Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/01628

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00626 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1157 дугаар магадлалтай,

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ю.Э, Ц.Рнарт холбогдох,

Гэрээний үүрэгт 37.163.056 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Ц.Рэнцэнхандын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Дэлгэрцогт, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ю.Э, Ц.Рнар 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр тус банктай 271 тоот орон сууцны зээлийн гэрээ, 271/01 тоот барьцааны гэрээ байгуулан 32.900.000 төгрөгийг орон сууц худалдан авах зориулалтаар сарын 1,3 хувийн хүүтэйгээр 180 сарын хугацаатай зээлж авсан. Орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгатын 12 дугаар байрны 6 тоот хаягт байрлах, 30 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалсан боловч зээлдэгч нар орон сууцны зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ байнга зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулах үүргээ биелүүлээгүйгээс үндсэн зээлийн үлдэгдэл 29.547.798,21 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 7.513.826,25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 71.931,13 төгрөг төлөх үүрэгтэй байна. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой нотариатчийн зардал 29.500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 393.049 төгрөг, нийт 37.556.104,59 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.        

Хариуцагч Ю.Эрхэмбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Хнаас жилийн 15,6 хувь, сарын 1,3 хувийн хүүтэй орон сууцны зээлийг 2011 онд авсан. Зээлийг цаг хугацаанд нь төлж байсан боловч 2012 оноос хойш улс төрийн сонгуулийн үр дагавраас болж бүтцийн өөрчлөлт нэрийн дор ажлаас удаа дараа халагдаж, бага цалинтай ажилд түр томилогдон ажиллаж ирсний улмаас зээлийн эргэн төлөлтөд хүндрэл гарч байна. Энэ хугацаанд бид банкнаас авсан зээлийн хүүг барагдуулж төлж дууссан. Одоо үндсэн зээлийн төлбөр үлдэж байгаа. Одоо зээлийн хугацаа дуусахад 9 жил үлдсэн байна. Энэ хугацаанд зээлийн гэрээг үргэлжлүүлж, банктай эвлэрэх шугамаар асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4-т заасан бусад холбогдох заалтыг тусган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ц.Рэнцэнханд шүүхэд гаргасан тайлбартаа: Хны нэхэмжлэлтэй орон сууцны зээлийн төлбөр нь Ю.Эрхэмбаатарын цалингаас төлдөг байсан. Ю.Эрхэмбаатар нь төрийн албанд ажиллаж байсан. Төрийн албанаас 2 удаа халагдаж зээлийн төлөлтөд хүндрэл учирсан. 2017 онд Ю.Эрхэмбаатар төрийн албанд буцаж орсон боловч анхан шатны төрийн албаны шатлалаар цалинжиж байсан учир зээлээ төлж чадалгүй өдий хүрсэн. Х нь биднийг дээд шүүхийн шийдвэрийг хүлээн аваагүй байхад дахин шүүхэд хандсан гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00626 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ю.Э, Ц.Рнараас 37.556.104.59 /гучин долоон сая таван зуун тавин зургаан мянга нэг зуун дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1  дэх хэсэгт зааснаар хариуцагч нар үүргээ сайн дураар гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000158080 дугаартай гэрчилгээтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2202003547 дугаарт бүртгэгдсэн, Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар дөчин мянгатын 12 дугаар байрны 06 тоотод байрлах, 30 м.кв талбай бүхий хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 451 931 төгрөгийг Төрийн санд үлдээж, хариуцагч Ю.Э, Ц.Рнараас улсын тэмдэгтийн хураамжид 413 965 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1157 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2018/00626 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “1 дэх заалтыг ... 453 дугаар зүйлийн 453.1 ... гэсний дараа , 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж, ... 37.556.104.59 /гучин долоон сая таван зуун тавин зургаан мянга нэг зуун дөрвөн төгрөг тавин есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай” гэснийг “37.163.056 төгрөгийг гаргуулан Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 393.049 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтын “...413.965 төгрөг...” гэснийг “343.765 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345.800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч Ц.Рэнцэнханд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-03-30-ны өдрийн 132/ШШ2018/00626 тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-05-16-ны өдрийн 1157 дугаар магадлалд гомдол гаргаж байна.

