Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0317

 

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 221/МА2022/0317

Улаанбаатар хот

 “М” ТӨҮГ -ын нэхэмжлэлтэй

    захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Д.Батбаатар,

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Баатархүү,

           Илтгэгч: Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч”М” ТӨҮГ -ын төлөөлөгч

Нэхэмжлэгч:”М” ТӨҮГ

  Хариуцагч: ТЕГ-ын ТУБ С.Т, Д.Ц, П.О, Т.О, Б.У, Н.Х нар

Нэхэмжлэлийн шаардлага: “М ТӨҮГ-ын 2017-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн иж бүрэн шалгалтыг хийж 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №360302857 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолын үлдсэн төлбөр болох 9,877,471,277.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 252 дугаар шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Ц, Б.А, Б.У, хариуцагч С.Т, Н.Х, Б.У П.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шаравдорж

Хэргийн индекс: 128/2021/0754/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч”М” ТӨҮГ нь Татварын ерөнхий газрын  газрын даргад холбогдуулан ““М ТӨҮГ-ын 2017-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн иж бүрэн шалгалтыг хийж 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №360302857 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолын үлдсэн төлбөр болох 9,877,471,277.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 252 дугаар шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан М ТӨҮГ-аас гаргасан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Т, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга, зүйн газрын татварын улсын байцаагч Д.Ц, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Т.О, Б.У, Н.Х нарын М ТӨҮГ-ын 2017-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн иж бүрэн шалгалтыг хийж 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр №360302857 тоот шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулах, Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолын үлдсэн төлбөр болох 9,877,471,277.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 128/ШШ2022/0252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангуулах тухай. Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Эрдэс баялаг, олон улсын татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Т, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга, зүйн газрын татварын улсын байцаагч Д.Ц, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П. О, Т.О, Б.У, Н.Х нар ”М” ТӨҮГ -ын 2017-2018 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдал, санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн иж бүрэн шалгалтыг хийж 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдөр №360302857 тоот Шийтгэлийн хуудас”-ыг үл зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.5-17.1.8 дахь заалт, 72 дугаар зүйлийн 72.1.3 дэхь хэсэгт заасныг тус тус баримтлан харьяаллын дагуу Татварын Ерөнхий Газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд хандан гомдол гаргасан. Татварын Ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлөөс тус гомдлыг хянан хэлэлцэж 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолоор 160,519,608,342.74 төгрөгийн зөрчилд ногдуулсан 5,266,210,460.60 төгрөгийн нөхөн татвар, 3,388,366,982.30 төгрөгийн торгууль, 1,486,393,909.60 төгрөгийн алданги, нийт 10,140,971,352.50 төгрөгийн төлбөрөөс 61,819,559,921.60 төгрөгийн зөрчилд ногдох 179, 131,369.20 Төгрөгийн нөхөн татвар, 53,739,410.70 төгрөгийн торгууль, 30,629,345.60 төгрөгийн алданги, нийт 263,500, 125.50 төгрөгийн төлбөрийг бууруулж, 98,700,048,421.14 төгрөгийн зөрчилд ногдох 5,087,079,091.40 төгрөгийн нөхөн татвар, 3,334,627,571.60 төгрөгийн торгууль, 1,455,764,564.00 төгрөгийн алданги, нийт 9,877,471,227.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

3.1 Нэхэмжлэлийг 2021 оны 09 дүгээр сарын 20-ний өдрийн 1/2248 тоот албан бичгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан авч хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн бөгөөд тус шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2022/0252 дугаар шийдвэрээр Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

