Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2018/01321

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01108 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Э,

Хариуцагч БЗД 5-р хороо, БЗДЗДТГ-т холбогдох,

8 095 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбуян, өмгөөлөгч Д.Саранчимэг,

Хариуцагч БЗД 5-р хорооны төлөөлөгч М.Ширэндэв,

Хариуцагч БЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Булганчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч БЗД 5-р хорооны засаг дарга М.Ширэндэвийн хорооны айлуудын хаягийг хийж гүйцэтгэх хүсэлтийн дагуу нийт 2273 ширхэг хаяг хийж, тус хорооны хэсгийн ахлагч нарт өгсөн. 11 хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулж, 1 ширхэг хаягийг 5000 төгрөгөөр тохирч, 11 365 000 төгрөг авах ёстойгоос 3 380 000 төгрөгийг авсан.

Хариуцагч БЗД 5-р хорооны 2015 оны ажлын тайланд хорооныхоо айлуудыг гэрэлтдэг хаяг олгосон гэсэн байх тул ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан гэж үзэж байна. Мөн БЗДТГ-ын хувьд харьяа хорооныхоо үйл ажиллагааг хянах, төсөв батлах зэрэг үүргийн дагуу энэхүү төлбөрийг хариуцах ёстой бөгөөд тус дүүргийн 2015 оны ажлын тайланд нэхэмжлэгч Б.Э-ар гүйцэтгүүлсэн ажлын талаар дурдсан байна. Хариуцагч Баянзүрх дүүргийн Тамгын газраас шүүхийн журмаар гаргуулсан баримтад нэхэмжлэгчтэй хамтран ажиллах гэрээ байгуулсан хэсгийн ахлагч нарын нэрс байх тул гэрээ, хэлэлцээрийг эрх бүхий этгээдтэй байгуулж, хаягийг гэрээнд заасан тоо ширхгийн дагуу хүлээлгэж өгсөн. Иймд хариуцагч нараас 8 095 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч БЗДТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Маралмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 5 дугаар хорооны Засаг дарга хэсгийн ахлагч нартай тохиролцож гэрэлтдэг хаяг хийлгүүлсэн байхад Тамгын газар нь гэрээний нэг тал биш байж төлбөрийг төлөх үндэслэлгүй байна. Мөн Төсвийн тухай хуульд зааснаар сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар тухайн жилийн төсвийн төслийг хэлэлцэн баталж жил бүрийн 12 дугаар сарын 23-ны өдөр батлуулдаг. Гэтэл төсвийн төсөлд тухайн хорооны энэ байдал тусгагдаагүй байдаг тул төлөх үндэслэлгүй байна гэжээ.

            Хариуцагч БЗД 5-р хорооны Засаг дарга М.Ширэндэв шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус хорооны өрхүүдэд цагдаа, түргэн тусламж зэрэг төрийн алба ажил үүргээ гүйцэтгэхэд ач холбогдолтой гэж Б.Э-д хашааны хаяг хийлгэхийг санал болгосон боловч тэр ажлын чанартай хийж гүйцэтгээгүй. Б.Э нэхэмжлэлдээ 100 000 төгрөгийг хороо тооцож авсан гэсэн нь ор үндэсгүй гүтгэлэг юм гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч БЗД 5-р хорооноос 6 835 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Э-д олгож, нэхэмжлэлээс 1 260 000 төгрөгийн шаардлага болон хариуцагч БЗДЗДТГ-т холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144 470 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Баянзүрх дүүргийн 5 хорооноос 124 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэрч Монел уул хэсгийн ахлагч Ж.Оюунчимэгийн 133 ширхэг хаягны үнэ 665 000 төгрөгийг нэхэмжлэгч тооцоогүйг нэмж тооцон нийт 726 ширхэг хаягны үнэд 3 630 000 төгрөгийн хөлс авчээ” гэжээ. Хэсгийн ахлагч Ж.Оюунчимэгийн тооцоон дээр нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 165 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 170 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр 10 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сараас 5 дугаар сар хүртэл 100 000 төгрөг, нийт 650 000 төгрөг авсан гэсэн. Харин нэхэмжлэгчээс нэмж гаргаж өгсөн Ж.Оюунчимэгийн гарын үсэгтэй баримтаас харахад 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 165 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 170 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 20 000 төгрөг, нийт 355 000 төгрөгийг авсан гэж нэхэмжлэлд орсныг шүүх ороогүй байна гэж хасч тооцсоныг зөвшөөрөхгүй байна. 115 ширхэг хаягны үнэ 575 000 төгрөгийг Б.Э хүлээж авсан ба нийт Ж.Оюунчимэгт хүлээлгэж өгсөн хаяг 233 ширхэгээс 115 ширхэг хаалганы хаяг буюу 575 000 төгрөгийг хасч тооцоход 118 ширхэг хаалганы үнэ 590 000 төгрөгийг хүлээж аваагүй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг өөрчилж, зөрүү 1 150 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагч Баянзүрх дүүргийн 5-р хорооны төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн 5-р хорооны Засаг даргын зүгээс хэсгийн ахлагч нарт Б.Этай гэрээ байгуулах эрх олгоогүй, тухайн гэрээ байгуулахыг зөвшөөрсөн баримт хэрэгт авагдаагүй байхад зөвхөн гэрчээр оролцсон зарим хэсгийн ахлагч нарын зөрүүтэй мэдүүлгийг үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий гэрээнд 5-р хорооны Засаг дарга гарын үсэг зураагүй. Харин нэхэмжлэгч Б.Э нь хэсгийн ахлагч нартай гэрээ байгуулж, тэдэнд тодорхой хэмжээний төлбөр өгөхөөр тохиролцсон байхад хорооноос төлбөрийг гаргуулах нь үндэслэлгүй юм. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу хэсгийн ахлагч нартай байгуулсан гэрээ нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хэлцэл байсан тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

            Хэсгийн ахлагч нар хаалганы хаягийг авсан айлуудын мөнгийг нэгтгэн тооцоо хийж нэхэмжлэгчид албан ёсоор хүлээлгэн өгсөн бөгөөд нэхэмжлэгч нь үүнтэй маргаагүй. Гэтэл одоо айл, өрхүүдэд зарж борлуулаагүй үлдсэн хаяг байгаа бөгөөд энэ хаягны мөнгийг 5 дугаар хороо болон хэсгийн ахлагч нар төлөх нь хууль зүйн үндэслэлгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч БЗД 5-р хороо, БЗДЗДТГ-т холбогдуулан 7 985 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч БЗД 5-р хорооны Засаг дарга М.Ширэндэв нэхэмжлэгч Б.Э-тай хаяг хийлгэх талаар амаар тохиролцсоноо үгүйсгээгүйгээс гадна хорооны хэсгийн ахлагч нараас гаргасан 5 дугаар хорооны айл өрхийн хаягжилтын бүртгэлийг үндэслэн нэг бүрийг 5000 төгрөгөөр үнэлэн 2 273 ширхэг гэрэлтдэг хаягийг хийж, хэсгийн ахлагч нарт хүлээлгэн өгсөн нь зохигчдын тайлбар, гэрч Б.Сугир, С.Цогзолмаа, Д.Мөнхзаяа, Д.Долгоржав, Б.Болорцэцэг, Ж.Оюунчимэг, Ш.Эрхэмбаяр, Х.Цэрэндорж, Ш.Хандмаа, Л.Оюунбилэг, Т.Рыс нарын мэдүүлэг, хэсгийн ахлагч нарт хаягийг хүлээлгэн өгсөн баримт /гэрээ нэртэй/, хорооны 2015 оны ажлын тайлан, тараагдаагүй үлдсэн хаягт үзлэг хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтаар тогтоогдож байна.

            Иймд нэхэмжлэгч Б.Энхлхагвыг 2 273 гэрэлтдэг хаягийг Хорооны Засаг даргын захиалгаар хийсэн гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч ажлын хөлс төлөх үүрэгтэй, зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

            Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулахыг хуулиар тусгайлан шаардсан зохицуулалтгүй тул хариуцагч 5 дугаар хорооны Засаг дарга Б.Э-ар хаяг хийлгэхээр бичгээр байгуулсан гэрээ, бичгийн нэг ч баримт байхгүй гэх тайлбар нь ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүрэг хүлээхгүй байх үндэслэл болохгүй.

Түүнчлэн хэсгийн ахлагч нар нь хорооны Засаг даргын шийдвэрийг биелүүлж, Б.Э-ас хаягийг хүлээн авч, айл өрхүүдэд тараан, хөлсийг ажил гүйцэтгэгчид авч өгөхөөр тохиролцсон үйл баримт тогтоогдож байх бөгөөд үүгээр ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүн буюу 2 273 гэрэлтдэг хаягийг захиалагч Хорооны Засаг даргын зөвшөөрснөөр хэсгийн ахлагч нарт Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2, 343.3 дахь хэсэгт зааснаар хүлээлгэн өгсөн гэж үзнэ. Ажлын үр дүнг хүлээн авсан захиалагч Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.1 дэх хэсэгт зааснаар хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй, ажил гүйцэтгэгч нь хаягийг айл өрхүүдэд тараах үүргийг гэрээгээр хүлээгээгүй.

Иймд хаяг тараагдаагүй гэх нөхцөл байдал нь ажлын хөлс төлөхөөс татгалзах үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд үлдэгдэл хаяг байсаар байхад төлбөрийг гаргуулсныг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч БЗДЗДТГ-тай гэрээ байгуулаагүй, тус 2 этгээдийн хооронд үүрэг үүсээгүй байх тул шүүх түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.

Хэргийн дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч 5 дугаар хорооноос ажлын хөлс нэхэмжлэх эрх ажил гүйцэтгэгч Б.Эд үүссэн, шүүх хорооны Засаг дарга ажлын хөлс төлөх үүрэгтэй гэж дүгнэн, түүнээс төлбөр гаргуулсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсгийг зөрчихгүй.

Харин нэхэмжлэгч нь 2 965 000 төгрөг дээр хэсгийн ахлагч Ж.Оюунчимэгээс 575 000 төгрөгийг хүлээж авснаа нэмэн нийт 3 540 000 төгрөг хүлээн авснаа зөвшөөрч, үлдэгдэл хөлс 7 985 000 /11 365 000-3 540 000/ төгрөг нэхэмжилсэн ба шүүх Ж.Оюунчимэгээс гаргасан баримтыг үнэлэхдээ тооцоог давхардуулан, үлдэгдэл 118 ширхэг хаягны үнэ 590 000 төгрөгийг гаргуулаагүй нь буруу байх бөгөөд нэхэмжлэгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийг хангасан дүнг 7 425 000 төгрөг гэж, хэрэгсэхгүй болгосон дүнг 670 000 төгрөг гэж тус тус өөрчлөн, үүнтэй холбоотойгоор хариуцагчаас гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг 133 750 төгрөг болгосон өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулна.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч БЗД 5-р хорооны давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/01108 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 835 000 төгрөг” гэснийг “7 425 000 төгрөг” гэж, “1 260 000 төгрөгийн” гэснийг “670 000 төгрөгийн” гэж,  

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “124 310 төгрөг” гэснийг “133 750 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн 32 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                                                      А.ОТГОНЦЭЦЭГ