Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 212/МА2018/00060

 

  Ж.В-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч  Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэйгээр тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00168 дугаар шийдвэртэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, Ж.В-гийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албанд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Ардабек, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Нургайып, А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албаны хар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

            Нэхэмжлэлд: “Миний бие Өлгий сумын хот тохижуулах албаны даргын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаартай тушаалаар сахиулын ажилд томилогдон одоо хүртэл Өлгий сумын хот тохижуулах албаны хар замын үйлчлэгчээр ажиллаж байна. Би 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Онцгой байдлын газраас зарласан арга хэмжээнд хамт олноороо оролцож улмаар Шар нуурт албаны үүрэг гүйцэтгэж буцах үед байгууллагын зам цэвэрлэх тэвшинд сууж яваад онхолдож нуруу нугасны гэмтэл авч одоо хүртэл эмнэлэг болон гэрээр эмчилгээ хийлгэж байна. Энэ хугацаанд би байнга өвчтэй, өвчний учир ажлын чөлөөтэй байсан. Би ажилласан хугацаанд ажлын ямар нэгэн дутагдал гаргаж, арга хэмжээ авагдаж байгаагүй. Гэтэл намайг өвчтэй байх хугацаанд Өлгий сумын хот тохижуулах албаны ерөнхий менежер нь 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 03 дугаартай тушаал гаргаж надад сахилгын шийтгэл ногдуулж хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай шийдвэр гаргасан байна. Намайг өвчтэй ямар ч дутагдал гаргаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасныг үндэслэн сахилгын шийтгэлийг давтан гаргасан гэж сахилгын халах шийтгэл ногдуулсанд маш их гомдолтой байна. Иймд миний бие нь ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул Өлгий сумын хот тохижуулах албаны хар замын үйлчлэгчээр эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

            Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

1. Ж.В нь 2017 оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалсан. Ж.В нь ажлын байранд осолдсон асуудал огт байхгүй бөгөөд тогтоогдоогүй. Өвчний учир чөлөөтэй байсан гэх боловч ямар ч шалтгаангүйгээр ажил тасалж, ажил цалгардуулж удаа дараа хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан. Хэрэв Ж.В нь өвчтэй байсан бол ажил олгогч надад болон манай байгууллагын цаг бүртгэл явуулдаг ажилтан алба хаагч нарт мэдэгдэж, чөлөө авах үүрэгтэй байсан боловч бидэнд огт мэдэгдээгүй. Түүний шүүхэд гаргаж өгсөн листийг бичсэн эмч Д.Ж нь Улаанхус суманд эмчээр ажилладаг мөртлөө хуурамч лист бичиж, олгосон, эхэлсэн, дууссан хугацааг буруу бичиж өгсөн байсан. Уг листийг олгосон огноог нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нөхөж лист олгосон байна. Архи ууж гудамжинд явж байсан хүнд яагаад лист бичиж өгснийг тодруулах болно. Журмын дагуу лист олгохын тулд заавал эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байх ёстой, эмчлэгч эмчийн магадалгаа, эмчлүүлэгчийн картад байгаа бичилтийг заавал харгалзан үзэж лист олгох ёстой. Тэгээд тухайн ажилтны листийн дагуу нийгмийн даатгалын сангаас мөнгө төгрөг олгогдох учиртай.

2. Ж.В нь олон хоногоор ажилд ирээгүй ба гар утас руу нь залгахад авахгүй байсан тул түүний гэр лүү нь ажилтнуудаа явуулахад Ж.В гэртээ байгаагүй ба аав болон эхнэр нь "түүнийг ажилдаа явсан" гэж хэлсэн. Ж.В-гийн гэрт очсон Х.Е, А.Е нар үүнийг гэрчлэх тул гэрчээр асуулгах болно. Ж.В нь гэр бүлийнхээ хүмүүст ажилдаа очно гэж явчхаад гадаа архидаж явдаг болохыг нь түүний эхнэр нь хүртэл миний албаны өрөөндөө орж ирээд хэлж байсан. Тухайн үед миний албаны өрөөндөө хамт суудаг нягтлан бодогч М.С, ахлах мэргэжилтэн Т.Х нар сууж байсан бөгөөд Ж.В-гийн эхнэрийн хэлсэн үгийг тэр хоёр гэрчилж өгнө.

3. Манай байгууллагын Ш.Х, Д.Г нар Ж.В-г ажил тасалсан өдрүүд болох 2017 оны 12 дугаар сарын 26-аас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд ажилд ирэлгүйгээр Ховд голын гүүрэн дээр согтуу явж байхад нь уулзаж, тааралдаж байснаа гэрчилдэг. Иймээс Ж.В нь хүндэтгэн үзэх шалтгаанаар ажил тасалж байсан гэсэн нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00168 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Ж.В-г Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албаны хар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэжээ.

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албаны Ерөнхий менежер ажилтай А.Е миний бие Баян-Өлгий аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаар шийдвэрийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзээд эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл нь ор үндэсгүй, энэхүү хөдөлмөрийн маргаанд хамааралгүй зүйлийг бичсэн байна. Тухайлбал, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт:

1. Ажилтан Ж.В-д сахилгын халах шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байна гэжээ. Үүний гол үндэслэл нь 0876577 дугаартай эмнэлгийн хуудсаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл Ж.В нь М05 гэсэн оноштой тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй гэжээ. Гэтэл Ж.В нь 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд шалтгаангүйгээр ажил тасалсан. Өвчний учир чөлөөтэй байсан гэх боловч ямар ч шалтгаангүйгээр ажил тасалж, ажил цалгардуулж удаа дараа хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан. Хэрэв Ж.В нь өвчтэй байсан бол ажил олгогч надад болон манай байгууллагын цаг бүртгэл явуулдаг ажилтан алба хаагч нарт мэдэгдэж, чөлөө авах үүрэгтэй байсан боловч бидэнд огт мэдэгдээгүй. Түүний шүүхэд гаргаж өгсөн эмнэлгийн листийг бичсэн эмч Д.Ж нь Ж.В-д ажлаас халагдсаны дараа буюу 01 дүгээр сарын 08-ны өдөр түүний гуйлтаар лист бичиж өгсөн нь ажил олгогчийн шийдвэр гаргахад нөлөөлөх үндэслэл болохгүй. Листийнхээ олгосон, эхэлсэн, дууссан хугацааг нь хүртэл буруу бичиж өгсөн байсан. Нөгөөтээгүүр эмчийн магадалгаагаар түүний ажлаас чөлөөлөөгүй байсан тул өвчтэй байсан гэж үзэх үндэслэл байхгүй байсан. Тэгээд ч өвчтэй байсан талаар ажил олгогч надад мэдэгдээгүй. Шүүх нотлох баримтын эргэлзээ бүхий байдалд дүгнэлт хийхгүйгээр шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосноос болж тухайн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагыг хангаагүй байна. Ажилтан Ж.В-д ажлаас хагалагдсаны дараа буюу 01 дүгээр сарын 08-ны өдөр түүний гуйлтаар лист бичиж өгсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан ажил үүрэг нь хэвээрээ хадгалагдах нөхцөл болохгүй. Миний арга хэмжээ авсан тушаал маань Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэж үзэж байна.

2. Ж.В нь олон хоногоор ажилд ирээгүй ба гар утас руу нь залгахад авахгүй байсан тул түүний гэр оронд нь ажилтнуудаа явуулахад гэрт нь Ж.В байгаагүй ба аав болон эхнэр нь “түүнийг ажилдаа явсан” гэж хэлсэн. Ж.В-гийн гэрт очсон Х.Е, А.Е нар үүнийг шүүхийн өмнө гэрчилж өгсөн мэдүүлэг, Ж.В нь гэр бүлийнхээ хүмүүст ажилдаа очно гэж явчхаад гадаа архидаж явдаг болохыг нь түүний эхнэр нь миний албаны өрөөндөө орж ирээд хэлж байсныг М.С, Х.Ш нар нотолж гэрчилснийг, хэрэгт авагдсан цагийн бүртгэл, хамт олны хурлын тэмдэглэлийг, гэрч Ш.Х, Д.Г нар Ж.В-гийн ажил тасалсан өдрүүд болох 2017 оны 12 дугаар сарын 26-наас 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд ажилд ирэлгүйгээр Ховд голын гүүрэн дээр согтуу явж байсан талаар өгсөн гэрчийн мэдүүлгийг үндэслэлгүйгээр үнэлээгүйд гомдолтой байна.

