Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 912

 

2017.4.12                                                                     №912

Т.Шинэжилийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00122 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Шинэжилийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Т.Шинэжил,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Гантулга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Ариунбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Шинэжил миний бие Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвд 2015 оны 10 дугаар сард Мэргэжлийн боловсрол түр сургалтын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Би жирэмсэн болж 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хуульд зааснаар хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад эргээд ажилдаа орох гэтэл манай байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн байгууллага өөрчлөгдсөн, ажилтнуудаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн, “халагдах тушаал 10 дугаар сарын 03-ны өдрөөр гарна, тушаалаа 10 дугаар сарын 07-ны өдөр аваарай” гэсний дагуу очиж ажлаас халагдах тушаалаа авсан.

Намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 тоот ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай тушаалаар Мэргэжлийн боловсрол түр сургалтын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлөх тушаалд ямар үндэслэлээр ажлаас халж байгаа нь тодорхой бус, ойлгомжгүй байсан. Би Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт Мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж мэргэжлийн боловсролтой холбоотой бүхий л асуудлыг ганцаараа хариуцан ажилладаг байсан. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт миний ганцаараа хариуцан ажилладаг байсан албан тушаалыг өргөтгөж Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар гэж байгуулан 5 хүн миний хийж байсан дээрх албан тушаал, ажлын байрыг хариуцан ажиллаж байгааг олж мэдлээ.

Намайг ажлаас халахдаа миний ажлын байран дээр ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт зарлалгүй ямар үндэслэлээр намайг халснаа тушаалдаа дурдалгүй хууль бус намайг ажлаас халсанд гомдолтой байна.

Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалинтай тэнцэх олговрыг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Т.Шинэжил нь Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвтэй 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан нь Үндэсний төвийн захирал С.Чойноровын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/121 тоот тушаалаар тогтоогдож байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоол гарч Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын судалгааны институт болгож өөрчлөн зохион байгуулсан тул энэхүү тогтоолыг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг баримтлан Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 тоот тушаал гарч Т.Шинэжилийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хуульд заасны дагуу 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байна.

Т.Шинэжилийн хүүхэд асрах чөлөө 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан бөгөөд ажиллаж байсан Үндэсний төв нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр татан буугдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэж байна.

Үндэсний төвийн захирал С.Чойноровын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/124 тоот гарах үед Үндэсний төв нэгдүгээрт Засгийн газрын тогтоолоор 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр татан буугдсан, эрх зүйн хувьд ямар нэг чадамжгүй болсон тул гарсан тогтоол шийдвэрүүд нь хууль бус юм. Үндэсний төвийн захирал С.Чойноров тамга тэмдгээ хүлээлгэж өгөлгүйгээр хэсэг хугацаанд зугтаж олдохгүй байх үедээ өөрийн эрх мэдлээ хэтрүүлж дээрх ажилтнуудыг шилжүүлэх тушаалыг гаргасан болно.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Үндэсний төвийн зарим чиг үүргийг зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтэд шилжүүлсэн болохоос биш Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлээгүй юм. Гэтэл үндэсний төвийн захирал С.Чойноров Засгийн газрын дээрх тогтоолыг зөрчин өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчиж тушаал гаргасан бөгөөд энэхүү үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой.

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн шинэ орон тоо, ажлын байрны чиг үүргийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 тоот тогтоол гарч тус газрын нийт орон тоог 68-аар баталсан. Эдгээр орон тоонд Мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл арга зүй хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болно.

Манай газрын зүгээс зөвхөн Засгийн газрын тогтоол, шийдвэрийг биелүүлж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг үндэслэн Т.Шинэжилийг ажлаас чөлөөлсөн, уг ажлын байр, орон тоо татан буугдаж байхгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь заалтыг баримтлан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтний ажилд томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т.Шинэжилийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин 2 532 024 төгрөгийг гаргуулж Т.Шинэжилд олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Т.Шинэжилийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар Т.Шинэжилийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид нөхөн 125 652 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоол гарч Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийг татан буулгасан бөгөөд уг тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2016 оны 08 сарын 30-ны өдөр манай ерөнхий газарт мэдэгдсэн. Тухайн үед Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ судалгаа, мэдээллийн төвийн захирал байсан С.Чойноров Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг зөрчиж татан буугдсан төвийн ажилтнуудыг манай ерөнхий газарт шууд шилжүүлэхээр хууль зөрчсөн, тамгагүй тушаал гаргасан байсан тул Засгийн газрын 55 дугаар тогтоолыг биелүүлж ажиллах үүднээс ажилтнуудыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 заалтыг баримтлан ажлаас чөлөөлж, цалин, тэтгэмжийг олгосон. Иймд манай байгууллага Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7-д заасанчлан хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад биш дээд шатны байгууллагаас өгсөн албан шийдвэрийг биелүүлж ажилласан, хууль тогтоомж зөрчсөн үйлдлийг засаж залруулан ажилласан тул шүүхийн шийдвэрийг дээрх хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Т.Шинэжил нь хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Т.Шинэжил нь хариуцагч Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн Мэргэжлийн боловсрол түр сургалтын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтнээр 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс ажиллаж байсан талаар маргаагүй байна. /хх 45-46 дахь тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу ажилтан Т.Шинэжилд 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөг захиргааны журмаар олгосон нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны Б/121 тоот тушаалаар тогтоогджээ. /хх-16 дахь тал/

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар тус Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай Засгийн газрын 2016 оны 55 тоот тогтоолыг тус тус  үндэслэн Т.Шинэжилтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байна. /хх-3 дахь тал/

 

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 тоот тогтоолын 3 дахь хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв” улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт” болгож өөрчлөн зохион байгуулахаар заажээ. Уг тогтоолыг хэрэгжүүлэх үүргийг Засгийн газраас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад даалгасан байх бөгөөд тогтоолыг сайд хэрхэн хэрэгжүүлсэн талаар хэрэгт баримт авагдаагүй болно.

 

Дээрх 55 тоот тогтоолоор “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төв”-ийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт болгож өөрчлөн зохион байгуулахдаа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийн үлдэх орон тооны ажилтныг тодорхой зохицуулаагүй байна.  

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 тоот тушаал гаргаж ажилтан Т.Шинэжилтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон байдлаас үзвэл ажилтны буюу Т.Шинэжилийн ажлын байр орон тоотой холбоотой асуудлыг шийдвэрлэх эрх хэмжээтэй гэж дүгнэхээр байна.

 

Хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван дөрөвдүгээр бүлэг “Гомдлоор авч хэлэлцэх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журмаар хянан шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулсан тул маргааны үйл баримтыг нотлох үүрэг ажил олгогчид хуваарилагдах юм. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан орон тоо хасагдсан гэх тайлбараа хариуцагч нотлоогүй тул ажилтныг ажлаас халсан тушаал үндэслэлгүй болжээ.

 

Анхан шатны шүүх ажилтныг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацаан дахь олговрыг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж шүүх шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Харин нэхэмжлэгч Б/171 тоот тушаалыг хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байхад шүүх нэхэмжлэл гэж тодорхойлж шийдвэрлэсэн нь буруу боловч уг алдааг залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Шүүх Т.Шинэжилийг өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн ба уг шийдвэрийг гүйцэтгэхэд ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон тохиолдолд ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 183/ШШ2017/00122 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 дүгээр тушаалыг хүчингүй болгож” гэснийг хасч өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Э.ЗОЛЗАЯА

 

                                            ШҮҮГЧИД                                 А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                             Б.НАРМАНДАХ