Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/01356

 

Г.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 143/ШШ2018/00020 дугаар шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр магадлалтай, 

Нэхэмжлэгч Г.Ц-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Т Б” ХХК-ийн Өмнөговь салбарт холбогдох,

Т Б-ны Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор 11 700 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Г.Ц-гийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.     

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Азжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Байгаль, нарийн бичгийн даргаар Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Ц миний бие Т Б-ны Өмнөговь салбарт 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 тоот тушаалаар Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчоор томилогдон хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Өмнөговь салбарын захирлын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Б/88 тоот тушаалаар салбарын ерөнхий нягтлан бодогчоор үндсэн ажилтнаар томилогдон хөдөлмөрийн нэмэлт гэрээг хугацаагүйгээр байгуулан ажилласан. Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2016 оны 12 дугаар сарын 13-ныг дуустал ажилласан. Гэтэл салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Бат-Эрдэнийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг үндэслэн үүрэгт ажлаас чөлөөлснийг хуулийн үндэслэлгүй гэж үзэж байна.

...2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 тоот тушаалыг хүчингүй болгон, Т Б-ны Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн томилж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Г.Ц миний бие Т Б-ны Өмнөговь салбараас ажлаас үндэслэлгүй халагдсан, ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн томилуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 2 957 142 төгрөгийг Т Бнаас гаргуулан нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 

Г.Ц нь Т Б-ны Өмнөговь салбарын Ерөнхий нягтлан бодогчийн албан тушаалд 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Т14-221 дугаартай хөдөлмөрийн гэрээ байгуулан туршилтаар ажиллаж байгаад 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Т14-303 дугаартай хөдөлмөрийн гэрээнд нэмэлт оруулах гэрээгээр үндсэн ажилтан болж ажилласан, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Салбарын захирлын Б/190 тоот тушаалаар ажил олгогчийн санаачлагаар Г.Ц-той байгуулсан дээрх гэрээнүүдийг цуцлан үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Г.Ц нь ажиллах хугацаандаа ...зөрчил гаргасан байна.

Мандал-Овоо тооцооны төвийн 3 ажилтны 2016 оны 5 дугаар сарын цалингаас суутгагдсан нийгмийн даатгалын шимтгэл болох 320,3 мянган төгрөгийг хуулийн хугацаанд нь зохих байгууллагын дансанд шилжүүлээгүй зөрчлийг нуун дарагдуулж 5 сар төлбөрийг саатуулсан нь 2016 оны 05, 06, 08, 09, 10 дугаар саруудын нийгмийн даатгалын тайлангаар баталгаажиж байгаа. Дээрх алдаа зөрчлүүдийг гаргаж, зарим зөрчил дээр арга хэмжээнүүд авагдаж байсан нь Г.Ц-гийн “Ажлын байрны тодорхойлолт” болон “Хөдөлмөрийн гэрээ”-гээр хүлээсэн үүргүүдээ биелүүлэлгүй, “Хөдөлмөрийн дотоод журам”, ажил олгогчтой байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-гээ удаа дараа ноцтой зөрчиж байсныг нотолж байна.

Иймд салбарын захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 тоот тушаал нь хууль журамд нийцсэн, үндэслэл бүхий шийдвэр мөн гэдгийг нотолж тайлбар, баримтыг хүргүүлж байна гэжээ.

Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 143/ШШ2018/00020 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь хэсэгт заасны дагуу “Т Б” ХХК-ийн Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож Г.Ц-г урьд эрхэлж байсан Өмнөговь салбарын ерөнхий нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Т Б ХХК-ийн Өмнөговь салбараас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 11 700 000 төгрөгийг гаргуулан Г.Ц-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Г.Ц-гийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 132 464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Г.Ц-гоос улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 69 686 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод, хариуцагч Т Б ХХК-ийн Өмнөговь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 272 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ц-д олгож шийдвэрлэжээ.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 11-ний өдрийн 143/ШШ2018/00020 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2, 46 дугаар зүйлийн 46.2 дахь зааснаар нэхэмжлэгч Г.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Г.Ц-гийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 132 464 төгрөгийг орон нутгийн төсөвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 202 150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

...Анхан шатны шүүхэд нотлох баримтын шаардлага ханган хариуцагч талаас гаргуулсан материалыг давж заалдах шатны шүүх зөв үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь заалтыг зөрчиж байна. Мөн салбарын захирал Ш.Мишигжаргал цохолт хийн уг 2,8 сая төгрөгийг  шилжүүлэх эрхийг  нэхэмжлэгч Г.Ц-д олгосны дагуу уг үйлдэл хийгдсэн болохыг шүүх тал бүрээс үнэлэн дүгнэлт хийгээгүй нь мөн хуулийг зөрчиж байна. ...Түүнчлэн ямар үндэслэлээр уг хэрэгт нотлох баримтаар авагдаагүй Хяналт шалгаптын газрын 16/A/162 тоот илтгэх хуудсанд хавсаргагдаагүй, зөвхөн бичигдсэн тайлбар гэгч зүйлийг нотолгоо болгосон нь хуулийн үндэслэлгүй юм. Т Б-ны Өмнөговь салбарын харъяа Номгон тооцооны төвд хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний их засварт тусгагдаагүй 2,9 сая төгрөгийг өргөтгөл хийхэд зарцуулсан гэсэн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс Г.Ц-гийн 2016.12.05-ны өдрийн 1732-т цахимаар илгээсэн тайлбар баримтыг нотлох баримт болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Энэ тайлбар нь нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаагүй, хариуцагчийн өөрсдийн комьютерээс хэвлэж өгсөн зүйл гэдгийг дурдах нь зүйтэй. Иймд давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу маргааны баримтанд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй зүйлийг баримтлан шийдвэрлэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Уг барилгын засварын ажлыг салбарын захирлын зөвлөлийн 56 тоот хурлын шийдвэр болон Т Б-ны гүйцэтгэх захирлын А/268 тоот тушаалаар олгогдсон эрхийн хүрээнд салбарын захирал Ш.Мишигжаргалын цохолтоор хийгдсэн нотлох баримтуудыг үнэлэн, хууль ёсны дагуу хийгдсэн гэж үзэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны хүчин төгөлдөр гэж үзэж байна.

...2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд дахин 21 удаа кассын лимит хэтрүүлсэн зөрчил гаргасан гэж Т Бнаас ерөнхий нягтлан бодогч Э.Наранзулын гарын үсэгтэй гарган өгсөн зүйл нь Хяналт шалгалтын газрын 16/A/162 тоот илтгэх хуудсаар тогтоогдсон зөрчил бишээс гадна Т Б-ны хяналт шалгалтын үйл ажиллагааны журам, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нотлох баримтын шаардлагыг хангахгүй баримт юм. Хяналт, шалгалтын 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/A/162 тоот илтгэх хуудаст “Нэгжийн кассын үлдэгдлийг удирдах, түүнд хяналт тавих журам”-ын дагуу нийт 35.5 сая төгрөгийн алдагдсан боломжийн зардал тооцогдох нөхцөл бүрдсэн гэж дүгнэсэн. Уг зөрчил нь ямар хугацаанд хамаарах, ямар баримтыг үндэслэн гаргасан, Банкны хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн талаар уг илтгэх хуудаст бичигдээгүй байна. Уг зөрчлүүдийг нотлох баримтууд бүхий хавсралтгүй, шалгагдагч Г.Ц хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Мөн салбарын захирлын зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдрийн 94 тоот хурал дээр 16/A/162 тоот илтгэх хуудсанд заагдсан зөрчлийн талаар хэлэлцэж баталгаажуулаагүй зэргээс харахад Т Б-ны Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/190 тоот тушаалыг хуулийн хүчин төгөлдөр бус үзэж байна.

...Иймд Г.Ц намайг Т Б-ны Өмнөговь салбарын захирлаар ажиллаж байсан Ш.Мишигжаргалтай адил 16/A/162 тоот илтгэх хуудсанд заагдсан адилхан зөрчлийг гаргасан үндэслэлээр ажлаас чөлеөлөгдсөн асуудлыг Өмнөговь аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэснийг хуулийн хүчин төгөлдөр бус нэхэмжлэгч миний эрх ашгийг илтэд хохироосон шийдвэр гэж үзэж байх тул Өмнөговь аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч “Т Б” ХХК-ийн Өмнөговь салбарт холбогдуулан ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч “Т Б” ХХК-ийн Өмнөговь салбар нь шаардлагыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн тушаал хууль зөрчөөгүй гэж нэхэмжлэлийг татгалзжээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл ажил олгогч “Т Б” ХХК-ийн Өмнөговь салбар нь захирлын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Б\190 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Г.Ц-той байгуулсан хөдөлмөрийн гэрээг захиргааны санаачилгаар цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д заасан зохицуулалтыг баримталсан байна. Тушаалын үндэслэлд банкны салбарын ерөнхий нягтлан бодогч Г.Ц нь хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан, ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ 2 ба түүнээс дээш удаа биелүүлээгүй, төсвийн зардлыг банкинд баримталдаг журмын дагуу зарцуулаагүй, бэлэн мөнгөний хангалт, нөөцийн зохистой хэмжээнд хяналт тавих үүргээ биелүүлээгүй зэрэг зөрчлийг тодорхой тусгажээ.

Ажил олгогчийн тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас гадна хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний заалтууд, салбарын захирлын зөвлөлийн шийдвэр зэргийг үндэслэл болгожээ.

Давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хэмжээнд хийсэн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 40.1.5.-д заасан зохицуулалтыг зохигчийн хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн тухайн маргаанд  зөв тайлбарлан хэрэглэжээ.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогч өөрийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй байна. Түүнчлэн, мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тохиолдолд ажил олгогч мөн хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4.-т заасан “ноцтой зөрчил” гэдэгт ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэхүй хамаардаг. Ажил олгогч болон ажилтан нь ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцож, гэрээндээ тусгадаг болно. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5.-д заасан “ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдэхүй” нь хууль, санхүүгийн болон хяналтын зэрэг эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байх учиртай. Нэхэмжлэгч Г.Ц-гийн гаргасан зөрчил, ажлын дутагдал нь банкны дотоодын хяналт шалгалтын илтгэх хуудас болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалын дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

“Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэдэгт ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр эд хөрөнгийг хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалтад хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих эрх бүхий санхүүгийн албан тушаалтан хамаардаг учир банкны салбарын захирал болон ерөнхий нягтлан бодогчийн гаргасан зөрчил, түүнд хүлээх хариуцлага адил байх учиртай гэх нэхэмжлэгчийн гомдлын үндэслэлийг хүлээн авах боломжгүй байна. 

Давж заалдах шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа Өмнөговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 143/ШЗ2018/00701 дүгээр захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

   ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН