Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 001/ХТ2018/01605

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01108 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1321 дүгээр магадлалтай,

Б.Э-ын нэхэмжлэлтэй,

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох,

8.095.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны төлөөлөгч М.Ширэндэвийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Э-а, өмгөөлөгч Д.Саранчимэг, хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга Э.Боролдой  нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э-а шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны засаг дарга М.Ширэндэвийн гаргасан хүсэлтийн дагуу тус хорооны айл өрхийн 2273 ширхэг хаяг хийж, хэсгийн ахлагч нарт хүлээлгэн  өгсөн. 11 хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулж, 1 ширхэг хаягийг 5000 төгрөгөөр тохирсон, нийт 11.365.000 төгрөг авах ёстой боловч 8.095.000 төгрөгийг өгөөгүй. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 2015 оны ажлын тайланд хорооныхоо айлуудыг гэрэлтдэг хаяг олгосон гэсэн байгаа тул ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нь харьяа хорооныхоо үйл ажиллагааг хянах, төсөв батлах зэрэг үүрэгтэй тул төлбөрийг хариуцах ёстой. Иймд хариуцагч нараас 8.095.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар шүүхэд гаргасан тайлбартаа: 5 дугаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай тохиролцож гэрэлтдэг хаяг хийлгүүлсэн, Тамгын газар гэрээний нэг тал биш тул төлбөрийг хариуцах үндэслэлгүй. Төсвийн тухай хуульд зааснаар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэн жил бүрийн 12 дугаар сарын 23-ны өдөр батлуулдаг. Гэтэл төсвийн төсөлд тухайн хорооны энэ байдал тусгагдаагүй байдаг тул төлөх үндэслэлгүй байна гэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо шүүхэд гаргасан тайлбартаа: Тус хорооны айл өрхүүдэд цагдаа, түргэн тусламж зэрэг төрийн алба ажил үүргээ гүйцэтгэхэд ач холбогдолтой гэж үзэн, Б.Э-ад хашааны хаяг хийлгэхийг санал болгосон боловч тэр ажлын чанартай хийж гүйцэтгээгүй. Б.Энхлагва нэхэмжлэлдээ 100.000 төгрөгийг хороо тооцож авсан гэсэн нь үндэслэлгүй  гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01108 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооноос 6.835.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-ад олгож, нэхэмжлэлээс 1.260.000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144.470 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн 5 хорооноос 124.310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1321 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6.835.000 төгрөг” гэснийг “7.425.000 төгрөг” гэж, “1.260.000 төгрөгийн” гэснийг “670.000 төгрөгийн” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын “124.310 төгрөг” гэснийг “133.750 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 32.150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны төлөөлөгч М.Ширэндэв хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1321 тоот магадлалыг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

1 дүгээр хавтаст хэргийн 10-16 дугаар талд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны хэсгийн ахлагч Болорцэцэг, Эрхэмбаяр, Цэрэндорж, Оюунчимэг, Оюунбилэг, Хандмаа, Төгс нартай байгуулсан нэг талаас иргэдийг фосфортой хаягаар хаягжуулах, хаягийг заасан хугацаанд хийж гүйцэтгэх, хаяг тараагдаж дууссаны дараа 15 шуудай оохорыг өөрийн хөрөнгөөр бэлтгэн нийлүүлэх, нөгөө талаас хэсгийн ахлагч нь бэлтгэсэн хаягийг иргэдэд тарааж, мөнгийг хурааж, хуваарилагдсан оохороор өөрийн хэсгийн өнгө үзэмжийг сайжруулж ажиллах үүрэг хүлээсэн гэрээ байгуулсан байна. Ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдсан гэж үзвэл хорооны хэсгийн ахлагч нэхэмжлэгчийн бэлтгэсэн хаягийг хорооны иргэдэд тарааж, хаягийг хүлээн авсан иргэд мөнгийг нь гаргаж, өгсөн мөнгийг нь нэхэмжлэгчид дамжуулах үүрэг хүлээсэн харагдаж байна. Мөн иргэд 5000 төгрөгийг төлж, хаягийг худалдаж авах байхад нэхэмжлэгч хэсгийн ахлагчтай энэ тухай гэрээ байгуулж, хорооноос гэрээний төлбөрийг шаардаж буй нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл гэрээний төлбөрийн хувьд хаягийг худалдан авч буй иргэдээс хамаарах асуудал буюу тухайн хаягийн үнийг төлж, худалдан авч байгаа иргэд гэрээ байгуулах эрх бүхий этгээд болох юм. Хэсгийн ахлагч нартай байгуулсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байх ба тодорхой төлбөр төлөгдсөн хаягийн хувьд иргэд дээрх гэрээг зөвшөөрч хийгдсэн тул гэрээ хүчин төгөлдөр байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч 5 дугаар хорооноос удаа дараа төлбөрийг барагдуулах шийдвэр гаргаж байгаад гомдол гаргаж, зөв дүгнэлт гаргахыг хүсч байна. Одоо иргэд авахгүй байгаа хаалганы дугаар тоо ширхгээрээ бүрэн бүтэн хороонд хадгалагдаж байгаа. Үүнийг анхан шатны шүүх тулгаж, тоолж үзсэн хирнээ нэг талыг баримталж, шийдвэр гаргасан нь хууль зүйн хувьд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгч Б.Э-а нь хариуцагч нараас 8.095.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа ажлын хөлс гэж тодорхойлжээ. Нэхэмжлэлээс татгалзахдаа хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо “...хийсэн хаяг чанарын шаардлага хангаагүй”,  хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар “ гэрээ байгуулаагүй” гэсэн тайлбарыг тус тус гаргаж,  маргажээ.

Нэхэмжлэгч нь 2015 оны 5 дугаар сард Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргатай харилцан тохиролцож, тус хорооны бүртгэлийг үндэслэн нэг бүрийг нь 5000 төгрөгөөр тооцон нийт 2273 ширхэг гэрэлтдэг хаяг хийж,  хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн  буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон  хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч болон  Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны Засаг даргын  хороонд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгөх ёстой бөгөөд үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцохоор Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1., 211.2.-т заасан.  

Нэхэмжлэгч гүйцэтгэсэн ажлынхаа үр дүн буюу хаягийг  захиалагчийн заасан хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн  нь хэргийн баримтаар тогтоогдсон,  хариуцагч ажлын хөлс төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1.-т “ талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө” гэж заасан, нэхэмжлэгч ажлын хөлс шаардах эрхтэй.

Ажлын үр дүн доголдолтой байсан талаарх тайлбараа хариуцагч нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлээс 6.835.000 төгрөгийн шаардлагыг хангахдаа 118 ш хаягны үнийг давхар тооцжээ. 

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг нэмж хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2.-т нийцжээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Иргэний хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.-д зааснаар нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж  ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй тул хороог төлөөлөх эрхгүй этгээд болох хэсгийн ахлагч нартай байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус талаарх хариуцагчийн  гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална гэж заажээ.

Хэсгийн ахлагч нар нь хорооны Засаг даргыг төлөөлж нэхэмжлэгчтэй дур мэдэн гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна гэрээг хорооны Засаг даргын зөвшөөрснөөр байгуулсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1321 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны төлөөлөгч М.Ширэндэвийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