Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 154

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал,

Улсын яллагчаар Г.Лхагвасүрэн

Шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогийн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.С-д холбогдох ............ дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 20... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын .. дугаар баг .... ... тоотод түр  оршин суух, ял шийтгэлгүй регистрийн дугаар ..........., Б.С.  

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн .. дугаар баг Уб баруун талын саравчинд  2020 оны 06 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчимд иргэн Х.Б-г зодож эрүүл мэндэд нь уруулд язарсан шарх, дээд эрүүний 22 дугаар шүд, доод эрүүнд 32 дугаар шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

   Шүүгдэгч Б.С мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:  Н ах над руу залгаад хаана явж байна гэхээр нь Уб хажууд гэхэд хүрээд ир гэхээр нь яваад очиход Н ах Б ах 2 пиво уугаад сууж байсан. Тэр пивыг 3-уулаа хувааж уугаад дууссан чинь Б ах нэмж нэгийг ууя гэхээр нь уухгүй гэхэд Б ах Н ах бид 2-ыг гаргаж өнгө гээд дагаж яваад Уб сүүдрэвчин доор суугаад юм ярьж байхад Б ах намайг юм яриулахгүй урдуур орж яриад байхаар нь баруун гараараа шүд рүү нь цохиход хиймэл шүд болон өөрийнх нь 2  шүд унахаар нь би айгаад зугтаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

- Хохирогч Х.Б-н: “...2020 оны 06 дугаар сарын 20-ны орой 20 цагийн орчимд 16 давхарын барилга дээр ажиллаж байгаад тарахад С дүү нь танд нэг пиво авч өгье гээд 2.5 литрийн пиво авсныг нь Н, С бид 3 хувааж уугаад юм яриад сууж байтал С гэнэт миний шүд рүү гараараа цохисон. Миний хиймэл шүд болон өөрийн 2 шүд унасан. Тэгээд С зугтаагаад яваад өгсөн. С архи уучихаад ирсэн байсан тэр пивоноос уугаад нэлээд согтсон. Бид маргаж муудсан зүйл байхгүй. Миний хохирлыг барагдуулчихвал гомдол санал байхгүй... ” гэх мэдүүлэг, /хх-ийн 4-5/,

 

- Гэрч Ч.Н-н: “... Б ах С руу залгаад хүрээд ир гэсэн удалгүй С 1 пиво аваад ирсэн. Тэрийг нь 3-уулаа хувааж уугаад дуусахаар гэрлүүгээ явахаар болоход Б бид 2-ыг гаргаж өгнө гээд дагаад явж байгаа Уб баруун талын сүүдрэвчин дээр очсон юм. Тэгээд юм яриад сууж байсан чинь гэнэт тас хийх чимээ гарсан чинь Б ахыг С 1 удаа гараараа цохичихоод гүйгээд явчихсан араас нь очих гэсэн таксинд суугаад явчихсан. Б-н хиймэл шүд болон өөрийнх нь 2 шүд уначихсан. Маргалдсан зүйл байхгүй хоорондоо болсон асуудлыг талаар ярьж байгаад намайг яриулахгүй байна гэж С 1 удаа хэлж байсан...” гэх мэдүүлэг   /хх-ийн 7/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн  шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 342 дугаартай: 1. Х.Б-н биед “хүзүү болон цээжинд зүсэгдсэн шарх” гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-10-11/,

 

-Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 02/

 

- Шүүгдэгч Б.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 22/

 

- Шүүгдэгч Б.С-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх- 23/

 

- Шүүгдэгч Б.С-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх-ийн 33/

 

- Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2020 оны 07 дүгээр сарын 03-ны өдрийн 5/58 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 34 /

 

-Хохирогч Х.Б-н Прокурорын газарт гаргасан хоорондоо эвлэрсэн тул гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 32/

 

