Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 1008

 

МАГАДЛАЛЫН ТӨСӨЛ

2017.4.24                                                          №1008

Р.Баярмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/00326 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Р.Баярмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Батаа, Ү.Золбаатар нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63 180 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Р.Баярмаа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Р.Баярмаа надаас 27 000 000 төгрөгийг  сарын 6 хувийн хүүтэйгээр 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар зээлэн авч барьцаа Ү-2205052037 эрхийн бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороо ДХЖ гудамж 50б байр 52 тоотод байршилтай 43 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нар нь зээлээ хугацаанд нь төлөөгүй тул үндсэн зээлийн мөнгө 27 000 000 төгрөг, гэрээний хугацааны 268 хоногийн алданги 36 180 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрийг үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон тавьсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо ДХЖ гудамж 50б байр 52 тоотод байршилтай 43 м.кв 2 өрөө орон сууцнаас гаргуулахаар шийдэж тус байрыг бусдад борлуулах эсвэл албадан дуудлага худалдаанд оруулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн зээлсэн мөнгө 27 000 000 төгрөг, гэрээний хүү 2014 оны 12 дугаар сарын 11-нээс 2015 оны 12 дугаар сарын 11 хүртэл 12 сарын хүү болох 19 440 000 төгрөг, 268 хоногийн алданги 36 180 000 төгрөг, нийт 82 620 000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 19 440 000 төгрөгийг хасаад одоо хариуцагчаас 63 180 000 төгрөгийг гаргуулахаар өөрчилж байна. Хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 жил болж байна. Эхний жилийн гэрээний хүүгийн төлбөрийг машин оролцуулж өгч байсан байгаа. Зээлийн гэрээг сунгаагүй боловч хариуцагч нар нь хүлээн зөвшөөрөөд зээлийн хүүгээ төлөөд явж байсан учраас сунгагдсан гэж үзэж байгаа. Үндсэн зээл болох 27 000 000 төгрөг төлөгдөөгүй, хүү 19 440 000 төгрөг төлөгдөөгүй, хариуцагч нарын төлсөн мөнгө нь бусад хүү болон алдангиас л хасагдаж байсан. Эд хөрөнгөөр 2 ширхэг Приус маркийн автомашиныг 8 500 000 төгрөг, 9 500 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгт тооцон авсныг зөвшөөрч байна. Газрыг бол аваагүй, өөрөө зүгээр л мөнгөө төлөх хүртэл гээд барьцаанд тавьсан болохоос төлбөрт тооцож надад өгөөгүй. Мөн дансаар болон бэлнээр авсан мөнгийг дансны зарлагын гүйлгээтэй тулгаад 2015 оны 2 сарын 11-ний өдрийн 1 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна, бусдыг авсан гэдгээ зөвшөөрч байна, гэхдээ энэ нь үндсэн мөнгөнөөс хасагдаагүй, хүүгийн төлөлт байсан. Иймд хариуцагч нараас 63 180 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Ү.