Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 291

 

 

 

 

 

 

 

 

 

 

А.Гд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Дагвадорж,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Гийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн А.Гд холбогдох 1703000010128 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

........... овогт ...........ийн ..........., 1996 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөг эцэгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...........  тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: .........../,

А.Гнь 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 20.20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруугийн гудамж, Баянбүрдийн урд замд “Тоёота Приус” загварын 26-91 УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Эрдэнэсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн Прокурорын газраас: А.Гийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч ............ овогт ............ийн ............ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ийг 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

А.Гнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ............ээс 2.638.371 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгмаад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгмаа нь цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Гдавж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие Чингэлтэй дүүргийн нутаг, 5 дугаар хороо Баянбүрдийн автобусны буудлын ойролцоо 26-91 УНӨ улсын дугаартай “Тоёота Приус 20” загварын автомашин жолоодож явахдаа зам тээврийн осол гаргасан. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Хохирол төлбөрийн хувьд зарим нь баримтгүй бөгөөд төлөх ёсгүй мөнгө, баримтгүй мөнгийг төлүүлсэнд гомдолтой байна. Хохирол төлбөрийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгмаа тус шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие нь шүүгдэгч А.Гийн буруутай үйлдлийн улмаас эрүүл мэнд сэтгэл санаагаараа хохирсон. Миний хүү 15 настай 10 дугаар ангийн сурагч Б.Эрдэнэсайханыг 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жилийн баярын өдөр нь Чингэлтэй дүүргийн нутаг Баянбүрдийн замд “Явган хүний гарц”-аар зам хөндлөн гарч явахад нь “Тоёота Приус” загварын автомашиныг жолоодож явсан А.Гнь мөргөж эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын хохирол учруулсан. А.Гнь осол гаргаснаас хойш нэг ч удаа уулзаагүй, нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй, биднээс уучлалт ч гуйгаагүй өнөөдрийг хүрсэн. Анхан шатны шүүх хурал дээр А.Гнь “Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, бусдад учруулсан хохиролоо төлж барагдуулна” гэж мэдүүлж байсан боловч шүүх хурлаас бидэнд рүү холбогдоогүй хохирол төлөх талаар ямар ч арга хэмжээ аваагүй болно. А.Гнь Жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан байгаа боловч уг даатгалаас мөнгөө авч өөрийнхөө жолоодож яваад миний хүүг мөргөхдөө эвдэлсэн автомашины эвдрэлээ засаж янзлуулсан байсан. Миний хүүг гарцаар гарч явахад нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж хурд хэтрүүлснээс хүүг маань мөргөж гэмтэл учруулчихаад 7 сар өнгөрч байхад нэг ч төгрөгийн хохирол төлж барагдуулаагүй мөртлөө хохирлын тооцоон дээр давж заалдах өргөдөл гаргасанд би туйлын гомдолтой байна. Давж заалдах гомдолдоо “Хохиролын хувьд зарим нь баримтгүй бөгөөд төлөх ёсгүй мөнгө, баримт мөнгийг төлүүлсэнд гомдолтой байна” гэжээ. Энэ хүн нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байж ямар мөнгө төлүүлсэнд гомдолтой байгааг ойлгохгүй байна. Хүү Эрдэнэсайхан маань бүжгийн спортоор тасралтгүй 8 жил хичээллэж байгаа “Моон Дансе” клубын шилдэг бүжигчин шагналтай хүүхэд маань одоо суга таягтай хүүгийн маань сэтгэлзүйд энэ гэмтэл бэртэл хүндээр нөлөөлж дахин бүжгийн спортоор хичээллэж чадах болов уу гэж гунигладаг, байнга бухимдаж уйлдаг болсонд эх хүний зүгээс маш их сэтгэл санааны зовиуртай болсон. Бидний хүүд учирсан гэмтэл цаг хугацааны асаргаа эмчилгээний явцад эдгэрэх учир хүүгээ эдгээхийн тулд хэрэгтэй эм тариа, эмнэлэг эмчилгээ, хоол тэжээл авч хүүгийнхээ хичээлийг тасалдуулахгүйн тулд аав нь хөдөө ажилладаг ажлаасаа гарч ирээд байнга хичээлд нь автомашинаараа зөөж хүргэх зэргээр бидэнд мөнгө төгрөг өчнөөн гарч байнга санхүүгийн бэрхшээл тулгарч байгаа боловч хүүгийнхээ төлөө ах дүү найз нөхөд хамт олноосоо мөнгө төгрөг гуйх зээлэх зэргээр эм тариаг нь тасалдуудалгүй, хичээл сурлагаас нь завсардуудахгүй болох чинээгээрээ л зүтгэж явж байхдаа А.Гийг шүүх хурал дээр гэм буруугаа ойлгон гэмшиж байна хохирлоо төлж барагдуулна гэсэн үгэндээ хүрээд нэг л өдөр шүүхээс оногдуулсан хохирлыг бариад хүрээд ирэх байх гэж өнөөдрийг хүртэл хүлээж байсан билээ. Гэтэл А.Гнь буруугаа ухаарч, хийсэн хэрэгтээ гэмших нь байтугай шүүхийн шийтгэх тогтоолтой давж заалдаад явж байгаад үнэхээр итгэж чадахгүй уучилж ч чадахгүй байна. А.Гийн буруутай үйлдлийн улмаас бидэнд учруулсан хохирлыг л нэхэмжилсэн, би арав, хорин сая төгрөг нэхээгүй, шүүхээс дөрөв таван сая төгрөг ч гаргуулах шийдвэр гараагүй, ердөө л 2.638.371 төгрөг байсан. Миний хүү 3 сард дахин наркозтой хагалгаанд орж хөлнийхөө хадаасыг авахуулах мэс засалд орно гэх мэтээр одоог хүртэл бүрэн эдгэрээгүй байгаа болно. Анхан шатны шүүхээс Гансэлэмээс гаргуулахаар заасан хохирлыг энэ хүнээс авахаа болье, давж заалдах шатны шүүх хуралд ч оролцохгүй, харин Гансэлэм нь гарц гармаараа зохих ёсоор гарч явсан хүүхдийг мөргөж гэмтэл учруулчихаад ганц ч төгрөгийн хохирол төлж барагдуулаагүй байж гэм буруугаа ухамсарлаж ойлгоогүй байгаа Гансэлэм нь дахиж хэдэн ч хүний амь нас эрүүл мэндээр нь хохироохгүй гэх баталгаа байхгүй байх тул энэ хүний ялын хүндрүүлж өгнө үү. Жич: Шүүгдэгч Гансэлэмийн миний хүүг мөргөхдөө жолоодож явсан 2691 УНӨ улсын дугаартай Тоёота Приус загварын автомашиныг “Торгууль.мн” сайтаас шүүж үзэхэд 2018 он гарсаар нийт 9 удаагийн зөрчил гаргасан байгаа болохыг анхааралдаа авна уу.” гэжээ.

