Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 12

 

 

       Д.Б, И.Л нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

       

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа,  Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                        Б.Батсайхан

            Яллагдагч нарын өмгөөлөгч                         Н.Энхжаргал, Г.Энхбаяр, Б.Алтанчимэг

            Нарийн бичгийн дарга                                  Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцлийг үндэслэн, Д.Б, И.Л нарт холбогдох 1712001980065 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Архангай аймагт төрсөн, ,,настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт И-ын Л 

 

Монгол Улсын иргэн, Архангай аймагт төрсөн,,, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, сурагч, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, Удам овогт Дын Б

 

Өсвөр насны яллагдагч И.Л, Д.Б нар нь 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, тоотод байрлах “Баруун булаг” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 311 000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Архангай аймгийн Прокурорын газраас И.Л, Д.Б нарт холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамжаар:

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгч И.Л, Д.Б нарт холбогдох хэрэгт 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө “Баруун булаг” дэлгүүрээс алдагдсан барааны хохирлыг нарийвчлан бүрэн тогтоож чадаагүй, хэрэг болсон газрын хөргөгчнөөс авсан хурууны хээнд болон хэргийн газарт байсан цусны толбо зэрэгт шинжилгээ хийгээгүй, яллагдагч нарын мэдүүлгийг хуулбарлаж үг, үсгийн зөрүүгүй бичсэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг нотолж чадаагүй нөхцөл байдал тогтоогдсон тул яллагдагч И.Л, Д.Б нарт холбогдох 1712001980065 тоот эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж дараах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. “Баруун булаг” дэлгүүрийн тооллогын болон орлого, зарлагын падаан зэрэгт үзлэг хийж, худалдагч, хохирогч нарыг байцааж, хулгайд алдагдсан эд зүйлийн хохирлыг нарийвчлан тогтоох. Яллагдагч нарын идэж, уусан гэх бэлэн гоймон, ус, чихэр зэрэг зүйлүүдийн талаар үнэлгээ гараагүй, хэдэн төгрөгийн, ямар, ямар эд зүйлийг буцаан авч, хэдэн төгрөгийн ямар, ямар эд зүйл дутагдаж олдоогүй зэргийг нарийвчлан шалгаагүй байгааг анхаарах

2. Тус дэлгүүрийн цонхны раманд үзлэг хийж, гараар татаж онгойлгох боломжтой байсан, яллагдагч И.Л, Д.Б нар нь яаж онгойлгосон болохыг тогтоох

3. Хэргийн газарт бугуйн цаг, цусны толбо байсан эсэхийг тодруулах, хэргийн газрын үзлэгийг хэрхэн, яаж хийсэн, тухайн үед дээрх зүйлүүд байсан эсэхийг хөндлөнгийн гэрчээр оролцсон хүмүүсийг байцаах болон бусад байдлаар шалгах

4. Хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан яллагдагч И.Л-гийн “Тэгээд хохирогчид тэр авч явсан архи, пиво, дарсаа хүлээлгэж өгсөн. Тэгээд үүнээс хойш 2 хоногийн дараа цагдаа нартай үлдсэн архи, пиво, дарсаа авч ирэх гээд очоод үзтэл нөгөө хайрцагтай архи, пиво, дарс алга болсон байсан, хэн авсан талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлгийг хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд авагдсан яллагдагч Д.Б-ийн мэдүүлэгт хуулбарлан тавьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг засуулах

5. Яллагдагч И.Л, Д.Б нарыг “Баруун булаг” дэлгүүрийн цонхыг хагалснаас хэдий хугацааны  дараа эд зүйл хулгайд алдагдаж, энэ хугацаанд буюу өмнө нь, дараа нь өөр хүн эд зүйл хулгайлах боломжтой байсан эсэхийг шалгах

6. Хэргийн газрын хөргөгчин дээрээс олдсон гарын хээнд шинжилгээ хийлгэх, эдгээр ажиллагааг хийсэнтэй холбогдон бусад ажиллагааг хийх зэрэг болно гээд яллагдагч Б овогт Иын Л, Удам овогт Дын Б нарт холбогдох 1712001980065 дугаартай эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газарт буцааж; хэргийг прокурорт очтол яллагдагч И.Л, Д.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж; захирамжийг хүлээн авснаас хойш прокурор эс зөвшөөрвөл ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор Б.Батсайханы бичсэн эсэргүүцэлд:

“Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 -оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай захирамжийг 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч ХЯНАВАЛ: Өсвөр насны яллагдагч И.Л, Д.Б нар нь 2017 оны 10     дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,тоотод байрлах “Баруун булаг” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 311.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тус прокурорын газраас И.Л, Д.Б нарт Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 35 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.

Шүүгч 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр яллагдагч И.Лгийн өмгөөлөгч Н.Энхжаргалаас гаргасан хүсэлтийн дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгийг зарлан явуулж, И.Л, Д.Б нарт холбогдох эрүүгийн 1712001980065 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж дараах ажиллагааг хийлгэх нь зүйтэй гэж дүгнэсэн. Үүнд:

1. “Баруун булаг” дэлгүүрийн тооллогын болон орлого, зарлагын падаан зэрэгт үзлэг хийж, худалдагч, хохирогч нарыг байцааж, хулгайд алдагдсан эд зүйлийн хохирлыг нарийвчлан тогтоох. Яллагдагч нарын идэж, уусан гэх бэлэн гоймон, ус, чихэр зэрэг зүйлүүдийн талаар үнэлгээ гараагүй, хэдэн төгрөгийн, ямар, ямар эд зүйлийг буцаан авч, хэдэн төгрөгийн ямар, ямар эд зүйл дутагдаж олдоогүй зэргийг нарийвчлан шалгаагүй байгааг анхаарах.

2. Тус дэлгүүрийн цонхны раманд үзлэг хийж, гараар татаж онгойлгох боломжтой байсан, яллагдагч И.Л, Д.Б нар нь яаж онгойлгосон болохыг тогтоох.

3. Хэргийн газарт бугуйн цаг, цусны толбо байсан эсэхийг тодруулах, хэргийн газрын үзлэгийг хэрхэн, яаж хийсэн, тухайн үед дээрх зүйлүүд байсан эсэхийг хөндлөнгийн гэрчээр оролцсон хүмүүсийг байцаах болон бусад байдлаар шалгах.

4. Хавтаст хэргийн 89 дүгээр талд авагдсан яллагдагч И.Л-гийн “Тэгээд хохирогчид тэр авч явсан архи, пиво, дарсаа хүлээлгэж өгсөн. Тэгээд үүнээс хойш 2 хоногийн дараа цагдаа нартай үлдсэн архи, пиво, дарсаа авч ирэх гээд очоод үзтэл нөгөө хайрцагтай архи, пиво, дарс алга болсон байсан, хэн авсан талаар мэдэхгүй” гэсэн мэдүүлгийг хавтаст хэргийн 92 дугаар хуудсанд авагдсан яллагдагч Д.Бат-Эрдэнийн мэдүүлэгт хуулбарлан тавьж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчлийг засуулах.

5

*

. Яллагдагч И.Л, Д.Б нарыг Баруун булаг дэлгүүрийн - цонхыг хагалснаас хэдий хугацааны дараа эд зүйл хулгайд алдагдаж, энэ хугацаанд буюу өмнө нь, дараа нь өөр хүн эд зүйл хулгайлах боломжтой байсан эсэхийг шалгах.

 

6. Хэргийн газрын хөргөгчин дээрээс олдсон гарын хээнд шинжилгээ хийлгэх, эдгээр ажиллагааг хийсэнтэй холбогдон бусад ажиллагааг хийх зэрэг болно гэжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай захирамжийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад 1-5 дахь заалтыг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Учир нь:

1. Хохирогч Б.Б нь “...Би Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,тоотод “Баруун булаг” нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг юм. 2017 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би эхнэрийн хамт айлын хуриманд яваад шөнө 01 цагийн үед гэртээ ирээд унтсан. Манай гэр дэлгүүрийн 2 давхарт байдаг. Бид 2 хуриманд яваад охин Хонгорзул гэрээ хараад үлдсэн. Тэгээд маргааш нь буюу 2017 оны 10 дугаар сарын 14-ний өглөө манай дэлгүүрт хулгай орсныг мэдсэн. Манай дэлгүүрийн цонхыг хагалж, ороод хулгай орсон байсан ...Манай дэлгүүрээс шоколад алга болсон байхаар нь би сургуулийн хүүхэд байж магадгүй гэж бодож байна...” гэж мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлгийн эх сурвалжийг тогтоох зорилгоор бараа татан авалт хийсэн барааны баримтуудыг хуулбарлан авч алдагдсан эд зүйлүүдийг байсныг тогтоосон. Хохирогч Б.Бадмаарагт эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр яллагдагч нар нь “Эдэн” нэртэй архи 1 ширхэг, “Боргио” нэртэй пиво 2,5 литрийн 2 ширхэг, дарс 1 ширхгийг тус тус хүлээлгэн өгсөн ба энэ талаар хохирогч, худалдагч нараас мэдүүлэг авах нь үндэслэлгүй юм.

2. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлд “Баруун булаг” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхны хамгаалалт төмрийг эвдэж сөхсөн байдалтай, цонх хагарсан байв” гэж тэмдэглэн үзлэгийг хийсэн байна. Яллагдагч Д.Б нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Тэгээд хоёулаа ярилцаж сууж байгаад цонхыг нь хагалсан дэлгүүрийнхээ цонхоор орж хулгай хийе гэж ярилцаж, тохироод бид хоёр 02-03 цагийн үед манай гэрээс гараад Баруун булаг дэлгүүрийн гадна очоод цонхны рамыг татахад рам нь салаад уначихсан, дотор талд нь хамгаалалт төмрийг 2-3 удаа татаад үзтэл төмөр хаалт нь онгойчихсон...” гэж /хх-54-55 хуудас/, яллагдагч И.Л нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Тэгээд хоёулаа ярьж байгаад нэгэнт хагалчихсан юм чинь дэлгүүрийн цонхоор ороод юм хулгайлъя гэж Б бид хоёр ярьж тохироод дэлгүүрийн цонхоор орж эд зүйлс хулгайлж аваад 1-48 дугаар байрны дээвэр дээр гаргаж нуусан...” гэж /хх-56-57 хуудас/ тус тус мэдүүлж цонхыг хагалж, хамгаалалт төмрийг гараар татаж эвдсэн нь тогтоогдсон бөгөөд уг үйлдлийг өөр байдлаар нотлох боломжгүй юм. Нөгөөтэйгүүр хэрэг умралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр дэлгүүрт нэвтэрсэн үйлдэл нотлогдсон ба цонх болон хамгаалалт төмөрт дахин үзлэг хийх нь ач холбогдолгүй бөгөөд учир нь одоо цонхны хамгаалалт төмрийг сэргээн засварласан байна.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн хэрэг учралын газарт уүзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Б, гэрч Р.Н, яллагдагч И.Л, Д.Б нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудад хэргийн газарт бугуйн цаг, цусны толбо - байсан талаар дурдагдаагүй нь уг асуудлыг шалгах үндэслэлгүй болохыг илтгэж байна. Хэрэг учралын газрын үзлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.3 дугаар зүйлд заасны дагуу явагдсан бөгөөд хөндлөнгийн гэрч нараас хийгдсэн ажиллагаатай холбоотой санал, хүсэлтийг гаргаагүй байна.

Яллагдагч И.Лгийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн газарт бугуйн цаг, цусны толбо байсныг тодруулах ажиллагаа хийснээр хэргийн ямар үйл явдлыг нотлох нь тодорхойгүй, цусны толбо нь цэвэрлэгдсэн байж болзошгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан нотлох баримтад үндэслэлгүйгээр таамаглаж шалгах боломжгүй юм.

4. Яллагдагч И.Л, Д.Б нараас мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлэг авах явцад тэд болсон нэг үйл явдлын талаар мэдүүлсэн бөгөөд өгүүлбэрийн төгсгөл хэсэг өөр, бусад ярьсан зүйлтэй нь холбогдуулан тавьсан тодруулах асуулт, хариулт өөр байхад мэдүүлгийг хуулбарласан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ямар заалтыг зөрчсөн нь тодорхойгүй байна.

5. Яллагдагч Д.Б нь “...2017 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 00 цагийн үед И.Л бид хоёр манай гэр буюу 1-48-ын гадна тоглож яваад бие, биелүүгээ чулуу шидэж тоглож байгаад Баруун булаг нэртэй хүнсний дэлгүүрийн гадна цонхыг хагалчихсан юм. Тэгээд бид хоёр дэлгүүрийг очиж харчихаад айгаад гэрлүүгээ буюу манай гэрт зугтаагаад орсон. Тэгээд хоёулаа ярилцаж сууж байгаад цонхыг нь хагалсан дэлгүүрийнхээ цонхоор орж хулгай хийе гэж ярилцаж тохироод бид хоёр 02-03 цагийн үед манай гэрээс гараад Баруун булаг дэлгүүрийн гадна очоод цонхны рамыг татахад рам нь салаад уначихсан, дотор талд нь хамгаалалт төмрийг 2-3 удаа татаад үзтэл төмөр хаалт нь онгойчихсон...” гэж, яллагдагч И.Л нь “...2017 оны 10 дугаар сарын 13-аас 14-нд шилжих шөнө 00 цагийн үед Д.Б бид 1 тамхи татах гээд Д.Б-ийн байрны гадна уулзсан юм. Тэгээд бид хоёр тамхи татчихаад Баруун булаг нэртэй дэлгүүрийн гадна очоод дутуу татсан тамхины иш түүж аваад тоглож байгаад би газраас чулуу аваад Б рүү шидсэн чинь дэлгүүрийн цонхыг хагалчихсан юм...” гэж цонх хагалсан цаг нь шөнийн 00 цагийн үед, дэлгүүрт нэвтэрч эд зүйл хулгайлан авсан цаг нь шөнийн 02-03 цагийн үед гэж тус тус гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг нарийвчлан мэдүүлсэн байна.

Хохирогч Б.Б, гэрч Р.Н нар нь айлын хуриманд яваад шөнийн 01 цагийн үед ирэхэд Баруун булаг дэлгүүр зүгээр байсан талаар мэдүүлсэн нь яллагдагч нарын мэдүүлгийг давхар нотолжээ. Уг асуудлыг хохирогч, яллагдагч нарын мэдүүлгээр бүрэн нотолсон байх тул тухайн дэлгүүрээс өөр хүн эд зүйл хулгайлах боломжгой эсэхийг шалгах шаардлагагүй юм. Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай захирамжийн 1-5 дахь заалтуудыг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т зааснаар прокурорын эсэргүүцэл бичив. Шүүх хуралдаанд прокурор оролцуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т заасны дагуу улсын яллагчийн эсэргүүцэлд дүгнэлт хийж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсайхан би Монгол Улсын 56 дугаар зүйл, Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-т заасныг тус тус удирдлага болгон Д.Б, И.Л нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Өсвөр насны яллагдагч Д.Б, И.Л нар нь 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,тоотод байрлах “Баруун булаг” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж, хууль бусаар, нууцаар нэвтрэн орж эд зүйл хулгайлан авч 311.000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Дээрх хэрэгт зарим зүйл, заалтыг тогтоох шаардлагатай, зарим зүйл заалтыг шалгах шаардлагагүй гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Н.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.

 

Яллагдагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Б, И.Л нарт холбогдох хэрэгт бичсэн прокурор Б.Батсайханы эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас өсвөр насны яллагдагч И.Л, Д.Б нарыг 2017 оны 10 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,,тоотод байрлах “Баруун булаг” нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж,  нэвтрэн орж, эд зүйл хулгайлан, 311 000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

 

Анхан шатны шүүх яллагдагч И.Л, Д.Б нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй болжээ.

 

Хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжид заасан ажиллагааг нэмж хийхгүйгээр, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр заасан 6 заалтын:

а/ 1 дэх заалтад заасан ажиллагааг шаардлагатай бол шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой,

б/ 2 дахь заалтад заасан ажиллагааг гүйцэтгэх боломжгүй /тус дэлгүүрийн цонхыг сэргээн зассан/,

в/ хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд хэргийн газарт бугуйн цаг, цусны толбо илэрсэн талаар тусгагдаагүй, мөн хохирогч энэ талаар мэдүүлээгүй учир захирамжийн 3 дахь заалтыг гүйцэтгэх шаардлагагүй,

г/ яллагдагч И.Лгийн мэдүүлэг /хх-ийн 89/ яллагдагч Д.Бат-эрдэнийн мэдүүлэг /хх-ийн 92/, үг, найруулга нь адил биш, хуулбарласан гэж үзэх аргагүй,

д/ яллагдагч И.Л, Д.Б нар Баруун булаг дэлгүүрийн цонхыг хагалсан, цонхыг эвдлэн орж эд зүйл хулгайлсан цаг хугацааг тодорхой, зөрүүгүй мэдүүлсэн тул өмнө нь болон дараа нь өөр хүн эд зүйл хулгайлсан эсэхийг шалгах шаардлагагүй,

е/ хэргийн газрын хөргөгчин дээрээс олдсон хээнд шинжилгээ хийлгэх нь тухайн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай биш тул эдгээр ажиллагааг нэмж гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаасан нь буруу гэж үзлээ.

 

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй байна.   

 

           Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 177 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хангасугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                      М.МӨНХДАВАА

                                                                       Н.ЭНХМАА