Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       Б.Б-д холбогдох эрүүгийн

   хэргийн тухай

       

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                                    М.Батзаяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                            В.Удвал

            Шүүгдэгч                                                                    Б.Б

            Нарийн бичгийн дарга                                               Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтанцэцэг даргалж шүүгч Э.Одхүү, шүүгч Ц.Дагиймаа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Г.Пын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Бд холбогдох 1712002440092 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, Архангай аймагт төрсөн, эрэгтэй, ,, настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Х овогт Б-ийн Б

 

Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 17-18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,,тоотод Г.Пыг “гэрт агсан тавилаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биеийн баруун тал буюу бөөрөн хэсэгт хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Б.Бд холбогдох хэргийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Х овогт Б-ийн Б-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож; Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж; Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг тус тус дурдаж; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал өнгийн, цус мэт зүйлээр бохирлогдсон подволк 1 ширхэг, хүрэн бор өнгийн иштэй хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж; Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж; Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Г.П-ын гаргасан давж заалдах гомдолд:

“Эрүүгийн 1712002440092 дугаартай хэргийн хохирогч Г.П-оос Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Эрдэнэбулган сумын иргэн Б-ийн Б гэгч 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой миний биеийн баруун тал буюу бөөрөн хэсэгт хутгаар хутгалж, эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан билээ.

Б.Б нь миний баруун бөөр рүү хутгалж, улмаар 12 хуруу гэдэсний 2/3 хэсэг гэмтэж, элэгний баруун дэлбэнгийн доод булан зүсэгдэж, хэвлийн гялтангийн ялгадас холилдож, олгой, элэгний өртөс, цөсөө авахуулж, тус тус гэмтлүүдэд оёо тавьж, элэгээ оёулж, удаа дараа хүнд хагалгаа хийлгэж, амь нас аврагдсан билээ. Энэхүү гэмтлээс болж хөдөлмөрлөх чадвараа алдаж , амьдрал хүндэрч эдийн засгаар 1 жил гаруй хугацаагаар хохирч, байнгын хүний асаргаанд орсон, байнгын өвчин намдаах эм, тариагаар эмчийн зөвлөснөөр амьдарч байна.

Ам бүл 4-үүлээ, 05-08 насны 2 хүүхэдтэй, эхнэр ажилгүй, намайг байнга асарч 2 хүүхдээ өсгөж байгаа, энэ айлын эдийн засаг, амьдралыг би эрүүл мэндээрээ хохироогүй байхдаа авч явж, өндөр настай эхээ хүртэл, ам бүлийнхээ бүх гишүүдийг тэжээн тэтгэж, авч явж байсан одоо амьдралаараа шүүгдэгч Б.Бы гуйлт, ээж, ах дүүгийнх нь “чамайг бид асарч байна, эмчилгээний зардалыг төлчихнө, цаашид гарах эмчилгээний мөнгө, төгрөгийг өгнө, чи гомдолгүй, хохирол төлбөргүй гэж хэлээд өгөөч, манай хүү Б.Быг л шүүхээс хөнгөн ял шийтгэлтэй гарахад туслаач, чамайг хохиролгүй байлгана, чи битгий нэхэмжлэл, гомдол гарга, чиний банкны зээл төлбөрийг хүртэл сар бүр төлнө ” гээд гуйж гувшаад хэлээд байхаар нь би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг дээрээ бичүүлсэн, хүнийг хүн шиг байх юм бодож хэлсэн, гэтэл сая банкны зээлийн сарын төлбөр гарчихлаа, хийгээд өгөөч гэхэд 3 жил 5 сарын хорих ял авсан, ялаа л эдлэнэ биз, одоо чамд юу ч өгөхгүй, чи юу олж долоодогийн, бид чамайг эмчилгээнд явуулах шаардлагагүй, шүүхээс төлбөргүй гээд шийдвэр гарчихсан юу олж долоодогийн гээд байгаа болохоор бид шүүхэд үнэн зөвөө хэлье гэж шийдээд гомдолоо гаргаж байна. Миний биеийн байдал одоогоор хүнд, хоол унд идэхэд хэцүү, элэг зүсэгдсэн шархтай, тодорхой хэмжээний гэмтэлтэй, гэмтлийн улмаас элэг үсэрхийлсэн, элэгний өртөс, олгой, цөс зүсэгдсэнээс элэгний өртөс, олгой, цөсөө авахуулсан, Архангай аймгийн мэс засалын тасагт болон Улаанбаатар хотын гэмтэл согогийн төвд бүтэн норгозтой 2 өдөр дараалан 2 удаа хагалгаанд орсон, одоо хагалгаа бүрэн эдгээгүй байнгын зовиур, өвчин шаналалтай өдөр хоногийг өнгөрөөж байна, дахин хагалгаа эмчилгээ хийнэ гэж эмч нар зөвлөсөн, норгозны хордлоготой, энэхүү хордлогоосоо болж тархины гэмтэл үүссэн ба юмыг их мартамхай болсон, уур уцаар ихтэй, зовиур шаналгаатай байнгын өвчин намдаах тариатай, туранхай эцэнхий төмрийн хутганы хордлого тайлагдахгүй байгаа ба Улаанбаатар хот руу явах эмчилгээний зардалгүйгээс, холбогдогч Б.Б түүний ар гэрийнхнээс амласан амлалтаараа эмчилгээний зардал, гэр бүлийн эдийн засагт нэмэр хандив гээд хэдэн төгрөг сэтгэлээрээ өгчих болов уу гэж харсаар, эцэст нь өнвөдрийг хүртэл хохирогчийн сэтгэл санааны болон эмчилгээний хохирол өгөхгүй хуураад яваад өдий хүрсэнд нь гомдолтой байна. Өөрөө дуртай газраа босч явж чадахгүй, тамир тэнхээ муутай баигаа болохоор гомдлоо ч гаргаж чадсангүй.  Эрүүл саруул бие бялдартай залуу хүн намайг даана ч бодохгүй байгаад нь гомдож байна. Эцэст нь гэдэс, элэг, цөсгүй болсон хохирогч би хохирсоор, өдөр хоногийн өнгөрөөхөд хэцүү байна. Цаашид эхнэр, 2 бага насны хүүхэд, миний бие амьдрахад хэцүү бодогдож байна шүү эрхэм шүүгч нараа. Шүүгдэгчийн талаас бүх л хохиролыг гаргаж сайн дураараа өөрсдөө нэхэмжлүүлэхгүйгээр өгчихнө, эрүүл мэндийг чинь цаашид эмчлүүлнэ, эхнэр 2 хүүхдийг чинь харж, эдийн засгаар дэмжинэ гэж амаараа хэлэлцэн тохирчихоод эцэст нь хэлсэн амандаа хүрэхгүй, хохирогч намайг босч явж чадахгүйг далимдуулан, даажигнаж доромжилж байгаад нь гомдолтой байна. Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирлоо төлсөн гэж өрөөсгөлөөр дүгнэж, шүүх хурлаас 30 өмнө манай ээжийг дуудаж, шүүх хуралтай гэхэд нь ээж хохирлоо төлөөгүй, бид гомдлоо гаргана гэж шүүхийн туслахад хэлэхэд та гомдол саналаа бичгээр өгөөгүй юм чинь одоо шүүх хурлаар орж, асуудал чинь шийдэгдэнэ гэж хэлээд шүүх хурал явагдсан байсан, бид хууль эрхийн мэдлэггүйгээс хохирсоор байна. Цаашид сэтгэл санаа болон эмчилгээний зардалд 15 000 000 сая төгрөг нэхэмжилнэ, намайг хагалгаанд орсон байхад ор хоногийн 76 400 төгрөг, шүүх эмнэлгийн дүгнэлтийн 33 000 төгрөг, 10 ширхэг пампирс зэргийг Б.Бы ах дүүгээс авч өгсөн байна лээ. Сүүлд нь ээж л надад хэлж байсан. Би энэхүү гэмтэл авахаасаа өмне найзтайгаа хамтраад Архангай аймаг Улаанбаатар хотын хооронд тээвэрт явдаг байсан ба сард 500 000-600 000 төгрөгийн орлоготой, өерийгөө болон ээж, эхнэр, хүүхдүүдээ тэжээн тэтгээд амьдралаа аваад явдаг байсан, банкнаас авсан өрхийн хэрэглээний зээлээ сар бүр төлөөд явдаг байсан. Гэтэл одоо сэтгэл санааны дарамттай, банкны зээл болон эм, тарианы мөнгө хүрэлцэхгүй, хөгшин ээжээрээ тэжээлгэж, тэтгүүлж, ээжийнхээ сэтгэлийг зовоож амьдарч байна. Иймд шүүгдэгч Б.Бд Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь ял хөнгөдсөн байна гэж үзэж тус тус давж заалдах гомдол гаргаж байна. /Давж заалдах шатны шүүх хуралд би оролцох боломжгүй, одоо УБ хот руу эмчилгээнд явах гэж байгаа, шүүх эмнэлгийн 502 тоот шинжээчийн дүгнэлтийн дараа УБ хотод дахин хагалгаанд орсон. Ээж Р.Булганыг миний хууль ёсны төлөөлөгчөөр тогтоон шүүх хуралд оролцуулж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:

“Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 17-18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын,,, тоотод Г.П-ыг гэрт агсан тавилаа гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биеийн баруун тал буюу бөөрөн хэсэгт хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Дээрх хэргийг Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Бд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Быг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн нь үндэслэлтэй байх тул Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

“Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянадаг. Гэхдээ шүүхэд шилжсэн хавтаст хэргийн хүрээнд хэрэг хянагдана. Хавтаст хэрэгт хохирогч талаас ямар нэгэн хохирол төлбөр нэхэмжилсэн баримтаа өгөөгүй байгаа. Б.Б өөрийнх нь хэргийг шүүх хэрхэн шийдвэрлэх талаар мэдэхгүй байсан учраас хохирогчтой хэрэг маргаан нь гайгүй шийдвэрлэгдчих юм бол хохирол төлбөрийг нь барагдуулна гэж ярьж байсан юм байна лээ. Гэхдээ хоригдчихсон учраас хохирол төлбөрөө төлж барагдуулж чадахгүй байгаа. Хохирогчийн давж заалдах гомдолд дурдсан тайлбаруудын зарим нь буруу, ташаа тайлбар байна. Энэ шүүх хуралдаан өмнө нь хэд хэдэн удаа хойшилж байсан. Гэхдээ хохирогчид тухай бүрт нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байдаг. Шүүх хуралдааны товыг хурал болохоос өмнө 30 миниутын өмнө мэдэгдсэн гэдэг нь худлаа, хурал хойшлох бүрт нь мэдэгдсэн байдаг. Мөн хохирогчийн босч явж чадахгүй байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байна. Б.Бы ар гэрийнхэн нөхцөл байдлыг мэдэж байгаа. Хохирогчийг босч явж чадахгүй байгаа гэсэн нотлох баримт байхгүй. Иймд анхан шатны шүүхээс гарсан шийтгэх тогтоол бодит үнэнд нийцсэн тогтоол гарсан. Өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийг нэг зүйлийг анхаарч хараарай гэж үзэж байгаа. Миний зүгээс Б.Быг сэтгэл санаа нь цочрон давчидсаны улмаас тухайн гэмт хэргийг үйлдсэн байж магадгүй нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Энэ хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл байгаа, эхнэрийг нь доголон, хазгар гээд хэл амаар доромжилсон юм байна лээ. Тухайн үед Б.Б зуухныхаа өмнө төмс арилгаад сууж байхад хохирогч эхнэрийг нь доромжлоод байхаар хутгалчихсан юм байна лээ. Гэхдээ Б.Б хохирогчийг хэрхэн яаж хутгалсанаа мэддэггүй байдаг. Энэ нь эхнэрийг нь доромжилсноос болж сэтгэл санаа нь цочрон давчидсан гэж үзэхээр байна. Хохирогчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хохирогч Г.Пын давж заалдах гомдол гаргасан ба давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч Г.Пын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

 Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаж үзвэл шүүгдэгч Б.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны орой 17-18 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ,, тоотод хохирогч Г.Пыг “гэрт агсан тавилаа” гэх хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний биеийн баруун тал буюу бөөрөн хэсэгт хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт ач холбогдолтой, хамаарал бүхий, хэргийн үйл баримтын талаар тогтоосон, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн, хохирогч Г.П /хх-ийн 16-19, 21-23/, гэрч Б.М /хх-ийн  27-29/, Г.Б /хх-ийн 32-35/, Б.Б /хх-ийн 42-44, 45-46/, Г.Б /хх-ийн 53-55/, С.Ч/хх-ийн 58-60/ нарын мэдүүлэг, Б.Бы гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн  мэдүүлэг, Архангай  аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 502 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70/, нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 24-26/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л үйл баримтыг бүрэн гүйцэд эргэлзээгүй байдлаар тогтоосон, анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн хэргийг шийдвэрлэсэн, хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчид оногдуулсан ял тохирсон байна.

 

Хохирогч Г.П давж заалдах гомдолдоо...Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хохирлоо төлсөн гэж өрөөсгөлөөр дүгнэж, шүүх хурлаас 30 минутын өмнө манай ээжийг дуудаж, шүүх хуралтай гэхэд нь ээж хохирлоо төлөөгүй, бид гомдлоо гаргана гэж шүүхийн туслахад хэлэхэд та гомдол саналаа бичгээр өгөөгүй юм чинь одоо шүүх хурлаар орж, асуудал чинь шийдэгдэнэ гэж хэлээд шүүх хурал явагдсан байсан, бид хууль эрхийн мэдлэггүйгээс хохирсоор байна. Цаашид сэтгэл санаа болон эмчилгээний зардалд 15 000 000 сая төгрөг нэхэмжилнэ... гэж байх боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан ...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би найз нартайгаа архи ууж байгаад биедээ гэмтэл авсан ч надад Булганд гомдол санал байхгүй. Булган гарсан бүх эмчилгээний зардлыг даасан учир нэхэмжлээд байх зүйлгүй...гэсэн түүний мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь зөв бөгөөд хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар шийдвэрлүүлэх боломжтой болно.

 

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч В.Удвал эхнэрийг нь хазгар доголон гэх мэт зүй зохисгүй үг хэллэг хэрэглэн доромжилсноос болж, Б.Бы санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчидсанаас болж, Г.Пыг хутгалсан байхыг үгүйсгэхгүй, энэ байдлыг харгалзан зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн байр суурьтай өмгөөлөл явуулж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлахад Б.Бы санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй, энэ талаар ч анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Пын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т тус тус заасныг удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Г.Пын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Бы 2018 оны 03 сарын 01-нээс 04 сарын 06-н хүртэл цагдан хоригдсон 36 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ДАВААСҮРЭН

ШҮҮГЧИД                                                 М.МӨНХДАВАА

                                                                  Н.ЭНХМАА