Золбаатар би Р.Баярмаагаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүргэн ах болох Н.Батаагийн хувийн эзэмшлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо ДХЖ гудамж 50б байр 52 тоотод байршилтай 43 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалж, зээлийн гэрээ байгуулан хамтран зээлдэгчээр оролцож 27 000 000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 1 сарын 6 хувийн хүүтэйгээр авсан. Гэрээний дагуу хүүг сар сард нь төлөхөөр үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөхөөр тохиролцсон. Эхний саруудад графикийн дагуу хүү болох 1 620 000 төгрөгийг төлж байсан. Ингээд хэсэг хугацаанд төлбөрийн боломж муудаж хугацаа хэтэрч хүү болон алданги хэд хэд удаа төлсөн. Цаашдаа төлбөр төлөхөд бүр их хүндрэл учирч Р.Баярмаатай харилцан тохиролцож бидэнд бололцоо олгож хүү, алдангийг зогсоосон. Ингээд үндсэн төлбөрөөс төлөхөөр болсон. Бидний хувьд хугацаа алдаж байсан нь үнэн, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр миний өөрийн төрсөн ах, эхнэр, дүү нарын нэртэй  Налайх дүүрэг 5 дугаар хороо, элстэй гудамжид байрлах 500 м.кв бүхий нийт 5 ширхэг газрын бичиг баримтыг Р.Баярмаа нь бусдад шилжүүлэн өгөх эрхтэйгээр миний бие 10 000 000 төгрөгт тооцож өгсөн. Р.Баярмаад холбогдох баримт бичиг нь байгаа. Эдгээр газар нь тухайн үед 1 ширхэг нь 4 000 000 төгрөгийн үнэтэй байсан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Р.Баярмаад Япон улсаас орж ирсэн улсын дугаар аваагүй “Тоёота приус” 20 маркийн автомашиныг 8 500 000 төгрөгт бодож хоорондоо тохиролцон би өөрөө бусдад худалдаж өгсөн. 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Р.Баярмаад Япон улсаас орж ирсэн улсын дугаар аваад 1, 2 сар болж байсан УБЦ0636 дугаартай “Тоёота приус” 20 маркийн автомашиныг 9 500 000 төгрөгт тохиролцсоны дагуу шилжүүлж өгсөн. Ингээд Р.Баярмаад 5 ширхэг газар 10 000 000 төгрөг, “Тоёота приус” 20 маркийн автомашин 8 500 000 төгрөг, “Тоёота приус” 20 маркийн автомашин 9 500 000 төгрөгт харилцан тохиролцсоны үндсэн дээр үндсэн төлбөрт тооцон нийт 28 000 000 төгрөг төлжээ. Ингэж төлсөн байхад 63 180 000 төгрөг нэхэмжилж байгааг нь зөвшөөрөхгүй байна. Мөн Р.Баярмаад анх төлбөр хийсэн өдрөөс эхлэн хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 3 900 000 шилжүүлэх хүртэл төлсөн. Учир нь мөнгийг банкаар өөрийн нэрээр шилжүүлэхдээ бүтэн нэр болон зээл төлөв, Золоогоос гэсэн гүйлгээний утгаар тус тус шилжүүлсэн байдаг билээ. Миний хувьд шүүхээр явж ажил төрлөө алдаж байхаар харилцан тохиролцоонд хүрч одоо миний хувийн хэрэгцээнд хэрэглэж буй 21 500 000 төгрөгөөр авч байсан “Жийп” машинаа өгөх л боломж байна.

12 сар х 1 620 000 нэг сарын хүү, нийт төлөх ёстой хүү 19 440 000. Р.Баярмаа нийт хүү болох 19 440 000 төгрөгийг хүүгийн төлбөрт авснаа маргаангүйгээр хүлээн зөвшөөрч, энэ байдлаа шүүх хурал дээр мэдүүлсэн байдаг.

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүрэг 5 дугаар хороо элстэй гэх газар байрлалтай иргэний ахуйн зориулалт бүхий газрыг нэг бүрийг нь 2 000 000 төгрөг, нийт 5 ширхэг газар 10 000 000 төгрөгт тооцож үндсэн төлбөрөөс хассан. Уг нэр бүхий 5 ширхэг газрыг хууль ёсны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Р.Баярмаагийн нэр дээр нотариатаар батлуулж шилжүүлсэн. Уг гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр газар нь Р.Баярмаагийн эзэмшил болж улмаар харьяа дүүргийн газрын албанд хандан материалаа өгснөөр нэр дээр нь болон гарна.

Үндсэн зээл болох 27 000 000 төгрөгийн нийт хүүг баримтаар он сар өдрөөр жагсаавал зээлийн хүүд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1 620 000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1 620 000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2 000 000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2 600 000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 400 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 04-ий өдөр 3 000 000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1 000 000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 750 000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 550 000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3 900 000 төгрөг, нийт хүүгийн төлбөрт 18 940 000 төгрөг төлсөн. Ингээд 27 000 000, “Тоёота приус” 20 маркийн автомашин 8 500 000, 9 500 000, 5 ширхэг газар 10 000,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасахад 1 000 000 илүү төлөлт үлдэж байгаа. Хүүгийн төлбөрт төлсөн 18 940 000 төгрөг, нэмэх нь 1 000 000 төгрөг, нийт 19 940 000 төгрөг болно.  Бид зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дууссан гэж үзэж байгаа. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг бид харилцан тохиролцож хугацааг сунгаагүй, би энэ бүх мөнгийг зөвхөн 2014 оны зээлийн гэрээний төлөлтөд буцаан төлсөн. Машин болон газрыг төлбөрт тооцуулж үндсэн төлбөрөөс хассан. Газрыг шилжүүлж авах үүргээ Баярмаа өөрөө гүйцэтгээгүй буруутай. Тиймээс үндсэн төлбөрөөс 28 000 000 төгрөг буюу 1 000 000 төгрөгийг илүү төлсөн, бэлнээр болон дансаар нийт 18 940 000 төгрөгийг төлсөн. Тэр              1 500 000 төгрөгийг би л төлсөн юм. Өмнө нь анзаараагүй байсан байна, миний нэрний үсгийг нь солиод биччихсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Батаа, Ү.Золбаатар нараас 12 397 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Баярмаад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50 782 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Н.Батаагийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ДХЖ гудамж 50б байр, 52 тоот хаягт байрлалтай, 43 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай Ү-2205052037 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 473 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Батаагаас 106 655 төгрөг, Ү.Золбаатараас 106 655 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.Баярмаад  олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Иргэн Н.Батаа, Ү.Золбаатар нар нь Р.Баярмаагаас 2014 оны 12 сарын 11-нд 27 000 000 төгрөгийг нэг сарын 6%-ийн хүүтэйгээр 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Дээрх хугацаанд нийтдээ зээлийн хүүгийн төлбөрт 18 940 000 төгрөг төлсөн /уг төлбөрүүд нь банкны хуулгаар баталгаажсан/

Үндсэн зээл болох 27 000 000 төгрөгөөс:

2015 оны 12 сарын 17-ны өдөр Toyota Prius автомашиныг 8 500 000 төгрөгт тооцон үндсэн төлбөрөөс хассан. /уг машин нь улсын дугааргүй автомашин/

2015 оны 12 сарын 25-нд Налайх дүүрэг, 5-р хороо, Элстэй гэх газар байрлалтай иргэний ахуйн зориулалт бүхий нийт 5 ширхэг эзэмших эрхийн гэрчилгээ бүхий газрыг нийт 10 000 000 төгрөгт тооцон үндсэн төлбөрөөс хассан. Нэр бүхий 5 ширхэг газрыг хууль ёсны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Р.Баярмаагийн нэр дээр нотариатаар батлуулан шилжүүлсэн. Уг гэрээ хийгдсэн тохиолдолд Р.Баярмаа нь уг газрын эх бичиг баримтыг харьяалагдах дүүргийн Газрын албанд бүртгүүлснээр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу Р.Баярмаагийн нэр дээр гарах байдлаар бүх бичиг баримтыг эх хувьтай нь Р.Баярмаад өгсөн. 2016 оны 02 дугаар сарын 05-нд Toyota Prius автомашиныг 9 500 000 төгрөгт тооцон үндсэн төлбөрөөс хассан.

Ингээд: Үндсэн зээл-27.000.000 төгрөг,  Prius автомашин 8 500 000 төгрөг /үндсэн төлбөрөөс хассан/, 5ш газар 10 000 000 төгрөг /үндсэн төлбөрөөс хассан/, Prius автомашин 9 500 000 төгрөг /үндсэн төлбөрөөс хассан/, үндсэн төлбөрөөс хасагдаад 1 000 000 төгрөгийн илүү төлөлт үлдэж байгаа. Хүүний төлбөр төлсөн 18 940 000 + 1 000 000 = 19 940 000 төгрөг /хүүний төлбөрт төлсөн/. Ийм байдлаар болон хэрэгт авагдсан баримтаар төлөгдсөн байтал хүү алданги тооцогдсон байдлыг зөвшөөрөхгүй байна.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хоорондын    маргааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байгааг хууль  хэрэглээний хувьд зөвтгөн өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

 Нэхэмжлэгч Р.Баярмаа нь хариуцагч Н.Батаа, Ү.Золбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63 180 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн төлбөрийг бүрэн төлж дууссан гэж маргажээ.

 

Зохигчид 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 27 000 000 төгрөгийг 2015 оны 12 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй,  хугацаа хэтрүүлвэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулж , үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ДХЖ гудамж 50б байр, 52 тоот хаягт байрлалтай, 43 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай Ү-2205052037 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /хх-2-5/

 

Шүүх талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан  гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцэж байна.

 

Зээлдүүлэгч  нь зээлийн гэрээгээр 27 000 000 төгрөгийг Н.Батаа, Ү.Золбаатар нарын өмчлөлд шилжүүлсэн, зээлдэгч нар зээлийн төлбөрт 8 500 000 төгрөг, 9 500 000 төгрөгийн үнийн дүн бүхий Тоёота Приус маркийн автомашинаар 18 440 000 төгрөгийг бэлнээр тус тус төлсөн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр  байдлын талаар зохигчид маргаагүй байна.

 

Харин зээлийн гэрээний хугацаа сунгагдсан эсэх, төлөгдсөн мөнгийг зөв суутган тооцсон эсэх, үүрэг дуусгавар болсон эсэхэд  маргажээ.

 

Хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд сунгах тохиолдолд анх байгуулсан буюу хэлэлцэн тохирсон хэлбэрээр буюу бичгээр сунгах нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.2 дахь хэсэгт нийцэх юм. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1-т Зээлдүүлэгч 27 000 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 11-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдрийг хүртэл зээлдүүлэх, мөн гэрээний 2-т зээлдэгч зээлсэн мөнгийг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төлж дуусгасан байхаар заасан. Гэрээнд заасан хугацааг харилцан тохиролцож сунгасан баримт хэрэгт авагдаагүй тул  уг гэрээг тодорхой хугацаатай байгуулсан, гэрээний хугацаа дууссан, хугацааг сунгагдаагүй  гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсноос хойш буюу хэтрүүлсэн хугацаанд хүү шаардах эрхгүй болно.

 

Анхан шатны шүүх хариуцагч нараас төлөгдсөн 18 440 000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 11-ээс 2015 оны 12 сарын 11-ний өдөр хүртэл буюу 1 жилийн хугацааны хүүд тоосон, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Тоёото Приус маркийн 2 ширхэг автомашиныг 2015 оны 12 дугаар сарын 17-ний өдөр 8 500 000 төгрөгт, мөн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр  9 500 000 төгрөгт тус тус тооцож өгснийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч, харин Налайх дүүргийн 5 дугаар хороо, Элстэй хаягт байршилтай иргэний ахуйн зориулалттай газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, холбогдох байгууллагад бүртгүүлж, эрх шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болсон гэдгийг баримтаар нотлоогүй гэж 10 000 000 төгрөгт тооцож зээлийн төлбөрөөс хасахгүй гэж тус тус дүгнэсэн хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Зээлдэгч нар мөнгийг тохирсон хугацаанд буюу 2015 оны 12 дугаар сарын 11-ны өдөр багтаан төлөөгүй, автомашины үнээр тооцож 18 000 000 төгрөгийн төлбөрийг гэрээний хугацаа хэтрүүлж төлжээ./хх-71,72/

 

 Зээлийн гэрээний 3-т алданги төлөхөөр харилцан тохиролцсоны дагуу шүүх 2 897 500 төгрөгийн алданги тооцож хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцнэ. Шүүх алдангийг ийнхүү тооцсонд нэхэмжлэгч гомдол гаргаагүй  байна.

 

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох  үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан нь зөв юм.  

 

Дээрх үндэслэлүүдээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангах боломжгүй болно.

 

 Харин шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй хуулийн зохицуулалтыг баримталсан байгааг зөвтгөн өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 183/ШШ2017/00326 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...282 дугаар зүйлийн 282.3...” гэснийг хасч  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Н.Батаа, Ү.Золбаатар нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч нарын   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 213 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

 

                             ШҮҮГЧИД                                   Ш.ОЮУНХАНД

 

                                                                                 Б.НАРМАНДАХ