Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 122

 

 

                                                                  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо Наадамчдын гудамж Буянт-Ухаа 1 дүгээр хороолол 717 дугаар байр 32 тоотод оршин суух, Тангад овогт Тагарваагийн Шинэжил/РД:ИЦ89010149/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 2 дугаар хороо Чингисийн өргөн чөлөө Хөдөлмөрийн ордонд байрлах, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Шинэжил, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Гантулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Шинэжил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Шинэжил миний бие Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвд 2015 оны 10 дугаар сард Мэргэжлийн боловсрол түр сургалтын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Би ажилд орсоноосоо хойш хичээнгүйгээр ажиллаж байгаад жирэмсэн болж 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хуульд зааснаар хүүхэд асрах чөлөө авсан. Хүүхэд асрах чөлөөгөө дуусгаад эргээд ажилдаа орох гэтэл манай байгууллагын хүний нөөцийн мэргэжилтэн байгууллага өөрчлөгдсөн, ажилтнуудаа Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлсэн халагдах тушаал 10 дугаар сарын 03-ны өдрөөр гарна, тушаалаа 10 дугаар сарын 07-ны өдөр аваарай гэсний дагуу очиж ажлаас халагдах тушаалаа авсан. Намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 тоот “Ажлаас чөлөөлж, тэтгэмж олгох тухай” тушаалаар Мэргэжлийн боловсрол түр сургалтын бүртгэл, зөвлөгөө мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байсан. Ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1, 42.1, 43 дугаар зүйл, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2016 оны 55 дугаар тушаалыг үндэслэл болгосон байсан бөгөөд яг ямар үндэслэлээр ажлаас халж байгаа нь тодорхой бус ойлгомжгүй байсан. Би Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа мэдээллийн үндэсний төвийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт Мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж мэргэжлийн боловсролтой холбоотой бүхий л асуудлыг ганцаараа хариуцан ажилладаг байсан. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт миний ганцаараа хариуцан ажилладаг байсан албан тушаалыг өргөтгөж “Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар” гэж байгуулан 5 хүн миний хийж байсан дээрх албан тушаал, ажлын байрыг хариуцан ажиллаж байгааг олж мэдлээ. Намайг ажлаас халахдаа миний ажлын байран дээр ямар нэгэн байдлаар сонгон шалгаруулалт зарлалгүй ямар үндэслэлээр намайг халсанаа тушаалдаа дурдалгүй хууль бус намайг ажлаас халсанд гомдолтой байна. Иймд намайг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалингийн олговрыг хариуцагчаас гаргуулж дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ариунбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Шинэжил нь Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн Үндэсний төвтэй 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон. Ингээд 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан нь Үндэсний төвийн захирал С.Чойноровын 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн Б/121 тоот тушаалаар тогтоогдож байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоол гарч Хөдөлмөр, эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төвийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн Хөдөлмөрийн нийгмийн хамгааллын судалгааны институт болгож өөрчлөн зохион байгуулсан тул энэхүү тогтоолыг үндэслэл болгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг баримтлан Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 тоот тушаал гарч Т.Шинэжилийг үүрэгт ажлаас нь чөлөөлж хуульд заасны дагуу 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон байна. Т.Шинэжилийн хүүхэд асрах чөлөө 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан бөгөөд ажиллаж байсан Үндэсний төв нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр татан буугдсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.1 дэх заалтыг баримтлан ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзэж байна. Нэхэмжлэгч Т.Шинэжил нь нэхэмжлэлдээ намайг ажлаас чөлөөлөх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1, 42.1, 43 дугаар зүйлүүд, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албан тухай хууль, Засгийн газрын 2016 оны 55 дугаар тушаалыг үндэслэл болгосон байсан бөгөөд яг ямар үндэслэлээр ажлаас халж байгаа нь тодорхой бус байсан гэжээ. Иргэний хуулийн 3.7 дахь хэсэгт “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч талын ажлаас чөлөөлсөн тушаалын хуулийн үндэслэлийг ойлгоогүй гэдэг нь хуулийн дагуу үндэслэл биш байна. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагадаа Төрийн албан тухай хуулийн 27.2.3 дахь заалтыг үндэслэсэн байх боловч энэ нь зөвхөн Төрийн жинхэнэ албан хаагчид хамааралтай хуулийн зохицуулалт бөгөөд зөвхөн байгууллага өөрчлөн байгуулагдсан тохиолдолд хамааралтай юм. Иймд нэхэмжлэгч тал хуулийг буруу ойлгож нэхэмжлэлээ гаргасан гэж үзнэ. Мөн түүнчлэн Т.Шинэжил нэхэмжлэлийн шаардлагын өөр нэг үндэслэлээ миний хуучин ажлын байр, орон тоо одоо Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт байна гэсэн байна. Энэхүү үндэслэлээ нотлох үүднээс Үндэсний төвийн захирал С.Чойноровын 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Б/124 тоот тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Уг тушаалыг гарах үед Үндэсний төв нэгдүгээрт Засгийн газрын тогтоолоор 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр татан буугдсан, эрх зүйн хувьд ямар нэг чадамжгүй болсон тул гарсан тогтоол шийдвэрүүд нь хууль бус байсан хоёрдугаарт уг Үндэсний төвийн захирал С.Чойноров тамга тэмдгээ хүлээлгэж өгөлгүйгээр хэсэг хугацаанд зугтаж олдохгүй байх үедээ өөрийн эрх мэдлээ хэтрүүлж дээрх ажилтнуулыг шилжүүлэх тушаалыг гаргасан болно. Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 55 дугаар тогтоолоор Үндэсний төвийн зарим чиг үүргийг зөвхөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтэд шилжүүлсэн болохоос биш Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт шилжүүлээгүй юм. Гэтэл үндэсний төвийн захирал С.Чойноров Засгийн газрын дээрхи тогтоолыг  зөрчин өөрийн эрх мэдлээ хэтрүүлэн хууль зөрчиж тушаал гаргасан бөгөөд энэхүү үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар нь 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн шинэ орон тоо, ажлын байрны чиг үүргийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 тоот тогтоол гарч тус газрын нийт орон тоог 68-аар баталсан. Эдгээр орон тоонд Мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл арга зүй хариуцсан мэргэжилтэн гэсэн орон тоо байхгүй болно. Манай газрын зүгээс зөвхөн Засгийн газрын тогтоол, шийдвэрийг биелүүлж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг үндэслэн Тагарваа овогтой Шинэжилийг ажлаас чөлөөлсөн, уг ажлын байр, орон тоо татан буугдаж байхгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Манай газрын зүгээс зөвхөн Засгийн газрын тогтоол, шийдвэрийг биелүүлж ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл, заалтыг үндэслэн Тагарваа овогтой Шинэжилийг ажлаас чөлөөлсөн, уг ажлын байр, орон тоо татан буугдаж байхгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т.Шинэжил нь хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт холбогдуулан Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

            Хариуцагч “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 дүгээр тушаалаар Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5, 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дах хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 38.1.2, 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйл, “Төсвийн зарим байгууллагыг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах тухай Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг тус тус  үндэслэж, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтэн ажилтай Т.Шинэжилтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 3-ны өдрөөр тасалбар болгон цуцлаж, үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй болох нь нэхэмжлэгчийн  тайлбар, Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоол, “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 дугаар тушаалаар тус тус тогтоогдож байна.

 

        Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь шүүхийн хэлэлцүүлэгт  Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас чиглэл өгсний дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвд мэргэжилтнээр ажиллаж байсан Т.Шинэжилийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, хөдөлмөрийн харилцааг  дуусгавар болгосон ба Сангийн яамнаас уг байгууллагын ажилчдад ажлаас халагдсаны тэтгэмжийг олгох санхүүжилтийг манай байгууллагын төсөвт тусгасан, манай байгууллагын ажилтан биш учраас ажилд авах боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

         Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 55 дугаар тогтоолын 3 дах хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн үндэсний төв”-ийг татан буулгаж, зарим чиг үүргийг нь “Дадлагажигч ажилтан гадаадад илгээх төв” улсын төсөвт үйлдвэрийн газартай нэгтгэн “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт” болгон зохион байгуулахаар тогтоолд тусгагджээ. /хх-28 хуудас/

 

         Мөн  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 3/204 дугаар албан бичиг, 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 1/129 дугаар албан бичигт тус тус Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 55 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг мэдэгдсэн байна. /хх-61, 64 хуудас/

 

        “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 дүгээр тушаалын хууль зүйн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байх ба Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэхь хэсгийг баримталжээ.  

 

        Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 55 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллахыг мэдэгдсэн ба Засгийн газрын 55 дугаар тогтоолоор Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн ажилтнуудын хөдөлмөрийн гэрээг цуцлах, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох эрх олгоогүй мөн Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн эрх, үүргийг залгамжлуулаагүй байхад Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтэн Т.Шинэжилтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

        Өөрөөр хэлбэл хариуцагч нь ажил олгогч биш ба хариуцагчид Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн эрх, үүргийг залгамжлан авах эрх олгогдоогүй учраас тус төвийн мэргэжилтэн Т.Шинэжилийн хөдөлмөрийн гэрээг цуцласан тушаал хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг мөн  хангах үндэслэлгүй байна.

 

       Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Нямдаваа нь  Хөдөлмөрийн тухай хууль, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 55 дугаар тогтоол зэргийн хууль зүйн үндэслэлийг буруу хэрэглэж нэхэмжлэгч Т.Шинэжилийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь Төрийн албаны тухай хуульд заасан хууль дээдлэх төрийн албаны үндсэн зарчмыг зөрчсөн буруутай үйлдэл болсон байх ба Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2.7 дах хэсэгт “ хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх явцад гаргасан алдааны улмаас төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах” зарчмыг хариуцагч нь биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч эрх залгамжлан аваагүй атлаа нэхэмжлэгч Т.Шинэжилийн хөдөлмөрийн гэрээг цуцласан, мөн хариуцагч тус төвийн ажилтануудад олгох тэтгэмж, цалин хөлсний санхүүжилтийг Сангийн яамнаас хариуцагчид шилжүүлсэн гэх тайлбар, хөдөлмөрийн гэрээг буруу цуцласны хууль зүйн үр дагавар болох  ажилгүй байсан хугацааны цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргаж олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

        Иймд эрх, үүрэг залгамжлан аваагүй хариуцагч буюу “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 дүгээр тушаалыг хүчингүй болгож, мөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтэний ажилд томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  нэхэмжлэгч Т.Шинэжилийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтэнээр буюу урьд эрхэлж байсан байгууллагын ажилд эгүүлэн тогтоож, эрх, үүрэг залгамжлан аваагүй байхад нэхэмжлэгч Т.Шинэжилийн хөдөлмөрийн гэрээг цуцлаж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон хариуцагчаас ажилгүй байсан хугацааны /2016 оны 10 дугаар сарын 3-с 2017 оны 1 дүгээр сарын 12-ныг хүртэл/ урьд авч байсан сарын дундаж цалин хөлс нь 1 хоногт 36 696 төгрөг, ажлын 69 хоногоор  тооцож 2 532 024 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

      

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

         1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах заалтыг баримтлан “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар”-ын даргын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/171 дүгээр тушаалыг хүчингүй болгож,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтэний ажилд томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Т.Шинэжилийг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, судалгаа, мэдээллийн төвийн Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт мэргэжлийн боловсрол, түр сургалтын бүртгэл, зөвлөгөө, мэдээлэл, арга зүй хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоосугай.

 

        2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас ажилгүй байсан хугацааны цалин 2 532 024 төгрөгийг гаргуулж  Т.Шинэжилд олгосугай.

 

        3.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Т.Шинэжилийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурьдсугай.

 

        4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д зааснаар Т.Шинэжилийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.

 

        5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас улсын тэмдэгтийн хураамжид нөхөн 125 652 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулсугай.

 

        6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.       

 

 

 

 

 

                                  ШҮҮГЧ                                     Ц.ОЮУНБИЛЭГ