3.2 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2022/0252 дугаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 6,7 дугаарт дурдсан нотлох баримтыг буруу дүгнэж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үндэслэх хэсгийн 8 дугаарт Гадаад харилцааны сайдын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09/143 тоот албан бичигт “...тус хэлэлцээр болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг баталсан өдрөөр буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр хэлэлцээр болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын үйлчлэл дуусгавар болсонд тооцно" гэж дурьдсан мөртлөө “... дээрхээс үзвэл, Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль нь М ХХК-ийн эрх зүйн байдлыг тодорхой болгох, улмаар төрийн өмчит хуулийн этгээдийн хэлбэрээр зохион байгуулах зорилго, шаардлагаар батлагдсан, хэлэлцээрт оролцогч талууд болох хоёр улсын Засгийн газрын эрх, үүргийг дуусгавар болгосон агуулгатай болохоос бус татвар ногдуулах төлөх талаарх бодит байдал дээр хэрэгжсэн хэлэлцээрийн тодорхой заалтын үйлчлэлийг дуусгавар болгосон агуулгагүй байх тул маргааны тохиолдлыг зохицуулсан биш байна гэж" дүгнэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

3.3 "М” ХХК- нь 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Москва үзэглэсэн Монгол-Оросын "М” хязгаарлагдмал хотноо хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн Газар, Оросын Холбооны Улсын Засгийн Газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг баталсан өдрөөр буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр хэлэлцээр болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын үйлчлэл дуусгавар болсонд тооцно” гэсэн өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хэмээн үзэж, хэлэлцээрт заасны дагуу аж ахуй нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татварыг тооцож татвар хураамжаас чөлөөлнө гэж үзэж байгаа бөгөөд анхан шатны шүүх "2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн "Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль"-ийн буруу тайлбарлаж шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн байна.

3.4 Мөн анхан шатны шүүх нотлох баримтыг үнэлэхдээ дараах хуулийн заалтыг үндэслэл болгохгүй буруу тайлбарласан гэж үзэж байна Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 3-т хуулиар ногдуулсан албан татвар төлөх, Татварын Ерөнхий хуулийн 2 дугаар зүйлд Монгол Улсын олон улсын гэрээнд татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө, мөн 4 дүгээр зүйлд ... бусад тохиолдолд татварыг зөвхөн Улсын Их Хурал татварын хуулиар бий болгох, тогтоох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй гэж зохицуулсан хуулийн дагуу “Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай" 2019 оны 06 дугаар сарын 12-ны хуульд “М" хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай" гэсэн нь "М” ТӨҮГ-ын татвар ногдуулах, төлөх харилцаанд хэрэглэгдэхгүй гэж дүгнэсэн нь дээрх хуулийн заалттай нийцэхгүй байна.

3.5 Үндэслэх хэсгийн 9 дүгээрт Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 03 дугаар дүгнэлтийн үндэслэх хэсгийн а-д "... Засгийн газар дээрх хэлэлцээрийн нэг тал болохын хувьд хэлэлцээрийг цуцлах үр дагавартай асуудлаар урьдчилж дотоодын хууль тогтоомж буюу Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг биелүүлсний дараа саналаа өгөхөөр байна” гэсэн байх боловч "... "М" ХХК-ийн хувьцааг төрийн өмчид шилжүүлэн авсан шийдвэр гаргах эрх нь Улсын Их Хуралд байна гэж дүгнэж”, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн гэж дурдсан бөгөөд анхан шатны шүүх хэлэлцээрийн 20 дугаар зүйлийг шууд үндэслэл болгож Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг өөрөөр тайлбарлаж дүгнэлт өгсөн байгаа нь хуульд нийцэхгүй байна.

3.6 Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 02 дугаар сарын 28 ны өдрийн дугаар 03 "Монгол улсын Их Хурлын 2017 оны 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай” дүгнэлтээр "Монгол улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15-д зааснаар "Улсын их хурал Монгол улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах асуудлыг өөрийн онцгой эрхэд хадгалж шийдвэрлэнэ”, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2-т "Засгийн газар Монгол улсын олон улсын гэрээг цуцлах тухай саналыг Улсын их хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус заажээ.

