Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 326

 

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 183/ШШ2017/00326

Улаанбаатар хот

                                

 

 

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол 26 байр 21 тоотод оршин суух, Боржигон овогт Равсалын Баярмаагийн /РД:ЖЮ73022401/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, ДХЖ гудамж 50б байр 52 тоотод оршин суух, Мөнгөн цоолтуур овогт Навганлувсанги    йн Батаа /РД:АИ76091710/,

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Нисэх хороолол 1 байр 3 тоотод оршин суух, Буньбадар овогт Үл-олдохын Золбаатар /РД:АИ74081412/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63 180 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Баярмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттогтох /ШТЭҮ-1949/, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Золбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ШТЭҮ-0257/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Анхбаяр нар оролцов.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Зээлдэгч нар нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Р.Баярмаа надаас 27,000,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 12 сарын хугацаатайгаар зээлэн авч барьцаа Ү-2205052037 эрхийн бүртгэлийн дугаартай Баянгол дүүргийн 3 дугаар хороо ДХЖ гудамж 50б байр 52 тоотод байршилтай 43 м.кв 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Гэвч зээлдэгч нар нь зээлээ хугацаанд нь төлөөгүй тул үндсэн зээлийн мөнгө 27,000,000 төгрөг, гэрээний хугацааны 268 хоногийн алданги 36,180,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Дээрх төлбөрийн үүргийн гүйцэтгэлийн барьцаа болгон тавьсан Баянгол дүүргийн 3 дугаар хороо ДХЖ гудамж 50б байр 52 тоотод байршилтай 43 м.кв 2 өрөө орон сууцнаас гаргуулахаар шийдэж тус байрыг бусдад борлуулах эсвэл албадан дуудлага худалдаанд оруулж өгнө үү. Дээрх хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдон гарсан бүх зардлыг хариуцагч талаас гаргуулж өгнө үү

 Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Үндсэн зээлсэн мөнгө 27 000 000 төгрөг, гэрээний хүү 2014 оны 12 дугаар сарын 11-нээс 2015 оны 12 дугаар сарын 11 хүртэл 12 сарын хүү болох 19 440 000 төгрөг, 268 хоногийн алданги 36 180 000 төгрөг, нийт 82 620 000 төгрөг, үүнээс хариуцагчийн төлсөн 19 440 000 төгрөгийг хасаад одоо хариуцагчаас 63 180 000 төгрөгийг гаргуулахаар өөрчилж байна.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хариуцагч нартай зээлийн гэрээ байгуулснаас хойш 3 жил болж байна. Эхний жилийн гэрээний хүүгийн төлбөрийг машин оролцуулж өгч байсан байгаа. Зээлийн гэрээг сунгаагүй боловч хариуцагч нар нь хүлээн зөвшөөрөөд зээлийн хүүгээ төлөөд явж байсан учраас сунгагдсан гэж үзэж байгаа. Одоо шүүхээс үндсэн зээлд 27 000 000 төгрөг, хүүнд 19 440 000 төгрөг, алдангид 36 180 000 төгрөг, нийт 82 620 000 төгрөг төлөх байснаас хариуцагч нарын төлсөн 19 440 000 төгрөгийг хасаад нийт 63 180 000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үндсэн зээл болох 27 000 000 төгрөг төлөгдөөгүй, хүү 19 440 000 төгрөг төлөгдөөгүй, хариуцагч нарын төлсөн мөнгө нь бусад хүү болон алдангиас л хасагдаж байсан. Эд хөрөнгөөр 2 ширхэг Приус маркийн автомашиныг 8 500 000 төгрөг, 9 500 000 төгрөг, нийт 18 000 000 төгрөгт тооцон авсныг зөвшөөрч байна. Газрыг бол аваагүй, өөрөө зүгээр л мөнгөө төлөх хүртэл гээд барьцаанд тавьсан болохоос төлбөрт тооцож надад өгөөгүй. Мөн дансаар болон бэлнээр авсан мөнгийг дансны зарлагын гүйлгээтэй тулгаад 2015 оны 2 сарын 11-ний өдрийн 1 500 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна, бусдыг авсан гэдгээ зөвшөөрч байна, гэхдээ энэ нь үндсэн мөнгөнөөс хасагдаагүй, хүүгийн төлөлт байсан гэв.