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Ц.Рэнцэнханд миний бие итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр А.Энхтүвшингээр дамжуулан оролцсон ба харин миний бие өөрийн нөхөр Ю.Эрхэмбаатрын төлөөлөгчөөр оролцсон. Ю.Эрхэмбаярыг Ц.Рэнцэнханд надад 2018-03-02-ны өдөр олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэлд итгэмжлэлийг дамжуулан олгох эрх тусгагдаагүй буюу олгогдоогүй. 2018-03-30-ны өдөр товлогдсон шүүхэд Ю.Эрхэмбаатрын төлөөлөгчийн хувиар шүүх хуралд заавал биечлэн оролцох, мөн өөрийн сонгосон өмгөөлөгчтэй өөрсдийн эрх ашгаа хамгаалуулах хүсэлтэй байгаагаа, хуралд биечлэн оролцож чадахгүй болсон хүндэтгэн үзэх шалтгаанаа тайлбарлан үүнийг нотлох баримтаа тухайн өдөр гаргах боломжгүй боловч өөрийн биеэр БНХАУ-аас ирсний дараагаар өгөх тухай хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн боловч шүүх уг хүсэлтийг хүлээж аваагүй. Төлөөлөгч А.Энхтүвшингийн хувьд зөвхөн иргэн Ц.Рэнцэнхандыг төлөөлөх эрхтэй ба Ю.Эрхэмбаатрыг төлөөлөх эрхгүй байсан бөгөөд байхад Ю.Эрхэмбаатар болон түүний төлөөлөгчийг хуралд оролцуулалгүйгээр тэгш эрхтэйгээр шударгаар мэтгэлцэх бололцоог хангалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хийж шийдвэрлэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтойгоор зөрчиж бидний эрх ашгийг хохироосон гэж үзэж байна. Бидний хувьд нэхэмжлэгчтэй байгуулсан зээлийн гэрээний үүргээ зохих хэмжээгээр гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлснээ хүлээн зөвшөөрдөг боловч зээл төлөх төлбөрийн чадвар тодорхой хугацаагаар муудсан байсан, энэ нь манай нөхрийн ажил эрхлэлтийн байдалтай шууд холбоотой болохоо нотолсон баримтыг хэрэгт өгсөн. Мөн уг асуудлаар Улсын дээд шүүхээс гэрээний үүргийн ялимгүй зөрчсөн талаар хууль зүйн дүгнэлт өгч уг шийдвэр нь хүчин төгөлдөр хэвээр байсан нь хэрэгт нотлох баримтаар байгаа.

Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018-03-30-ны өдрийн 182/ШШ2018/00626, тоот шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018-05-16-ны өдрийн 1157 дугаар магадлал нь иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Ю.Э, Ц.Рнараас зээлийн төлбөрт 37.133.555 төгрөг, нотариатын зардал 29.500 төгрөг нийт 37.163.056 төгрөг гаргуулж, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардахдаа зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан гэжээ. Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргасан.

Зохигчийн хооронд 2011 оны 8 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч Ю.Э, Ц.Рнар нь Хнаас 32.900.000 төгрөгийг 180 сарын хугацаагаар, жилийн 15.6 хувийн хүүтэйгээр зээлсэн ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат, 12 дугаар байрны 6 тоотын 2 өрөө орон сууцыг барьцаалжээ.

Талууд зээлийн гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2-т заасан шаардлагыг хангажээ. 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т зааснаар банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх үүрэгтэй ба зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцохоор Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дугаар зүйлийн 21.4-т заасан, нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн, энэ талаар маргаагүй байна.  

Харин зээлийг буцаан шаардах эрх үүссэн эсэх нь маргааны зүйл болжээ.

Хариуцагч нар зээлийн төлбөрийг тогтмол төлөх үүргээ биелүүлээгүй, банкны зүгээс үүргээ гүйцэтгэх талаар удаа дараа сануулж, хугацаа өгч байсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн төлбөр шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1-г зөрчөөгүй байна.

Өөрөөр хэлбэл, хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул гэрээнээс татгалзаж, үүргийн гүйцэтгэлийг шаарджээ.     

Анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, улсын тэмдэгтийн хураамжийг 2 дахин тооцжээ.

Дээрх алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөж, шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т нийцжээ.

Шүүх, хариуцагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт 2018 оны 2 дугаар сарын 23, 2018 оны 3 дугаар сарын 2-ний өдөр нэхэмжлэлийг гардуулан, эрх үүргийг тайлбарлан өгсөн, хариуцагчийн гаргасан хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.   

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт нэхэмжлэгч хуулийн этгээдийн оноосон нэрийг “Эксим капитал ББСБ” ХХК гэж буруу бичсэнийг дурдах шаардлагатай. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1157 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Ц.Рэнцэнхандын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 342.940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