Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/00067

 

 

 

 

 

 

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 102/ШШ2017/00067

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 57 дугаар байр, 40 тоот хаягт оршин суух Боржигон овогт Сайнбилэгийн Пүрэвсүрэн /РД:НЭ84031501/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, АОС байр, 17 тоот хаягт оршин суух Боржигон овогт Тогоогийн Энхбат /РД:ЧД77011371/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Кристал таун, 804 дүгээр байр, 207 тоот хаягт оршин суух Боржигон овогт Дашжамцын Баяр /РД:ЧИ63050207/ нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Газар эзэмших эрхийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, Т.Энхбат, Д.Баярын нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийг Т.Энхбат, С.Пүрэвсүрэн, Э.Марал-Эрдэнэ нарын нэр дээр шилжүүлэхийг даалгуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Одончимэг /ШТҮД: 0862/, хариуцагч Т.Энхбат, Д.Баяр, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Цэрэндолгор /ШТҮД: 0381/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Анхцэцэг нар оролцов.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Т.Энхбаттай 2005 онд гэр бүл болж, 2009 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2006 онд охин маань төрсөн. Бид 2006 оны 01 дүгээр сард газар худалдаж авч, 2007 оны 05 дугаар сард уг газар дээр амины орон сууц бариулсан. 2015 онд гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн хэдий ч газрын асуудлыг шийдвэрлээгүй. Иймээс хариуцагч Баярт шилжүүлсэн газар эзэмших гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, тухайн газрыг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө мөн болохыг тогтоолгох, газрыг гэр бүлийн гишүүдийн нэр дээр шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчид нь 2005 оноос хамтран амьдарч эхлээд 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. 2006 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүрэгт байрлах 144 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг хариуцагч Т.Энхбат нь иргэн н.Лодойдамбаас шилжүүлэн авсан байдаг. Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2005 оноос хойш хамтран амьдрах хугацаандаа 2006 онд газар авч, гэр бүлийн дундын эд хөрөнгө болон амины орон сууцыг тухайн газартаа барьсан. Хариуцагчийн ах дүү нар нь тэдний гэр бүлийн амьдралд тус болж байсан нь үнэн. Тухайн газар эзэмших эрх нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.1, 128.2 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Иймээс бид Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.4 дүгээр зүйлд заасныг баримталж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор шаардаж байгаа. Хариуцагч Т.Энхбат нь гэр бүлийн насанд хүрсэн гишүүнээс зөвшөөрөл авалгүйгээр газар эзэмших эрхийг Д.Баярт шилжүүлсэн байгаа учраас уг хэлцлийг анхнаасаа хүчин төгөлдөр бус байсан гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь хариуцагч нарын шууд үйл ажиллагаатай холбоотой байгаа учраас хариуцагч нарт эрх шилжүүлэхийг даалгаж, өгнө үү гэсэн логикоор ийм шаардлага гаргасан юм. Тухайн газар дээр баригдсан үл хөдлөх эд хөрөнгө нь Т.Энхбатын нэр дээр байдаг бөгөөд газрыг энэ гэр бүлийн гишүүдийн нэр дээр шилжүүлэхийг даалгаж өгнө үү. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч Т.Энхбат шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч С.Пүрэвсүрэнтэй 2005 оноос эхлэн хамтран амьдарсан. Миний хувьд энэ газрыг гэр бүлийн гишүүдийн дундын өмч биш гэж үзэж байна. Ах эгч маань намайг байшинтай болгох гэж уг газрыг өгч, Д.Баяр эгчээс мөнгө авч байшингаа барьсан. Анхнаасаа үйлчилгээний зориулалттай миний эзэмшлийн газар байсан. Гэр бүлийн дундын өмчийн газар биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч Д.Баяр шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Уг газар нь гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн газар биш юм. Өмчлөх эрхийн гэрчилгээгүй, эзэмших эрхтэй газар юм. Уг газар дээр барьсан байшинг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө мөн гэж шүүхийн шийдвэр гарсан байдаг. Уг газар нь үйлчилгээний зориулалттай газар юм. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Хариуцагч нарын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Маргааны зүйл болон Баянгол дүүрэгт байрлах 144 м.кв талбай бүхий газар нь төрийн өмчийн газар юм. Тодорхой хугацаагаар хариуцагч Т.Энхбат нь уг газрыг эзэмших эрхээ сунгуулж байгаа л асуудал юм. Т.Энхбат нь нэг компанид ажилладаг бөгөөд компаниас нь түүнд нэг өрөө байр өгье гэсэн боловч одоог хүртэл өгөөгүй байгаа. Хариуцагч Д.Баяр нь бүхэл бүтэн 10 жил уг газрын шударга эзэмшигч байсан. Өмнө нь шүүхээр гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлэхдээ бид газрын асуудлыг тавьсан бол энэ асуудлыг өөрөөр шийдвэрлэх байсан. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж буй нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэл байхгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Пүрэвсүрэн нь хариуцагч Т.Энхбат нарт холбогдуулан газар эзэмших эрхийг гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, .Энхбат, Д.Баярын нарын хооронд 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, газар эзэмших эрхийг Т.Энхбат, С.Пүрэвсүрэн, Э.Марал-Эрдэнэ нарын нэр дээр шилжүүлэхийг даалгуулахыг хүсч шүүхэд нэхэмжлэл гаргажээ.  

