Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 939

 

Х.Сайлаубек нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00419 дүгээр шийдвэртэй

                       

Нэхэмжлэгч Х.Сайлаубек

Нэхэмжлэгч Б.Энхтуяа нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Тогтвортой амьжиргаа 3” төсөл

Хариуцагч Монгол Улсын Сангийн яаманд холбогдох

 

            Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх, нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлын тэтгэмжийг авч чадаагүйн улмаас учирсан хохиролд 2 097 169 төгрөг, ээлжийн амралтын олговор 936 000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

Шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч             Ж.Батмөнх

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                Ж.Оргилсайхан

                                                                                   Б.Жигжид

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Х.Сайлаубек, Б.Энхтуяа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сангийн яам нь Засгийн Газар, Дэлхийн банк хооронд байгуулагдсан "Санхүүжилтийн хэлэлцээр"-ийн дагуу "Тогтвортой амьжиргаа III” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Сангийн яамнаас энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ "Тогтвортой амьжиргаа III" төсөл хэрэгжүүлэх нэгжийг байгуулсан бөгөөд тус төсөл хэрэгжүүлэх нэгж нь 21 аймагт 5 хүний бүрэлдэхүүнтэй сум дэмжих багтайгаар үйл ажиллагаагаа явуулж байсан. Нэхэмжлэгч Х.Сайлаубек нь Баян-Өлгий аймгийн сум дэмжих багт, нэхэмжлэгч Б.Энхтуяа нь Өмнөговь аймгийн сум дэмжих багт тус тус санхүүгийн удирдлага, төсөв төлөвлөлт мэргэжилтнээр нэг сарын 1 300 000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болно. Тухайн үед "Тогтвортой амьжиргаа III" төсөл хэрэгжүүлэх нэгжээс ажилтнуудтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Хөлсөөр ажиллах гэрээг анх 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд байгуулсан ба гэрээний хугацааг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд буюу 2 сарын хугацаагаар сунгасан. Миний ажиллаж байсан ажлын байр нь түр зуурын бус байнгын ажлын байр байсан. Хөлсөөр ажиллах гэрээний хавсралт болох "Ажлын байрны тодорхойлолт"-д заасан ажил үүргийн хүрээнд ажлын 5 өдөр, амралтын 2 өдрийн давтамжтайгаар ажиллаж байсан. Мөн энэхүү ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг нь нэг удаагийн шинжтэй ажил үүрэг биш байнгын тогтмол, давтагдах шинжийг агуулсан ажил үүргүүд байгаа нь уг ажлын байр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан байнгын ажлын байр болохыг харуулж байна. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээнд ажил үүрэг, амралт, цалин хөлс ээлжийн амралтын харилцааг тусгаж зохицуулсан байгаа нь энэ байдлыг давхар нотолж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээний биш хөдөлмөрийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байна. Ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээний харилцааг цуцалж байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг баримтлах учиртай гэж үзэж байна. Гэтэл ажил олгогчийн зүгээс хуулийн энэхүү заалтыг ийнхүү баримтлаагүй байна. Түүнчлэн хөлсөөр ажиллах гэрээний 7.1-д "Туршилтын 6 сарын хугацаа дуусгавар болсонтой холбогдуулж захиалагч нь ажилтантай байгуулсан гэрээний биелэлтийг үнэлгээг үндэслэн гэрээг 1 хүртэл жилээр сунгаж болно" гэж заасан боловч ийнхүү гэрээний биелэлтийг огт дүгнээгүй. Нөгөөтэйгүүр “Тогтвортой амьжиргаа III" төсөл хэрэгжүүлэх нэгж надтай гэрээ байгуулсан байхад Сангийн яам шийдвэр гарган ажлаас чөлөөлж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Иймд Х.Сайлаубек болон Б.Энхтуяа нар нь Сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахыг хүсч нэхэмжлэл гаргаж байна.

