Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/01650

 

"Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00465 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1327 дугаар магадлалтай,

“Б” ХХК -ийн нэхэмжлэлтэй,

Ж.Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 81.918.995 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндоржийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч “Б” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ж.Ц- нь 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зээл, барьцааны гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхоны 1 дүгээр байрны 5 тоотын 129.17 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, 18 м.кв талбайтай №19 тоот гараашийг тус тус барьцаалан 40.000.000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 4.5 хувийн хүүтэй зээлсэн. Зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр дууссан. Зээлдэгчийн хүсэлтийн дагуу зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна.

Иймд зээлдэгч Ж.Ц-гээс үндсэн зээл 38.772.200 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх зээлийн хүү 38.936.135 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.210.660 төгрөг нийт 81.918.995 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.                                                  

Хариуцагч Ж.Ц- шүүхэд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-иас 40.000.000 төгрөгийг газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхээр зээлж авсан. 35.000.000 төгрөгөөр трактор, үрлэгч, хавагч авсан. 2015 оны 6, 7 дугаар сар тэр чигээрээ гантай байсан тул ургацаа 100 хувь алдсан. 2016 онд дахиад хүнээс мөнгө зээлж тариалалт хийсэн боловч бас гантай жил байгаад жаахан улаан буудай хурааж авсан. Уг улаан буудайнаас олсон бүх ашгаа Б ХХК-нд тушаасан. 2017 онд Б ХХК-аас зээлсэн мөнгө төлөх үүднээс тосны ургамал буюу арабус тарьсан, 7 дугаар сард хэт халалтын үеэр дөнгөж соёолж байсан ургамал маань хөрсөн доороо гандаж ямар ч тариа хурааж чадаагүй. Бид “Б” ХХК-аас 40 000 000 төгрөгийн зээл аваад 20 гаруй сая төгрөгийг төлсөн. Бидний хувьд үндсэн зээлийн төлбөрийг төлөхийг зөвшөөрч байгаа. Харин зээлийн гэрээнд заасны дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Зээлийн гэрээний хугацаа болон зээлийн гэрээг сунгасан хугацаагаар тооцож үзэхэд Ж.Ц- нь 29.200.000 төгрөгийн хүү төлөх ёстойгоос 16.800.000 төгрөгийг төлсөн. Иймд 50.511.392 төгрөгийн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрнө гэжээ.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00465 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Ц-гээс 70.511.392 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.407.603 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Ж.Ц-гийн өмчлөлд бүртгэлтэй, барьцаанд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхон, 1 дүгээр байрны 5 тоотын 129.17 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон 18 м.кв талбайтай №19 тоот гаражыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 796.267 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Ц-гээс улсын тэмдэгтийн хураамжид 510.506 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1327 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2018/00465 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “70.511.392” гэснийг “50.511.392” гэж, “11.407.603” гэснийг “31.407.603” гэж, 3 дахь заалтын “510.506” гэснийг “410.507” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн Давж Заалдах шатны шүүхийн №1327 тоот магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Зээлдэгч Ж.Ц-тэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр дууссан бөгөөд зээлдэгчийн хүсэлтийн дагуу тус ББСБ зээлийн гэрээг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл сунгасан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй байна гэх утга бүхий нэхэмжлэлийг гаргасан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл стандарт нөхцөл бүхий гэрээний 2.1.3, 2.4 дэх заалтаар зээлийн хүүгийн нөхцөлийг 2 өөр хэмжээгээр буюу үндсэн хүү 4.5 хувь, хөнгөлөлттэй зээлийн хүүг “3.5” хувь гэж тогтоосны улмаас хүүгийн хэмжээ тодорхой бус болжээ. Иймд талуудыг иргэн хуулийн 200 дугаар зүйлийг баримталсан гэж үзнэ” байгаа нь өөрөө үндэслэлгүй юм аа. Учир нь тус ББСБ нь анх хариуцагч Ж.Ц-тэй байгуулсан зээлийн гэрээний тус заалтыг баримтлахдаа зээлдэгчийн өөрийн хүсэл зоригийг үндэслэн бичгээр хүсэлтийг авсан байдаг ба тус хүсэлт, мөн зээлдэгчийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир дуудан уулзаж ямар шалтгааны улмаас зээлийн эргэн төлөлтөө хоцроосон талаар тодруулж, хугацаа олгож өгнө үү гэх хүсэлтийг авч байсан хүсэлтүүдээ хариуцагч нь өөрийгөө 4.5 хүүтэй зээлийг авч байгаа гэдгээ мэдэж байсан мөн зээлийн гэрээ байгуулах тодорхой хүсэл зоригийг илэрхийлж байсан болох тодорхой харагдах бөгөөд хугацаандаа графикийн дагуу төлсөн тохиолдолд 1 хувийн хөнгөлөлттэй гэдгээ мэддэг байсан. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд тодорхой зааж өгсөн учир гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тохиолдолд хөнгөлөлт эдлүүлэн хэмээн тус ББСБ-ын зүгээс бонус хэлбэрээр урамшуулал үзүүлж байгаа учир талуудын хоорондын байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлд заасан Стандарт нөхцөлтэй гэрээ биш байхад Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг стандарт гэрээ гэж үзэж байгаа нь өөрөө хуулийн буруу ашигласан гэж үзэх үндэслэл юм. энэхүү хуулийн заалтад заасан нөхцөлийг хангаагүй байгаа болно. Мөн зээлийн гэрээний хүүг 3.5 хувь гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд талууд гэрээнд заасан дагуу анх гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний хүүг 4.5 хувь хэмээн тодорхойлсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болох, анхан шатны шүүхийн шийдвэрээр тодорхой харагдаж байгаа учир Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 1327 тоот магадлалыг дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч Ж.Ц-гээс үндсэн зээл 38.772.200 төгрөг, хүү 38.936.135 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4.210.066 төгрөг нийт 81.918.995 төгрөг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн хангуулахаар шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлд зээлийн болон барьцааны гэрээг дурджээ. Хариуцагч нэхэмжлэлээс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчийн хооронд 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчээс 40.000.000 төгрөгийг 12 сарын хугацаагаар зээлэхдээ өөрийн өмчлөлийн Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, Жаргалан хотхоны 1 дүгээр байрны 5 тоот орон сууц, 19 тоот гаражийг барьцаалсан ба гэрээний хугацааг 2016 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүртэл сунгажээ /хэргийн 3-5, 15 дугаар тал/.

Зохигчид зээлийн болон уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээг бичгээр байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2., 156 дугаар зүйлийн 156.2.-т заасан шаардлагад нийцжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн гэрээний харилцаа, хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэсэн боловч хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг үндэслэл бүхий тогтоож чадаагүй байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д зааснаар банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 Мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болох бөгөөд зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээнд хүүгийн хэмжээг 2 янзаар тодруулбал, үндсэн хүү 4.5 хувь, хөнгөлөлттэй хүү 3.5 хувь гэж тодорхойлсон, нэхэмжлэгч үндсэн хүүг 4.5 хувиар тооцож нэхэмжилжээ /хэргийн 8, 96 дугаар тал/.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т “зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална” гэж заасан, Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар “Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам”-ыг баталжээ.

Дээрх журмаар банкны хүүгийн ойлголт, төрөл, үндсэн хүү, хүү бодох аргачлалыг тогтоосон, энэ нь Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.6-д “Хэм хэмжээ тогтоосон эрх зүйн актыг зөвхөн хуулийн хэм хэмжээг нөхөн зохицуулсан тохиолдолд хэрэглэнэ” гэж заасантай нийцжээ.

Журмын 1.3.5, 1.3.10-т “ердийн хүүг үндсэн дүнгээс ижил хэмжээгээр бодно” гэж, “үндсэн дүн гэдэг нь зээл , хадгаламж, бусад хөрөнгө оруулалтын хүү ороогүй дүнг” ойлгохоор тус тус заажээ.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зээлийн хүүг 2 өөрөөр тогтоосон нь хуульд нийцээгүй байна.

Гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэх ба стандарт нөхцлийн утга агуулга ойлгомжгүй бол хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1.-т заасан.

Зээлийн гэрээнд зээлийн хүүг 2 өөрөөр, мөн нэмэгдүүлсэн хүүг 4.5 хувийн 20 хувь байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т заасан үр дагаврыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл гэрээний 2.1.3, 2.4 дэх зохицуулалт Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дах хэсэгт нийцээгүй гэж үзнэ.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, “...нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй”, “...зээлийн хүүг 3.5 хувиар тооцох нь зүйтэй” гэж үзэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг буруутгах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 1327 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жамъяндоржийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 510.507 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.УНДРАХ

                        ШҮҮГЧ                                                Г.ЦАГААНЦООЖ