Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 914

 

2017.4.12                                                                  №914

Ц.Нүрзэдийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/00431 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ц.Нүрзэдийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдох

 

Гэрээ цуцалж 52 700 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гүнжээ,

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Уянгасайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах оффис, үйлчилгээний зориулалттай барилгын В1 давхрын автомашины 9 тоот зогсоолыг худалдаж авахаар хөрөнгө оруулалтын гэрээг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Сандэй” ХХК-тай байгуулсан байдаг. Гэрээний 2.1-д зааснаар авто зогсоолын үнэ болох 29 000 ам долларыг 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулсан. Гэтэл гүйцэтгэгч тал тус гэрээний 3.1-д заасан В1 давхарт байрлах автомашины №9 тоот зогсоолыг 2013 оны 2 дугаар улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх, гэрээний 3.4-д заасан гүйцэтгэгч нь эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийг захиалагчид шилжүүлэх үүргийг тус тус хүлээсэн боловч өнөөдөр хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй хохироосоор байна. Захиалагчийн зүгээс гэрээний үүргээ биелүүлж, В1 давхарт байрлах автомашины 9 тоот зогсоолыг өөрийн өмчлөлд шилжүүлэн өгөхийг удаа дараа шаардсан боловч үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ бичиг баримтыг гаргаж өгөхгүй, өнөөдрийг хүртэл эзэмшиж ашиглаж чадахгүй эрх нь зөрчигдөж байна. Хариуцагч “Сандэй” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.1-д заасан В1 давхарт байрлах автомашины 9 тоот зогсоолыг 2013 оны 2-р улиралд багтаан захиалагч талд хүлээлгэн өгөх гэрээний үүргээ биелүүлэхгүй 3 жил 5 cap өнгөрсөн. Хариуцагчийн хууль болон гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө зөрчигдөн хохирч байгаа тул эрхээ хамгаалуулахаар өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч өмгөөллийн хөлс 500 000 төгрөг төлсөн.

Иймд талуудын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээг цуцалж, хариуцагчаас авто зогсоолын үнэ 52 200 000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500 000 төгрөг нийт 52 700 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Нүрзэд нь “Пийс Тауэр” ХХК-иас оффис үйлчилгээний талбай захиалан гэрээ байгуулсан байдаг. Тухайн үед “Сандэй” ХХК-ийн санхүүгийн ажилтан нар гэрээгээр хүлээсэн үүрэг болох алдангийг 50 хувиас хэтрүүлэн Ц.Нүрзэдэд төлсөн байдаг ба үүнтэй холбоотойгоор нэхэмжлэлд дурдсан В1 давхрын 9 тоот зогсоолын мөнгийг үйлчилгээний талбайнхаа алдангид суутгаад дээрх талбайнуудынхаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнүүдийг гаргуулж авсан байдаг.

Иймд нэхэмжлэгчийн шаардаж байгаа 52 700 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл нь огт үндэслэлгүй байх тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэжээ.

           

Шүүх: Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 204 дүгээр зүйлийн 204.1-д зааснаар хариуцагч Сандэй ХХК-иас 40 931 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Нүрзэдийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 421 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгч Ц.Нүрзэд нь 2012 оны 11 сарын 20-ны өдөр хариуцагч "Сандэй" ХХК-тай "Авто зогсоолын захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээ" байгуулж, гэрээ байгуулсан өдөр буюу 2012 оны 11 сарын 20-ны өдөр 29 000 ам.долларыг хариуцагч "Сандэй" ХХК-ийн ХААНБанк дахь 511413228 тоот дансанд бүрэн төлсөн. Гэрээний 3.1-д "... автозогсоолыг 2013 оны 2 дугаар улирал буюу 6 сарын 30-ны дотор багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй" гэж заасан, Улсын комисс 2013 оны 7 сарын 24-нд хүлээн авч акт үйлдэн ашиглалтад оруулсан нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх "...хариуцагч гэрээнд заасан хугацаанд зогсоолын барилгыг бүрэн барьж дуусгасан гэж үзэхээр байна" гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийг зөрчсөн.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 3.2-т “гүйцэтгэгч нь гэрээний 3.1-д: “...9 тоот автозогсоолыг иж бүрэн чанар сайтай барьж, 2013 оны 2 улиралд багтаан захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй гэж" заасан үүргээ зөрчсөн тохиолдолд захиалагчийн саналаар гэрээг цуцлах буюу гэрээнээс татгалзах үндэслэл бүхий саналыг бичгээр авч шийдвэрлэх"-ээр тохиролцсон байхад нэхэмжлэгчийг "...гэрээнээс татгалзаж байгаа тухай нөгөө талдаа албан ёсоор мэдэгдээгүй, гэрээнээс татгалзах эрхээ алдсан” гэж илтэд үндэслэлгүй хууль бус дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Гэтэл шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага хуулийн хүчин төгөлдөр гэрээгээр үүссэн тул түүний хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2-д хамаарах эсэхийг нягтлан шалгаагүй, 3 жилийн хугацаанд ямар ч хэл чимээгүй явсан мэтээр дүгнэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх тайлбарыг үгүйсгэсэн, татгалзсан ямар нэгэн нотлох баримтыг гаргаагүй, няцаагаагүй байхад шүүх зөвхөн нэхэмжлэгч буюу эрх зөрчигдөж хохирсон талыг үгүйсгэсэн байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрийг сонсгохдоо: “Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Нэхэмжлэгч гэрээний 3.2-д заасны дагуу гэрээнээс татгалзсан тухайгаа нөгөө талд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж үзсэн. Энэ хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж үзсэн" гэж сонсгосон атлаа шүүхийн шийдвэр бичмэл хэлбэрээр гарахдаа "хөөн хэлэлцэх хугацааг хамааралтайгаар бичиж гаргасан” нь сонсгосон байдалтай илтэд зөрүүтэй байсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн 52 700 000 төгрөг гаргуулах шаардлагаа 40 931 800 төгрөг болгосон нь 1 ам.долларыг 1 800 төгрөг гэж тооцсоноо залруулж нэхэмжлэлийн шаардлагаа 40 931 800 төгрөг гэж тодорхойлон нэхэмжилж байгаа мөнгөний дүн 40 931 800 төгрөг болсныг нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан мэтээр дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн мөн улсын тэмдэгтийн хураамжийг шүүхийн зардал гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгч чадаагүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Ц.Нүрзэд нь хариуцагч “Сандэй” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээ цуцалснаас учирсан хохирол 40 931 800  төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нэхэмжлэгчээс төлсөн мөнгийг өөр үүрэгт тооцож гэрээг дуусгавар болгосон, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

 Ц.Нүрзэд нь 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр “Сандэй” ХХК-тай 12/1120 дугаартай гэрээ байгуулж, гэрээгээр хариуцагч нь Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах  хуучнаар “Пийс тауэр” оффис, үйлчилгээний зориулалттай барилгын В1 давхрын 9 тоот автомашины зогсоолыг барьж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч үнэ төлөх үүргийг тус тус хүлээсэн, гэрээний дагуу нэхэмжлэгч 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 29 000 ам.долларыг хариуцагчид төлсөн талаар талууд маргаагүй.

 

Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн.

 

Шүүх гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар 3 жил байх тул 2012 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний үүргээ шаардах хугацааг 2013 оны 2 дугаар улирал буюу 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашины зогсоол нь хөдлөх эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн аль төрөлд орох талаар баримтгүй тохиолдолд хөдлөх эд хөрөнгө эсхүл үл хөдлөх эд хөрөнгийн гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэх боломжгүй байхад шүүх хөөн хэлэлцэх хугацааг 3 жилээр дүгнэсэн нь буруу болжээ.

 

Дээрх дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх замаар залруулан зөвтгөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШШ2017/00431 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

               2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 363 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

                         

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Э.ЗОЛЗАЯА

 

                                          ШҮҮГЧИД                          А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                     Б.НАРМАНДАХ