Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2021/0816/З |
Дугаар | 221/МА2022/0404 |
Огноо | 2022-06-08 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 08 өдөр
Дугаар 221/МА2022/0404
2022 оны 06 сарын 08 өдөр | Дугаар 221/МА2022/0404 | Улаанбаатар хот |
“РЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан: Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч М.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У нар
Нэхэмжлэгч: “РЛ” ХХК
Хариуцагч: НЗД
Гуравдагч этгээд: Б.А
Гуравдагч этгээд: “МШ” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Шинээр захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “РЛ” ХХК-д НЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 5770 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг даалгах, Газрын тухай хуульд заасан “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах”;
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч М.М нар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Улаанмуна
Хэргийн индекс: 128/2021/0816/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “РЛ” ХХК-аас НЗД-д холбогдуулан “Шинээр захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “РЛ” ХХК-д НЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 5770 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг даалгах, Газрын тухай хуульд заасан “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2022/0179 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтаар: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “РЛ” ХХК-ийн “Шинээр захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “РЛ” ХХК-д НЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 5770 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
3 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5, 7 дугаар зүйлийн 3, 13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус туус заасныг баримтлан “РЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй НЗД-д холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Газрын тухай хуульд заасан “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг” хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.
3. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, өмгөөлөгч М.М нараас давж заалдах гомдолдоо:
3.1. “...Шийдвэрт дурдан буй газрыг НЗД-ын 2017 оны 02 сарын 03-ны өдрийн А/58 дугаартай захирамжаар "РЛ" ХХК эзэмшиж байсан бөгөөд А/58 дугаартай захирамжийг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 364 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 505 дугаартай магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 11 сарын 02-ны өдрийн 400 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, эцэслэн шийдвэрлэж дууссан. Шүүх шийдвэрлэхдээ "А/58 дугаартай захирамжаар "РЛ" ХХК-д газар нэмж олгохдоо хариуцагч нь хууль журмаар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хээрийн судалгаа хийгээгүй, газрын давхцал, орц гарцыг тодруулаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй нь нэхэмжлэгч Б.А, "МШ" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн" гэж үзээд А/58 дугаартай захирамжаар "РЛ" ХХК-д хоёр хэсэг газарт 765 м.кв газар нэмж олгосныг 4 сарын хугацаатай түдгэлзүүлж, уг хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд А/58 дугаартай захирамжийг хүчингүй болсонд тооцсугай гэж шийдвэрлэсэн.
Уг 4 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тул НЗД-ын 2017 оны А/58 дугаартай захирамжийн нэмж олгосон хэсэг хүчингүй болж тус газар одоо нийтийн эзэмшилд шилжсэн байгаа болно. Өөрөөр хэлбэл, уг газар одоо нийтийн эзэмшилд шилжиж гуравдагч этгээдүүдийн орц, гарцын асуудал шийдэгдсэн тул нэхэмжлэгч "РЛ" ХХК-тай маргаж байгаа зүйл байхгүй. Гэтэл анхан шатны шүүх маргаан байхгүй гээд байхад "маргааныг шийдвэрлэ" гэж хариуцагчид даалгаж байгаа нь үндэслэлгүй. Газар нийтийн эзэмшилд шилжээгүй буюу талууд маргаантай байх үед хариуцагч нь талуудын маргааныг шийдвэрлэхээр хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж байсан ч “РЛ" ХХК-ийн тодорхойгүй, эргэж буцсан байдлын улмаас газрын асуудал шийдэгдэлгүй, шинэ акт гарах боломжгүй болж, улмаар Улсын дээд шүүхийн 2020 оны 400 дугаар тогтоолын дагуу 2021 оны 03 сарын 03-ны өдрөөс эхлэн газар нийтийн эзэмшилд шилжсэнээр уг маргаан дуусгавар болсон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасны дагуу шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Анхан шатны шүүх шийдвэртээ дараах үндэслэлгүй дүгнэлтүүд хийснээр дээрх нөхцөл байдлаас эсрэг шийдэл гаргахад хүрсэн гэж үзэж байна.
Үүнд:
3.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.6-д нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хариуцагч талд гаргаж байсан өргөдөл, гомдол, хариу албан бичгийг зэргийг дурджээ. Үндэслэх хэсгийн 2.7-д уг өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй хариуцагч эс үйлдэхүй гаргасан гэх агуулгаар дүгнэжээ. Гэтэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь өөр хоорондоо маргаантай байна, маргаан шийдвэрлэ гэж өргөдөл гомдол гаргаагүй. Гуравдагч этгээд манай зүгээс 762 м.кв газрыг эзэмших хүсэлт гомдол гаргасан. Нэхэмжлэгч “РЛ" ХХК-ийн өргөдөл, гомдлын хувьд шүүхийн шийдвэрт заасан хугацаанд шинэ акт гаргаагүй, газар шүүхийн шийдвэрийн дагуу нийтийн эзэмшилд шилжчихээд байхад “дахин шинэ акт гарга гэсэн агуулгаар гарсан байдаг. Гэтэл үүнийг шүүх талуудын хооронд маргаантай гэж үзэж байгаа нь тун учир дутагдалтай юм.
3.3. Мөн анхан шатны шүүх 2.7-д .... талууд хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтэй ...” гэжээ. Гуравдагч этгээд манай зүгээс нийтийн эзэмшилд шилжсэн газрыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эзэмших хүсэлт, гомдол гаргаснаас биш нэхэмжлэгч ийм хүсэлт, гомдол гаргаагүй. Мөн нэхэмжлэгч нь .... 5770 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг даалгах" шаардлагаасаа татгалзсан. Газрыг эзэмших хүсэлтэй байгаа нь маргаантай гэсэн үг биш. Ер нь талууд хэн аль нь тус газрыг эзэмших хүсэлтэй байсан ч одоогоор энэ талаар үүссэн бодитой маргаан байхгүй байна.
3.4. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.8-д хариуцагч шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хүсэлт, өргөдлийг гэжээ. Хариуцагчаас 2021.05.06 өдрийн 02-06/3105 тоот албан бичгээр хариу өгч хүсэлтийг хангахаас татгалзсан шийдвэр гаргасан байна. Иймд хариуцагчийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй.
3.5. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.9-д “... шинээр захиргааны акт гаргуулах хүсэлтийг хүлээн авч маргааныг нэг мөр шийдвэрлэж эцэслээгүй” гэжээ. "РЛ" ХХК нь өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу дахин шинэ акт гаргах хугацаа дууссан 2021 оны 03 сарын 03-ны өдрөөс хойш буюу 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчид хүсэлт гаргасан байгаа тул акт гаргах гаргах хугацаа дууссан асуудлаар хүсэлтийг хангаагүй нь үндэслэлтэй. Мөн Улсын дээд шүүхийн 2020 оны 400 дугаар тогтоолд заасан хугацаанд шинээр акт гараагүй, уг тогтоолын дагуу маргаан шийдвэрлэгдсэн байхад шүүх одоо ямар маргаан шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж байгаа нь ойлгомжгүй байна.
3.6. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.10-д “... тухайн газрыг нийтийн эзэмшилд авах талаар эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй..." гэжээ. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн" гэж заасны дагуу нийтийн эзэмшлийн газрыг төрийн холбогдох байгууллагаас тусгайлан шийдвэр гаргаж нийтийн эзэмшилд авах зохицуулалт хуульд байхгүй юм. Тухайн газар нь шүүхийн шийдвэр /УДШ-ийн 2020 оны 400 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 26 өдрийн 0364 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн дахь заалт/-ийн дагуу нийтийн эзэмшилд шилжсэн.
Мөн энэ хэсэгт анхан шатны шүүх Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн өргөдөл, гомдол шийдвэрлүүлэх эрх, төрөөс шийдвэрлэх үүргийн талаар заалтыг дурдаад хариуцагч зохих журмаар шийдвэрлээгүй гэх агуулгаар тайлбарлажээ. Гэтэл нэхэмжлэгч тодорхой асуудлыг "зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах" шаардлага гаргаагүй, "маргаантай асуудлыг шийдвэрлэхийг даалгах" шаардлага гаргасан. Уг шаардлага хангагдахын тулд нэхэмжлэгч хэнтэй, ямар асуудлаар маргаантай байгаагаа тодорхой болгох хэрэгтэй юм.
