Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

           

Л.Амгалангийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05770 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Л.Амгалангийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хилийн цэргийн 0164 дүгээр ангид холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Мөнхнасан,

Хариуцагчийн өмгөөлөгч: А.Ганбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хилийн цэргийн 0164 ангид 2012 оноос хойш хувцасны няраваар ажиллаж байсан. 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр миний хариуцсан складнаас хувцас алга болж, энэ талаар би ангийн даргад 2016 оны 05 дугаар сарын 05-ны өглөө хэлсэн. Үүний дараа 2016 оны 05 дугаар сарын 05-ны оройноос 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрүүдэд тооллого хийгээд 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн орой ажил хүлээлцсэн. Дутсан хувцасны үнэ 3 877 875 төгрөг болсон. Манай хамт олон надад илүү байсан хувцаснаасаа авчирч өгснөөр дутсан хувцасны 50 хувийг төлж барагдуулсан.

Би 2015 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүүргийн Цагдаагийн хэлтэст хувцас алдагдсан талаар шалгуулахаар өргөдөл өгсөн. Яагаад тар даруйд нь цагдаад шалгуулаагүй вэ гэхээр тухайн үед "Монгол цэргийн жавхаа" тэмцээн болж байсан учир түүнийг дуусахаар алдагдсан хувцасны учир олдох байх гэж найдаж байсан. Гэтэл хүний нөөц Б.Наранзул намайг дуудаж “ангийн дарга таныг 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлөхөөр болсон, үлдэгдэл төлбөрөө төл” гэж хэлэхэд нь “намайг ажлаас чөлөөлбөл би үлдэгдэл төлбөрийг төлөх боломжгүй” гэдгээ хэлсэн. Намайг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл ажиллуулсан ба энэ хугацааны цалинг бүтэн олгосон.

Ингээд 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан ба би 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаалаа очиж авсан.

Н.Мөнхнасан дэд хурандаа надад 4 шаардлага тавьсан. Үүнд: өр төлбөрөө барагдуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг чинь төлөхгүй, няраваас өөр ажилд томилно, өргөдлөө татаж ав гэсэн бөгөөд би хүлээж аваагүй тул ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлд заасан заалтуудын аль нэгийг баримтална. Гэтэл хариуцагч ажлаас ямар үндэслэлээр халсан хуулийн заалтаа баримтлаагүй байна. Иймд нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн байна. Тиймээс Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн даргын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 0/83 тоот ажлаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгож, Л.Амгаланг ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хугацаат цэрэг халагдаж байсан. Мөн өдрийн 12:00-13:00 цагт ангийн хугацаат цэргүүдийн халагдах ажил дууссан. Л.Амгаланийн хариуцсан ангийн складнаас цэргийн хувцас дутсан талаар 2016 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүртэл ангийн удирдлага мэдээгүй байсан.

Үүний дараа Л.Амгалан ангийн складнаас цэргийн хувцас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр алга болсон талаар мэдэгдэж, ангийн дарга ажлын хэсэг томилж агуулахын бараа материалыг тоолоход 3 877 875 төгрөгийн бараа материал дутсан байсан. Л.Амгалан бараа материал дутсан талаар 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр мэдсэн гэсэн ба хэрвээ Л.Амгалан мэдсэн даруйдаа мэдэгдсэн бол бид халагдсан цэргүүдийг дамжин дээр байхад нь шалгалтын комисс томилоод шалгах боломж байсан. Яагаад мэдэгдээгүй вэ гэхэд би ангийн удирдлагаас айгаад хэлээгүй гэж хэлсэн. Л.Амгалан цэргийн хувцас дутааснаа хүлээн зөвшөөрч, гаргасан хохирлоо бүрэн барагдуулна гэж тодорхойлолт өгсөн.

Үүнийг нь би ангийн даргад танилцуулахад ангийн удирдлага Монгол цэргийн жавхаа тэмцээнийг дуустал Л.Амгалангийн ажлыг хүлээж ав. Л.Амгалангийн гэр бүлийн хүн манай цэргийн ангид ажиллаж байсан болохоор ажлаас чөлөөлөхгүй, харж үзье. Гэхдээ эд хөрөнгө хариуцсан ажилд томилох боломжгүй, няраваар ахин ажиллуулахгүй гэсэн.

Ангийн ажилчид албан хаагчид өөрт байсан илүү хувцас, хэрэгслээ Л.Амгаланд өгсөн. 3 877 875 төгрөгийн бараа материал дутааснаасаа Л.Амгалан 1 000 000 гаран төгрөгийн хувцасыг ангийн хамт олны тусламжаар төлсөн.

