдсэн эмнэлэг төсвийн шууд захирагч нарт хамаардаг учраас ахлах нягтлан бодогч байна гэсэн заалт байгаа. Уг заалт нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалын хавсралтаар баталсан журмын 2 дугаар зүйлийн 2.1.5-т заасныг зөрчсөн байна гэсэн. Уг журмын 2 дугаар зүйлийн 2.1.5-т Шууд захирагч нарын ахлах нягтлан бодогч нь нягтлан бодогчоор 2-оос доошгүй жил ажилласан бие даан санхүүгийн тайлан гаргах чадвартай байх гэж заасан. Энэ заалт нь төрийн байгууллагад ажиллаагүй хүнийг томилж болохгүй гэсэн заалт биш байна. Дараа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг заалтыг баримтлаагүй гэж тайлбар гаргасан байна. Гэхдээ уг заалт нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан ажилтанд хамааралтай заалт болохоос биш хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ажилтанд хамаарах заалт биш байна. Бид нар Эрүүл мэндийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дээд шатны байгууллагаас ирсэн шаардлагыг биелүүлэх үүрэгтэй гэж заасны дагуу аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас ирсэн албан тоот, Эрүүл мэндийн яамнаас ирсэн албан бичиг, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүднээс энэ хүнийг ажлаас чөлөөлсөн гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ууганбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Ууганбаатар нь Б.Галымбекийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа Аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга 2016 оны 10 дугаар 12-ны өдөр намайг Ш.Азинагүлийн ажиллаж байсан орон тоонд Ерөнхий нягтлан бодогчоор томилсон тухай 224 дугаартай тушаал гаргасан учраас би ажиллах ёстой гэжээ. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд хэдийгээр нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг түүнийг Аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар 12-ны өдрийн 224 тоот тушаалаар маргаан бүхий орон тоонд томилсон тухай тушаал авагдсан байгаа боловч бодит байдал дээр энэхүү тушаал нэг ч өдөр хэрэгжээгүй байдаг. Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон тоонд өмнө нь ажиллаж байсан иргэн А.Нурзияг хууль бусаар чөлөөлж оронд нь Ш.Азинагүл гэдэг хүн томилдог ба А.Нурзия шүүхэд хандаж, улмаар шүүхээс түүнийг хуучин ажиллаж байсан аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон тухай шийдвэр гарч байжээ. Гэтэл тухайн үед эмнэлгийн даргаар ажиллаж байсан Б.Бейсен шүүхийн шийдвэрийг үл биелүүлээд явж байсан байна. Ингэснээр иргэн А.Нурзия Эрүүл мэндийн яам болон бусад газарт гомдол гаргаад явж байсан байж. Тэгж байтал эмнэлгийн дарга солигдож Т.Серикжан гэдэг хүн томилогдсон. Шинэ дарга өмнө ийм асуудал байгааг мэдэлгүйгээр маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг томилсон тухай тушаал гаргасан байхад Эрүүл мэндийн яам болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг шинээр томилогдсон даргад үүрэг болгосон. Ингэснээр шинэ дарга Т.Серикжан шүүхийн шийдвэрийг биелүүлэх шаардлага гарч маргаан бүхий орон тоонд нэхэмжлэгчийг томилсон тухай шийдвэрийг хэрэгжиж эхлээгүй байхад /хөдөлмөрийн гэрээ байгуулахаасаа өмнө/ өөрөө хүчингүй болгож, шүүхийн шийдвэрээр орох ёстой А.Нурзияг хуучин ажиллаж байсан орон тоонд томилжээ. Ингэхдээ нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар 26-ны өдрийн Ажил хүлээлцэх тухай 238 дугаар тушаал гарч, ажлын комисс Ш.Азинагүлийн ажлыг А.Нурзияд хүлээлгэн өгсөн байна. Тухайн ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүнд нэхэмжлэгч Б.Галымбек байсан бөгөөд өөрийг нь тус албан тушаалд томилсон шийдвэр хууль бус болохыг мэдсэн юм. Дараа нь А.Нурзия өндөр насны тэтгэвэрт гарснаар миний бие аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаар тушаалаар түүний орон томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулаад ажиллаж байна. Гэтэл нэхэмжлэгч өөрийг нь томилсон тухай тушаал хүчингүй болсныг мэдсээр байж маргаан бүхий орон тоонд ажиллах ёстой мэтээр маргаж байгаа нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч 2016 оны 10 дугаар 26-ны өдөр Ш.