Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/01564

 

А ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

           Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар      

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00614 дүгээр шийдвэр,

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1220 дугаар магадлалтай,

   А ын нэхэмжлэлтэй,

            Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох

     2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх 10 сарын хугацааны цалин болох 6,330,170.00 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

            Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2017 оны 01 сарын 25-ны өдөр тус шүүхэд Нийгмийн Даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 сарын 31-ний өдөр 182/ШШ2017/00677 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш байгууллагын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй хугацаа алдсан тул 2017 оны 5 дугаар сард Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан албадан шийдвэр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь тус байгууллагын хуулийн зөвлөхтэй уулзсан боловч орон тоо байхгүй гэх шалтгаанаар тус шийдвэрийг биелүүлэхгүй намайг олон сараар хохироосоор өдийг хүрсэн болно. Иймд хуульд заасан журмын дагуу 2017 оны 03 сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 сарын 29-ний өдрийг хүртэлх 10 сарын хугацааны цалин болох 6,330,170 төгрөгийг гаргуулж, нийт хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн орон тоог Улсын их хурлаас баталдаг, манай Үндэсний зөвлөлийн ажлын албаны ажиллах дүрмийг Улсын их хурлын Нийгмийн бодлого соёл шинжлэх ухааны байнгын хорооноос баталдаг. Тухайн үед А ыг н.Болормаа дарга ажилд авсан байдаг. Энэ үед 2012 оны 11 сарын 02-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор баталсан бүтэц хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ тогтоолоор бол манай байгууллагад жолооч гэдэг орон тоо байгаагүй. Тухайн үед хууль бус шийдвэр гаргаж ажилд авсан байсан. А  нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанаас гаргасан тодорхойлолтын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 12 сард шүүхийн шийдвэрийн дагуу олгогдох цалин, нийгмийн даатгалын шимтгэл бүрэн авсан бөгөөд тус албанд орон тоо байхгүй учир ажилд нь эргүүлэн томилоогүй юм. Улсын Их Хурлын нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор тус ажлын албаны орон тоог 12 хүнтэй байхаар баталсан бөгөөд энд жолоочийн орон тоо батлагдаагүй байна. Мөн жолоочтой дүйцүүлэх ажил, албан тушаал ч байхгүй. Тус ажлын албанд дарга, аудитор, шинжээч, хуулийн зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч, туслах ажилтан гэсэн бакалавраас дээш боловсролтой, мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, төрийн албан хаагч нар ажиллах шаардлагатай бөгөөд туслах ажилтан нь архив, бичиг хэргийн чиглэлээр тусгай мэргэжил эзэмшсэн хүн ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод заасан. А ыг тус ажлын албанд жолооч болон түүнтэй дүйцүүлэх ажилд тавих эрх зүйн боломжгүй байна. Иймд А ыг бид ажилд томилоогүй, ажилд томилох боломжгүй учраас цалингийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилгүй хугацааны цалин нэхэмжилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх боломж байсан. Нэхэмжлэгч 2017 оны 05 сарын 23-ны үеэс өөрийн эрх хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байсныгаа мэдэх байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гомдол гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00614 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6,330,170 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А т олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч А  болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1220 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Өлзий, өмгөөлөгч Ч.Нямцоож нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 1220 дугаар магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр энэхүү гомдлыг гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс үүдэн хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Давж заалдах шатны шүүх “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна..." гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал, Үүссэн нөхцөл байдлыг товч сийрүүлбэл: Нэхэмжлэгчийг НДҮЗ-ийн Ажлын албаны даргын 2016 оны 07 сарын 18-ны өдрийн Б/34 тоот тушаалаар “Жолооч"-ийн ажилд томилж, 2016 оны 12 сарын 26-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг тэрбээр эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэснээр түүнийг шүүхийн шийдвэрээр жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, 1,783,957 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар “Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана. Үндэсний зөвлөл ажлын албатай байна. Үндэсний зөвлөлийн дүрмийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо батална.” Мөн Монгол Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо НДҮЗ-ийн Ажлын албаны бүтэц, орон тоог баталдаг болно. Нэхэмжлэгчийг анх НДҮЗ-ийн Ажлын албаны “Жолооч”-ийн ажилд томилох үед Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2012 оны 11 сарын 02-ны өдрийн 07 дугаар “Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол хүчин төгөлдөр байсан бөгөөд уг тогтоолоор Ажлын алба нь 10 орон тоотой байхаар тогтоогдсон болно. Тухайн тогтоолд НДҮЗ-ийн Ажлын албанд “Жолооч” гэх ажил, албан тушаал буюу орон тоо байхгүй ба одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 06 сарын 08-ны өдрийн 23 дугаар “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл /орон тооны бус/ дүрэмд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор батлагдсан “...Ажлын алба нь 12 орон тоотой байна...” гэх орон тоонд ч “Жолооч” гэх ажил, албан тушаал байхгүй юм. Гэтэл өмнө нь НДҮЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Болормаа нь өөрийн найзын нөхөр гэх А ыг "Жолооч”-ийн ажилд томилж, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, Монгол Улсын Их Хурлын байнгын хорооны тогтоолд тусгагдаагүй, орон тоог шинээр бий болгосон байдаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/00677 дугаар шийдвэр гаргасан талаар НДҮЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Болормаа нь ажлаа хүлээлгэн өгөхдөө дараагийн даргадаа хэлээгүй, мэдэгдээгүйгээс үүдэж бид мэдээгүй байсан ба Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлснээр ийм шийдвэр гарсан талаар олж мэдсэн. Улмаар нэхэмжлэгчийг манай байгууллагад хуулийн мэргэжилтнээр ажиллаж байсан н.Болортогтох хүлээн авч, уулзан “...анхнаасаа байхгүй орон тоонд ажилд авсан байна. Одоо ч ийм ажлын байрны орон тоо байхгүй. Мөн дүйцүүлэх адил чанарын өөр ажил, албан тушаал ч байхгүй...” талаар хэлэхэд тэрбээр шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалингаа авч, ажилд орохгүй байх боломж бий гэдгээ амаар хэлсэн байдаг. Энэ дагуу НДҮЗ-ийн Ажлын алба 2017 оны 11 сарын 28-ны өдөр 273 тоот “Тус Ажлын албанд жолоочоор ажиллаж байсан А т Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхээс олгохоор шийдвэрлэсэн ажилгүй байсан цалин 1,783,957 төгрөгийг олгоогүй байна...” гэх албан бичгийг түүнд гаргаж өгснөөр тэрбээр 2017 оны 12 сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалингаа өөрийн дансаар дамжуулан бүрэн авсан. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон гэж ойлгож байтал нэхэмжлэгч хэлцэж, тохиролцсоноосоо буцаж, шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин, олговроо гаргуулахаар хандсан байна. Нөгөөтээгүүр шүүх ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиплагаа дуусгавар болсон эсэхийг бүрэн тодруулалгүй хэргийг шийдвэрлэлээ.

Маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн тухайд: Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 01 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 сарын 05-ны өдрийн 182/Ш32018/01323 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байдаг. Аливаа этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргаж, хуульд заасан хэлбэрээр эрхээ хамгаалуулах боломжтой билээ. Энэ утгаараа хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт ажилтан гомдлоо хэдий хугацааны дотор шүүхэд гаргах талаар зааж, мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож болох талаар хуульчилсан. Түүнчлэн Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1., 76.2 дахь хэсэгт зааснаар Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх талаар зохицуулсан байна. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт “...“Хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэжээ. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсанаа буюу өөрийн эрхээ зөрчигдсөнийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 182/ШШ2017/00677 дугаар шийдвэр гарснаар мэдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байдаг бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй болно. Нэгэнт нэхэмжлэгч хуульд заасан боломжит хугацааны дотор шүүхэд мэдүүлэх, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй учир өмнө өгүүлсэнчлэн олговор шаардах эрхээ алдах юм. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар “Хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй.” болно. Иймд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2018/00614 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1220 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                            ХЯНАВАЛ: 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч А  нь хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан 2017 оны 03 сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 сарын 29-ний өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговорт 6,330,170.00 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулахыг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн орон тоог Улсын их хурлаас тогтоодог, 2012 оны 11 сарын 02-ны өдрийн 07 тоот тогтоолоор баталсан бүтэц хүчин төгөлдөр үйлчилж байсан ба манай байгууллагад жолоочийн орон тоо байгаагүй, анхнаасаа хууль бус шийдвэр гаргаж ажилд авсан гэж маргажээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00677 дугаар шийдвэрээр А ыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1,783,957.00 төгрөгийг хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгч А т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шийдвэрийг хэрэгжүүлэхээр шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан боловч хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэр гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан үүргийг зөрчсөн байна.  

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг хэрэгт авагдсан баримтын хүрээнд тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн, шийдвэрийн үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т нийцсэн гэж үзнэ.

 Хариуцагч Нийгмийн Даатгалын Үндэсний зөвлөл ажилтан А ыг 2018 оны 01 сарын 29-ний шүүхэд хандах хүртэл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00677 дугаар шийдвэрийг биелүүлсэн тухай баримт хэрэгт авагдаагүй байх тул нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэх нөхцөл тогтоогдохгүй байна. Иймээс хариуцагчийн хяналтын шатны шүүхэд гаргасан “...ажилтан Хөдөлмөрийн тухай хуульд заасан шүүхэд гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэсэн гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн тогтоов.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

             1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00614 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1220 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Хариуцагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                    Д.ЦОЛМОН