Бид Л.Амгаланд эд хөрөнгө хариуцсан ажилд ахин ажиллуулахгүй, өөр ажилд ажиллуулна. Улсад учруулсан хохирлоо барагдуулах, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэх боломжгүй. Мөн ажилд орох гэж байгаа бол шүүхэд гаргасан өргөдлөө татаж авахыг санал болгосон боловч эдгээр саналыг Л.Амгалан хүлээн аваагүй гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь заалтыг баримтлан нэхэмжпэгч Л.Амгаланг Хилийн цэргийн 0164 дүгээр ангийн Ар тал хангалтын албаны хувцасны няравын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 3 046 878 /холбогдох суутгалыг хийх/ төгрөгийг хариуцагч Хилийн цэргийн 0164 дүгээр ангиас гаргуулан нэхэмжлэгч Л.Амгаланд олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсгийг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 63 700 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах годмлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Л.Амгаланг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримтлан Хилийн 0164 дүгээр ангийн захирагчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6/83 дугаар тушаалаар түүнийг захиргааны санаачилгаар ажлаас чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Өөрөөр хэлбэл, сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Гэтэл анхан шатны шүүх тушаалын гол үндэслэл болсон Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг огт дүгнэлгүй, харин Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг баримтлаагүй гэж дүгнэсэн үндэслэлгүй юм.

Шүүх Л.Амгалангийн хариуцаж байсан агуулахаас 3 877 850 төгрөгийн эд хөрөнгө алга болсон, ангийн захирагчийн тушаалаар 4 хүний бүрэлдэхүүнтэй баг агуулахад албаны шалгалт явуулж зөрчил дутагдал илрүүлж, нэхэмжлэгч Л.Амгалан нь байгууллагын эд хөрөнгийг дутагдуулсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн атлаа ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах заалтыг баримтлаагүй гэж дүгнэн, тушаалд баримталсан тушаалын гол үндэслэл болсон хуулийн заалтыг огт байхгүй мэт дүгнэлгүй шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хэт нэг талыг барьсан өрөөсгөл болжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл тогтоогдвол сахилгын ноцтой зөрчилд тооцохоор хөдөлмөрийн гэрээг шууд цуцлахаар Хөдөлмөрийн гэрээнд тодорхой заасан байхад гэрээнд ноцтой зөрчлийн талаар тусгаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн эрхэлж байсан хувцасны няравын ажлын байрны тодорхойлолтод зааснаас үзвэл ажлын байрны үндсэн чиг үүрэг нь цэргийн хувцас, бараа, материал татан авах; хангалтыг хуваарийн дагуу тавьж олгох, эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтын бүрэн бүтэн байдлыг хамгаалах, хувцас, материалын үлдэгдлийн тооцоог гаргах, офицер, ахлагч, цэргийн алба хаагчдын хувцасны нөөцийг бэлэн байлгах чиг үүрэггэй. Цэргийн ангийн захирагчийн Л.Амгалантай 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний 1.3-т гэрээний үндсэн нөхцөл болох гүйцэтгэх үндсэн үүрэгт "агуулахад байгаа бараа материалыг бүрэн хариуцах, хадгалалт, хамгаалалтад онцгой анхаарах", 4.8-д "ажилтан өөрийн буруугаас ажил олгогчид учруулсан эд хөрөнгийн хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан үндэслэл журмаар нөхөн төлөх"-өөр тус тус тодорхой заажээ. Энэхүү хөдөлмөрийн гэрээний хавсралтаар Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, гэрээнд хариуцан авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулах буюу үрэгдүүлж байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээхээр заасан.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д "хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа өөрийн буруугаас байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан ажилтанд сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага оногдуулсан эсэхийг харгалзахгүйгээр эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх"-ээр заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8-д зааснаар хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалсан тохиолдолд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох бөгөөд, 38 дугаар зүйлийн 38.1.2-т хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар заасан, дээрх 2 заалтыг ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг тушаалд хэдийгээр баримтлаагүй ч тушаалын тушаах нь хэсэгт агуулгаар "байгууллагад хохирол учруулсан, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрэзг зөрчин үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан" хэмээн тодорхой тусгасан, шүүхийн шийдвэрт дүгнэсэнчлэн Л.Амгалан нь байгууллагын эд хөрөнгийг дутагдуулсан нь тогтоогдсон, энэ талаар маргаагүй, дээрх 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5-д заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл тогтоогдсон байх тул ангийн захирагчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 6/83 дугаар тушаал хуулийн дээрх заалтад нийцсэн, нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг зөрчөөгүй болно.

Түүнчлэн Л.Амгалангийн ажлыг албаны шалгалтаар тооллого хийж хүлээж авсан байсан тул тушаалд ажил хүлээлцэх хугацааг тусгайлан заагаагүй бөгөөд "2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс" ажлаас чөлөөлж хөдөлмөрийн гэрээг цуцлах хугацааг тодохой заасан, ажил хүлээлцэх хугацаатай холбоотой талууд маргаагүй байхад шийдвэртээ "тушаалд ажил хүлээлцэх хугацааг заагаагүй" гэх үндэслэлээр "Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгтэй нийцсэн гэж үзэх боломжгүй" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна

Ийнхүү цэргийн хувцас дутааж, албандаа хариуцлаггүй хандаж төрийн өмчийг шамшигдуулж, улсад хохирол учруулсан эд хариуцагч шүүхийн шийдвэрээр эд хариуцагчийн ажилдаа эгүүлэн тогтоогдсоноор хариуцлагагүй этгээд төрийн албанд байж болдог гэх ойлголтыг нийтэд төрүүлж, төрийн албаны нэр хүнд унах төдийгүй учруулсан хохирлоо төлөөгүй байхад нэмж ажилгүй байсан хугацааны цалинг төсвөөс гаргахаар шийдвэрлэсэн нь цаашид буруу жишиг тогтоох сөрөг үр дагвартай юм.

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, тушаалын хууль зүйн үндэслэлийг бүрэн дүгнээгүй, хууль буруу хэрэглэн гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн харилцаатай холбоотой маргааны үйл баримтыг зөв үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Амгалан нь хариуцагч Хилийн цэргийн 0164 дүгээр ангид холбогдуулж ажлаас халсан тушаал хүчингүй болгуулах, няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаан дахь олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Амгалан нь хариуцагч байгууллагад хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр няраваар ажиллаж байгаад захирагчийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн б/83 дугаар тушаалаар талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж, ажилтныг үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримт тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй байна.

Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8, 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасныг баримталж, хувцасны нярав ажилтай Л.Амгаланг байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулж, эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэх гэрээг зөрчин үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлийг зааж түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, байгууллагад учруулсан 3 876 074 төгрөгийн хохирлыг ажилтнаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Амгалан нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажил үүргийн хуваарийн дагуу хариуцаж байсан агуулахаасаа 10 нэр төрлийн 3 876 074 төгрөгийн цэргийн дүрэмт хувцас зэрэг эд хөрөнгө дутагдуулсан нь зохигчдын хэн алины шүүхэд гаргасан тайлбар, Хилийн 0164 дүгээр ангийн хувцасны агуулахад албаны шалгалт явуулсан дүнгийн тухай 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн илтгэх хуудас, 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ажил хүлээлцсэн тухай “Тооцоо бодсон акт” гэх хэргийн баримтуудаар тус тус тогтоогдсон байна.

 

Ажилтан нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд зааснаар хөрөнгийн хадгалалт, бүрэн бүтэн байдлыг хариуцах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй, зөрчил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэх үндэслэлд хамаарч байна.

 

Ажлаас чөлөөлсөн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн заалтаас холбогдох дээрх заалтыг тухайлан баримтлаагүй хэдий ч ажилтны гаргасан хариуцагчийн эд хөрөнгө алдсан зөрчлийн талаар үндэслэл болгон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хууль зөрчөөгүй болно.

 

Иймд тушаалд хуулийн заалтыг баримтлалгүй орхигдуулсныг ажилтныг үндэслэлгүй халагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах нөхцөлийг тодорхойлсон Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг агуулгаар нь зөв тайлбарлан хэрэглээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэв.

 

Харин хариуцагч байгууллагын гаргасан давж заалдах гомдолдоо дурдсан ажил олгогч нь тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасныг баримталсан гэх нөхцөл байдал хэрэгт баримтаар авагдсан тушаалын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар нотлогдохгүй байх боловч хариуцагч байгууллагын тушаалд хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэх давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

 

Иймд Иргэний хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэргийн 31-59 дэх талд авагдсан, хариуцагч байгууллагаас шүүхэд гаргаж өгсөн бичгийн нотлох баримтад тухайн байгууллагын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байх ба шүүх уг баримт бичгүүдэд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үзлэг хийж бэхжүүлж авсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичгийн нотлох баримтад тавигдах шаардлага хангасан гэж үзнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/05770 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Хилийн цэргийн 0164 дүгээр ангид холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай Л.Амгалангийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Хилийн цэргийн 0164 дүгээр ангиас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 700 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

       ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

           

                                                                                    Э.ЗОЛЗАЯА