 Нэхэмжлэгч Х.Сайлаубек нь "тогтвортой амьжиргаа III" төслийн хүрээнд           Баян-Өлгий аймгийн сум дэмжих багт санхүүгийн удирдлага, төсөв төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл "Хөлсөөр ажиллах гэрээ" байгуулан ажилласан. Гэхдээ төслийн нэгжээс Х.Сайлаубекийн ажилласан нийт хугацаанд төслийн зүгээс нийгмийн даатгалын шимтгэлийг огт төлөөгүй. Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д зааснаар Х.Сайлаубекийн ажилласанд хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл заавал төлөхөөр байна. Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт "Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийн ажилгүй болохоос өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх үүснэ" гэж заасан. Х.Сайлаубек нь хуульд заасан шаардлагыг хангасан ажилгүйдлийн тэтгэмж авах эрх нь үүссэн байсан бөгөөд харин "Тогтовортой амьжиргаа III" төсөл хэрэгжүүлэх нэгж түүний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйн улмаас тэрээр хуульд заасан ажилгүйдлиин тэтгэмж авах эрхээ алдаж хохирсон. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө" гэж заасан байна. Х.Сайлаубекийн авах ёстой байсан ажилгүйдлийн тэтгэмжийн хэмжээ нь тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу  2 097 169 төгрөг болж байна. "Тогтвортой амьжиргаа III" төсөл хэрэгжүүлэх нэгж болон Х.Сайлаубек нарын 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ.", 9.2-д "Ажилтны ээлжийн амралтын хугацаанд тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээг 20 хувиар бууруулан ээлжийн амралтын олговор олгоно" гэж тус тус заасны дагуу Х.Сайлаубекийн ээлжийн амралтын олговор нь 936 000 төгрөг болж байна. Иймд хариуцагч "Тогтвортой амьжиргаа III" төсөл хэрэгжүүлэх нэгжээс нийт 3 033 169 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан, Б.Жигжид нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Уг нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Х.Сайлаубектэй Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ бус харин Иргэний хуулийн дагуу хөлсөөр ажиллах гэрээг байгуулж ажилласан юм. Хөлсөөр ажиллах гэрээний зохицуулалт нь Хөдөлмөрийн гэрээнээс өөр харилцаагаар зохицуулагддаг бөгөөд хөлслүүлэгч нь тухайн иргэний нийгмийн даатгал төлөх, Хөдөлмөрийн тухай хуулиар олгогдсон амралт эдлүүлэх болон бусад үүрэг хүлээдэггүй юм. Бидний хэрэгжүүлж буй Тогтвортой амьжиргаа төсөл нь тодорхой хугацаа /3 жил/-нд хэрэгжиж дуусах ёстой бөгөөд Хөдөлмөрийн тухай хуульд заасан шиг тогтвортой ажлын байр биш юм. Хэдийгээр гэрээний 9.1-д зааснаар ажилтны жилд авах ээлжийн үндсэн амралтын хугацаа нь ажлын 15 өдөр байх ба гэрээт ажлыг гүйцэтгэснээс хойш 8 дахь сараас эхлэн ээлжийн амралт авах эрх нээгдэнэ гэсэн боловч гэрээний 7.1-д заасны дагуу ажилчдын хөлсөөр ажиллах гэрээг 1 хүртэл жилээр сунгаагүй мөн гэрээний хугацаа дууссантай холбогдсон харилцаа үүссэн юм. Гэрээний хугацаа дуусгавар болсон нь тухайн ажилтанд ямар нэгэн ээлжийн болон бусад амралт авах эрх нэгэн адил дуусгавар болж байх тул ээлжийн амралтын мөнгө олгох хуулийн болон гэрээний үндэслэл байхгүй юм.

Нөгөөтэйгүүр гэрээний 8 дугаар зүйлд гэрээ дуусгавар болох үндэслэл, журмыг зохицуулсан байх бөгөөд дараах 3 үндэслэлийг заасан байгаа юм. Үүнд:

  1. Гэрээний хугацаа дууссан, эсхүл гэрээт ажил дууссан,
  2. Захиалагч /Сангийн яам/ гэрээг цуцлах шийдвэр гаргасан,
  3. Ажилтны хүсэлтээр гэж тус тус заасан юм.

Дээрх зохицуулалтаас харахад нэгдүгээрт, гэрээний хугацаа 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дууссан, хоёрдугаарт, захиалагч гэрээг цуцлах шийдвэр гаргах бүрэн эрхтэй байх ба уг эрхээ хэрэгжүүлсэн нь гэрээ болон хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн манай төслийн хувьд ажилчдын олговол зохих хөлсийг бүрэн олгож, үүргээ хангалттай биелүүлэн ажиллаж байсан. Нэхэмжлэлийн шаардлагад нийгмийн даатгалын шимтгэл, ажилгүйдлийн тэтгэмж зэрэг 2 097 169 төгрөг, ээлжийн амралтын 936 000 төгрөгийг тус тус нэмэгдүүлэн шаардсаныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь Х.Сайлаубектэй байгуулсан гэрээ нь хөлсөөр ажиллах гэрээ, мөн тус гэрээ нь дуусгавар болсон, уг гэрээнд заасан цалин хөлсний зохицуулалт дотор нийгмийн даатгалын шимтгэл болон татвар шингэсэн болохыг тодорхой заасан гэжээ.