3. Ажилтан Ж.В нь урьд нь сахилгын шийтгэлтэй байсан ба сахилгын шийтгэлтэй байх хугацаанд дахин сахилгын зөрчил гаргасан тул давтан зөрчил гаргасанд тооцож түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Гэтэл анхан шатны шүүх нь Ж.В-г ажлаас чөлөөлөхдөө давтан зөрчил гаргаагүй мэтээр дүгнэсэн явдал нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн явдал болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно" гэж заасан байдаг. Ж.В нь урьд нь ажил тасалж сахилгын зөрчил гаргасан учраас 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр цалин хасах шийтгэл хүлээж байсан. Дээр заасан сахилгын шийтгэлгүйд тооцох хугацаа нь болоогүй байхад дахин сахилгын зөрчил гаргасан тул давтан зөрчил гаргасанд тооцож арга хэмжээ авсан. Энэхүү арга хэмжээ авсан тушаалыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч шүүх үндэслэлгүйгээр үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байх тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Ж.В нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулалтын албанд холбогдуулан урьд эрхэлж байсан хар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдол гаргаж, үндэслэлээ “намайг өвчтэй байх хугацаанд ажлаас чөлөөлсөн, би ямар ч дутагдал гаргаагүй” гэж тайлбарлажээ. Хариуцагч уг гомдлыг эс зөвшөөрч  “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж шүүхэд маргасан байна.

 

            Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл дараах үйл баримтууд тогтоогдсон байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албаны даргын 2008 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 08 дугаар тушаалаар Ж.В-г ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулж байсан ба Ж.В-г ”Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас чөлөөлжээ.

            Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулах албаны даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, хөдөлмөрийн гэрээний  4.2, 6.3, 6.4 дэх заалт, байгууллагын хамт олны хурлын 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрийг тус тус үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үндэслэлээр Ж.В-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх зохицуулалтад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Чөлөө олгох эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан болох нь баримтаар тогтоогдсон байхад эмнэлгийн хуудсаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл эмнэлгийн хуудсыг бичиж олгосон байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэж ажилтныг эгүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй бөгөөд нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай талаас үнэлэх журмыг зөрчжээ.  

            Ажилтан Ж.В нь нотлох баримтаар гаргаж өгсөн 0876577 дугаартай эмнэлгийн хуудсаар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 5-ны өдөр хүртэл чөлөөтэй байсан нь нотлогдсон боловч 2017 оны 12 дугаар сарын 26, 27, 28-ны өдрүүдэд ажил тасалсан болох нь цагийн бүртгэлээр нотлогдсон, Ж.В нь энэ өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил таслаагүй талаар нотлох баримтаар нотлоогүй байхад түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Нэхэмжлэгч Ж.В нь урьд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, дур мэдэн ажил тасалсан үндэслэлээр 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр үндсэн цалинг 1 сарын хугацаатай 20 хувиар буруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан нь 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 25 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаал /хх-ийн 58 тал/, хурлын тэмдэглэл /хх-ийн 59-60 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон. Уг зөрчилд сахилгын шийтгэл хүлээснээс хойш 1 жил өнгөрөөгүй байхад Өлгий сумын Хот тохижуулах албаны дотоод журмын 5 дугаар зүйлийн 1-т заасныг зөрчиж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 12 цагаас 2017 оны 12 дугаар сарын 26, 27, 28-ны  өдрүүдэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж сахилгын зөрчил гаргасан нь цагийн бүртгэл /хх-ийн 54-55 тал/, 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн хурлын тэмдэглэл /хх-ийн 23-24 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогджээ.  

            Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн байхад ажилтны гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 

Иймд, давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, дээр дурдсан үндэслэлээр ажилтан Ж.В-г Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулалтын албаны урьд эрхэлж байсан хар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийн хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгож ТОГТООХ нь: 

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 130/ШШ2018/00168 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ж.В-гийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хот тохижуулалтын албанд холбогдуулан гаргасан “хар замын үйлчлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.5 дахь хэсэгт зааснаар Ж.В-гийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол, хариуцагчийн давж заалдах гомдол тус тус улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

                                                                       

Д.КӨБЕШ