3.7 Иймд Монгол улсын Засгийн газар дээрх хэлэлцээрийн нэг тал болохын хувьд хэлэлцээрийг цуцлах үр дагавартай асуудлаар урьдчилж дотоодын хууль тогтоомж буюу Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг биелүүлсний дараа холбогдох саналаа өгөхөөр байна..."Ростех" корпорацийн "Эрдэнэт үйлдвэр" ХХК болон "М" ХХК-д эзэмшиж буй 49 хувийн энгийн хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах давуу эрхээ ашиглан төрийн мэдэлд авах, эсвэл өөр этгээдэд шилжүүлэх тухай шийдвэр гаргах эрх нь гагцхүү Улсын Их Хуралд байна. Монгол улсын Их хурлаас нэгэнт соёрхон баталсан олон улсын гэрээг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэлгүй, зөвшилцөлгүйгээр өөрчилсөн Засгийн газрын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 330 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 15, 38 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 9 дэх заалт, Олон улсын гэрээний тухай хуулийн (тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан) 18 дугаар зүйлийн 2, 22 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн.

3.8 Дээрх нөхцөл байдлыг дүгнэн үзвэл "М” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээр нь Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулиар соёрхон баталсан “Олон улсын соёрхон баталсан гэрээ хэлэлцээр”-ийн хувьд тус хэлэлцээрийг цуцлах, хугацаанаас нь өмнө дуусгавар болгох асуудлыг гагцхүү Улсын их хурал өөрийн онцгой эрхэд хадгалж шийдвэрлэдэг болно. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 128/ШШ2022/0252 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн хоёрт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114.1 дэх хэсэгт "...Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй." гэж заасныг баримтлахгүй байгаа нь гомдол гаргах хоногийг хязгаарлах, гомдол гаргах эрхийг бүрэн олгоогүй буюу шүүхийн шийдвэртэй бүрэн судалж танилцах бололцоо олгоогүй нь хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах ур дагавар үүсэхээр байна.

3.9 Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 128/ШШ2022/0252 дугаар шийдвэрээр Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Нэхэмжлэгч МТӨҮГ-ын төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

4. Нэхэмжлэгч”М” ТӨҮГ -аас;

а/Татварын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдуулан 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай “ 360302857 дугаар “Шийтгэлийн хуудас”-ыг,

б/ Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах зөвлөлд холбогдуулан 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 05 дугаар тогтоолоор нийт 9,877,471,277.00 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ “ ... хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хууль 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүчин төгөлдөр болсон байхад татварын улсын байцаагч нараас Монгол-Оросын М ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг уг хугацаанаас өмнө дуусгавар болсонд тооцож, татвар ногдуулж, торгууль алданги тооцож шийдвэрлэсэн нь хууль бус” гэж тодорхойлсон.

6.Хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “...Хэлэлцээрийн нэг тал болох Оросын Холбооны Улсын Засгийн газар ... компанийн 49 хувийн хувьцааг эдлэх эрхээс татгалзаж шилжүүлснээр хэлэлцээрт заасан татвараас хөнгөлөх, чөлөөлөгдөх харилцааг тухайн шилжүүлэн авсан компани болон одоогийн ТӨХК бол эдлэх эрх зүйн үндэслэл байхгүй. ... 2007 оны … хэлэлцээр дуусгавар болсон тохиолдолд ... Татварын ерөнхий хуулиар зохицуулна гэсний дагуу хуульд зааснаар хариуцлага хүлээлгэсэн...” гэж маргажээ.

7. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн Монгол-Зөвлөлтийн хамтарсан аж ахуйн “М” нэгдлийн үйл ажиллагааны тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан, хуулийн этгээдийг   2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Монгол-Оросын “М хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол улсын Засгийн газар, Оросын Холбооны улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”[1]-ийн дагуу Монгол-Оросын “М” хязгаарлагдмал хариуцлагатай компани болгон өөрчлөн байгуулагджээ.

8. Ийнхүү Монголын тал 51 хувь, Оросын тал 49 хувийн дүрмийн сантай, Монгол-Оросын хамтарсан "М" хязгаарлагдмал хариуцлагатай компани үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

9. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “М” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 330 дугаар тогтоолын тогтоох нь хэсгийн 1 дэх заалтаар ОХУ-аас  өөрийн эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцаагаа Монгол Улсын хуулийн этгээд болох “МКК” ХХК-д худалдахаар шийдвэрлэсэн саналыг зөвшөөрч, 2 дахь заалтаар Монгол Улсын Засгийн газар  хувьцааг тэргүүн ээлжинд худалдаж авах давуу эрхээсээ татгалзаж шийдвэрлэсэн тул ОХУ-ын эзэмшлийн 49 хувийн хувьцааг  “МКК” ХХК худалдан авч "М" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид нь 100 хувь Монголын талынх болсон. Энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.