 

Шүүх: Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Сангийн яамнаас учирсан хохирол 2 067 906 төгрөг, амралтын олговор 936 000 төгрөг нийт             3 003 906 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Сайлаубекид олгож, түүний “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжид холбогдуулан гаргасан учирсан хохирол, амралтын олговрын төлбөрт нийт 3 033 169 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Сангийн яамнаас учирсан хохиролд 29262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу Сангийн яам “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Энхтуяагийн Монгол Улсын Сангийн яам, “Тогтвортой амьжиргаа 3” төсөл хэрэгжүүлэх нэгжид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, холбогдох дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Х.Сайлаубек, Б.Энхтуяа нараас тус бүр 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Х.Сайлаубекийн төлсөн 63500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 63500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Сайлаубекид олгож шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оргилсайхан, Б.Жигжид нар давж заалдах гомдолдоо:  ...Х.Сайлаубек болон "Тогтвортой амьжиргаа-3" төслийн нэгжийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний 4.1-т "захиалагч нь ажилтны ажлын хөлсөнд сард 1 300 000 төгрөг төлөх бөгөөд үүнд хүн амын орлогын албан татвар, хувь хүний нийгмийн даатгалын шимтгэл багтсан болно" гэж тодорхой заасан бөгөөд хариуцагч болох Сангийн яамнаас Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу уг            1 300 000 төгрөгөөс 10 хувийг суутган авч түүний гарт 1 170 000 төгрөгийг олгож байсан юм. Энэхүү гарт олгож байсан мөнгөнд нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөр багтсан байсан болно. Иймд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ улсад хэт хохиролтой буюу хөлсөөр ажиллах гэрээний 4.1 дэх хэсгийг харгалзаж үзэлгүйгээр шүүх хуралдааны явцад илтэд нэг талыг барьж хохирол гэж 2 067 906 төгрөгийг тооцож Сангийн яамнаас гаргуулахаар шийдвэрлэсэн үндэслэлгүй байна. Бид Х.Сайлаубекид гэрээ ёсоор Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь гарт олгосон хөлсөнд нь төлсөн гэдгийг удаа дараа тайлбарласаар байсан. Тиймээс Х.Сайлаубекийн гарт олгосон үндсэн хөлс болох               1 170 000 төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн төлбөрийг хасч тооцуулан нийт 8 сарын хугацааны нийт 2 184 000 төгрөгийг гаргуулан Сангийн яаманд олгож, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шийдвэр гарах ёстой байсан гэж үзэж байна. Мөн Х.Сайлаубекид тус яам болон төслийн нэгж нь ямар нэгэн хохирол учруулаагүй бөгөөд ажлын хөлсийг татвар, шимтгэлтэй нь бүгдийг нь төлсөн. Ээлжийн амралтанд тооцсон   936 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Х.Сайлаубек нь гэрээнд заасны дагуу 8 дахь сараас эхлэн амралт авах эрх үүссэн бөгөөд биеэр амрах хүсэлтийг ирүүлээгүй, мөн амрах эсэх асуудал нь тухайн иргэний хүсэлтэд тулгуурлан амралтыг олгох байсан. Иймд шүүхийн шийдвэрт Х.Сайулаубекид холбогдох амралтын мөнгө олгох хэсгийг хэрэгсэхгүй болгож, уг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсгийг дараах байдлаар "Х.Сайлаубекээс Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд төлбөл зохих 2 184 000 төгрөгийг гаргуулан хөлслөгч тал болох Сангийн яаманд олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр даалгах" гэж өөрчилж өгнө үү гэжээ .

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг зөв тайлбарласан байна.

           

            Нэхэмжлэгч Х.Сайлаубек, Б.Энхтуяа нар хариуцагч Сангийн яам, “Тогтвортой амжиргаа 3” төсөлд холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай тухай тус тус нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Сайлаубек нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүйн улмаас учирсан хохиролд 2 097 169 төгрөг, ээлжийн амралтын олговорт 936 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Хэрэгт авагдсан нолох баримтаас үзэхэд хариуцагч “Тогтвортой амжиргаа 3” төсөл нь нэхэмжлэгч Х.Сайлаубек, Б.Энхтуяа нартай 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулсан байх бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

           