Азинагүлийн ажлыг А.Нурзияд хүлээлцэх комисс-д ажиллаж байсан хүний хувьд шүүхэд гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байна. Хэрэв нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байсан бол уг гомдлын гуравдагч этгээд нь би биш А.Нурзия гэдэг хүн байх байсан. Харин А.Нурзиягийн хувьд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу орсон хүн байсан тул үүнд ямар нэгэн маргаан гарах ёсгүй байсан. Харин нэхэмжлэгчийн маргаж байгаа явдал нь сул гарсан орон тоонд заавал намайг томилж өгөх ёстой хэмээн маргаж байна. Энэ нь ажил олгогчийн эрхэд халдаж байгаа явдал хэмээн ойлгож байна. Үүнийг шүүх анхаарна гэдэгт итгэлтэй байна. Нөгөө талаар Төсвийн тухай хуульд зааснаар аймгийн нэгдсэн эмнэлгийн төсвийн ерөнхийлөн захирагч Эрүүл мэндийн сайд ба нэгдсэн эмнэлгийн дарга төсвийн шууд захирагч юм. Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалаар батлагдсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, тэдгээрийн эрх, үүрэг, ажилд томилох, чөлөөлөх тухай журам-ын 2.1.5-д зааснаар тухайн маргаан бүхий орон тоонд заавал мэргэшсэн нягтлан бодогч ажиллуулна гэсэн зохицуулалт байхгүй байна. Нөгөөтээгүүр, шууд захирагч нарын ахлах нягтлан бодогчийг томилохдоо хэн нэгэн этгээдтэй зөвшилцөн томилно гэсэн хуулийн заалт байхгүй юм. Миний хувьд аймгийн нэгдсэн эмнэлгийн нягтлан бодогчоор буюу мэргэжлээрээ 2-оос дээш жил ажилласан тул тухайн маргаан бүхий оронд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа. Харин энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан Ерөнхий нягтлан бодогч гэдэг нь зөвхөн нэршлийн асуудал болохоос биш жинхэнэ утгаар нь энэхүү ажлын байр нь ахлах нягтлан бодогч гэсэн албан тушаал юм. Өөрөөр хэлбэл төсвийн Ерөнхий нягтлан бодогч гэж хэн бэ? энэхүү маргаан бүхий ажлын байр Ерөнхий нягтлан бодогчийн ажлын байр мөн үү? гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй байх. Мөн ижил төвшний байгууллагууд болох аймгийн Засаг даргын дэргэдэх бусад агентлагуудын нягтлан бодогч нарын ажлын байрны тодорхойлолтуудтай харьцуулан судалж үзэх хэрэгтэй байна. Эцэст нь дүгнэж хэлэхэд би хөдөлмөрийн тухай хуулийн дагуу гэрээ байгуулан ажиллаж байна. Миний ажиллаж байгаа орон тоо ямар ч маргаангүй сул орон тоо байсан. Өөрөөр хэлбэл өндөр насны тэтгэвэрт гарсан хүний орон тоо юм. Намайг ажилд авахдаа ажил олгогч хуулиар олгосон өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд зохих шийдвэрээ гаргаж томилсон. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ууганбаатар шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч тал Б.Ууганбаатар нь энэ албан тушаалын шаардлага хангахгүй байна гэсэн гомдол гаргасан байна. Тийм учраас миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. Би 2007 онд сургууль төгсөж ирээд Хотгор ХХК-д нягтлан бодогчоор 9 жил ажилласан. Эхний нэг жилд нягтлан бодогчоор, дараагийн 8 жилд нь ерөнхий нягтлан бодогчоор ажиллаад энд шилжиж ирсэн. Би энэхүү ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хүлээж авахдаа тэтгэвэрт гарч байгаа А.Нурзия гэдэг хүнээс авсан. Өөрөөр хэлбэл Б.Галымбект ямар ч хамаагүй, тэр хүний ажлыг би аваагүй. Ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлагыг хангаж байгаа эсэх дээр тайлбар хэлэхэд манай байгууллага бол төсвийн шууд захирагчид хамаардаг учраас 2-оос доошгүй жил мэргэшлээр ажилласан байх ёстой гэдэг шаардлагыг хангаж байгаа гэж ойлгож байна. Тэрэн дотор ерөнхий нягтлан бодогчийн ажлыг хийж байсан. Өөрийгөө тайлан гаргах чадвартай гэж бодож байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Галымбекийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 дугаартай Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар тус эмнэлгийн ерөнхий ня-богоор 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн томилсон байна.