 

Хариуцагч Ү.Золбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Ү.Золбаатар би Р.Баярмаагаас 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүргэн ах болох Н.Батаагийн хувийн эзэмшлийн Баянгол дүүргийн 3 дугаар хороо ДХЖ гудамж 50б байр 52 тоотод байршилтай 43 м.кв 2 өрөө орон сууцыг зээлийн гэрээ байгуулан хамтран зээлдэгчээр оролцож 27,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай 1 сарын 6 хувийн хүүтэйгээр авсан. Гэрээний дагуу хүүг сар сард нь төлөхөөр үндсэн төлбөрийг хугацааны эцэст төлөхөөр тохиролцсон. Эхний саруудад графикийн дагуу хүү болох 1,620,000 төгрөгийг төлж байсан. Ингээд хэсэг хугацаанд төлбөрийн боломж муудаж хугацаа хэтэрч хүү болон алданги хэд хэд удаа төлсөн. Цаашдаа төлбөр төлөхөд бүр их хүндрэл учирч Р.Баярмаатай харилцан тохиролцож бидэнд бололцоо олгож хүү, алдангийг зогсоосон. Ингээд үндсэн төлбөрөөс төлөхөөр болсон. Тохиролцсоны дагуу бидний хувьд хугацаа алдаж байсан нь үнэн, тэр болгонд Р.Баярмаа ойлгож хүлээцтэй хандаж байсанд нь баярлаж явдаг. 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр миний өөрийн төрсөн ах, эхнэр, дүү нар Налайх дүүрэг 5 дугаар хороо, элстэй гудамжид байрлах 500 м.кв бүхий нийт 5 ширхэг газрын бичиг баримтыг Р.Баярмаа нь бусдад шилжүүлэн өгөх эрхтэйгээр миний бие 10,000,000 төгрөгт тооцож өгсөн байдаг. Р.Баярмаад холбогдох баримт бичиг нь байгаа. Эдгээр газар нь тухайн үед 1 ширхэг нь 4,000,000 төгрөгийн үнэтэй байсан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Р.Баярмаад Япон улсаас орж ирсэн улсын дугаар аваагүй “Тоёота приус” 20 маркийн автомашиныг 8,500,000 төгрөгт бодож хоорондоо тохиролцон би өөрөө бусдад худалдаж өгсөн. 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Р.Баярмаад Япон улсаас орж ирсэн улсын дугаар аваад 1, 2 сар болж байсан УБЦ0636 дугаартай “Тоёота приус” 20 маркийн автомашиныг 9,500,000 төгрөгт тохиролцсоны дагуу шилжүүлж өгсөн. Ингээд Р.Баярмаад 5 ширхэг газар 10,000,000 төгрөг, “Тоёота приус” 20 маркийн автомашин 8,500,000 төгрөг, “Тоёота приус” 20 маркийн автомашин 9,500,000 төгрөгт харилцан тохиролцсоны үндсэн дээр үндсэн төлбөрт тооцон нийт 28,000,000 төгрөг төлжээ. Ингэж төлсөн байхад 63,180,000 төгрөг нэхэмжилж байгааг нь ойлгохгүй байна.

Мөн иргэн Р.Баярмаад анх төлбөр хийсэн өдрөөс эхлэн хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 3,900,000 шилжүүлэх хүртэл төлсөн бүх мөнгөний баримтыг жагсаалтаар гаргаж өгнө гэж найдаж байна. Учир нь мөнгийг банкаар өөрийн нэрээр шилжүүлэхдээ бүтэн нэр болон зээл төлөв, Золоогоос гэсэн гүйгээний утгаар тус тус шилжүүлсэн байдаг билээ. Миний хувьд шүүхээр явж ажил төрлөө алдаж байхаар харилцан тохиролцоонд хүрч одоо миний хувийн хэрэгцээнд хэрэглэж буй 21,500,000 төгрөгөөр авч байсан “Жийп” машинаа өгөх л боломж байна.

Р.Баярмаад Н.Батаа, Ү.Золбаатар нар хэрэгт авагдсан нотлох баримтаар нийт төлбөрөө төлсөн байдлыг он сар өдөр маш тодорхой тайлбартайгаар гаргаж өгч байна.

Р.Баярмаагаас 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 27,000,000 төгрөгийг 1 сарын 6 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан.

12 сар х 1,620,000 нэг сарын хүү, нийт төлөх ёстой хүү 19,440,000. Р.Баярмаа нийт хүү болох 19,440,000 төгрөгийг хүүгийн төлбөрт авснаа маргаангүйгээр хүлээн зөвшөөрдөг. Энэ байдлаа шүүх хурал дээр мэдүүлсэн байдаг.

2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “Тоёота приус” 20 маркийн автомашиныг 8,500,000 төгрөгт тооцож үндсэн төлбөрөөс хассан.

2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Налайх дүүрэг 5 дугаар хороо элстэй гэх газар байрлалтай иргэний ахуйн зориулалт бүхий газрыг нэг бүрийг нь 2,000,000 төгрөг, нийт 5 ширхэг газар 10,000,000 төгрөгт тооцож үндсэн төлбөрөөс хассан. Уг нэр бүхий 5 ширхэг газрыг хууль ёсны дагуу газар эзэмжих эрх шилжүүлэх гэрээгээр Р.Баярмаагийн нэр дээр нотариатаар батлуулж шилжүүлсэн. Уг гэрээ хийгдсэн тохиолдолд эдгээр газар нь Р.Баярмаагийн эзэмшил болж улмаар харъяа дүүргийн газрын албанд хандан материалаа өгснөөр нэр дээр нь болон гарна. Эзэмших эрх бүхий газрыг бусдад шилжүүлэхэд заавал харъяа дүүргийн нотариатаар батлуулсан байх ёстой гэсэн хууль дүрэм байхгүй. Харин өмчлөх эрх бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдаж шилжүүлэхэд харъяа дүүргийн нотариатаар батлуулдаг.

2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр “Тоёота приус” 20 маркийн автомашиныг 9,500,000 төгрөгт тооцож үндсэн төлбөрөөс хассан.

Үндсэн зээл болох 27,000,000 төгрөгийг нийт хүүг баримтаар он сар өдрөөр жагсаавал зээлийн хүүд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 1,620,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 1.620,000 төгрөг, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 2,000,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 2,600,000 төгрөг, 2015 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 400,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 04-ий өдөр 3,000,000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 750,000 төгрөг, 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 550,000 төгрөг, 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 3,900,000 төгрөг, нийт хүүгийн төлбөрт 18,940,000 төгрөг төлсөн. Ингээд үндсэн зээлд 27,000,000, “Тоёота приус” 20 маркийн автомашин 8,500,000, 9,500,000, 5 ширхэг газар 10,000,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасахад 1,000,000 илүү төлөлт үлдэж байгаа. Хүүгийн төлбөрт төлсөн 18,940,000 төгрөг, нэмэх нь 1,000,000 төгрөг, нийт 19,940,000 төгрөг. Ийм байдлаар болон хэрэгт авагдсан баримтаар төлсөн байтал дахин хүү, алданги нэхэмжилж байгааг эс хүлээн зөвшөөрч бидний зүгээс нэхэмилж буй төлбөрийг төлөх боломжгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж дууссан гэж үзэж байгаа. Энэ нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. Хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг бид харилцан тохиролцож хугацааг сунгаагүй, би энэ бүх мөнгийг зөвхөн 2014 оны зээлийн гэрээний төлөлтөд буцаан төлсөн. Машин болон газрыг төлбөрт тооцуулж үндсэн төлбөрөөс хассан. Газрыг шилжүүлж авах үүргээ Баярмаа өөрөө гүйцэтгээгүй буруутай. Тиймээс үндсэн төлбөрөөс 28 000 000 төгрөг буюу 1 000 000 төгрөгийг илүү төлсөн, бэлнээр болон дансаар нийт 18 940 000 төгрөгийг төлсөн. Гэтэл үндсэн төлбөрөөс огт хасагдаагүй гэдгийг ойлгохгүй байна. Тэр 1 500 000 төгрөгийг би л төлсөн юм. Өмнө нь анзаараагүй байсан байна, миний нэрний үсгийг нь солиод биччихсэн байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Р.Баярмаа нь хариуцагч Н.Батаа, Ү.Золбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 63 180 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Р.Баярмаа, хариуцагч Н.Батаа, Ү.Золбаатар нар нь 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 27 000 000 төгрөгийг 2015 оны 12 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцож, зээл төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр зээлийн гэрээ байгуулжээ.

Мөн хариуцагч нар нь Н.Батаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ДХЖ гудамж 50б байр, 52 тоот хаягт байрлалтай, 43 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалтай Ү-2205052037 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд барьцаалж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээ, ХААН банкны депозит дансны лавлагаа, мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх бөгөөд талууд зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан талаараа маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно. /хэргийн 2-7-р хуудас/

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн  зээлийн болон барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, гарын үсэг зурагдсан, зохих газарт бүртгэгдэж, гэрээний үнэн зөвийг нотариатч гэрчилсэн, барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзлээ.