Нэхэмжлэгч нар хариуцагчаар Сангийн яам болон “Тогтвортой амжиргаа 3” төслийг тодорхойлсон бөгөөд анхан шатны шүүх Өрийн удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2, Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журам 10.1.8, 10.1.9, 10.1.10, 16.6 заасныг үндэслэн төслийн ажилтныг томилох чөлөөлөх эрх нь төсөл хэрэгжүүлэгч байгууллага болох Сангийн яамыг гэрээний нэг тал буюу ажиллуулагч гэж үзэх үндэслэлтэй, ажиллуулагчаас олгосон эрх хэмжээний хүрээнд түүнийг төлөөлөн гэрээ байгуулах эрхийг төслийн нэгж хэрэгжүүлсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Х.Сайлаубек, Б.Энхтуяа нартай хөлсөөр ажиллах гэрээг 2016 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2016 оны 7 дугаар арын 31-ний өдөр хүртэл 6 сарын хугацаагаар байгуулж, улмаар гэрээ тус бүрийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар сунгасан үйл баримт тогтоогдсон байна.

/хэргийн 1 дүгээр хавтас 25, 27,  2 дугаар хавтас 24, 27 дугаар тал/

 

Монгол Улсын Сангийн яамны 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 9-2/6003 тоот албан бичгээр ажилтнуудын хөлсөөр ажиллах гэрээг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр дуусгавар болгож, дахин сунгахгүй болохыг мэдэгджээ.

 

Хариуцагч Монгол улсын сангийн яам нь хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгохдоо “…төслийг санхүүжүүлэгч эдгээр олон улсын байгууллагуудтай хийгдсэн яриа хэлэлцээрээр “Тогтвортой амьжиргаа 3” төслийн баримт бичиг нь 2012 онд боловсруулагдсан, өнөөгийн нөхцөл байдалд төдийлөн нийцэхгүй байгаа тул төслийн дизайн, хэрэгжилтийн зохицуулалтыг эргэж харж, бүтцийн өөрчлөлт зайлшгүй хийх шаардлагатай гэсэн нэгдсэн дүгнэлтэд хүрсэн” гэсэн нөхцөл байдлыг үндэслэсэн байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасны дагуу байгуулагдсан хөлсөөр ажиллах гэрээ нь мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас цуцлагдсан гэж үзэх үндэслэлтэй. Учир нь: Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1 дэх хэсэгт “Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно” гэж заасан бөгөөд талууд тохиролцоогүй тохиолдолд Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1 дэх хэсэгт заасан урт хугацааны гэрээг цуцлах хуулийн зохицуулалт үйлчлэх юм. 

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Х.Сайлаубек, Б.Энхтуяа нарын урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Нэхэмжлэгч Х.Сайлаубекийн нийгмийн даатгалын сангаас олгогдох ажилгүйдлийн тэтгэмжийг авч чадаагүйн улмаас учирсан хохиролд 2 097 169 төгрөг, ээлжийн амралтын олговорт 936 000 төгрөг гаргуулах тухай нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч эс зөвшөөрөхдөө “…талуудын хооронд байгуулсан гэрээнд заасны дагуу ажиллагч өөрөө нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх ёстой, гэрээний үндсэн хугацаа дуусгавар болж 2 сараар дахин сунгасан тул ээлжийн амралт тооцох үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

 

Сангийн сайдын баталсан Засгийн газрын гадаад зээлийн хөрөнгийг ашиглах, эдгээр хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх, зохион байгуулах, санхүүжүүлэх, хяналт тавих, үнэлэх журмын 14.1.6-д зааснаар төсөл хэрэгжүүлэгч төслийн зохицуулагч, бусад ажилтнуудын хүн амын орлогын болон нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр хуульд заасан хэмжээгээр харъяалагдах татварын болон нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэх үүрэгтэй байхаар заажээ.

 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харъяалалгүй хүн нь нийгмийн даатгалд албан журмаар даатгуулахаар хуульчилсан.  

 

Анхан шатны шүүх хариуцагч байгууллага нь хууль журамд заасан үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид 2 067 906 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэж уг мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь заалттай нийцжээ.

 

Мөн анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1, 9.2 дахь заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн төслийн нэгжид ажилласан 8 дахь сар нь 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн байх тул гэрээний дагуу амралтын олговортой тэнцэх төлбөрт 936 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй болно.

 

Хариуцагч байгууллагын ….Сангийн яам гэрээнд заасан үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч Х.Сайлаубек нь гэрээнд заасны дагуу 8 дахь сараас эхлэн амралт авах эрх үүссэн боловч биеэр амрах хүсэлтээ ирүүлээгүй гэсэн үндэслэлээр давж заалдсан гомдлыг хүлээн авч хангах боломжгүй байна. 

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/00419 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Сангийн яам нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурьдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                

                             ШҮҮГЧИД                                      А.ОТГОНЦЭЦЭГ      

                                                                                   Ц.ИЧИНХОРЛОО