Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2016/05770

 

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2016/05770

 

 

 

 

Улаанбаатар хот

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 29-2 тоот хаягт оршин суух Норжун овогт Лхамхүүгийн Амгалан /РД:ЧС63053064/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, өөрийн байранд байрлах Хилийн цэргийн 0164 дүгээр ангид холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Амгалан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Төмөрбаатар /ШТҮД: 0582/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхнасан, Б.Наранзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй нар оролцов.

 

                                    ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Амгалан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би Хилийн цэргийн 0164 ангид хувцасны няраваар ажилладаг. 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр миний хариуцсан складнаас хувцас алга болсон байсан. Энэ талаар би ангийн даргад 2016 оны 5 дугаар сарын 05-ны өглөө хэлсэн. Үүний дараа тооллого хийгээд 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн орой ажил хүлээлцсэн. Тооллого 2016 оны 5 дугаар сарын 05-ны оройноос 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдрүүдэд хийгдсэн. Дутсан хувцасны үнэ 3.877.875 төгрөг болсон. Манай хамт олон надад илүү байсан хувцаснаасаа авчирч өгснөөр дутсан хувцасны 50 хувийг төлж барагдуулсан. Би 2015 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүүргийн Цагдаагийн хэлтэст хувцас алдагдсан талаар шалгуулахаар өргөдөл өгсөн. Яагаад тар даруйд нь цагдаад шалгуулаагүй вэ гэхээр тухайн үед Монгол цэргийн жавхаа тэмцээн болж байсан учир түүнийг дуусахаар алдагдсан хувцасны учир олдох байх гэж найдаж байсан. Ингээд хэд хонож байтал хүний нөөц Б.Наранзул намайг дуудсан. Намайг очиход ангийн дарга танийг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөхөөр болсон, үлдэгдэл төлбөрөө төл гэж хэлсэн. Тэр үед би Б.Наранзулд би намайг ажлаас чөлөөлбөл би үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй гэдгээ хэлсэн. Намайг 2016 оны 5 дугаар сарын 30-ныг хүртэл ажиллуулсан ба энэ хугацааны цалинг бүтэн олгосон. Ингээд 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан ба би 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа очиж авсан. Би хилийн цэргийн албанд олон жил ажилласан. Намайг саяхан Н.Мөнхнасан дэд хурандаа дуудаж уулзсан. Н.Мөнхнасан дэд хурандаа надад 4 шаардлага тавьсан. 1-рт. Өр төлбөрөө барагдуулах, 2-рт: Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг чинь төлөхгүй. 3-рт: Няраваас өөр ажилд томилно. 4-рт: Өргөдлөө татаж ав гэсэн санал тавьсаныг нь би хүлээж аваагүй. Намайг ажлаас чөлөөлсөн Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн даргын тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд би 1-рт: Ажилд эргүүлэн тогтоолгох, 2-рт: Ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, 3-рт: Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага гаргаж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Амгалан нь 2012 оноос Хилийн цэргийн 0164 дүгээр ангид хувцасны няраваар ажиллаж байсан. Гэтэл Л.Амгалан өөрийн хариуцсан складнаас 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бараа дутаасан нь үнэн. Энэ талаараа Л.Амгалан өөрийн алдаа дутагдлаа хүлээнэ гэсэн бичиг Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн удирдлагад хийж өгсөн. Тэгээд өөрийн дутаасан гэх бараанаас тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн. Ангийн удирдлага Л.Амгалан өөрийн дутаасан барааны төлбөрийг 2016 оны 10 дугаар сарын 01-ны дотор төл гэсэн байсан боловч энэ хугацаанаас өмнө Л.Амгаланг ажлаас чөлөөлнө, өөр ажилд томилно гэж байсан учир Л.Амгалан би хувцас дутаагаагүй гэж үзээд цагдаагийн байгууллагад хандсан. Үүнд нь Хилийн цэргийн анги эмзэгээр хандаж Л.Амгаланг ажлаас чөлөөлсөн. Цэргийн байгууллага өөрийн дотоод асуудлыг бусдад дэлгэх дургүй, дотооддоо шийддэг байхад Л.Амгалан цагдаагийн байгууллагад хандсан. Л.Амгалан ажлаас чөлөөлсөн тушаалыг 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэргийн хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн тушаалыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандсан. Хилийн цэргийн 0164 ангийн даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0/83 тоот ажлаас чөлөөлөх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэг заасныг үндэслэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Энэ тушаал шийдвэр нь хууль хэрэглээний буруу заалттай, хуулийг буруу хэрэглэж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн байна. Хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа бол Улсын Дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлд зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 39 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд заасан заалтуудын аль нэгийг баримтална. Гэтэл хариуцагч ажлаас ямар үндэслэлээр халсан хуулийн заалтаа баримтлаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Тиймээс Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0/83 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, Л.Амгаланг ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэв.