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “зээлийн гэрээгээр зээлдэгч нь зээлдүүлэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

            Нэхэмжлэгч нь зээлийн гэрээний дагуу 27 000 000 төгрөгийг Н.Батаа, Ү.Золбаатар нарт шилжүүлсэн, тохирсон хугацаандаа мөнгөө буцааж төлөөгүй тул үндсэн зээл 27 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх хүү 19 440 000 төгрөг, алдангид 36 180 000 төгрөг, нийт 82 620 000  төгрөгнөөс хариуцагчийн төлсөн 19 440 000 төгрөгийг хасч, 63 180 000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр нь хангуулж өгнө үү гэсэн.

Хариуцагч нар нь зээлийн гэрээний дагуу авсан үндсэн зээл 27 000 000 төгрөгт 8 500 000 төгрөг, 9 500 000 төгрөгний Тоёота Приус маркийн автомашин, 10 000 000 төгрөгний 5 ширхэг газрыг тус тус шилжүүлж, нийт 28 000 000 төгрөгийг буюу 1 000 000 төгрөгийг илүү төлсөн, гэрээний дагуу 12 сарын хүүнд 18 940 000 төгрөгийг төлсөн тул үндсэн зээлнээс илүү төлсөн 1 000 000 төгрөгийг нэмж, хүүнд 19 940 000 төгрөгийг төлсөн тул зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр цагаан өнгөтэй Тоёото Приус маркийн автомашиныг 8 500 000 төгрөгт, мөн 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 06-36УБЦ улсын дугаартай, мөнгөлөг өнгөтэй Тоёото Приус маркийн автомашиныг 9 500 000 төгрөгт тус тус тооцож авсан талаараа хүлээн зөвшөөрсөн маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн Итгэмжлэлээр тус тус нотлогдож байна. /хэргийн 21-22, 70-71-р хуудас/

Харин хариуцагч нараас 10 000 000 төгрөгт тооцож 5 ширхэг газрыг хүлээн аваагүй, зөвхөн зээлийн гэрээний барьцаа болгож өгсөн гэж маргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Ү.Золбаатар нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 5 дугаар хороо, Элстэй хаягт байршилтай иргэний ахуйн зориулалттай газрыг иргэн Б.Батсүх, Ү.Зоригоо, Ү.Золбаяр, Б.Оюунболд нараас газрыг зээлийн барьцаанд тавих, бусдад худалдах, эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэлээр шилжүүлэн авч, 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг Б.Баярмаатай байгуулсан боловч Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй, холбогдох байгууллагад бүртгүүлж, эрх шилжүүлсэн эсэх нь тодорхойгүй, эрх хүлээн авагчийн газар эзэмших эрх хүчин төгөлдөр болсон гэдгийг баримтаар нотлоогүй болно. /хэргийн 72-82, 96-110-р хуудас/

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүхэд ирүүлсэн 2016 оны 11 сарын 30-ний өдрийн Газрын байршлын кадастрын зургаар газрын эрх нэхэмжлэгч Р.Баярмаад шилжээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь газрын эрхийг шилжсэн гэсэн боловч тайлбараа баримтаар нотлоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх нотолгооны үүргээ биелүүлээгүй тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь Элстэй хаягт байршилтай иргэний ахуйн зориулалттай газрыг 10 000 000 төгрөгт тооцож авсан гэж үзэх үндэслэлгүй байна гэж үзэв. /хэргийн 112-116-р хуудас/

Хариуцагч нь нэхэмжлэгчид хүүнд бэлнээр болон дансаар 2014 оны 12 сарын 11-нд 1 620 000 төгрөг, 2015 оны 1 сарын 11-нд 1 620 000 төгрөг, 2015 оны 2 сарын 11-нд 1 500 000 төгрөг, 2015 оны 3 сарын 13-нд 2 000 000 төгрөг, 2015 оны 6 сарын 16-нд 2 600 000 төгрөг, 2015 оны 7 сарын 12-нд 400 000 төгрөг, 2015 оны 9 сарын 04-нд 3 000 000 төгрөг, 2015 оны 9 сарын 25-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 1 сарын 29-нд 750 000 төгрөг, 2016 оны 3 сарын 25-нд 550 000 төгрөг, 2016 оны 7 сарын 09-нд 3 900 000 төгрөг, нийт 18 940 000 төгрөг буцаан өгсөн гэж тайлбарлаад энэ нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн ХААН банкны депозит дансны гүйлгээний лавлагаагаар нотлогдоно гэсэн. /хэргийн 48-69-р хуудас/

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээний үүрэгт хариуцагч нь бэлнээр болон ХААН банкны дансаар 17 440 000 төгрөгийг төлсөн болохыг хүлээн зөвшөөрсөн боловч 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 1 500 000 төгрөгийг “Болбаатар зээлийн төлбөр” гэсэн байгаа тул хариуцагч Ү.Золбаатараас буцаан төлсөн гэдгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан ХААН банкны Р.Баярмаагийн депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 1 500 000 төгрөгийг “Болбаатар зээлийн хүү”-нд төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд хариуцагч нь өөрийн нэрний З болон Б үсэг нь солигдсон байсныг анзаараагүй, нэхэмжлэгч нь Болбаатар гэдэг хүнтэй зээлийн гэрээ байгуулсан эсэхийг баримтаар нотлоогүй гэж мэтгэлцсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийг 1 500 000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт төлсөн болох нь нотлогдож байна гэж үзэв. /хэргийн 50-р хуудас/

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт эд хөрөнгөөр буцаан өгсөн /Тоёото Приус маркийн машинаар/ 18 000 000 төгрөг /8 500 000+9 500 000=18 000 000/, мөнгөөр буцаан төлсөн 18 940 000 төгрөг /хэргийн –р хуудас/, нийт 36 940 000 төгрөгийг зээлийн гэрээний хүү буюу алдангиас хасч тооцсон, үндсэн зээлийн 27 000 000 төгрөг, хүү 19 440 000 төгрөг, мөн алданги нийт 63 180 000 төгрөгийг төлөөгүй байгаа гэж тайлбарласан.    

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заажээ.

Зохигч зээлийн гэрээг бичгээр хийж, гэрээндээ хүү, алданги тооцохоор тохиролцсон байгаа тул нэхэмжлэгч Р.Баярмаа нь гэрээний дагуу хүү, алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй, хуулийн дагуу шаардах эрхтэй байна.

Гэвч зохигч талууд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан зээлийн гэрээнд хүүг хоорондоо тохиролцон сарын 6 хувиар тогтоосон байх бөгөөд зээлийн гэрээг 1 жилийн хугацаатайгаар байгуулсан байх тул нэхэмжлэгчийн хариуцагчийн зээлийн гэрээний үүрэгт буцаан өгсөн мөнгийг 2014-2015 оны зээлийн хүүнд суутгасан гэсэн нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгчээс уг зээлийн гэрээг сунгасан бөгөөд энэ нь хариуцагч хүлээн зөвшөөрөөд зээлийн хүүг төлж байснаар нотлогдоно гэж тайлбарласан боловч хариуцагчаас зээлийн гэрээг сунгаагүй, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний хүүг төлсөн гэж тайлбарласан тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж үзэв.

            Иймд хариуцагч Н.Батаа, Ү.Золбаатар нараас 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн зээлийн гэрээний дагуу тооцоход хариуцагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчид үндсэн зээл 27 000 000 төгрөг, хүү 19 440 000 төгрөг, нийт 46 440 000 төгрөгийг төлөх үүрэгтэйгээс 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийг хүртлэх буцаан өгсөн 13 740 000 төгрөгийг хасч, үлдэх 32 700 000 төгрөгнөөс 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрийг хүртлэх хугацаанд төлсөн 23 200 000 төгрөгийг хасч 9 500 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байна.

  Мөн зохигчийн байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Зээлийн гэрээний 3 дугаар зүйлд алданги төлөхөөр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар алдангийг тооцоход 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг хүртлэх 61 хоног буюу 2 897 500 төгрөгийг /9 500 000х0,5:100=47 500х61 хоног=2 897 500/ гаргуулах үндэслэлтэй байна гэж үзэв.

Иймд хариуцагч Н.Батаа, Ү.Золбаатар нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 12 397 500 төгрөгийг /9 500 000+2 897 500=12 397 500/ гаргуулж, нэхэмжлэгч Р.Баярмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 50 782 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

 

            Нэхэмжлэгч Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Н.Батаа, Ү.Золбаатар нартай байгуулсан 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан.

Зохигч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангасан, барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч Н.Батаагийн өмчлөлд байгаа болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн № 000290256 тоот гэрчилгээгээр нотлогдож байна. /хэргийн 4-5, 7-р хуудас/

Иймд зохигч талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч Н.Батаагийн өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ДХЖ гудамж 50б байр, 52 тоот хаягт байрлалтай, 43 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалтай Ү-2205052037 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

  ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н.Батаа, Ү.Золбаатар нараас 12 397 500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Р.Баярмаад олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 50 782 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол хариуцагч Н.Батаагийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол, ДХЖ гудамж 50б байр, 52 тоот хаягт байрлалтай, 43 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалтай Ү-2205052037 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Баярмаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 473 850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Батаагаас 106 655 төгрөг, Ү.Золбаатараас 106 655 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Р.Баярмаад олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Д.ХУЛАН