3.7. Мөн анхан шатны шүүх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Учир нь уг зохицуулалт нь газар эзэмшигч, ашиглагч этгээдийн эрх зүйн хамгаалалт юм. Харин нэхэмжлэгч "РЛ" ХХК нь тус газрын эзэмшигч биш, нийтийн эзэмшлийн газар болно. Мөн анхан шатны шүүх уг хэсэгт маргаан гарахаас урьдчилан сэргийлэх ... ач холбогдолтой" гэсэн дүгнэлт хийсэн.
Үүгээр талуудын хооронд маргаан гараагүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгааг харуулж байна. Эсвэл өөр хоорондоо зөрүүтэй дүгнэлт хийж байна гэж үзэх үндэслэлтэй.
3.8. Анхан шатны шүүх дээрх байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийж шийдвэрлэх болсон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.6-д заасан журам зөрчигдсөнөөс үүдэлтэй байж болзошгүй гэж үзэж байна. Учир нь уг газрын маргаантай асуудлыг Б.М-Э шүүгч шийдвэрлэж 2020 оны 05 сарын 26-ны өдрийн 0364 дугаартай шийдвэрийг өмнө нь гаргаж байсан болно.
Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 179 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У-оос давж заалдах гомдолдоо:
4.1. ““РЛ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, НЗД-д холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 179 дүгээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Монгол Улсын Дээд шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 400 дугаар тогтоолын дагуу “РЛ" ХХК-д 2017 онд талбайн хэмжээг нэмэгдүүлсэн захирамжийг 4 сарын хугацаагаар түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Түдгэлзүүлсэн хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд тухайн маргаан бүхий захиргааны акт хүчингүй болдог. Дээд шүүхийн тогтоол гарснаас хойш дахин шинэ акт гараагүй тул тус тогтоолын дагуу "РЛ" ХХК-д 762 м.кв газар нэмж эзэмшүүлсэн 2017 оны НЗД-ын А/58 дугаар захирамж хүчингүй болсон бөгөөд 5008 м.кв хэмжээгээр газар эзэмшүүлэх болсныг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 02-06/3105 дугаар албан бичгээр мэдэгдсэн болно.
4.2. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно" гэж заасан бөгөөд захиргааны байгууллагын зүгээс эс үйлдэхгүй үзүүлээгүй, нэхэмжлэгч “РЛ” ХХК-д мэдэгдэл хүргүүлсэн учир эс үйлдэхгүй гэж үзэхгүй байна.
Тиймээс “шинээр захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй тогтоож, шийдвэрлэхийг даалгах” нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ны өдрийн 179 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж үзэв.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч “РЛ” ХХК-аас НЗД-д холбогдуулан гаргасан “Шинээр захиргааны акт гаргах үүргээ биелүүлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “РЛ” ХХК-д НЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн дагуу эзэмшиж байсан 5770 м.кв газрын эзэмших эрхийг сэргээхийг даалгах“ тухай шаардлагаасаа татгалзсан байх тул шүүхээс нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4. Харин нэхэмжлэгчийн 2 дахь “...Газрын тухай хуульд заасан “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...шинээр захиргааны акт гаргахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байхад энэ үүргээ биелүүлэхгүй байгаа...шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор орц гарцыг шийдвэрлэх боломжит санал хүргүүлэхэд шийдвэрлээгүй ...” гэж тодорхойлсон.
5. Хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлыг тодруулах шаардлага үүссэн, уг нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх зохицуулалтыг хэрэглэгдэх учиртай.
6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл НЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаартай захирамжаар “РЛ" ХХК-д газрын хэмжээг нэмэгдүүлэн 5770 м.кв газар эзэмшүүлэхдээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, нэхэмжлэгч Б.А-ийн орц гарцыг хаасан, хэргийн нөхцөл байдал /орц ,гарцыг хаагуур хэрхэн яаж гаргах/-ыг тодруулж тухайн нэгж талбарын орц, гарцыг тогтоох шаардлагатай” гэсэн хууль зүйн дүгнэлт хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан маргаан бүхий акт болох НЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаартай захирамжаар гуравдагч этгээд “РЛ" ХХК-д газар нэмж энэр
олгосон хэсгийг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2020/0364 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 505 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 400 дугаар тогтоолтой байна.
7. Шүүхийн шийдвэрүүдэд тусгагдсанаар шүүхээс тогтоосон 4 сарын хугацаанд хариуцагчаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд НЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжийн “РЛ" ХХК-д 5770 м.кв газар эзэмшүүлсэн холбогдох хэсэг хүчингүй болсонд тооцогдох бөгөөд шүүхийн шийдвэр гаргаснаас хойш 4 сарын хугацаа өнгөрсөн, захиргааны байгууллагаас захиргааны шинэ акт гаргаагүй тул дээрх захирамж хүчингүй болсон үйл баримт тогтоогджээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “ ... ямар нэг байдлаар зөвшилцөлд хүрч чадаагүй ...Талууд эвлэрэхгүй, одоо хүртэл маргаад яваад байдаг. Сүүлийн нийтийн эзэмшлийн талбайг аль алинд нь эзэмшүүлэхгүй байх шийдвэр гаргаад явж байгаа. Орц гарцын хувьд аль алинд нь эзэмшүүлээгүй тохиолдолд орц, гарцаар ашиглах боломжтой гэж үзсэн” гэсэн тайлбар гаргажээ.
9. Үүнээс үзвэл шүүхийн шийдвэрийн дагуу НЗД-ын захирамж хүчингүй болсноор нэхэмжлэгч “РЛ” ХХК-д НЗД-ын 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн А/676 тоот захирамжаар 5008 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн газар эзэмших эрх хуучин хэвээр үлдэж, маргааны бүхий 762 м.кв газар нь нийтийн эзэмшилд шилжих ийм үр дагаварт хүргэх зорилгоор хариуцагчийн зүгээс захиргааны шинэ акт гаргаагүй байна.
10. Энэ тохиолдолд шүүх захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй, талуудад газар эзэмшүүлэх захиргааны шинэ акт гаргах эсэх нь захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудал байна.
11. Өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрээр талуудын хооронд үүссэн газрын маргаантай асуудлын талаар нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж маргаан бүхий актыг түдгэлзүүлсэн бөгөөд уг асуудлыг шийдвэрлэхдээ хариуцагчаас маргаан бүхий газрыг нийтийн эзэмшилд шилжүүлэхээр үлдээсэн нь хууль зөрчсөн гэх үндэслэл болохгүй.
12. Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 08, 06 дугаар сарын 08-ны өдөр, гуравдагч этгээд Б.А-ийн 2021 оны 03 дугаар сарын 04, 06 дугаар сарын 17, 08 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгүүдээс үзвэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын хэн аль нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтэй, уг асуудлаар болон шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар хариуцагчид болон түүний хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан байх бөгөөд хариуцагчаас газрын маргаан эцэслэн шийдвэрлэгдэх боломжгүй нөхцөл байдалд хүрсэн, нийтийн эзэмшлийн талбайг эзэмшүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасантай нийцжээ.
13. Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэр гаргаснаас хойш хариуцагчийг шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж буруутгаж байх боловч нэхэмжлэгчийн бичгээр гаргасан хүсэлтэд хариуцагчаас 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн №02-06/3105 тоот албан бичгээр “...шүүхийн шийдвэрийн дагуу НЗД-ын 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн А/58 дугаар захирамжаар танай компанид нэмж олгосон 762 м.кв газрыг хасаж, 5008 м.кв болгон баталгаажуулах болсныг үүгээр мэдэгдэж байна” гэснээс үзвэл хариуцагч нэхэмжлэгчийн хүсэлтийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргаагүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “иргэн хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг” эс үйлдэхүйд хамаарахгүй юм.
14. Анхан шатны шүүх уг захиргааны маргаантай хэргийг шийдвэрлэхдээ Газрын тухай хууль, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулиудыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “ Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэснийг зөрчсөн байна.
15. Иймд хариуцагч НЗД-аас Газрын тухай хуульд заасан газартай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэхгүй байгаа буюу газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн “Газрын тухай хуульд заасан “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэх үүргээ биелүүлэхгүй байгаа НЗД-ын эс үйлдэхгүйг хууль бус болохыг тогтоож, шийдвэрлэхийг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА