Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0451

 

“НҮ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагва-Очир

Нэхэмжлэгч “НҮ” ХХК

Хариуцагч: Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Х, Г.Г

Нэхэмжлэлийн шаардлага: “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч С.Х, Г.Г нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-20210000030 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З

Хариуцагч Г.Г, хариуцагч С.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 119/2022/0004/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “НҮ” ХХК нь Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Х, Г.Г нарт холбогдуулан “Орхон аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч С.Х, Г.Г нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-20210000030 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар шийдвэрээр: “...Татварын ерөнхий хууль /2020 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан НҮ ХХК-ийн гаргасан Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Х, Г.Г нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №НА-20210000030 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Л дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “...Татварын улсын байцаагчийн НА-20210000030 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 1-д "Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2018 онд 54,909,090.91 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлого 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг 5 дугаар зүйлд “Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч” 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна”: 5.2.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн" гэж заасныг дүгнэхдээ: Шийдвэрийн 9 дүгээр хуудасны 6 "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна." гэж заасан ба нэхэмжлэгч "НҮ” ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг 2008 он үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна." гэсэн нь маргаж байгаа зүйлээс хол, хамаарахгүй, үндэслэлгүй дүгнэлт болжээ. Учир нь бид 2008 онд НӨАТ суутгах үүрэг үүсээгүй гэж маргаагүй, харин татварын улсын байцаагч нарын 2018 оны 2 дугаар улиралын борлуулалтын орлого гэж үзсэн 54,909,090.91 төгрөгийн 47,280,000.00 төгрөг нь урьдчилж орсон орлого буюу "Залуу хонгорж" ХХК-тай 2018 оны 6 дугаар сард хийсэн 2018/19 дугаартай гэрээнд заагдсан барааны урьдчилгаа төлбөр бөгөөд манай компани гэрээнд заагдсан бараа материалыг 2018 оны 09 дүгээр сард нийлүүлсэн байдаг. Бид СТОУС-15-д /борлуулалтын орлого хүлээн зөвшөөрөхдөө гүйцэтгэлийн үүрэг хангагдсан эсэхийг шалгаж үздэг/ заасны дагуу 09 дүгээр сарын 15-нд борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрсөн. Манай борлуулалтын орлого энэ өдрөөр 96,369,000.00 төгрөгт хүрч, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан "нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр" үүсч байгаа тул энэ өдрөөс өмнөх борлуулалтын орлогод НӨАТ ногдуулах үндэслэлгүй байна гэж маргасан.

3.2. Шийдвэрийн 9 дүгээр хуудасны 6-д "Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д "Албан татвар суутган төлөгчийн борлуултанд албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ авсан өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүссэн учраас хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан заалттай нийцэхгүй байна гэж үзлээ” гэсэн нь нэр томьёоны тодорхойлолт, НӨАТ суутган төлөгч болох босго, бүртгүүлэх хугацаа зэрэг ерөнхий заалтыг баримтлан, татвар ногдуулж эхлэх хугацаа буюу хуулийн нарийвчилсан заалтыг баримтлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна." гэж заасны зөрчиж байна.

3.3. Татварын улсын байцаагчийн НА-20210000030 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 2-т "Нэмэгдсэн өртгийн албан татвараар "А" ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4081574327 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 61,818,181.82 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа үйлчилгээнд оруулан тайлагнаж, төсөвт төлөх албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд "14.5.Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй" гэснийг дүгнэхдээ: Шийдвэрийн 9 дүгээр хуудасны 7-д “Нэмэгдсэн өртгийн албан татвараар "А" ХХК нас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4081574327 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 61,818,181.12 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн төсөвт төлөх татвараа бууруулсан болох нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн "А" ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулгаар нотлогдож байна. Дээрх танилцуулгаар "А" ХХК-ийг 369 аж ахуйн нэгж 58,202,007,798.91 төгрөгийн 1948 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 5,820,200,798.91 төгрөгөөр бууруулж тайлагнасан байж болзошгүй байна гэжээ. Танилцуулгад дурьдсан 369 аж ахуйн нэгжийн жагсаалтын 140 дугаарт "НҮ" ХХК 61,818,181.12 төгрөгийн 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 6,181,818.18 төгрөгөөр бууруулж тайлагнасан байж болзошгүй." гэжээ. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй" гэж заажээ. Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохооргүй байна. Хариуцагч нарын тохирохгүй хуулийн заалтаар бусад этгээдийн хүлээх хариуцлагыг ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 5.1 "Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтлана: 5.1.3 "шударга байх", Захиргааны ерөнхий хуулийн 4.1 "Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ", 4.2 захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана: 4.2.1 "хуульд үндэслэх" гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй" гэж дүгнэжээ. Шүүгч энэ дүгнэлтийг гаргахдаа дараах алдааг гаргасан гэж үзэж байна.

3.3.1. "А" ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4081574327 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичилттэй өөрөөр хэлбэл хуурамч падаан гэж Татварын ерөнхйи газрын танилцуулгаар тогтоогдсон гэж үзсэн. Гэтэл хуурамч падаан үйлдэх нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйл "Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах" гэсэн гэмт хэрэг болох ба гэмт хэрэг үйлдсэн гэдгийг зөвхөн шүүхээр тогтоогдсон нөхцөлд буруутай гэж үзнэ.

3.3.2. Татварын ерөнхий газрын танилцуулгад "А" ХХК-ийг бусдаас худалдан авсан нэмэгдсэн өртгийн падаанаар төлөх татвараа бууруулсан байж магадгүй гэж дүгнэсэн болохоос борлуулалт нь хуурамч гэж дүгнээгүй. Энэ нь “А” ХХК-ийн борлуулалтын 4081574327 тоот падааныг хий бичилттэй гэж дүгнээгүй болох нь уг танилцуулга дээр тодорхой байдаг.

3.3.3. Манай компани 61,818,181.82 төгрөгийн бараа материал "А" ХХК-иас худалдан авсан ба худалдан авсныг нотлох НӨАТ-ын падаан, нэхэмжлэл, бүртгэл нь байсаар байтал Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй" гэж хуулийг буруу ойлгон хэрэглэсэн.

3.4. Татварын улсын байцаагчийн НА-20210000030 тоот Нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 3-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2019 онд "Хорвоо дэлхий уужим” ХХК-иас бараа худалдан авсан мэтээр хий бичүүлсэн падааныг ашиглан 481,072,727.27 төгрөгийн үндсэн баримтгүй зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулан татвар ногдох орлогоос хасч, төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлд. /Хасагдах зардалд тавигдах хязгаарлалт/ 15.1-д “Дараахь тохиолдолд зардлыг албан татвар ногдох орлогоос хасч тооцохгүй:” 15.1.2-т “албан татвар төлөгчийн баримтаар нотлогдоогүй зардал;” гэж заасан заалтыг зөрчсөн гэснийг дүгнэхдээ:

3.4.1. Шийдвэрийн 10 дугаар хуудасны 8-д Гэвч нэхэмжлэгч компани нь дээрх гэрээний дагуу олсон орлогоо эхлээд "Хорвоо дэлхий уужим" ХХК-иас бараа худалдан авсан мэтээр НӨАТ падаан хий бичүүлэн төлөх албан татвараас хасч тооцсон байснаа 2020 оны тайландаа залруулж буцаан тайлагнасан. Гэрээний дагуу Хятад улсаас бараа материал худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч бараа материал авснаа тайландаа тусгаагүй, зардал нь баримтаар нотлогдоогүй учраас татварын улсын байцаагч нар аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2019 онд 481,072,727.27 төгрөгийн үндсэн баримтгүй зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулан татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 заалтуудыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй” гэж дүгнэсэн нь алдаатай байна. Үүнд:

3.4.2. ААНОАТ-ын тайлангийн хасагдах зардал, НӨАТ-ын тайлангийн худалдан авалт 2-ыг адил мэтээр андуурсан байна. Бид худалдан авсан тоног төхөөрөмжийн зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулан 2019 онд 1,353,915,909.09 төгрөг тайлагнасан.

3.4.3. Э ТӨҮГ-т нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн нь бодит ба Энэ нь "НТ" ХХК-тай хийсэн гэрээ, БНХАУ-д төлсөн төлбөрийн баримт, санхүүгийн зардлын тайлан зэргээр нотлогдож байхад баримтгүй гэж үзсэн.

3.5. Шийдвэрийн 10 дугаар хуудасны 9 “Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 "анхан шатны баримт" гэж ажил гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог; 13 дугаар зүйлийн 13.1-д "Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно.", 14 дүгээр зүйлийн 14.5-д "Аж ахуйн нэгж байгууллагын аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас ул хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг энэ хуульд заасны дагуу хадгална." гэж заасныг "НҮ" ХХК зөрчсөн, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авах боломжтой байсан" гэсэн тайлбараар нэхэмжлэгч компани татварын хууль тогтоомжийг зөрчсөн нь нотлогдож байна гэж үзэх үндэслэлтэй” гэж дүгнэсэн.

3.5.1. Эдгээр үндэслэсэн хуулийн заалтууд нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой заалтууд гэж үзэхгүй байна. Бид баримт бүрэн үү, дутуу юу гэж маргаагүй зардал Үнэхээр бодитой гарч уу, үгүй юу гэдгийг тогтоогоод өгөөч гэж нэхэмжлэл гаргасан. Харамсалтай нь энэ ажиллагааг хийхийн оронд маргаанд ач холбогдолгүй хуулийн заалт хэрэглэн шийдвэрлэжээ.

3.5.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нөхөн ногдуулалтын актын Тэмдэглэх хэсгийн 3-д заасан асуудлаар биш, 1-т заасан НӨАТ төлөгчөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлээгүй асуудлаар Зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой байсан гэдэг тайлбарыг өгсөн.

3.6. Шийдвэрийн 11 дүгээр хуудаст "Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т "Татварын алба татварын хяналт шалгалтыг ... удирдамж томилолттой... хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ" гэсний дагуу эрсдэлд суурилсан шалгалтыг ерөнхий удирдамж, хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн нь нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхгүй, маргаан бүхий актыг утга агуулгын илэрхий алдаатай, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлаагүй гэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ." гэжээ.

3.7. Бид татварын улсын байцаагч нарыг шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлаагүй гэж үздэг.

3.7.1. 2018 онд дансаар орж ирсэн орлогын гүйлгээ бүрийг борлуулалтын орлого гэж үзсэн, борлуулалтын орлого гэж яагаад үзсэн дээрээ хуульд үндэслэсэн тайлбар өгдөггүй.

3.7.2. “А” ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4081574327 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичилттэй өөрөөр хэлбэл хуурамч падаан гэж үзсэн бол холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулаагүй, дагалдах орлого зарлагын падаан, нэхэмжлэхийг шалгаж үнэлээгүй.

3.7.3. Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 4.2.6 "татвар төлөгчийн хувийн хэрэг, тайлан, тодруулга мэдээлэл, судалгаа, үйл ажиллагааны талаарх холбогдох мэдээллүүдийг дотоод, гадаадын эх үүсвэрээс цуглуулж, дараах судалгаа шинжилгээг хийнэ. 4.2.6.1. татвар төлөгчийн эрхэлж буй ѳѳрийн болон салбарын үйл ажиллагааны ерөнхий мэдээлэл, эдийн засаг, зах зээлийн төлөв байдлын; 4.2.6.3. санхүү, татварын тайлан, хувьцаа, хөрөнгө оруулалтын мэдээлэлд шинжилгээ хийж, гол үзүүлэлтүүдийг салбарын үзүүлэлттэй харьцуулах; 4.3. Гүйцэтгэх үе шатанд татварын улсын байцаагч дараахь үйл ажиллагааг хэрэгжүүлнэ: хяналт шалгалтын явцад зөрчилтэй гэж үзсэн мэдээ, мэдээллийг татвар төлөгчөөс тодруулах, тооцоо нийлэх, баримтын тулгалт хийх, нэмэлт баримт бичиг, тооцоо судалгаа гаргуулах, шаардлагатай тохиолдолд гуравдагч этгээдээс баримт материал гаргуулан авч зөрчлийг нотлох, тогтоох ажиллагааг гүйцэтгэх; 4.3.9. Шаардлагатай тохиолдолд Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу холбогдох мэргэжлийн байгууллагаас лавлагаа тодруулга гаргуулах, шинжилгээ хийлгэх, мэргэжлийн туслалцаа авах зэргээр хамтран ажиллах;", Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 "Татвар төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж, нехен ногдуулалтын акт үйлдэнэ" гэсэн заалтуудыг хэрэгжүүлж ажиллаагүйгээс 2019 онд "НТ" ХХК-д сүлжээний тоног төхөөрөмж нийлүүлсэн ажлыг 49.6 хувийн ашигтай ажилласан байна гэж үзэн татвар, торгууль, алданги ногдуулжээ.

Иймд хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль буруу хэрэгжүүлсэн нь илт байгаа тул Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагч нараас нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Лхагва-Очирын давж заалдах гомдлын хүрээнд хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

3. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Үүнд:

3.1. Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Х,Г.Г-О нар нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн хүрээнд №2021501499 тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд хийж 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай №202100000340 тоот нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.3, 11.19.1. 2, Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн “НҮ” ХХК-д 59.780.000 төгрөгийн нөхөн татвар, 17.933.999.55 төгрөгийн торгууль, 11.182.036.37 төгрөгийн алданги, нийт 88.896.035.92 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт оногдуулсанд нэхэмжлэгч “НҮ” ХХК-иас эс зөвшөөрч тус актыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

3.2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг”, 5 дугаар зүйлд “Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч” гээд 5.2-т “үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна”, 5.2.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” гэж заасныг баримтлан хариуцагчаас шийтгэл оногдуулсан бөгөөд нэхэмжлэгч “НҮ” ХХК нь 2018 онд 54.909.090.91 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж тайлагнаагүй гэж үзжээ.

3.3. Учир нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна” гэж заасан бөгөөд хэдийгээр нэхэмжлэгчээс “Залуу хонгорж” ХХК-тай 2018 оны 06 дугаар сард байгуулсан 2018/9 дугаартай гэрээний урьдчилгаа төлбөр 47.280.000.00 төгрөг тус оны 02 дугаар сард орж ирсэн бөгөөд 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэрээнд заасан барааг нийлүүлсэн тул тухайн үеэс татвар суутгах үүрэг үүснэ гэж тайлбарлаж байна. Гэвч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д зааснаар нэгэнт нэхэмжлэгч “НҮ” ХХК нь “Залуу хонгорж” ХХК-тай харилцан тохирч гэрээний төлбөрт урьдчилгаа төлбөр авч өөрийн мэдэлд оруулсан үйлдэл нь үйл ажиллагаа явуулсан гэж үзэх ба 2 дугаар улиралын борлуулалтын орлогод хамаарна гэж үзсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

3.3. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татвараар харилцагч “А” ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 61.818.181.82 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр 4081574327 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд оруулан тайлагнаж, төсөвт төлөх албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасныг зөрчсөн байна.

3.4. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулгаар “А” ХХК-ийг 369 аж ахуйн нэгж 58.202.007.798.91 төгрөгийн 1948 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 5.820.200.798.91 төгрөгөөр бууруулж тайлагнасан байж болзошгүй байна гэжээ.

3.5. Тус тайлангийн 369 аж ахуйн нэгжийн жагсаалтын 140 дугаарт нэхэмжлэгч “НҮ” ХХК нь 2020 оны 4 сард нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 61.818.181.82 төгрөгийн 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 6.181.818.18 төгрөгөөр бууруулж тайлагнасан байж болзошгүй гэж мэдүүлсэн ба “А ХХК нь НҮ ХХК-д борлуулсан бараагаа борлуулалтын орлогоор тайлагнаагүй байсанч Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар албан татварыг хасаж тооцохгүй байх татвар төлөгчийн үүргээ нэхэмжлэгчээс зөрчсөн байх тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

3.6. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2019 онд “Хорвоо дэлхий уужим” ХХК-иас бараа худалдан авсан мэтээр хий бичүүлсэн падааныг ашиглан 481.072.727.27 төгрөгийн үндсэн баримтгүй зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулан татвар ногдох орлогоос хасч төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцож болно”, 15.1.2-т “эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл” гэх заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж, нөхөн ногдуулалтын актыг ногдуулжээ.

3.7. Нэхэмжлэгч “НҮ” ХХК нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “НТ” ХХК-тай “Э” ТӨҮГ-ын дотоод телефон сүлжээний HiPath4000 V4.0 станцууд, HiPath Trading V3.0 систем, Phantom recording server-ийн версийг дээшлүүлэх тендерийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх “Хамтран ажиллах гэрээ” байгуулсан бөгөөд үүнд “Х” ХХК-иас бараа худалдан авсан мэтээр НӨАТ падаан хий бичүүлэн төлөх албан татвараас хасч тооцсон байсан боловч 2020 оны тайландаа залруулж буцаан тайлагнасан. Гэтэл Бүгд Найрамдах Хятад Ард улсаас гэрээнд заасан бараа материал худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч бараа материал авснаа тайландаа тусгаагүй, худалдсан авсан нь нягтлан бодох анхан шатны баримтуудаар тогтоогдохгүй байх тул албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохгүй гэж үзсэн хариуцагчийг буруутгах боломжгүй.

3.8. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс гэрээний дагуу тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Хятад Ард улсаас оруулж ирсэн, манайд ажиллаж байсан нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас болж хасагдах зардал тооцохгүйгээр нийт орлогод татвар ногдуулсан нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байх боловч энэ талаар нотлох баримт байхгүй Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулий 14 дүгээр зүйлийн 14.5-д “Аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг энэ хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгална” гэж засан үүргээ хэрэгжүүлээгүй байх учир “Х” ХХК-иас 2019 онд 481.072.727.27 төгрөгийн бараа худалдан авсан баримтыг үнэлж шийдвэрлсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.

3.9. Ийнхүү хариуцагч Орхон аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Х, Г.Г-О нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-20210000030 дугаар Нөхөн ногдуулалтын акт Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчөөгүй буюу шаардлагатай нөхцөл байдлыг бүрэн тодруулсан, харин нэхэмжлэгчээс шаардлагатай баримтуудыг гаргаж өгөөгүй үйлдлээр хариуцагчийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл бүхий, нотлох баримтыг зөв үнэлсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “НҮ” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                                       Д.ОЮУМАА