Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 293

 

                                                          Б.А-ад холбогдох эрүүгийн

                                                                     хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

хохирогч М.Баттулга,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан,

нарийн бичгийн дарга Б.Нямдаваа нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюуны даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор Б.А-ад холбогдох эрүүгийн 1705011010263 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Өөлд овогт Б-ийн А-, 1972 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл судлаач мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Номин Холдингс” ХХК-д борлуулагч ажилтай байсан, ам бүл-5, нөхөр, хүүхдүүдийн хамт Налайх дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:/,

            Б.А- нь 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Баттулгаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2.992.000 төгрөгийг хувьдаа авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол дүүргийн Прокурорын газраас Б.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.А-ыг бусдыг хуурч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Б.А-аас 2.500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч М.Баттулгад олгож, Б.А-ад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл өмгөөлөгч миний хувьд Б.А-ад холбогдох эрүүгийн хэргийн материалтай танилцахад мөрдөгч, прокурорын зүгээс дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй байна гэж үзэж байна. Учир нь тус хэрэгтэй холбогдуулан Бат-Оюунаас байцаалт авч дараах зүйлсийг зайлшгүй тодруулах шаарлагатай байсан.

- Шүүгдэгч болон хохирогч нар нь Бат-Оюун гэх хүнээр дамжуулж танилцсан байдаг. Бат-Оюун нь шүүгдэгч Б.А-тай хамт ажиллаж байсан, харин хохирогч М.Баттулгын эгчийнх нь арван жилийн найз юм. Бат-Оюун анх Б.А-ад М.Баттулгын БНСУ-ын визний материал бүрдүүлж өгөхийг хүссэн. Үүнийг дагуу Б.А- зохих материалыг бүрдүүлсэн байдаг. Ийнхүү 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Б.А-, М.Баттулга нар 2.500.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Талууд ямар зорилгоор дээрх зээлийн гэрээг байгуулсан болохыг зайлшгүй тогтоох шаардлагатай байсан. Үүнийг тогтоосноор Б.А- нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх нь тогтоогдоно. Ямар зорилгоор тус гэрээг айгуулах болсныг Бат-Оюун нотлох боломжтой байсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнээс ямар ч байцаалт аваагүй хэргийг шийдвэрлэсэн байна.

- Хохирогч М.Баттулгаас 2017 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр авсан мэдүүлэгт “Тэгээд удалгүй А- гэх эмэгтэй залгаад 2017 оны 9 дүгээр сарын эхээр Бат-Оюун гэх хүнээр дамжуулж бэлнээр 800.000 төгрөг хэрэгтэй болоод байна бичиг баримт хөөцөлдөнө гэж хэлж байсан. Би түүнийг Бат-Оюунд өгөөд явуулсан. Бат-Оюун эгч А- гэх хүнд өгсөн байсан” гэжээ. /хх-ийн 14/ Энэхүү мэдүүлгээс үндэслэн Бат-Оюун нь ямар учраас 800.000 төгрөгийг М.Баттулгаас авсан, мөн уг мөнгийг Б.А-ад өгсөн эсэхийг тодруулах шаардлагатай байсан. Ингэснээр хохирлын хэр хэмжээ тодорхой болох юм. Гэрч энэ талаар хохирогчийн мэдүүлгээс өөр тодруулсан ямар ч ажиллагаа хийгдээгүй.

- Б.А-аас 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлд “Би Отгоо гэх эмэгтэйн дугаарыг Мягмарсүрэнгээс аваад Бат-Оюунтай уулзуулахад бичиг баримтаа аваад ирээ болноо гэж хэлээд бүх бичиг баримтаа шинэчлэх ёстой хугацаа нь дууссан гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 9/, уг мэдүүлэгт дурьдсан нөхцөл байдлыг гэрч нараас асууж тодруулах ёстой байсан. Үүнийг тодруулах нь шүүгдэгч Б.Арданхандын гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлэх учиртай байсан.

- Б.Арданхандын 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэгт “Би бичиг баримтыг нь бүрдүүлж өгөх гээд гэрээний мөнгө төгрөгтэй 240.000 төгрөг болохоор Бат-Оюунд хэлсэн. Тэгтэл Бат-Оюун заавал Мягмарсүрэнгийн данс руу хийнэ гэхээр нь би дансыг нь өгсөн. Данс руу нь хийсэн байсан Мягмарсүрэнгээс би харин бэлнээр уг мөнгийг авсан” гэжээ. Эндээс харахад Мягмарсүрэнгийн тус хэрэгтээ холбогдуулан өгсөн мэдүүлэг зөрүүтэй байх боломжтой бөгөөд дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх боломжгүй юм.

Мөрдөн шалгах ажиллагааны үед Бат-Оюуныг тус хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авахаар 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр /хх-ийн 35/, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр /хх-ийн 36/ тус тус дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр мэдүүлэг өгөх боломжгүй хэмээсэн ба энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1.2, 12.3.1-т заасан ажиллагаа хийгдэх ёстой байсан ч хийгээгүй нь мөрдөн шалгах ажиллагаа хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

2. Анхан шатны шүүхийн Б.А-ыг залилах гэмт хэрэгт гэм буруутай гэж үзэхдээ хохирогч М.Баттулга, гэрч Б.Одончимэг, Н.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн байна. Гэвч эдгээр нотлох баримтууд нь Б.А-ыг гэм буруутай болохыг бүрэн нотлож чадахгүй юм. Учир нь тухайн хэргийн бодит үнэнийг тогтоох зайлшгүй шаардлагатай нөхцөл байдлууд тогтоогдоогүй, чухал гэрчээс байцаалт аваагүй, гэрчүүд болон шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгээс тодруулах шаардлагатай зүйлсийг тодруулаагүй, хохирлын хэмжээг бүрэн тогтоогоогүй зэрэг мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийгдсэн, шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоолгүй шүүгдэгчид тухайн зүйл, заалтын хамгийн хүнд санкцийг хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн тогтоогоогүй байхад хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүхийн ажиллагаанд тодруулах шаардлагатай тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...800.000 төгрөгийн асуудлыг би мэдэхгүй. Мөрдөгч надаас нэг өдөр 3 өөр байдлаар мэдүүлэг авч гарын үсэг зуруулсан. Өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна...” гэв.

Хохирогч М.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...800.000 төгрөгийг Б.А- нь Бат-Оюунаар дамжуулан авснаа хүлээн зөвшөөрсөн. Миний бие өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Б.А- нь 2017 оны 9 дүгээр сард Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт М.Баттулгаас “БНСУ-ын виз гаргаж өгнө” хэмээн хуурч 2.500.000 төгрөгийг авч залилсан болох нь:

- хохирогч М.Баттулгын “...2017 оны 9 дүгээр сард Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотод БНСУ-ын виз хөөцөлдөхөөр ирсэн. Миний үеэл эгч Сумъяасүрэн найз Бат-Оюунтай холбогдоод “БНСУ-руу гаргаж өгдөг хүн байна уу” гэхэд “Манай ажлын А- гэх эмэгтэй БНСУ-ын виз гаргаж өгнө” гэж хэлсэн гэсэн. Тэгээд А- гэх эмэгтэйтэй анх уулзахад “Манай дүү Мягмарсүрэн БНСУ-ын элчин сайдын яаманд ажилладаг, бичиг баримт бөөгнүүлэх шаардлагатай байдаг юм” гэж хэлээд хөөцөлдүүлэхээр тохирсон. Удалгүй А- нь Бат-Оюунаар дамжуулж “Бичиг баримт хөөцөлдөхөд бэлнээр 800.000 төгрөг хэрэгтэй болоод байна” гэхээр нь Бат-Оюунд өгөөд явуулсан. Мөн А- нь надтай уулзаад 2.500.000 төгрөгийн зээлийн гэрээ хийж нотариатаар баталгаажуулж авсан. Тэгэхэд А- нь “Мягмарсүрэн гэж дүүдээ өгнө, тэгээд 7 хоногийн дараа виз бүтнэ” гэж хэлсэн. Ингээд удаа дараа залгахад утас нь холбогдохгүй, надтай уулзахгүй, “Элчингийн ажилчид нь дотроо солигдож байгаа, жаахан хүлээгдэж байна” гэх зэргээр янз бүрийн шалтгаан хэлсээр цаг хугацаа өнгөрөөсөн... 2017 оны 10 дугаар сарын эхээр А-тай уулзахад миний бичиг баримтыг огт хөөцөлдөөгүй, надаас авсан 2.992.000 төгрөгийг хувьдаа ашигласан байсан. Мөн БНСУ-ын элчин сайдын яаманд дүү нь ажиллагдаггүй гэдгийг нь мэдсэн. Түүнээс хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой байна...” /хх-ийн 14/,

- гэрч Н.Мягмарсүрэнгийн “...Би А-ыг БНСУ-ын виз гаргаж өгдөг талаар мэдэхгүй. Миний хувьд А-тай нийлж виз гаргах талаар огт явж үзээгүй. Сүүлд А- “БНСУ-ын виз гаргаад өгчих хүн байна уу” гэж асууж байсан...” /хх-ийн 17/,   

- гэрч Б.Отгончимэгийн “...А- нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны үеэр надаас “Та БНСУ руу виз гаргаж өгдөг юм уу” гэж асуугаад бүтэн 1 сарын өмнө хийгдсэн гэрээтэй, цагдаагийн тодорхойлолт зэрэг материалуудыг үзүүлсэн. Тэгэхээр нь би зуучийн газарт үзүүлнэ гэж 3 материал авсан. Тэгээд үзүүлээд “Лавлагаа шинэчлэх хэрэгтэй юм байна, урьдчилгаа мөнгө нь хаана байгаа юм” гэхэд А- мөнгийг нь идсэн байсан. Би тэр зүйлийг нь огт мэдэхгүй. Өмнө А- гэх хүнийг огт танихгүй, харьцаж ч байгаагүй. Миний ойлгосноор хүнээс мөнгө аваад өөртөө зарцуулсан байх...” /хх-ийн 19/,

- Б.А-ын шүүгдэгчээр өгсөн “...би Бат-Оюунаар дамжуулж Баттулгатай танилцсан. Тухайн үед мөнгө хэрэгтэй байсан тул Бат-Оюунд “Эгчдээ хэдэн төгрөг зээлүүлэх хүн олж өгөөч” гэж хэлэхэд тэр “Баттулгад мөнгө байгаа, түүнд таныг хэлээд өгье” гэсэн. Тэгээд Баттулгатай утсаар ярьсан байх. Би Баттулгатай орой нь уулзаад, маргааш өглөө нь зээлийн гэрээ байгуулж 2.500.000 төгрөгийг авсан. Тэр надад итгээд “Миний виз гарахаар мөнгийг буцааж өгөөрэй” гэсэн ойлголтоор мөнгөө зээлүүлсэн гэж бодож байна. Би түүнээс зээлсэн мөнгөө өөр хүнд өртэй байсан тул тэр хүнд өгсөн. Отгоо гэдэг хүний дүү нь БНСУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг гэхээр нь Баттулгын материалуудыг өгөх гэтэл “Элчин солигдож байгаа болохоор түр хүлээж байгаарай” гэж хэлсэн. Би энэ хугацаанд бичиг баримтыг хөөцөлдөж, хугацаа алдсан. 1 сарын дотор ажил бүтнэ гэж бодсон боловч бүтээгүй. Би энэ хүнээс мөнгө зээлсэн учраас буцааж төлнө...” /хх-ийн 74/ гэсэн мэдүүлгүүд,

- М.Баттулга болон Б.А- нарын хооронд байгуулсан 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ /хх-ийн 5/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судласан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон ба мөрдөн байцаалтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцсэн байна.

Иймээс шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн “...хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн...” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно.

Шүүгдэгч Б.А- нь хохирогч М.Баттулгаас мөнгийг нь авахдаа “...Манай дүү БНСУ-ын Элчин сайдын яаманд ажилладаг, холбогдох бичиг баримтыг чинь хөөцөлдье, БНСУ-ын виз гаргаж өгнө...” гэж хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжих үндэслэлгүй байх бөгөөд тэрээр хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө авч хэрэглэсэн байдал тогтоогдож байна.   

Дээрх байдлыг үндэслэн шүүгдэгч Б.А-ыг бусдыг хуурч, эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хуульд заасан хэмжээний дотор ял шийтгэл оногдуулсны гадна, хохирогч М.Баттулгад учирсан хохирлыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцож, шүүгдэгч Б.А-аас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А-ын өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ОЧ

                                 ШҮҮГЧИД                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Н.БАТСАЙХАН