Уг тушаалын тушаах хэсгийн 2 дугаар заалтаар хөдөлмөрийн гэрээ хийхийг хүний нөөцийн менежерт даалгасан боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ хийгдээгүй байна.

Улмаар 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар Б.Галымбекийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий ня-богоор томилсон 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 224 тоот тушаалыг хүчингүй болгосон ба энэ тушаалын хувийг нэхэмжлэгч Б.Галымбект хэзээ хүлээлгэн өгсөн тухай нотлох баримтыг хариуцагч тал шүүхэд нотолж чадаагүй, нэхэмжлэгч Б.Галымбек нь энэ тушаалыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээж авсан гэдгийг хариуцагч тал үгүйсгэж чадаагүй тул нэхэмжлэгч Б.Галымбек нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хуулийн хугацаанд гомдлоо шүүхэд гаргасан байна гэж дүгнэх нь зүйтэй байна.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан нь Монгол Улсын Сангийн Яамны Улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18-04/07 тоот албан шаардлага, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 заалт, сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/855 тоот шийдвэр, Нэгдсэн эмнэлгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222 тоот тушаалыг тус тус үндэслэсэн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай тушаалаар Б.Галымбекийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгохдоо доорх байдлаар хууль зөрчсөн байна. Үүнд:

1) Монгол Улсын Сангийн Яамны Улсын байцаагчийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 18-04/07 тоот албан шаардлага нь нэхэмжлэгч Б.Галымбекийг тус эмнэлгийн ерөнхий ня-богоор томилогдохоос өмнө гарсан байна.

2) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 заалт, Сум дундын Хавтаст хэрэгт Нэгдсэн эмнэлгийн дарга Б.Бейсений 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 222 дугаартай тушаалаар Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, Сум дундын шүүхийн шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/855 тоот шийдвэрийг үндэслэн тус эмнэлгийн ерөнхий ня-богоор А.Нурзияг томилсон байхад хариуцагч нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан нь дахин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 заалт, Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 12/855 тоот шийдвэр, Нэгдсэн эмнэлгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 222 тоот тушаалыг тус тус үндэслэл болгосон нь учир дутагдалтай байна.

3) Мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай тушаалын тушаах хэсэгт нэгдсэн эмнэлгийн ерөнхий ня-богоор А.Нурзияг томилогдсонтой холбогдуулан гэж дурдсан боловч А.Нурзияг тус эмнэлгийн ерөнхий ня-богоор томилсон тухай эрхийн акт хавтаст хэрэгт байхгүй ба үүнийгээ хариуцагч тал нотолж чадаагүй болно. Мөн А.Нурзия нь тус эмнэлгийн ерөнхий ня-богоор ажиллаагүй гэдгийг гэрч Ш.Азинегүлийн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлгээр нотлогдож байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 252 дугаартай тушаалаар Х.Нурзияг тус эмнэлгийн ерөнхий ня-богийн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь зүйд нийцэхгүй байна.

4) Хариуцагч Хөдөлмөрийн тухай хуулийн хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай хуулийн 40 дүгээр зүйлийн аль нэг тохирох хэсгийг баримталж тушаал гаргах ёстой байтал хөдөлмөрийн тухай хуулийн ямар ч заалтыг баримтлаагүй, мөн хөдөлмөрийн харилцаанд ажилтанг ажилд томилох, чөлөөлөх асуудал дээр ажил олгогч нь өөрийнхөө гаргасан тушаалыг өөрөө хүчингүй болгох эрхийг Хөдөлмөрийн тухай хуулиар олгоогүй болно.

Мөн 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 238 дугаартай Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын Ажил хүлээлцэх тухай тушаалаар тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажил үүргийг Ш.Азинегүлээс А.Нурзияд шилжүүлэх хүлээлгэх өгөх комиссыг байгуулсан гэх боловч уг ажил хүлээлцэх комиссын бүрэлдэхүүн ажил хүлээлцүүлсэн эсэх нь тодорхойгүй, ажил хүлээлцүүлсэн тухай ямар нэгэн эрхийн акт байхгүй, шүүх хуралдаанд гэрч Ш.Азинегүл нь ажлаа А.Нурзияд албан ёсоор хүлээлгэж өгсөнөө нотолж чадаагүй болно.

Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 140 дугаартай Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартыг батлах тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар захиргаа аж ахуйн тасагт Санхүүгийн албаны дарга бөгөөд төрийн сан хариуцсан ахлах нягтлан бодогчийн орон тоо 1 гэсэн ба энэ нь маргаж буй ерөнхий нягтлан бодогчийн орон тоо болох нь шүүх хуралдаанд оролцсон талуудын мэдүүлэг, гэрч Ш.Азинегүлийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанд хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт ерөнхий нягтлан бодогчийн орон тоо байхгүй гэх боловч одоогоор тус орон тоонд 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаартай Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох Б.Ууганбаатар ерөнхий ня-богоор томилогдон, улмаар мөн өдөр Хөдөлмөрийн гэрээг хугацаагүйгээр ажил олгогч Нэгдсэн эмнэлгийн дарга Т.Серикжан болон ажилтан Б.Ууганбаатар нар хоорондоо байгуулан үүргээ гүйцэтгэж байгаа нь нотлогдож байна.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын гаргаж өгсөн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажлын байрны тодорхойлолт-ын В.Тавигдах шаардлагын чухал шаардлага гэдэгт мэргэжил нягтлан бодогч, мэргэшил гэдэгт хоосон юу ч бичигдээгүй, туршлага гэдэгт төрийн байгууллагад мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан, шаардлага гэдэгт мэргэжил эдийн засагч, мэргэшил гэдэгт мэргэшсэн нягтлан бодогч, туршлага гэдэгт мэргэжлээрээ ажилласан туршлагатай гэсэн байна.

Энэ шаардлагыг нэхэмжлэгч Б.Галымбек нь хангаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан түүний Санхүү эдийн засгийн дээд сургуулийг менежмент, мэдээллийн системийн мэргэжлээр, бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн болох нь 2009 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №D200902830 дугаартай Диплом, мөн Б.Галымбек нь 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Монгол Дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн бүрэн курсийг дүүргэж улсын шалгалт өгсөн тул нягтлан бодогч мэргэжлээр ажиллах эрхийн Сертификат, Монгол Дээд сургуульд 2009 оноос 2011 онд суралцаж магистрын сургалтын бүрэн хөтөлбөрийг дүүргэж Бизнесийн удирдлагын магистрын зэргийн №Е20112780 дугаартай Магистрын диплом, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн №15063648 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Б.Галымбек нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэгт нягтлан бодогчоор 2009 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 8 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаа нь тус эмнэлгийн дарга Т.Серикжаны 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн тодорхойлолтоор тогтоогдож байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн гаргаж өгсөн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн Ажлын байрны тодорхойлолт нь нэхэмжлэгч Б.Галымбек ажлаас чөлөөлөгдсөний дараа гарсан байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ууганбаатар нь Монгол Дээд сургуулийг банкны менежер мэргэжлээр бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгссөн болох нь 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн №D200707429 дугаартай Диплом, мөн Б.Ууганбаатар нь Монгол Дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн бүрэн курсийг дүүргэж улсын шалгалт өгсөн тул нягтлан бодогч мэргэжлээр ажиллах эрхийн Сертификатыг 2007 оны 5 дугаар сарын 17-ны өдөр авсан байна.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Ууганбаатар нь 2008 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс Баян-Өлгий аймгийн Нүүрсний уурхайн Хотгор ХК-нд тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан нь тус компанийн гүйцэтгэх захирлын 2008 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 08/09 дугаартай тушаал, мөн захирлын 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн тодорхойлолтоор нотлогдож байна.

Үүнээс үзэхэд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн, эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна гэсэн шаардлагыг нэхэмжлэгч Б.Галымбек Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн №15063648 дугаартай гэрчилгээтэй тул хангаж байна. Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д мэргэшсэн нягтлан бодогч гэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авсан мэргэжлийн нягтлан бодогч, санхүүч, эдийн засагчийг ойлгоно гэсэн байна. Мөн Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалаар баталсан Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам-ын 2.1.3-д Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст З-аас доошгүй жил ажилласан, эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байна гэсэн шаардлагыг нэхэмжлэгч Б.Галымбек нь тус тус хангаж байна.

Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 42 дугаартай албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05/394 дугаартай Б.Ууганбаатарын Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичиг нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 256 дугаартай тушаалаар тус эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчоор Б.Ууганбаатар нь томилогдсоны дараа үйлдэгдсэн байх тул, мөн Авлигатай тэмцэх газрын 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 05/8019 дугаартай Б.Галымбекийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянасан тухай албан бичиг болон 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 1-01/2092 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын албан бичиг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5-03/2096 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан бичгүүд нь Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 235 дугаартай тушаалаар Б.Галымбекийг ажилд томилсон тушаалыг хүчингүй болгосны дараа тус тус үйлдэгдсэн байх тул эдгээр нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

Хавтаст хэрэгт авагдсан 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 237 дугаартай Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар нэхэмжлэгч Б.Галымбекийг тус эмнэлгийн санхүү тооцооны нягтлан бодогчоор томилсон болон Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2016 оны 9, 10, 11, 12 дугаар сарын Цалингийн тооцооны хүснэгт нь энэ хэрэгт хамааралгүй болно.

Иймд дээрх нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Галымбекийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.

Энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар гомдлоор авч хэлэлцэх маргаан тул энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгээс 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-ыг баримтлан РД:БЭ87121231 Хурман овогт Болатын Галымбекийг Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн санхүүгээс 70200 /далан мянган хоёр зуун/ төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК