Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01629

 

Ж.В-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00168 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00060 дугаар магадлалтай,

Ж.В-ийн нэхэмжлэлтэй,

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албанд холбогдох,

Хар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.В шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Өлгий сумын хот тохижуулах албаны даргын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай тушаалаар сахиулын ажилд томилогдсон. Би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Онцгой байдлын газраас зарласан арга хэмжээнд хамт олноороо оролцож улмаар Шар нуурт албаны үүрэг гүйцэтгэж буцах үед байгууллагын зам цэвэрлэх тэвшинд сууж яваад онхолдож нуруу нугасны гэмтэл авч одоо хүртэл эмнэлэг болон гэрээр эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд би байнга өвчтэй, өвчний учир ажлын чөлөөтэй байсан. Би ажилласан хугацаанд ажлын ямар нэгэн дутагдал гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл намайг өвчтэй байх хугацаанд Өлгий сумын хот тохижуулах албаны ерөнхий менежер нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 03 дугаартай тушаал гаргаж надад сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргасан байна. Иймд миний бие нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул Өлгий сумын хот тохижуулах албаны хар замын үйлчлэгчээр эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.   

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах алба шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.В нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалсан. Ж.В нь ажлын байранд осолдсон асуудал огт байхгүй бөгөөд тогтоогдоогүй. Өвчний учир чөлөөтэй байсан гэх боловч ямар ч шалтгаангүйгээр ажил тасалж, ажил цалгардуулж удаа дараа хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан. Хэрэв Ж.В нь өвчтэй байсан бол ажил олгогч надад болон манай байгууллагын цаг бүртгэл явуулдаг ажилтан алба хаагч нарт мэдэгдэж, чөлөө авах үүрэгтэй байсан боловч бидэнд огт мэдэгдээгүй. Түүний шүүхэд гаргаж өгсөн листийг бичсэн эмч Д.Жанболат нь Улаанхус суманд эмчээр ажилладаг мөртлөө хуурамч лист бичиж, олгосон, эхэлсэн, дууссан хугацааг буруу бичиж өгсөн байсан. Ж.В нь гэр бүлийнхээ хүмүүст ажилдаа очно гэж явчхаад гадаа архидаж явдаг болохыг нь түүний эхнэр нь хүртэл миний албаны өрөөндөө орж ирээд хэлж байсан. Иймээс Ж.В нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил тасалж байсан гэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00168 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Шеруши арыххул овогт Жумагийн Володияг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албаны хар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албаны санхүүгээс 70.200 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00060 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00168 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.В-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулалтын албанд холбогдуулан гаргасан хар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар Ж.В-ийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол, хариуцагчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би бамбай булчирхайн 2 дугаар зэрэглэлийн өвчтэй бөгөөд өвчин хөдлөхөд ажил хийх боломж гардаггүй. Миний өвчин 2017 оны сүүлээр сэдэрч ажилдаа очиж чадаагүй бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрөөс 05-ны өдөр хүртэл эмнэлгийн хуудсаар өвчний учир ажлаас чөлөөлөгдсөн байсан. Өвчтэй байсан талаар шинэ оны амралттай давхцсан учраас зохих албан тушаалтанд мэдэгдэж чадаагүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн. Гэтэл давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан заалтыг ноцтой зөрчсөн.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Ж.В нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Хот тохижилтын албанд холбогдуулан  “...ажилд эгүүлэн тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагаа ажлаас үндэслэлгүй халагдсан гэжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...давтан  зөрчил гаргасан” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Ажил олгогч 2018 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр тушаал гаргаж, нэхэмжлэгчийг хар замын үйлчлэгчийн  ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3. дах заалтыг үндэслэл болгожээ.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчийг сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа 2017 оны 12 дугаар сарын 26-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 3-ний өдөр хүртэл хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалж, давтан зөрчил гаргасан талаар тайлбартаа дурдсан ба зохигчид энэ талаар мэтгэлцжээ.

Ажил олгогчийн 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдрийн 25 дугаар тушаалаар шалтгаангүй, дур мэдэн ажил тасалсан гэх үндэслэлээр Ж.В-ийн үндсэн цалинг 1 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан, нэхэмжлэгч үгүйсгээгүй байна /хэргийн 58 дугаар тал/.

Нэхэмжлэгч 2017 оны 12 дугаар сарын 26, 27, 28, 2018 оны 1 дүгээр сарын 2, 3-ний өдрүүдэд ажилд ирээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4.-т сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцохоор заасан, нэхэмжлэгч сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрөөгүй байхад дахин зөрчил гаргажээ.

Дээр дурдсанаас үзвэл нэхэмжлэгч сахилгын давтан зарчил гаргасан, энэ үндэслэлээр ажил олгогч түүнийг ажлаас халсан нь нотлогдсон тул нэхэмжлэлийг хангах боломжгүй.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч сахилгын давтан зөрчил гаргасан нь тогтоогдоогүй гэж үзэж нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүйгээс гадна хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.       

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж,  нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 212/МА2018/00060 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ж.В түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Болат нарын гомдлыг хангахгүй орхисугай.     

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