10. Хэлэлцээрт оролцогч талуудын эрх, үүргийг дуусгавар болох зохицуулалтыг Олон улсын гэрээний тухай /1993 оны/ хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Олон улсын гэрээг түүнд заасан журмын дагуу буюу гэрээ байгуулагч нөгөө талтай харилцан тохирсны үндсэн дээр цуцалж болно” гэж заасан.

11. Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан хэлэлцээрийн 18 дугаар зүйлд “Аль нэг Тал нь Компанийн дүрмийн сан дахь хувь хөрөнгөө бүрэн буюу хэсэгчлэн хувьчилсан, эсхүл худалдсан тохиолдолд энэхүү Хэлэлцээр хүчингүй болно”, мөн хэлэлцээрийн 20 дугаар зүйлд “Энэхүү хэлэлцээрийн үйлчлэл нь аль нэг Тал Компанийн үйл ажиллагаанд оролцоогоо зогсоосон тохиолдолд дуусгавар болно” гэж тусгасан байна.

12. Үүнээс үзвэл Оросын тал 49 хувийн хувьцаагаа Монголын Улсын хуулийн этгээдэд худалдаж шилжүүлснээр 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан хэлэлцээр хүчинтэй эсэхээс үл хамааран “М" ХХК-тай холбоотой үйл ажиллагаанд оролцох оролцоогоо зогсоосон буюу хэлэлцээрийн нэг тал байхаа больж, эрх, үүрэг дуусгавар болсон, ингэснээр хүчин төгөлдөр үйлчлэлтэй хэлэлцээр гэж үзэх үндэслэлгүй.

13. Нэхэмжлэгчийн “ ...”М” ХХК нь 2007 ны 04 дүгээр сарын 25-ны өдөр Москва хотноо үзэглэсэн Монгол-Оросын “М ХХК хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг баталсан өдрөөр буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөр хэлэлцээр болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколын үйлчлэл дуусгавар болсонд тооцно“ гэсэн өдөр хүртэл хүчин төгөлдөр гэж үзэж байгаа“ гэх гомдол үндэслэлгүй байна.

14. Өөрөөр хэлбэл, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Протокол соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Хэлэлцээр соёрхон батлах тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулиуд батлагдахаас өмнө буюу 2016 онд Оросын Холбооны Улсын тал хүсэл зоригоо илэрхийлж, хэлэлцээрт оролцох оролцоогоо зогсоож хэлэлцээр дуусгавар болсон тул дээрх хууль батлагдах хүртэл хугацаанд хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчлэлтэй гэж үзэхгүй.

15. Иймээс 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулагдсан хэлэлцээрт заасны дагуу аливаа татвараас хөнгөлөх, чөлөөлөгдөх талаар эдэлж байсан зохицуулалтыг Монголын Улсын хуулийн этгээд болох “М" ТӨҮГ эдлэх эрх зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

16. Иймд хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 00182750 дугаар гэрчилгээтэй”М” ТӨҮГ -ын /Засгийн газрын тогтоолоор “М” ХХК нь ТӨҮГ болж өөрчлөгдсөн/ 2017-2018 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын улсын байцаагчдаас шалгалт хийж, гаргасан зөрчилд нь Зөрчлийн тухай хууль болон Монгол Улсын татварын хуулиудад заасны дагуу аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар ногдуулж, хариуцлага хүлээлгэсэн нь хууль зөрчөөгүй байна.

17. Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхилоо.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч”М” ТӨҮГ -ын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                   Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                                       Т.ЭНХМАА

 

[1] 1 дэх хавтсын 126-аас 133 дахь талууд.