Хариуцагч Т.Энхбат нь уг газар нь миний хуваарьт хөрөнгө байсан, хариуцагч Д.Баяр нь хуулийн дагуу авсан, би шударга эзэмшигч гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмэлжлэгч С.Пүрэвсүрэн, хариуцагч Т.Энхбат нар нь 2005 онд гэр бүлийн амьдрал зохиож, 2006 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр охин Э.Марал-Эрдэнэ нь төрж, гэрлэлтээ 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдөр бүртгүүлж, гэрлэгчдийн эрх үүрэг үүсэн хамтран амьдарч байгаад 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 7052 дугаар шийдвэрээр гэрлэлт цуцлагдсан байна.

Нэхэмжлэгч нь гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаанд бий болсон гэр бүлийн дундын хөрөнгө болох газар эзэмших эрхийг бусад гишүүдийн зөвшөөрөлгүй захиран зарцуулсан нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлд нийцээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч Т.Энхбат нь гэр бүлийн хамтын амьдралтай байх хугацаандаа буюу 2006 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хорооны барилгын баруун талд байрлах 144 м.кв талбай бүхий газар эзэмших эрхийг иргэн Ш.Лодойдамбаас шилжүүлэн авсан болох нь Баянгол дүүргийн газрын албанаас ирсэн хувийн хэрэг, зохигчдын тайлбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 564 дугаар шийдвэр зэргээр тогтоогдож байна.

Уг газар дээр хариуцагч Т.Энхбат нь үйлчилгээтэй амины орон сууц барьж, улмаар орон сууцыг хариуцагч Д.Баярт бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэнийг шүүхээс хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, дээрх үйлчилгээтэй амины орон сууцыг гэр бүлийн дундын хөрөнгөд тооцсон, улмаар гэрлэлт цуцлахад гэр бүлийн дундын хөрөнгийг үнэлж, ногдох хэсгийг гэр бүлийн гишүүдэд хуваасан байна.

Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд газар эзэмших эрх Т.Энхбатын гэр бүлийн гишүүдэд шилжээгүй, хариуцагч Д.Баярын нэр дээр байгаагаас биелэгдэх боломжгүй нөхцөл байдал үүсч, Д.Баяр нь нэр шилжүүлэхээс татгалзсан байх тул нэхэмжлэгч нь шүүхэд хандан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, газар эзэмших эрх нь гэр бүлийн дундын хөрөнгө болохыг тогтоолгох, газар эзэмших эрхийн нэр шилжүүлэхийг даалгуулах шаардлага бий болжээ.

Шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримтыг дахин дүгнэх, тогтоох шаардлагагүй буюу маргаж байгаа газар эзэмших эрхтэй газар дээр баригдсан үл хөдлөх хөрөнгийг шүүхээс Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх өмч болохыг тогтоосон байгаа нь тухайн газар эзэмших эрхийг мөн гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эрхтэй өмч гэж үзэх үндэслэл болно.

Иймд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хорооны барилгын баруун талд байрлах нэгж талбарын 8023/5092 дугаар бүхий 144 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Т.Энхбат, С.Пүрэвсүрэн, Э.Марал-Эрдэнэ нарын хамтран өмчлөх өмч дундын хөрөнгөд тооцох нь зүйтэй байна.

Хариуцагч Т.Энхбат нь уг газар эзэмших эрхийг 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр эрх шилжүүлэх гэрээ байгуулан Д.Баярын нэр дээр үнэ төлбөргүй шилжүүлжээ.

Хариуцагч Д.Баяр нь газрын төлбөрийг одоог хүртэл төлж байгаа шударга эзэмшигч тул Иргэний хуулийн 90.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийг шаардах эрхгүй гэж маргаж байна.

Гэсэн хэдий ч хариуцагч Д.Баярын газар эзэмших эрх шилжүүлж авсан гэрээ нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн насанд хүрсэн гишүүний зөвшөөрлийг бичгээр аваагүй байх тул мөн зүйлийн 128.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Т.Энхбат, Д.Баяр нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Д.Баяр нь газар эзэмших эрхийг гэр бүлийн гишүүдэд буцаан өгөх үүрэгтэй байна. 

Гэвч хариуцагч Т.Энхбат нь уг газар эзэмших эрхийг буцаан авахыг шаардаагүй, нэхэмжлэгчид энэ талаар шаардлага гаргах эрх олгоогүй байх тул нэхэмжлэгч С.Пүрэвсүрэнгийн гаргасан нэхэмжлэлээс газар эзэмших эрхийг Т.Энхбатын нэр дээр шилжүүлэхийг даалгуулахаас бусад шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжийг хуваан гаргуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

 

                                                ТОГТООХ нь: 

 

1. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх заалтыг баримтлан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хорооны барилгын баруун талд байрлах нэгж талбарын 8023/5092 дугаар бүхий 144 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Т.Энхбат, С.Пүрэвсүрэн, Э.Марал-Эрдэнэ нар дундаа хамтран өмчлөх эрхтэй болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Т.Энхбат, Д.Баяр нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоосугай.

 

3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь заалтыг баримтлан Баянгол дүүргийн 20 дугаар хороо, хорооны баруун талд байрлах нэгж талбарын 8023/5092 дугаар бүхий 144 м.кв талбайтай газар эзэмших эрхийг С.Пүрэвсүрэн, Э.Марал-Эрдэнэ нарын нэр дээр шилжүүлэхийг хариуцагч Д.Баяр, Баянгол дүүргийн Газрын Албанд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас Т.Энхбатын нэр дээр шилжүүлэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 


 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Ч.МӨНХЦЭЦЭГ