Хариуцагч Хилийн цэргийн 0164 дүгээр анги шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хугацаат цэрэг халагдаж байсан ба тухайн өдөр бүтэн сайн өдөр байсан тул миний бие ангийн жижүүр, Л.Амгалан ангийн гал тогооны жижүүрээр ажиллаж байсан. 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 12:00-13:00 хүртэл ангийн хугацаат цэргүүдийн халагдах ажил дууссан. Л.Амгаланийн хариуцсан ангийн складнаас цэргийн хувцас дутсан талаар 2016 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Л.Амгалан ангийн удирдлагад мэдэгдээгүй байсан. Үүний дараа Л.Амгалан ангийн складнаас цэргийн хувцас 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдөр алга болсон талаар мэдэгдэж, ангийн даргын зүгээс миний биеэр тэргүүлсэн ажлын хэсэг томилуулж агуулахын бараа материалыг тоолоход 3.877.875 төгрөгийн бараа материал дутсан байсан. Л.Амгалан бараа материал дутсан талаар 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн гэсэн ба хэрвээ Л.Амгалан мэдсэн даруйдаа мэдэгдсэн бол бид халагдсан цэргүүдийг дамжин дээр байхад нь шалгалтын комисс томилоод шалгах боломж байсан. Яагаад мэдэгдээгүй вэ гэхэд би ангийн удирдлагаас айгаад хэлээгүй гэж хэлсэн. Л.Амгалан цэргийн хувцас дутаасанаа хүлээн зөвшөөрч, гаргасан хохирлоо бүрэн барагдуулна гэж тодорхойлолт өгсөн. Үүнийг нь би ангийн даргад танилцуулахад ангийн удирдлага Монгол цэргийн жавхаа тэмцээнийг дуустал Л.Амгалангийн ажлыг хүлээж ав. Л.Амгалангийн гэр бүлийн хүн манай цэргийн ангид ажиллаж байсан болохоор ажлаас чөлөөлөхгүй, харж үзье. Гэхдээ эд хөрөнгө хариуцсан ажилд томилох боломжгүй, няраваар ахин ажиллуулахгүй гэсэн. Ангийн ажилчид албан хаагчид өөрт байсан илүү хувцас, хэрэгслээ Л.Амгалан өгсөн. 3.877.875 төгрөгийн бараа материал дутааснаасаа Л.Амгалан 1.000.000 гаран төгрөгийн хувцасыг ангийн хамт олны тусламжаар төлсөн. Бид Л.Амгаланд 4 нөхцөл санал болгосон. 1-рт: Танийг ажилд авч болно. Гэхдээ эд хөрөнгө хариуцсан ажилд ахин ажиллуулахгүй, өөр ажилд ажиллуулна. 2-рт: Улсад учруулсан хохирлоо барагдуул. 3-рт: Ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх боломжгүй. 4-рт: Ажилд орох гэж байгаа бол шүүхэд гаргасан өргөдлөө татаж ав гэсэн. Гэтэл эдгээр саналыг Л.Амгалан хүлээн аваагүй гэв.