- “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 76 дугаартай санал /хх-35/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн 7 дугаар баг Уб баруун талын саравчинд  2020 оны 06 дугаар сарын 30-ны орой 20 цагийн орчимд иргэн Х.Б-г зодож эрүүл мэндэд нь уруулд язарсан шарх, дээд эрүүний 22 дугаар шүд, доод эрүүнд 32 дугаар шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч  өгсөн “...Н ах над руу залгаад хаана явж байна гэхээр нь Уб хажууд гэхэд хүрээд ир гэхээр нь яваад очиход Н ах Б ах 2 пиво уугаад сууж байсан. Тэр пивыг 3-уулаа хувааж уугаад дууссан чинь Б ах нэмж нэгийг ууя гэхээр нь уухгүй гэхэд Б ах Н ах бид 2-ыг гаргаж өнгө гээд дагаж яваад Уб сүүдрэвчин доор суугаад юм ярьж байхад Б ах намайг юм яриулахгүй урдуур орж яриад байхаар нь баруун гараараа шүд рүү нь цохиход хиймэл шүд болон өөрийнх нь 2  шүд унахаар нь би айгаад зугтаад яваад өгсөн ”гэх,

 

хохирогч Х.Б-н “... С дүү нь танд нэг пиво авч өгье гээд 2.5 литрийн пиво авсныг нь Н, С бид 3 хувааж уугаад юм яриад сууж байтал С гэнэт миний шүд рүү гараараа цохисон. Миний хиймэл шүд болон өөрийн 2 шүд унасан. Тэгээд С зугтаагаад яваад өгсөн. С архи уучихаад ирсэн байсан тэр пивоноос уугаад нэлээд согтсон. Бид маргаж муудсан зүйл байхгүй.... гэх,

 

гэрч Ч.Н-н “...Тэгээд юм яриад сууж байсан чинь гэнэт тас хийх чимээ гарсан чинь Б ахыг С 1 удаа гараараа цохичихоод гүйгээд явчихсан араас нь очих гэсэн таксинд суугаад явчихсан. Б-н хиймэл шүд болон өөрийнх нь 2 шүд уначихсан. Маргалдсан зүйл байхгүй хоорондоо болсон асуудлыг талаар ярьж байгаад намайг яриулахгүй байна гэж С 1 удаа хэлж байсан...” гэх мэдүүлгүүд,

 

шинжээчийн 342 дугаартай: 1. Х.Б-н биед “хүзүү болон цээжинд зүсэгдсэн шарх” гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь  Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4.Цаашид эрүүл мэндийн хөдөлмөрт тогтмол нөлөөлөхгүй...гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 

 

Шүүгдэгч Б.С нь согтууруулах андааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч  Х.Б-г намайг юм яриулахгүй урдуур орж ярилаа гэж гараараа нүүр рүү нь 1 удаа цохиж уруулд язарсан шарх, дээд эрүүний 22 дугаар шүд, доод эрүүнд 32 дугаар шүдний булгаралт бүхий  гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдох бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүйг, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг цохиход эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учруулж болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Б.С-н, хохирогч Х.Б-г гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Б.С-н үйлдлийн улмаас хохирогч Х.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Х.Б прокурорт гаргасан хүсэлтдээ “Х.Б миний бие Б.С-д цохиулсны улмаас өөрийн 2 шүд, хиймэл 3 шүд унасан гэмтэл учирсан. Эмчилгээний зардалд 300 000 төгрөгийг 7 дугаар сарын 15-наас өмнө  барагдуулна гэсэн тул гомдолгүй” гэжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүгдэгч Б.С-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5  дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

      

Прокуророос Б.С-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Б.С-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж,  түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Х.Б нь “хохирлыг 2020 оны 07 дугаар сарын 15-ны дотор төлөхөөр тохирсон тул гомдолгүй” гэсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Б.С-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  

Шүүгдэгч Б.С нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-г  450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.С-д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Б.С энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Х.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

                                            

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР