Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1220

 

 

А.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00614 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч А.А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдох

 

2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх 10 сарын хугацааны цалин болох 6 330 170 төгрөгийг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч А.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд Нийгмийн Даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халсан болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 182/ШШ2017/00677 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Гэтэл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш байгууллагын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авахгүй хугацаа алдсан тул 2017 оны 5 дугаар сард Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан албадан шийдвэр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь тус байгууллагын хуулийн зөвлөхтэй уулзсан боловч орон тоо байхгүй гэх шалтгаанаар тус шийдвэрийг биелүүлэхгүй намайг олон сараар хохироосоор өдийг хүрсэн болно. Иймд хуульд заасан журмын дагуу 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх 10 сарын хугацааны цалин болох 6 330 170 төгрөгийг гаргуулж, нийт хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн орон тоог Улсын их хурлаас байгуулдаг, манай Үндэсний зөвлөлийн ажлын албаны ажиллах дүрмийг Улсын их хурлын Нийгмийн бодлого соёл шинжлэх ухааны байнгын хорооноос баталдаг. Тухайн үед А.А-ыг анх н.Болормаа дарга нь ажилд авсан байдаг. Энэ үед 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаартай тогтоолоор баталсан бүтэц хүчин төгөлдөр үйлчилж байсан. Энэ тогтоолоор бол манай байгууллагад жолооч гэдэг орон тоо байгаагүй. Тухайн үед хууль бус шийдвэр гаргаж ажилд авсан байсан. А.А нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанаас гаргасан тодорхойлолтын дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2017 оны 12 дугаар сард шүүхийн шийдвэрийн дагуу олгогдох цалин, нийгмийн даатгалын шимтгэл бүрэн авсан бөгөөд тус албанд орон тоо байхгүй учир ажилд нь эргүүлэн томилоогүй юм. Улсын Их Хурлын Нийгмийн Бодлого, Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаар тогтоолоор тус ажлын албаны орон тоог 12 хүнтэй байхаар баталсан бөгөөд энд жолоочийн орон тоо батлагдаагүй байна. Мөн жолоочтой дүйцүүлэх ажил, албан тушаал ч байхгүй. Тус Ажлын албанд дарга, аудитор, шинжээч, хуулийн зөвлөх, хэвлэлийн төлөөлөгч, туслах ажилтан гэсэн бакалавраас дээш боловсролтой, мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан, төрийн албан хаагч нар ажиллах шаардлагатай бөгөөд туслах ажилтан нь архив, бичиг хэргийн чиглэлээр тусгай мэргэжил эзэмшсэн хүн ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод заасан. А.А-ыг тус ажлын албанд жолооч болон түүнтэй дүйцүүлэх ажилд тавих эрх зүйн боломжгүй байна. Иймд А.А-ыг бид ажилд томилоогүй, ажилд томилох боломжгүй учраас цалингийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ажилгүй хугацааны цалин нэхэмжилсэн Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлүүлэх боломж байсан. Нэхэмжлэгч 2017 оны 5 дугаар сарын 23-ны үеэс өөрийн эрх хууль ёсны эрх ашиг зөрчигдөж байсныгаа мэдэх байсан бөгөөд хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гомдол гаргах эрхээ алдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 6 330 170 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.А-т олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.А болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 116 250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүй, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс үүдэн хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүх “...Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 182/ШШ2017/00677 дугаар шийдвэрийн заалтыг биелүүлээгүй буюу шүүхэд хандсан 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар ажилтны эрх зөрчигдсөн хэвээр байсан тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй гэж үзнэ” гэх дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 тоот тушаалаар жолоочийн ажилд томилж, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/56 дугаар тушаалаар чөлөөлсөн байдаг. Ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэснээр түүнийг тус шүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00677 дугаар шийдвэрээр “жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, 1 783 957 төгрөг гаргуулж” шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчийг анх Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны жолоочийн ажилд томилж байх үед Монгол Улсын их хурлын нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2012 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 7 дугаар “дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоол хүчин төгөлдөр байсан бөгөөд уг тогтоолоор “...ажлын алба нь 10 орон тооцтой” байхаар тогтоогдсон болно. Тухайн тогтоолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албанд жолооч гэх ажил, албан тушаал буюу орон тоо байхгүй ба одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа Монгол Улсын их хурлын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооны 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 23 дугаар “Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл дүрэмд өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор батлагдсан “...ажлын алба нь 12 орон тооцтой байна” гэх орон тоонд ч жолооч гэх ажил, албан тушаал байхгүй. Гэтэл өмнө нь Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албан даргаар ажиллаж байсан Б.Б нь өөрийн найзын нөхөр гэх А.А-ыг жолоочийн ажилд томилж, өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлж, Улсын их хурлын байнгын хорооны тогтоолд тусгагдаагүй, орон тоог шинээр бий болгосон байдаг. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 182/ШШ2017/00677 дугаар шийдвэр гаргасан талаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан Б.Б нь ажлаа хүлээлгэн өгөхдөө дараагийн даргадаа хэлээгүй, мэдэгдээгүйгээс үүдэж бид мэдээгүй байсан ба Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлснээр ийм шийдвэр гарсан талаар олж мэдсэн. Улмаар нэхэмжлэгчийг манай байгууллагад хуулийн мэргэжилтнээр ажиллаж байсан н.Б хүлээн авч уулзан “...анхнаасаа байхгүй орон тоонд ажилд авсан байна. Одоо ч ийм ажлын байрны орон тоо байхгүй. Мөн дүйцүүлэх адил чанарын өөр ажил, албан тушаал ч байхгүй...” талаар хэлэхэд тэрбээр шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалингаа авч, ажилд орохгүй байх боломж бий гэдгээ амаар хэлсэн байдаг. Үүний дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 273 тоот “тус ажлын албанд жолоочоор ажиллаж байсан А.А-т Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 182/ШШ2017/00677 тоот “тус ажлын албанд жолоочоор ажиллаж байсан А.А-т Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс олгохоор шийдвэрлэсэн ажилгүй байсан цалин 1 783 957 төгрөгийг олгоогүй байна” гэх албан бичгийг түүнд гаргаж өгснөөр тэрбээр 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэрээр тогтоосон ажилгүй байсан хугацааны цалингаа өөрийн дансаар дамжуулан бүрэн авсан. Ийнхүү шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон гэж ойлгож байтал нэхэмжлэгч хэлэлцэж, тохиролцсоноосоо буцаж, шүүхэд ажилгүй байсан хугацааны цалин, олговроо гаргуулахаар хандсан байна.

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШЗ2018/01323 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн. Аливаа этгээд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасан хугацааны дотор шаардлага гаргаж, хуульд заасан хэлбэрээр эрхээ хамгаалуулах боломжтой. Энэ утгаараа хууль тогтоогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт ажилтан гомдлоо хэдий хугацааны дотор шүүхэд гаргах талаар зааж, 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож болох талаар хуульчилсан. Түүнчлэн, Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан үеэс үүсэх талаар зохицуулсан байна. Улсын дээд шүүхийн тайлбарт “... “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсан байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй” гэжээ. Нэхэмжлэгч ажлаас үндэслэлгүй халагдсанаа буюу өөрийн эрхээ зөрчигдсөнийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 182/ШШ2017/00677 дугаар шийдвэр гарснаар мэдсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлээ шүүхэд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор гаргах эрхтэй байсан. Гэтэл нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байдаг бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хугацаа хэтрүүлсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогддоггүй болно. Нэгэнт нэхэмжлэгч хуульд заасан боломжит хугацааны дотор шүүхэд мэдүүлэх, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй учир өмнө өгүүлсэнчлэн олговор шаардах эрхээ алдах юм. Нөгөөтэйгүүр, Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7 дахь хэсэгт зааснаар хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон нь хуулийг хэрэглэхгүй байх ... үндэслэл болохгүй болно. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд холбогдуулан 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх 10 сарын хугацааны цалин болох 6 330 170 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулахыг даалгахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн орон тоог Улсын их хурлаас тогтоодог, 2012 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 07 тоот тогтоолоор баталсан бүтэц хүчин төгөлдөр үйлчилж байсан ба манай байгууллагад жолоочийн орон тоо байгаагүй, хууль бус шийдвэр гаргаж ажилд авсан гэж маргажээ.

 

            Нэхэмжлэгч А.А нь хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны даргын 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн Б/34 тоот тушаалаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны жолоочоор ажиллаж байсан ба хариуцагч байгууллагын 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/56 тоот тушаалаар түүнийг үүрэгт ажлаас чөлөөлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.                                 /хх-31, 33 дугаар тал/

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 182/ШШ2017/00677 дугаар шийдвэрээр А.А-ыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 783 957 төгрөгийг хариуцагч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргуулан нэхэмжлэгч А.А-т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн ба уг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ.                                                                                                   /хх-4-6 дахь тал/

 

Уг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан ба хариуцагч байгууллага нэхэмжлэгчийг ажилд томилсон шийдвэр гаргаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажил эгүүлэн тогтоосон дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн тул тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцсэн байна. Иймд нэхэмжлэгч гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилох үүрэгтэй, уг үүргээ биелүүлээгүй бол түүнээс үүсэх эрх зүйн үр дагавар болох олговрыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацаа, ажилтны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрын хэмжээг зөв тодорхойлж 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 10 сарын хугацаанд 6 330 170 төгрөгийг хариуцагч нэхэмжлэгчид төлөх ёстой гэж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журамтай нийцсэн тул энэ талаар гаргасан  хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Мөн 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 182/ШШ2018/00614 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                          ШҮҮГЧИД                                         А.МӨНХЗУЛ

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