 

Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,              

            

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Амгалан нь хариуцагч Хилийн цэргийн 0164 дүгээр ангид холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч нь Л.Амгалан нь ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ хангалтгүй гүйцэтгэснээс өөрийн хариуцсан өмч хөрөнгийг алдаж үрэгдүүлсэн, энэ үйлдлээ нуун дарагдуулж, албаны хариуцлага алдан байгууллагад их хэмжээний эд хөрөнгийн хохирол учруулсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.Амгалан нь Хилийн цэргийн 0164 дүгээр ангид 2012 оноос эхлэн хувцасны няраваар ажиллаж байжээ. Л.Амгаланг Ар тал хангалтын албаны хувцасны нярав албан тушаалд ажиллуулахаар 2016 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр 1 жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулжээ.

Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн захирагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн б/83 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалтыг үндэслэн Л.Амгалантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс цуцалж, хувцасны няравын үүрэгт ажлаас чөлөөлжээ.

Уг тушаалыг нэхэмжлэгч Л.Амгалан нь 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авсан болох нь ангийн захирагчийн тушаалыг бүртгэлийн дэвтрийн тэмдэглэлээр тогтоогдож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд багтан шүүхэд гомдлоо гаргасан байна.

Ажлаас чөлөөлөх тухай тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн заалт нь ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай ерөнхий заалт бөгөөд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлах тухай нарийвчилсан зохицуулалт болох Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1-д заасан үндэслэлийг баримтлаагүй байна.

Зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Л.Амгалангийн хариуцсан агуулахаас 3.877.850 төгрөгийн эд хөрөнгө алга болсон байна. Ангийн захирагчийн тушаалаар 4 хүний бүрэлдэхүүнтэй баг нэхэмжлэгчийн хариуцан ажиллаж байсан хувцасны агуулахад албаны шалгалт явуулж, зөрчил дутагдал илрүүлж, нэхэмжлэгч Л.Амгалан нь байгууллагын эд хөрөнгийг дутагдуулсан нь тогтоогджээ.

Ажилтныг ажлаас чөлөөлсөн тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, ажлаас халахад баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч байх, тушаалд зөрчлийн талаар заасан, түүнчлэн ажил хүлээлцэх хугацааг тусгасан байх нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэхээр байна. Гэтэл ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 гэж дурдаагүй, ажил хүлээлцэх хугацаа заагаагүй, тушаалд бичсэн зөрчил нь хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчилд хамаарахаар агуулгатай байгаа боловч хөдөлмөрийн гэрээнд ноцтой зөрчлийн талаар тусгаагүй байх тул хариуцагч Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн захирагчийн 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн б/83 дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгтэй нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг дуустал ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулан авахаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно гэж заасны дагуу тооцоход 3 дугаар сард 579.105 төгрөг, 4 дүгээр сард 1579.105 төгрөг, 5 дугаар сард 579.105 төгрөгийн, нийт гурван сарын цалин 1.737.315 төгрөг, 3 дугаар сард ажлын 22 хоног, 4 дүгээр сард ажлын 21 хоног, 5 дугаар сард ажлын 22 хоног, нийт ажлын 65 хоног, нэг өдрийн цалин 1.737.315 төг : 65 хоног = 26.727 төгрөг, ажилгүй байсан хугацаа 6 дугаар сард ажлын 21 хоног, 7 дугаар сард ажлын 16 хоног, 8 дугаар сард ажлын 23 хоног, 9 дүгээр сард ажлын 21 хоног, 10 дугаар сард ажлын 19 хоног, 11 дүгээр сард ажлын 14 хоног, нийт ажлын 114 хоног, ажилгүй хугацааны цалин хөлсний олговорт 26.727 төг х 114 хоног = 3.046.878 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсгийн дагуу хариуцагчаас 63.700 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Л.Амгаланг Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн Ар тал хангалтын албаны хувцасны няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3.046.878 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг хариуцагч Хилийн цэргийн 0164 дүгээр ангиас гаргуулан нэхэмжлэгч Л.Амгаланд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 63.700 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