Шүүгдэгч А.Гийн өмгөөлөгч Ж.Хандсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд А.Гд оногдуулсан ялыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Хохирлын хувьд шүүх 2.638.371 төгрөгийг тогтоосон. Үүнд шүүх ялгаж салгаж дүгнэлт хийгээгүй. Жишээ нь хүнсний баримт буюу мах, ногоо гэх мэд зүйл авсан баримтыг шууд хохиролд тооцсон. Мөн гэмтлийн эмнэлгийн эмч нарт өгсөн 240.000 төгрөг, ямар ч баримт байхгүй. 15 настай хохирогч Эрдэнэсайханы ээжийн нэхэмжилсэн 600.000 төгрөгийн цалин ямар ч баримт байхгүй. Суга таяг авсан гээд хоёр баримт байгаа ялгаж салгаагүй хоёр баримтыг шууд гаргасан. Барилгачдын сувилалд хэвтсэн гэдгийг судлахад худлаа баримт хийлгэсэн байсан. Ерөөсөө тийм хүүхэд хэвтээгүй гэж хэлсэн. Энэ мэтчилэн анхан шатны шүүх учир дутагдалтай баримтаар нотлогдоогүй хохирлыг тогтоосон гэж шүүгдэгч гомдол гаргаж байгаа юм. Хохирлыг өдий болтол яагаад төлөөгүй гэхлээр замын цагдаа дээрээс байхад нь эхлээд хохирогчийн өмгөөлөгч болон төлөөлөгч нарт нь хэлж байсан “хохирлоо аваач ээ...” гэж хэлж байсан. Тэгэхлээр хохирогчийн өмгөөлөгч болон хууль ёсны төлөөлөгч нь “үгүй шууд 2.500.000 төгрөг авна” гэж хэлээд өдий болтол хохирол төлөгдөөгүй. Мөн даатгалтай даатгалд материалыг нь өгсөн. Даатгалын зүгээс ийм хачин баримттай зүйлийн мөнгийг бид гаргахгүй зөвхөн эмчилгээний зардалтай холбоотой зүйлийг гаргана гэдэг тайлбарыг хэлсэн. Тэгэхлээр А.Гнь хохирлын баримтаар нь зөв тогтоож өгнө үү гэж гомдол гаргаж байгаа юм.” гэв.

Прокурор Ц.Дагвадорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “А.Гийн давж заалдах гомдолтой, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгмаагийн тус шүүхэд ирүүлсэн тайлбартай тус тус танилцлаа. Гэм буруугийн талаар маргаагүй байна. Гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байна. Мөрдөн байцаалтаар тогтоогдсон нийт хохирол 3.638.371 төгрөг байгаа юм. Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ 1.000.000 төгрөгийн хасаад бусад хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Тэгэхлээр анхан шатны шүүхээс А.Гд 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Прокурор 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Ял шийтгэл тохирсон гэж үзэж байна. Хохирлын хувьд сая өмгөөлөгч хэлсэн. Яллах дүгнэлтийн хэмжээнд үзэхэд хохирлуудыг гаргах нь зүйтэй юм байна. Өөрөөр хэлбэр 9 дүгээр сарын 1-ний өдөр гэмт хэрэг үйлдсэнээс хойш нийт 6 сарын хугацаа өнгөрч байгаа. Тэгэхлээр хохирол төлбөр төлөх тодорхой алхам хийх ёстой. Нэг ч хохирол төлөгдөөгүй байж давж заалдах шатны хуралд орж байгаа нь шүүгдэгчийн гэм буруугаа хэрхэн хүлээж байгааг тогтоож байгаа юм. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.Гнь 2017 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 20.20 цагийн үед Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, Их тойруугийн гудамж, Баянбүрдийн урд замд “Тоёота Приус” загварын 26-91УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Эрдэнэсайханыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

шүүгдэгч А.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2017 оны 9 дүгээр сарын 1-ний орой 20 цаг 30 минутын үед Сансараас Бөмбөгөр рүү ээж Алтанцэцэгийг авахаар ээжийн эзэмшлийн 26-91 УНӨ дугаартай автомашинтай ганцаараа явж байсан, тухайн үед Баянбүрдийн тойргийн гэрлэн дохио дээр зогсож байгаад, зөвшөөрсөн гэрлээр урагшаагаа эргээд 2 дугаар эгнээгээр явж байхад эсрэг урсгал түгжрэлтэй байсан, тэгтэл гэнэт эсрэг урсгалд зогсож байсан автомашины цаанаас зүүнээс баруун чигт явган хүний гарцаар нэг хүүхэд гүйгээд гараад ирэхэд нь чигналдаад, гэрлээ шилжүүлж дохиод, тоормосоо гишгээд, 1 дүгээр эгнээ рүү ортол нөгөө хүүхэд дагаад гүйсэн мөртлөө автобусны буудал руу хөндлөн гүйж байгаад автомашины урд хэсэгт мөргүүлээд газарт шидэгдэж унасан, би автомашинаа зогсоогоод, хүүхэд дээр гүйж очоод биеийн байдлыг нь асуусан, хөл нь өвдөөд байна гэж байсан, тэр хавьд явж байсан үл таних хүнийг гуйж байгаад түргэн дуудаад өгөөч гэж хэлэхэд, тэр хүнээр түргэн дуудуулсан бас тэнд явган явж байсан цагдааг гуйж байгаад түүний утсаар хүүхдийн ээж рүү би өөрөө залгаж хүүхдийг мөргөсөн талаараа хэлж, ээжийг нь дуудсан, удаагүй 103 автомашин ирсэн. Эмч хүүхдийн биеийн байдлыг үзээд эмнэлэг аваад явсан, удаагүй цагдаа нар хэргийн газарт ирж үзлэг хийсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 113-114 дүгээр хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Б.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Баянбүрдийн урд талын явган хүний гарцаар ганцаараа зүүнээс баруун тийш алхаад зам гарч байтал гэнэт автомашины гэрэл орж ирээд мөргөсөн. ...хурдтай орж ирээд л мөргөсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

гэрч Ц.Билгүүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 1-ний орой 20 цагийн үед Баянбүрдийн урд талын замын явган хүний гарцаар найз Гантулгын хамт ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ гарч байтал миний урд талд явган хүний гарцаар явж байсан эрэгтэй хүүхдийг саарал өнгийн “Тоёота Приус 20” загварын автомашин урд хэсгээрээ аягүй хүчтэй мөргөөд, хүүхэд хүчтэй мөргүүлээд газарт шидэгдээд унасан, автомашин нь явган хүний гарц өнгөрөөд л зогссон, хүүхэд урд талд нь унасан. ...Надад осол болохоос өмнө сигналдах, тоормослох чимээ сонсогдоогүй харин осол болж хүн мөргүүлсний дараа л автомашины тоормосны чимээ сонсогдсон. ...Тухайн үед орой болчихсон байсан боловч замын хажуугийн гэрэл асаалттай байсан, зам шулуун тэгш байсан, замын хөдөлгөөн бага сийрэг байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дугаар хуудас/,

гэрч Д.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 9 дүгээр сарын 1-ний орой 20 цагийн үед Баянбүрдийн урд талын зам хөндлөн гарцаар гарахаар алхаж явсан, миний урд талд найз Билгүүн явж байсан би түүний ард талд 3 метрийн зайд гар утсаараа яриад явж байтал хүчтэй дуу гарсан, хартал хүн мөргүүлээд аягүй хол шидэгдээд унаж байгаа харагдсан. Тухайн үед орой болчихсон байсан гэхдээ замын хажуугийн гэрэл асаалттай байсан, замын хөдөлгөөн бага сийрэг л байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Б.Эрдэнэсайханы биед баруун шаант, тахилзуур ясны хугарал, баруун чихний шарх, баруун, зүүн хацар, хамрын нуруу, баруун, зүүн алга, бүсэлхийнд зулгаралт, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 11219 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/,

Замын цагдаагийн албаны “...Тоёота Приус загварын 26-91 УНӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явсан А.Гнь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 13.1-т “Явган хүний зохицуулагддаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч 15 настай Б.Эрдэнэсайхан нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.” гэх 585 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд энэ хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой харьцуулан судалсны үндсэн дээр А.Гийн үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон ял шийтгэл оногдуулсан байх бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхдээ оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч А.Гийн гаргасан “Хохирол төлбөрт баримтгүй, төлөх ёсгүй мөнгө, төлүүлсэнд гомдолтой байна. Хохирол төлбөрийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү.” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь анхан шатны шүүхээс хохирол төлбөрийг тооцохдоо хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэлтэй зөв бодсон байх бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдож гарсан эмчилгээ хийж, асарч сувилсан зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг түүний хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн байдлаар 2.638.371 төгрөгийг гэм хор учруулсан шүүгдэгч А.Гээс гаргуулж шийдвэрлэсэн нь зөв байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “Өмгөөлөгчид төлөх зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарах” талаар тусгасан бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгмаагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн 1.000.000 төгрөгийг зардалд тооцон гэм буруутай шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-с 2.638.371 төгрөгийг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгмаад олгосугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-с 3.638.371 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Цэцэгмаад олгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч А.Г-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын       09-ний өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧИД                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                Ц. ОЧ