Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 119/2022/0017/З |
Дугаар | 221/MA2022/0554 |
Огноо | 2022-08-17 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 221/MA2022/0554
“А” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Б.Тунгалагсайхан
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х
Нэхэмжлэлийн шаардлага: Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаартай тогтоолыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамсүрэн
Хэргийн индекс: 119/2022/0017/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан “А” ХХК-ийн “Гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга 2020 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1.5, 12.1.9, 47 дугаар зүйлийн 47.1, 47.18, Захиргааны ерөнхий хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн “Орхон аймгийн Татварын хэлтсийн Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Татварын маргаан таслах зөвлөл нь Засгийн газрын 2019 оны 466 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Маргаан таслах зөвлөлийн ажиллах журам”-ын 1.2-т “...хянан шийдвэрлэхдээ Татварын ерөнхий хууль, Захиргааны ерөнхий хууль, энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг удирдлага болгоно” гэж заасны дагуу 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолыг гаргасан.
3.2. Тогтоолын үндэслэх хэсэгт “Татварын ерөнхий хуулийн 6.1.42.а-д хүндэтгэн үзэх шалтгааныг тодорхойлсон боловч холбогдох хуулийн заалтад заасны дагуу эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг нотлох баримт байхгүй байна” гэсэн нь нэхэмжлэгчийн эмнэлэгт үзүүлсэн, шинжилгээ өгсөн, галт тэргээр ирж буцаж байсныг нотолсон баримтуудад үндэслэн хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргасан байхад шүүх “нягтлан бодогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон маргаанд оролцох бүрэн боломжтой гэж үүрэг хүлээлгэн, хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж үзэхээр байна”, “Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 28 дахь хэсэгт ...” гэж заасныг үндэслэн шийдвэр гаргасан нь үндэслэл бүхий бус байна.
3.3. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны Шүүхийн шийдвэрийн тухай хуулийн 21 дүгээр тогтоолд “Иргэний болон захиргааны эрх зүйн маргаантай харилцааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээ ... шударга ёсонд нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр шүүх хуулийн хэм хэмжээг хэрэглэхээс, хэргийг шийдвэрлэхээс татгалзаж болохгүй” гэж тайлбарласан байхад шүүх Татварын ерөнхий хуулийн 6.1.41-д “Хүндэтгэн үзэх шалтгаан”, 6.1.41.а-д “...хэвтэн эмчлүүлж байгаа” гэж хуульчлан заасан харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхад шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбарыг төсөөтэй хэрэглэсэн нь үндэслэлгүй байна. Мөн Дээд шүүхийн тайлбарыг хэрэг, маргааны талаар шийдвэр гаргах үндэслэл болгож баримтлахгүй ёсгүй юм.
3.4. Нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр актыг гардан авсан. Шүүх “2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл эмнэлэгт үзүүлэх, шинжилгээ өгөх, ... ирж буцаж байсан нь нотлогдож байна” гэж үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна. Актыг гардан авсан өдөр 10 дугаар сарын 27-ны өдрөөс шинжилгээ хийлгэж эхэлсэн хугацаа буюу 11 дүгээр сарын 16 хүртэлх нийт 21 хоногийг тодруулж, гомдол гаргаагүй эсэхийг судлаагүй, зөвхөн хэрэгт авагдсан шинжилгээ өгсөн болон шинжилгээний хариу, гал тэрэгний тасалбар зэргийг үнэлж шийдвэрлэсэн.
3.5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 9-д төлөөлөх боломжтой этгээдүүдийг заасан байх бөгөөд тус төлөөллүүдийг “...томилон маргаанд оролцох бүрэн боломжтой” гэж үүрэг хүлээлгэн хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь Маргаан таслах зөвлөлийн тогтоолын үндэслэх хэсэгт дурдаагүй агуулгыг үндэслэсэн гэж үзсэн нь үндэслэлгүй юм.
3.6. Тухайн харилцааг нарийвчлан хуулиар зохицуулсан байхад шүүх ёс суртахуун, итгэл үнэмшлээр нөхцөл байдлыг үнэлж гагцхүү хуульд захирагдах зарчмыг баримтлалгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
2. Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
2.1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан “Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нараас “А” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн НА-20210000053 дугаар нөхөн ногдуулалтын актаар 823 117 418 40 төгрөгийн зөрчилд нийт 86 554 170 23 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.
2.3. Нэхэмжлэгч компаниас дээрх татварын улсын байцаагч нарын нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Орхон аймаг дахь Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд “гомдол гаргах хугацаа сэргээлгэх” хүсэлт гаргасныг маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолоор “Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41а, Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1-д заасныг тус тус баримтлан “А” ХХК-ийн нөхөн ногдуулалтын актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийг захиргааны хэргийн шүүх хянан шийдвэрлэхээр байна.
2.5. Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.2-т “Энэ хуулийн 94.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтэрсэн нь тогтоогдвол гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллага уг хугацааг хэтэрснээс хойших гурван сарын дотор нөхөн сэргээх бөгөөд хугацаа сэргээхтэй холбогдсон хүсэлтийг гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана”, Татварын ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Татварын албаны дэргэд татвар төлөгчөөс энэ хуулийн 6.1.26-д заасан татварын акттай холбогдуулан гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий Татварын маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллана”, 47 дугаар зүйлийн 47.9-д “Маргаан таслах зөвлөл нь энэ хуулийн 46.1-д заасан гомдлыг татвар төлөгчийн гомдлын хүрээнд хянан шалгаж, шийдвэр гаргана”, 47.10-д “Маргаан таслах зөвлөл нь татварын актаар баталгаажуулсан дүнг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх, түдгэлзүүлж татварын албанд буцаах шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд уг шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 47.19-д “Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй” гэж тус тус зохицуулжээ.
2.6. Дээрх зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч компанийн гаргасан хүсэлт нь татварын акттай холбогдуулан гаргасан гомдол биш харин гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхтэй холбоотой хүсэлт байх тул уг хүсэлтийг хянаад гаргасан Маргаан таслах зөвлөлийн 03 дугаар тогтоолыг Татварын ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.9, 47.10, 47.19-д заасан Маргаан таслах зөвлөлөөс татварын акттай холбогдуулан гаргасан гомдлыг хянаад гаргасан шийдвэр гэж үзэх үндэслэлгүй .
2.7. Түүнчлэн Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан тодорхой нэг тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн үр дагавар шууд бий болгосон захиргааны акт гэж үзэхээргүй байна.
Иймд анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар “А” ХХК-ийн Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан гаргасан “Орхон аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах, гомдол гаргах хугацааг сэргээх тухай тогтоол гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН