Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 119/ШШ2022/0013

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч  Б.Болормаа даргалж, тус шүүхийн хуралдааны 107 дугаар танхимд нээлттэй хийсэн      шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Н” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.З

Хариуцагч: ОАТХ-ийн ТУБ С.Х, Г.Г

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б нарын хоорондын  “ОАТХ-ийн хяналт шалгалтын УБ С.Х, Г.Г нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-20210000030 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З, хариуцагч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Есүхэй нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Н” ХХК нь ОАТХ-ийн ТУБ С.Х, Г.Г нарт холбогдуулан “ОАТХ-ийн ТУБ-ийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-20210000030 дугаар Нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

 2. Нэхэмжлэгч “Н” ХХК 2011 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2011.............. тоот гэрчилгээ, 43............ тоот регистрийн дугаартай, “гадаад худалдаа зуучлал” гэсэн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлтэйгээс гадна хөдөө аж ахуйн фермер, программ хангамж, болон хэвлэн олшруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Хариуцагч захиргааны байгууллага тус компанийн 2017 оны 01 дүгээр сарын  01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд /эрсдэлд  суурилсан/-ийн дагуу татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 2021501499 тоот томилолтоор шалгалтыг хийж 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр маргаан бүхий НА-20210000030 дугаар актыг гаргажээ.

3. Нэхэмжлэгч нь маргаан бүхий актыг хүлээн авч Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 04 дүгээр маргаан таслах зөвлөлийн тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж, гомдлыг хангахаас татгалзсан хариу авчээ.

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4. Нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Нөхөн ногдуулалтын акт нь татвар төлөгчийн эрх ашиг, хууль, тогтоомжийн заалтуудыг дараахь байдлаар зөрчсөн байна.

1) Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” гэж заасныг зөрчсөн.

2) Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:”, 5.1.3 “шударга байх”, Захиргааны ербнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.2.1 дэх заалтуудыг зөрчсөн.

3) Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 -д заасныг зөрчсөн байна.

            Иймд ТУБ-ийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн НА-20210000030 тоот Нөхөн ногдуулалтын актаар тогтоосон нийт 88.896.035.92 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч “Н” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.З  шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “ОАТХ-ийн ТУБ нар 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 20210000030 дугаар нөхөн ногдуулалтын акт гаргасан. Энэ шалгалт нь үндсэн хууль, захиргааны ерөнхий хуульд заасан хуульд үндэслэсэн, зорилгод нийцсэн байх, шийдвэр нь үндэслэл бүхий байх, бусдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдол тэдгээрийн урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмуудыг зөрчсөн. УБ нар үүргээ хангалтгүй биелүүлж ажилласан учраас ийм байдалд хүрээд татвар төлөгч хохироод явж байгаа юм. Актын 1-р хэсэгт зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараар 2018 онд 54.909.090,91 төгрөгийг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж тайлагнаагүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8-д “нэмэгдсэн өртгийн албан татвар үүсэх, суутгах үүрэг үүссэн гэж энэ хуулийн 3-р зүйлд заасан үйл ажиллагааг эрхэлж орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны орлого борлуулалтын орлого 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн бол”  5-р зүйлд “албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч”, 5.2-т” борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч албан татвар ногдуулан суутган авч төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна.” гэсэн байгаа. 5.2.1-т “Монгол улсын нутаг дэвсгэрт бараа ажил үйлчилгээний борлуулалт хийсэн” гэж заасныг зөрчсөн гээд нөхөн татвар, алданги ногдуулсан байдаг.  ТУБ ямар алдаа гаргасан бэ гэхээр манай компанийн Хаан банкны 511............. тоот дансанд орж ирсэн гүйлгээ болгоныг орлого гэж үзсэн. Энэ орлогууд маань 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “З” компаниас 47.280.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 14-нд 6.839.000 төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 05-нд дотоод тооцооноос 18 сая төгрөг, 2018 оны 09 дүгээр сарын 14-нд Эрдэнэт үйлдвэрээс 42.250.000 төгрөг нийт 114.519.000 төгрөгийн дансны орлого орж ирсэн. Байцаагч нар юу гэж үзсэн бэ гэхээр 47.280.000 төгрөг дээр 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 6.839.000 төгрөг нэмээд 54 сая төгрөгийн борлуулалтын орлого олсон гээд НӨАТ ногдуулж суутгах ёстой гэж үзээд нөхөн татвар торгууль алданги ногдуулсан. Гэтэл 2018 оны 06 дугаар сарын 05-нд орж ирсэн 47.280.000 төгрөг маань “З” компанитай байгуулсан гэрээний дагуу бараа материал нийлэх байсан. Гэрээнд 120 хоногийн дотор бараа материал нийлүүлнэ гэж тохирсон байсан. Үүний дараа бараа материалаа нийлүүлсэн. 47.280.000 төгрөгийг хэзээ манай компанийн орлого гэж үзэх вэ гэхээр Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын 15-т борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөх 3 зүйл байдаг. Нэг нь борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрөхдөө гүйцэтгэлийн үүрэг хангагдсан эсэхийг шалгаж үздэг. Манайх үүргээ гүйцэтгэсэн нөхцөлд борлуулалтын орлого гэж үзнэ гэж зааж өгсөн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12-р зүйлд Албан татварыг дараах нөхцөлд орлогыг хүлээн зөвшөөрнө гэж заасан байгаа. 12.1.1-т бараа илгээсэн, эсвэл ачуулснаар борлуулалтын орлогыг хүлээн зөвшөөрнө гэж заасан. Бид нар 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөр борлуулалтын орлого орсон. 2018 оны 3-р улиралд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч болох 50 сая төгрөг ба түүнээс дээш гэсэн нөхцөлийг хангасан гэж үзэж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10-р зүйлд албан татвар ногдуулах хугацааг зааж өгсөн байгаа. Албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосноос тооцно гэж заасан байгаа. Тэгэхээр татварын албан хаагч нар хуулийн заалтыг мэдэхгүй байна уу, эсвэл мэдсээр байж татвар төлөгчийг ийм байдалд оруулах үйлдэл хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

Хоёрдугаар зүйлд манай компани “А” компанитай 61.818.181,82  сая төгрөгийн бараа материал нийлүүлэхээр гэрээ хийсэн. Нотлох баримт хэрэгт байгаа. ТБ нарын буруутгасан үндэслэл нь албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэх, НӨАТ падаан, бусад баримтад тусгагдаагүй бол албан татварт тооцохгүй гэж заасан байгаа. Энэ хуулийн зүйл заалтыг буруу хэрэглэсэн байна. НӨАТ-ын падаан байж байхад ТУБ нар хий бичилттэй хуурамч нотлох баримт гэж дүгнэсэн. Хуурамч гэдгийг УБ нар тогтоохгүй гэж үзэж байна. Энэ нь Эрүүгийн хуулийн 18.7-р зүйлд заасан гэмт хэрэг тул цагдаагийн байгууллага тогтооно. Үүнийг  тогтоосон зүйл байхгүй. Байцаагч нар Татварын ерөнхий газраас эрсдэлтэй гэж тооцоод падаан шивэх эрхийг хассан гэдэг. Гэтэл Татварын ерөнхий газраас ирсэн дүгнэлтэд “А” компани 2020, 2021 онд НӨАТ ногдохгүй борлуулалт тайлагнасан байгаа. Энэ борлуулалтыг дүгнэлтэд үндэслэлгүй гэсэн зүйл байхгүй байна. Падаан хуурамчаар хийсэн гэж дүгнэлт байхгүй харин “А” компани бусдаас худалдан авсан бараанд худалдаж авсан НӨАТ-н баримт асуудалтай байж магадгүй гэсэн дүгнэлт байдаг. Үүнээс харахад УБ нар ямар ч үндэслэлгүйгээр 61.818.181 төгрөгийн зөрчил гаргаж ирж татвар торгууль ногдуулсан. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24-р зүйлд заасан бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэсэн байгаа, энэ үүргээ биелүүлээгүй, ажлаа хийгээгүй.

Гуравдугаар зүйлд 2019 онд “Х” гэсэн компаниас 481 сая төгрөгийн баримтгүй зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулан тооцсон. Энэ нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15-р зүйлд заасны дагуу баримтаар нотлогдоогүй заалт гэж үзээд татвар, торгууль, алданги ногдуулсан. Энэ нь яагаад үндэслэлгүй вэ гэхээр “Х” гэдэг компани хий падаан бичдэг болох нь тогтоогдсон. Манай компанийн нягтлан бодогч хувийн сонирхлоор НӨАТ-ын падаан авсан байдаг. Үүнийг бид бүхэн залруулаад бид нар ийм хэмжээний татвар төлөх юм байна гээд тайлагнасан байгаа. Гэтэл УБ нар танайх баримтаа хуурамчаар бүрдүүлсэн байна гээд хоёр өөр хууль, хоёр өөр зориулалттай, худалдан авалт ялгаатай байхад яг адилхан нөгөө хуулийг хэрэглээд татвар, торгууль ногдуулсан байдаг. УБ нар хуульд заасан өөрсдийн үүргээ биелүүлээгүй. УБ нарт тухайн үед баримтаа гаргаж өгөөгүй гэдэг. Энэ үед хорио цээртэй байсан учраас Л захирал Улаанбаатар хотод байдаг бөгөөд байнга ирэх боломжгүй байсан учраас харьцаж чадаагүй байдаг. Энэ бол ТУБ нарын ажил үүргээ гүйцэтгэхгүй байх нөхцөл биш юм. Учир нь хэрэв татвар төлөгч баримтаа гаргаж өгөөгүй, санхүүгийн тайлан хөтлөгдөөгүй, тайлан гаргаагүй, ийм нөхцөлд Татварын алба хуулийн дагуу ажиллах эрхтэй. Татварын ерөнхий хуулийн 36-р зүйлд заасан татварын ногдлыг тодорхойлох боломжгүй байх гэсэн байдаг. Энэ зүйл заалтад 36.1-т татварын төлөгчийн татварын ногдлыг үнэн зөв тодорхойлох боломжгүй тохиолдолд татварын алба татвар төлөгчийн татварын ногдлыг жишиг үнийн аргаар тооцоолж нөхөн ногдуулалт үйлдэнэ гэж заасан байгаа. 36.2-т татварын алба дараах үндэслэлээр өөрт байгаа баримтаар жишиг үнийг тодорхойлно, 36.2.1-т татвар төлөгч хуульд заасны дагуу тайлан бүртгэл хөтлөөгүй, 36.2.2-т татвар төлөгч тайлан дутуу буюу буруу хөтөлсөн, 36.2.3-т заасныг баримтлан татварын улсын байцагч нар ажлаа дутуу шалгасан. Яагаад ажлаа хийгээгүй гэхээр бид нарт баримтууд байсан. Орлого гэдэг зүйл тэнгэрээс гараад ирдэггүй, зарлага, хөдөлмөр байж орлого бий болдог. Энэ бүгдийг ТУБ нар тооцож үзээгүй, шууд орж ирсэн орлогод татвар ногдуулсан байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24.4-т заасан үүргээ УБ нар биелүүлээгүй. Тухайн орлоготой холбоотой нөхцөл байдал нь 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Н”, “Н” гэсэн хоёр компанийн хооронд хийсэн гэрээ байгаа. Энэ гэрээнд тусгагдсан ажил нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас ЭҮХХК-19.......... дугаартай тендерээр “Н” ХХК Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дотоод телефон сүлжээний HiPath4000 V4.0 станцууд, HiPath Trading V3.0 систем, Phantom recording server-ийн версийг дээшлүүлэх  тендерийн ажлын тоног төхөөрөмжийг нийлүүлэх бусад ажлыг гүйцэтгэх ажил байдаг. Энэ нь хийсвэр орлого биш, үүнийг шалгаад үзэх боломжтой байсан. Байцаагч маань ийм ажил хийгээгүй. “Н” компани 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Н” компаниас 970.994.699 төгрөгийн орлого орж ирсэн. Энэ нь Бээжин Улаанбаатар явах хоёр хүний плетийн зардал 2.332.000 төгрөг, Сургалтанд сууж байгаа хүмүүсийн буудлын мөнгө 4.389.000 төгрөг, хоолны зардал 304.000 төгрөг, HiPath4000 гэсэн төхөөрөмж байгаа. Төхөөрөмжийн үнэ 664.000.000 төгрөг байгаа юм. Шилжүүлсэн мөнгөний баримтыг өгсөн байгаа. УБ нар үнэлээгүй, зардлыг харахгүйгээр татвар ногдуулсан. Захиргааны ерөнхий хуулийн 24.4-т зааснаар үүргээ биелүүлээгүй татвар төлөгчийг хохироосон. Захиргааны акт утга агуулга алдаатай хуульд үндэслээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү” гэв.

            6. Хариуцагч ТУБ Г.Г шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Н” ХХК нь 2018 оны нийт дансны хуулгуудыг бүгдийг нь тооцсон. “З” ХХК-ийн 6 орлого 9 сард бараагаа нийлүүлж баталгаажсан гэж байгаа. Санхүүгийн тайланг 01 дүгээр сарын 01-нээс 12 дугаар сарын 31-ний хоорондох орлогуудыг шинжлэн үзээд НӨАТ төлөгч болсон байж 50 саяас дээш төгрөгт илүү гарсан орлогод НӨАТ буюу татвар ногдуулаагүй байна гэсэн үндэслэлээр акт тавьсан. 5 сард гарсан үүргийг 9 сард бараагаа нийлүүлсэн, манайх хугацаандаа нийлүүлээгүй, хугацааг хойш сунгаж нийлүүлсэн, орлогоо бараагаа нийлүүлсэн үеэр нийлүүлэх ёстой гэж яриад байгаа нь санхүүгийнхээ жилд бараа нийлүүлэгдээд орхисон учраас орлого хойшлуулаад байх үндэслэл байхгүй. Санхүүгийнхээ жилд багтаж байгаа учраас 2018 оны орлого юм гэж үзээд хуулийн дагуу 50 саяас дээш гарсан орлогод акт тавьсан. “А” компанийн орлогыг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэл нь байгаа гээд байгаа нь  “И” баримтны падааныг үндэслээд гүйлгээгээ хийгээд худалдан авалтаасаа хасаж татвар ногдох орлогыг бууруулсан байгаа. Ямар нэгэн орлого орлоо гэдэг нь нэг талдаа борлуулалт хийж нөгөө тал нь хүлээн зөвшөөрч худалдан авалт хийж явах ёстой байхад “А” компани орлогыг тайлагнаагүй байсан. Тийм учраас орлогын тайлан болон худалдан авалтын падаануудыг үндэслээд орлогыг тайлагнаагүй байсан учраас Татварын ерөнхий газарт ямар учиртай тайлагнаагүй талаар тодруулахад  падаанаа бичээд түүнийгээ тайлагнахгүй байгаа нь эрсдэлтэй байгаа, цахимд хандах эрхийг хаасан, хууль дүрэм журмын дагуу орлогоо хүлээн зөвшөөрсөн байж зардлаа хүлээн зөвшөөрнө гэсэн үндэслэлээр хий бичилттэй падаан гэсэн. Түүнээс биш нэхэмжлэл байгаагүй, баримт байгаагүй гэж хэлээгүй. Тэр баримтуудыг үндэслэж тайлангаа гаргасан байсан,  “А” компаниас авсан падаан хий бичигдэж “Н” компанийн НӨАТ-ын худалдан авалтаас хасагдахгүй падаан байна гэж үзэж шинжилж үнэлж акт бичсэн. Бид нар орлогын талаар огт яриагүй, орлого нь шалгаад зөв байсан. Татварын ерөнхий газраас НӨАТ-ын баримт эрсдэлтэй бол буцаа гэсэн бичиг ирдэг тэрний дагуу “Х” компаниас бичүүлсэн падаанд хязгаарлалт хийж буцаасан байсан. НӨАТ-н баримтаас хасаад тэрнийгээ үндэслэж борлуулалтын бүтээгдэхүүнээ нөхдөг юм уу зардалд шингээж өгдөг. НӨАТ-ын хувьд хасаад аж ахуйн нэгжийн хувьд өртөг зардлаар хассан байгаа учраас НӨАТ-аа буцаагаад аж ахуй нэгж дээрээ буцаалт хийгээгүй байгаа. Баримт материал нягтлаагүй гэж байгаа нь Хятад улсаас ирсэн гэрээ байгаад байсан. Тэр барааг Хятад улсаас авсан бол манай Гааль дээр мэдүүлээд НӨАТ-ын татвар төлсөн байх ёстой байдаг. Тийм учраас Гааль дээр мэдүүлсэн зүйл байхгүй байна, Хятад улсаас орж ирсэн гэсэн үндэслэл болохгүй юм байна гэж үзээд авч хэлэлцээгүй. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүх баримтыг үндэслэж гаргадаг. Хууль зөрчсөн зүйл байхгүй бүх баримтаар нотлогдож байгаа. Орлого тухайн жилд багтаж байгаа учраас хүлээн зөвшөөрөх ёстой. “Н” компани эднийх 112 сая төгрөгийг хүлээн зөвшөөрөөд аж ахуй нэгжийн орлогын албан татварыг тайлагнасан байгаа. Энэ нь 112 сая төгрөгийг тайлагнасны дараа бүртгүүлсэн байгаа. “Н” ХХК орлогоо хүлээн зөвшөөрдөг. Бид нар өөрсдийнх нь авч ирсэн баримтыг үндэслэж хяналт шалгалт хийж тайлан гаргадаг. Хуулинд баримтаар нотлогдсон зардлыг хүлээн зөвшөөрнө гэж заасан учраас зардал нь баримтаар нотлогдохгүй байна гэж үзээд акт тавьсан. Орлого орж ирлээ гэхэд зардлаа баримтаар нотлох ёстой байдаг” гэв.

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ““Н” ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч гомдол гаргахдаа актын агуулга, хэлбэр, хуульд заасан шаардлагыг хангасан, хангаагүй байдалд онцгой анхаарах ёстой гэж байна. Тус шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудад ач холбогдол өгөөгүй судлаагүй асуудал харагдаж байгаа. Итгэмжлэгдсэн төлөөлөгч “Н” компаний талаас хүлээх үүргийг эвтэйхэн байдлаар яриад байна. Жишээлбэл захирал маань хол байсан, хорио цээртэй байсан гэж байна. Хэрвээ та хуулийн дагуу нотолсон бол энэ нь ТУБ-ийн актаар “Н” компанийн эрх ашгийг захирал Л онцгой зөрчөөд байгаа юм. Техник технологи хөгжсөн өнөө үед  нотлох баримтаа явуулж болох бүхий л боломж байсан. Хяналт шалгалтын явцад томилолтын хугацаа сунгагдсан байдаг. Актыг тал бүрээс нь үнэлж дүгнэх хэрэгтэй, гэтэл ТУБ харсангүй гэж амаар хялбар аргаар хэлчихлээ. Манайх ирж болохгүй, та нар авч болох байсан гэж байна. Орхон аймагт жишээ нь 4000 гаруй аж ахуй нэгж байгаа. Орлого зарлага олохтой холбоотой үүнд хариуцлага хүлээх асуудалд УБ нар судлахгүй. Хүлээн зөвшөөрөгдөх зардлыг жишиг үнээр тооцох нь та нар Бээжин яваад хоолонд ороод амарч байрласан байна гэдэг нь татвар төлөгчийн үүрэг, энэ баримтууд санхүүгийн баримтад байхгүй. Нотлох баримтын шаардлага хангасан баримт байвал хасаад явдаг. Итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоод ийм баримт байхад яагаад шаардахгүй байна гэсэн бол ярилцлагын тэмдэглэл хөтлөгдөөд явагдах ёстой. Хэрвээ орлого орсон бол зардал гарсан гэдгийг нягтлан бодогч нар бүгд мэднэ. Татварын алба хууль хэрэгжүүлэх байгууллага, харин баримт байгаад үл тоон акт тавьсан байвал захиргааны хуулиа зөрчсөн асуудал юм. Хяналт шалгалт явах процесс ажиллагаанд байхгүй байсан баримтаа шүүхэд нотлох баримтын шаардлага хангахгүй баримтын хүрээнд яриад байгаа нь хариуцагчийн зүгээс үндэслэл муутай. УБ нар падааныг хуурамч гэж дүгнэх эрх бүхий хүмүүс биш. Энэ бичилт эрсдэлтэй байна гэдэгт суурилсан хяналт шалгалт явсан. Энэ асуудал үүссэн гэдгийг Цагдаагийн газраас тодорхойлсны үндсэн дээр Ерөнхий газарт ханддаг. Ерөнхий газар ийм эрсдэлд орсон уу гэдгийг шалган шийдвэрлэ гэдэг чиглэл ирсэн. Татварын Ерөнхий газраас ирсэн дүгнэлтэд эрсдэлтэй гэж ирсэн байгаа. Монголд татварын хууль тогтоомжийг араас нь хөөцөлдөж бүрдүүлдэг асуудал гараад байгаа юм. Бүх санхүүгийн баримтаа хадгалсан байх ёстой. Санхүүгийн эмх цэгцгүй байдлаас болоод Татварын ерөнхий хуулийн 79-р зүйлд заасан үйлдэх баримтын жагсаалт гэж байгаа. Энэ байцаагч нар бол үйлдэж болох эрх хэмжээний хүрээнд актыг үйлдсэн байгаа. 1, 2, 3-р зүйлд ямар хуулийн заалтыг үндэслээд танай байгууллагыг зөрчилтэй гэж үзсэн бэ гэдгийг харгалзсан. Хятадын гэрээнд Монгол, Англи орчуулгатай, орчуулгыг үнэн эсэх гэдгийг баталгаажуулах товчооноос аваагүй. Бараа авсан гэдэгт ерөөсөө маргахгүй. Гэтэл хууль тогтоомж зөрчсөн. Гаалиар аваад ороод ирсэн гэдгээ бүртгүүлж гаалийн татвар төлөөгүй  байгаагаас зардалд тооцох баримт бичиг байхгүй гэж үзсэн ТУБ-ийг үүргээ биелүүлсэнгүй гэдэг талаасаа татвар төлөгчийн үүрэг хаачсан юм бэ гэдэг асуудал яриулмаар байна. Зардлыг хүлээн зөвшөөрч байгаа ганц боломж бол “И” баримт юм. Үүнийг санхүү болон хуулийн аргаар акт тавьсан орлогын албан татвар НӨАТ-н 11.5-р тавьсан нь буруу гэж компани үздэг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 15.1.1 дэх заалтыг үндэслэсэн нь буруу гэж үздэг энэ хуулийг тайлбарлах эрх бүхий субъект биш гэхдээ энэ итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаад байгаа байдал нь яригдахаас өөр аргагүй. УБ-ийн нөхөн ногдуулалтын акт татварын системээр баталгаажсан байдаг. Энэ маань захиргааны хууль зөрчсөн байдал тогтоогдохгүй. Харин байцаагчийг ингэж тооцох ёстой байхад ингэж тооцсонгүй гэсэн асуудал яригдсан бол зөв юм болов уу гэж үзсэн. УБ-ийн акт захиргааны хууль зөрчөөгүй гэж үзэж байгаа. Хэрэглэвэл зохих хуулиа хэрэглэж зөрчил илрүүлсэн. Нөхөн ногдуулалтын акт үндэслэлтэй. Энэ асуудлаар маргаан таслах зөвлөлд хандсан байдаг. Үүнд тодорхой чиг үүргийн байгууллагуудын төлөөлөгч нар ороод судлан шийдвэрлэсэн. Шүүх дээр тогтоолын тухай ярихгүй, тал бүрээс нь харсан гэдгийг хэлэх нь зүйтэй. Нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн тус шүүхэд  гаргасан нэхэмжлэлийг үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр “ТУБ-ийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №НА20210000030 дугаар нөхөн ногдуулалтын актыг хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1) ТУБ нар манай ХААН банкны 511........... тоот дансны орлого талын гүйлгээ бүрийг борлуулалтын орлого гэж дүгнэн алдаа гаргажээ. 2018 оны 2 дугаар улирлын борлуулалтын орлого гэж үзсэн 54.909.090.91 төгрөгийн 47.280.000.00 төгрөг нь урьдчилж орсон орлого буюу “З” ХХК-тай 2018 оны 06 дугаар сард хийсэн 2018/9 дугаартай гэрээнд заагдсан барааны урьдчилгаа төлбөр бөгөөд манай компани гэрээнд заагдсан бараа материалыг 2018 оны 09 дүгээр сард нийлүүлсэн байдаг. Бид СТОУС-15-д /борлуулалтын орлого хүлээн зөвшөөрөхдөө гүйцэтгэлийн үүрэг хангагдсан эсэхийг шалгаж үздэг/ заасны дагуу 09 дүгээр сарын 15-нд борлуулалтын орлогоор хүлээн зөвшөөрсөн. Манай борлуулалтын орлого энэ өдрөөр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” үүсч байгаа тул хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна.

2) Манай компани 61.818.181.82 төгрөгийн бараа материал “А” ХХК-иас худалдан авсан ба худалдан авсныг нотлох НӨАТ-ын падаан, нэхэмжлэл, бүртгэл нь байсаар байтал харилцагч ХХК борлуулалтаа НӨАТ-ын тайланд тусгаагүй байна гэсэн үндэслэлээр тохирохгүй хуулийн заалтаар бусад этгээдийн хүлээх хариуцлагыг бидэнд ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 5.1 “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 5.1.3 “шударга байх”, Захиргааны ерөнхий хуулийн 4.1 “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2 захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1 “хуульд үндэслэх” гэсэн заалтуудыг зөрчиж байна. “А” ХХК орлогоо тайлагнахгүй байгаа нь Татварын ерөнхий хуульд заасан бидний хүлээх үүрэгт ямар ч хамааралгүй юм. 

3) Манай компани 2019 онд “Н” ХХК-д сүлжээний тоног төхөөрөмжийг БНХАУ-аас худалдан авч нийлүүлсэн. “Н” ХХК нь энэ тоног төхөөрөмжөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨХК-ний дотоод холбоог шинэчлэх ажлыг хийсэн байдаг. Энэ бараа бүтээгдэхүүн нь гаальд НӨАТ төлөгдөөгүй импортоор оруулж ирсэн. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16.2 “Энэ хуулийн 8.1.1, 8.1.6-8.1.11, 9.1.1 болон банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооны хувьд 9.1.4-т заасан албан татвар ногдох орлогын нийт дүнгээс мөн хуулийн 12 дугаар зүйлд заасан зардлыг болон тогтворжуулах гэрчилгээ эзэмшигчийн тухайд уг гэрчилгээгээр тогтворжуулсан хувь, хэмжээнээс давсан хэсгийг хасч албан татвар ногдуулах орлогыг тодорхойлно.” гэж заасныг зөрчсөн байна. Манай гаргасан үндэслэл зөв болохыг Маргаан таслах зөвлөлийн магадлагч Ж.Б “Зардал гарахгүйгээр орлого олохгүй гэж үзэж байна.

 ... Нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 88.896.035.92 төгрөгийн төлбөр тодорхой хэмжээгээр буурах ёстой гэж үзэж байна.” дүгнэсэн.

Иймд Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.”, 47 дугаар зүйлийн 47.4 “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай: 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй: заалтын дагуу ТУБ-ийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №НА20210000030 дугаар нөхөн ногдуулалтын актаар тогтоогдсон нийт 88.896.035.92 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

3. Хариуцагч талаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

1) “З” ХХК-иас  2018 оны 2-р улиралд орсон орлогоо 2018 оны 09 дүгээр сард хүлээн зөвшөөрсөн нь 2018 оны орлого биш гэж үзэх үндэслэл болохгүй. “Н” ХХК нь 2018 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа нийт 114.519.000.00 төгрөгийн орлого хүлээн зөвшөөрч тайлагнасан нь дансаар орсон орлого бүгд тухайн тайлант оны орлого гэдгийг нотолж байна.

2) “А” ХХК нь “Н” ХХК-д борлуулсан бараагаа борлуулалтын орлогоор тайлагнаагүй байсан тул Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газарт хүсэлт гарган уг компанийн эрсдэлийг шалгуулахад “А” ХХК нь эрсдэлтэй тул цахим төлбөрийн баримтын системд хандах эрхийг хаасан гэсэн хариу ирсэн.

3) “Н ” ХХК, “Х” ХХК-иас бичүүлэн авсан НӨАТ-ын падааныг хий бичүүлснээ хүлээн зөвшөөрч тайландаа буцааж тайлагнасан. БНХАУ-аас  бараа материал авсан нь тухайн тайланд тусгагдаагүй, Хятад улсаас бараа нийлүүлснээ нотлох импортоор оруулж ирсэн гаалийн мэдүүлэг байгаагүй, гааль дээр НӨАТ, гаалийн татвар төлөгдөөгүй тул тухайн улсаас худалдан авсан гэх нотолгоо болохгүй. Иймд “Н” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж  өгнө үү” гэж тус тус маргажээ.

4. ОАТХ-ийн ТУБ С.Х, Г.Г нар нь Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн А/32 дугаар тушаалаар батлагдсан “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”-ийн хүрээнд №2021501499 тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан/ шалгалтыг 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд хийж 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” №202100000340 тоот нөхөн ногдуулалтын актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.3, 11.19.1. 2, Татварын ерөнхий хууль 73 дугаар зүйлийн 73.1,  82 дугаар зүйлийн  82.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг тус тус үндэслэн “Н” ХХК-д 59.780.000 төгрөгийн нөхөн татвар, 17.933.999.55 төгрөгийн торгууль, 11.182.036.37 төгрөгийн алданги, нийт 88.896.035.92 төгрөгийн төлбөр төлүүлэхээр нөхөн ногдуулалтын акт оногдуулсан байна.

5. Маргаан бүхий захиргааны актын тухайд:

“Н” ХХК-ийг: 1) Нэмэгдсэн өртгийн албан татвараар 2018 онд 54.909.090.91 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж тайлагнаагүй нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.8 “нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүсэх өдөр” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа эрхэлж, орлого олж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн уг үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрсэн өдрийг, 5 дугаар зүйлд. Албан татвар төлөгч, албан татвар суутган төлөгч: 5.2 ”үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна” , 5.2.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн” гэж заасныг

2) Нэмэгдсэн өртгийн албан татвараар “А” ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4081574327 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 61.818.181.82 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд оруулан тайлагнаж, төсөвт төлөх албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг

3) Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2019 онд “Х” ХХК-иас бараа худалдан авсан мэтээр хий бичүүлсэн падааныг ашиглан 481.072.727.27 төгрөгийн үндсэн баримтгүй зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулан татвар ногдох орлогоос хасч төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2 заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж, нөхөн ногдуулалтын актыг ногдуулжээ.

6. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна.” гэж заасан ба нэхэмжлэгч “Н” ХХК нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг 2018 онд  үүссэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

-Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Албан татвар суутган төлөгчийн борлуулалтад албан татвар ногдуулах хугацааг татварын албанаас гэрчилгээ олгосон өдрөөс эхлэн тооцно.” гэж  заасан тул нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээ авсан өдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс нэмэгдсэн өртгийн албан татвар суутгах үүрэг үүссэн учраас хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж тайлбарлаж байгаа нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1-д заасан заалттай нийцэхгүй байна гэж шүүх үзлээ.

7. Нэмэгдсэн өртгийн албан татвараар “А” ХХК-иас 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 4081574327 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар 61.818.181.82 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хий бичүүлэн төсөвт төлөх татвараа бууруулсан болох нь Татварын ерөнхий газраас ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “А” ХХК-д нягтлан шалгах ажиллагаа хийсэн талаарх танилцуулгаар нотлогдож байна. 

 -Дээрх танилцуулгаар “А” ХХК-ийг 369 аж ахуйн нэгж 58.202.007.798.91 төгрөгийн 1948 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 5.820.200.798.91 төгрөгөөр бууруулж тайлагнасан байж болзошгүй байна гэжээ. Танилцуулгад дурдсан 369 аж ахуйн нэгжийн жагсаалтын 140 дугаарт “Н” ХХК нь 2020 оны 4 сард нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 61.818.181.82 төгрөгийн 1 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг худалдан авалтаар тайлагнаж, улсын төсөвт төлбөл зохих татвараа 6.181.818.18 төгрөгөөр бууруулж тайлагнасан байж болзошгүй.” гэжээ.

 -Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн  14 дүгээр зүйлийн  14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж  заажээ.

-Хуулийн дээрх заалтын агуулгаас үзвэл, худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохооргүй байна.

-Хариуцагч нарыг тохирохгүй хуулийн заалтаар бусад этгээдийн хүлээх хариуцлагыг ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 5.1 “Татвар бий болгох, тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, хяналт шалгалт хийх, хураах, хөнгөлөх, чөлөөлөх үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 5.1.3 “шударга байх”, Захиргааны ерөнхий хуулийн 4.1 “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ”, 4.2 захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1 “хуульд үндэслэх” гэсэн заалтуудыг зөрсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

8. Нэхэмжлэгч “Н” ХХК 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр  “Н” ХХК-тай Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын дотоод телефон сүлжээний HiPath4000 V4.0 станцууд, HiPath Trading V3.0 систем, Phantom recording server-ийн версийг дээшлүүлэх тендерийн тоног төхөөрөмжийг нийлүүлэх “Хамтран ажиллах гэрээ”  байгуулсан байна. 

-Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх гэрээний дагуу тоног төхөөрөмжийг хятад улсаас оруулж ирсэн, манайд ажиллаж байсан нягтлан бодогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон, хасагдах зардал тооцохгүйгээр нийт орлогод татвар ногдуулсан нь үндэслэлгүй, ТУБ нарт шаардах эрх нь байхад зардалтай холбоотой нотлох баримтуудыг гаргуулж авч шалгаагүй, өөрсдөө нягтлан шалгах боломжтой байсан  гэж тайлбарласан.

- Гэвч нэхэмжлэгч компани нь дээрх гэрээний дагуу орсон орлогоо эхлээд “Х” ХХК-иас бараа худалдан авсан мэтээр НӨАТ падаан хий бичүүлэн төлөх албан татвараас хасч тооцсон байснаа 2020 оны тайландаа залруулж буцаан тайлагнасан. Гэрээний дагуу Хятад улсаас бараа материал худалдан авсан гэж тайлбарлаж байгаа боловч бараа материал авснаа тайландаа тусгаагүй, зардал нь баримтаар нотлогдоогүй  учраас ТУБ нар аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар 2019 онд 481.072.727.27 төгрөгийн үндсэн баримтгүй зардлыг борлуулсан бүтээгдэхүүний өртөгт оруулан татвар ногдох орлогоос хасч тооцсон нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2 заалтуудыг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.

9. Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3."анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог; 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.”, 14 дүгээр зүйлийн 14.5-д “Аж ахуйн нэгж, байгууллагын аж ахуйн ажил, гүйлгээ нь аль улсын нутаг дэвсгэрт гарснаас үл хамааран холбогдох анхан шатны баримт, бүртгэлийн маягтыг энэ хуульд заасны дагуу бусад баримт, бүртгэлийн маягттай хамт хадгална.” гэж заасныг “Н” ХХК нь зөрчсөн, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  “ ... зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авах боломжтой байсан ...” гэсэн тайлбараар нэхэмжлэгч компани татварын хууль тогтоомжийг зөрчсөн болох нь нотлогдож байна  гэж үзэх үндэслэлтэй.  

10. Нэхэмжлэгч “Н” ХХК ТУБ нарыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4 “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1 утга агуулгын илэрхий алдаатай: 47.1.6 иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж заасныг захиргааны байгууллага зөрчсөн, захиргааны акт илт хууль бус шинжийг агуулсан эсэхэд шүүх дүгнэлт хийлээ.

11. Учир нь Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-д “Татварын алба татварын хяналт шалгалтыг ерөнхий болон тусгай удирдамж, томилолттой хийх бөгөөд бүрэн, эсхүл хэсэгчилсэн хэлбэрээр олон улсын жишиг, хууль тогтоомжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.” гэсний дагуу эрсдэлд суурилсан шалгалтыг ерөнхий удирдамж, хяналт шалгалтын төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэсэн нь нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэж үзэхгүй, маргаан бүхий актыг утга агуулгын илэрхий алдаатай, шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлаагүй гэж үзэх үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 12. Мөн Татварын ерөнхий хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Татвар төлөгч татварын хууль тогтоомжид заасны дагуу төлбөл зохих татварын ногдлоо бүрэн гүйцэд тодорхойлж, хугацаанд нь төлсөн эсэхийг татварын алба шалгана.” гэсний дагуу ОАТХ-ийн ТУБ нар “Н” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт тогтоосныг буруутгах үндэслэлгүй.

13. Шүүх дээрх үндэслэлүүд, мөн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт дүгнэлт өгч, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзлээ.

14. Маргаан таслах зөвлөлд гаргасан гомдлыг магадлагч ТУБ Ж.Б магадлагаа хийж танилцуулсан ба  “Н” ХХК-ийн аж ахуйн нэгжийн орлогын албан татварын татвар ногдуулахдаа Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 зөрчсөн гэж дүгнэсэн ба Татварын маргаан таслах зөвлөл “Н” ХХК-ийн гаргасан гомдлыг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хууль /2020 он/-ийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1, 82.1.1, Татварын ерөнхий хууль /2008 он/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2006 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Н” ХХК-ийн гаргасан “ОАТХ-ийн ТУБ С.Х, Г.Г нарын 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн №НА-20210000030 дугаар бүхий нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.БОЛОРМАА